Өвөр Монголын Өөртөө Засах Орны (ӨМӨЗО) жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжил, аж ахуй эрхлэгчдээ хэрхэн дэмждэг талаарх мэдээллийг бэлтгэн хүргэж байна.
Бидний уулзсан Өвөр Монгол иргэн /нэрээ нууцлахыг хүсэв/ Хөх хотод хүлэмжийн аж ахуй эрхэлдэг бөгөөд төрөөс татаас, нөхөн олговрын дэмжлэг авч байжээ. Тэрбээр "Хөдөлмөр эрхлэлт бол хүмүүсийн амьжиргааны үндэс бөгөөд тогтвортой ажил эрхлэлт нь гэр бүлийн амьжиргаатай холбоотой юм. Бизнес эрхлэх нь хөдөлмөр эрхлэлтийн эх үүсвэр.
Хөдөлмөр эрхлэлтийг тогтворжуулах, өргөжүүлэх чухал дэмжлэг шаардлагатай. Хүлэмжийн аж ахуй эрхлэгчдэд жил бүр 20 мянган юанийн үрийн нөхөн олговор олгодог. Бидэнд ногоо тариад борлохгүй байх болов уу гэсэн айдас байдаггүй. Учир нь ногоогоо тарьж эхлэхээс өмнө нь хүмүүстэйгээ гэрээ хийдэг.
"Аж ахуй эрхлэх Өвөр Монголын үйл ажиллагаа" төсөл хэрэгжүүлж байна. Голдуу хувь хүн болон бичил аж ахуйн нэгжийг бизнес эрхлэхэд нь батлан даалтын зээл олгохоор болж байгаа. 2025 он гэхэд, ӨМӨЗО-нд нийт таван тэрбум гаруй юанийн зээл олгохоор төлөвлөж байгаа гэж дуулсан. Зээл авах хувь хүн нь хот сууринд бүртгэлтэй ажилгүй, ажил олоход бэрхшээлтэй иргэд, тэтгэвэртээ гарсан цэрэг, их дээд сургууль төгссөн оюутан, хүний нөөц нь ихэдсэн аж ахуйн нэгжийн ажилтан болон ажилгүйчүүд байх юм" хэмээн ярилаа.
Үргэлжлүүлэн тэрбээр хувь хүнийг хэрхэн дэмждэг талаар "Хувь хүн 100 мянган юаниас доош бизнес эрхлэхэд батлан даалтын зээл олгох, аймаг хотын шатнаас дээш хүндэт цолтой болон банк санхүүгийн байгууллагын сайн зээлдэгч аж ахуй эрхлэгчдийг үнэлдэг. Аж ахуйн нэгж болон хувь хүн бизнес эрхлэхэд батлан даалтын зээл олгох, тухайн нөхцөлийг хангасан тохиолдолд санхүүгийн хөнгөлөлт эдэлдэг. Хүүг хөнгөлөх хугацааг гурван жилээс хэтрүүлдэггүй.
Бизнес эрхлэх талбайг шагналаар нөхөн олговор байдлаар олгодог. Харин тээвэрлэлтийн бизнес эрхэлдэг бол нөхцөлтэй газарт түрээсийн татаас өгч, тодорхой стандартыг олон газар бодит байдлыг харгалзан тогтооно.
Хувиараа бизнес эрхлэгчдэд урамшуулал олгодог
Дадлага хийхэд нөхөн олговор олгодог. Оюутнуудыг бизнес эрхлэх, дадлага хийх боломжоор хангадаг. Тухайлбал, "Дадлага + ангаахай” хөтөлбөрт оролцсоноос хойш зургаан сарын дотор амжилттай ажил эрхэлсэн бол, ӨМӨЗО-ны нэг төрлийн газар нутгийн хамгийн бага цалингийн стандартын 60 хувиар тооцож, ажил эрхлэх сургалтын нөхөн олговор олгодог.
Малчин, тариаланчдыг нутаг буцаж ажил эрхлэхийг нь дэмждэг. Нутагтаа очсон малчин тариачин, хөдөө тосгонд ирж суурьшсан хүмүүст нутаг бэлчээр өмчлөх, ойн эрх олгодог. Тариачин малчдын хоршоо буюу гэр бүлийн тариалангийн талбайг байгуулж, түүнд зохицсон хөдөө аж ахуйг бий болгоно" гэдгийг онцолсон юм.
Хөх хотод одоогоор “Хүнсний ногооны аж үйлдвэрийн хөгжлийг ахиулах долоон зүйлийн бодлого арга хэмжээг хэрэгжүүлж байгаа аж.
Үүнд:
Хувиараа бизнес эрхлэгчдийг Өвөр Монголд урамшуулдаг. Ингэхдээ нэг л удаагийн ажил эрхлэх нөхөн олговор олгоно. Анх удаа амжилттай бизнес эрхлэхээр бүртгүүлсэн ажилгүйчүүд, ажлын байраар хангагчид, хоёр жилийн хугацаанд ажлын байраар хангагдаагүй их дээд сургууль төгсөгчид, нутаг буцсан цэрэг болон тариачдад ажил эрхлэхээр бүртгүүлсэн өдрөөс эхлэн урамшуулал өгдөг.
Түүнчлэн аливаа эрдэм шинжилгээний ажилтныг ажлын байраа орхиж, аж ахуйн нэгж байгуулахыг зөвлөх болжээ. Өөрөөр хэлбэл, ажлаасаа гарч аж ахуйн нэгж байгуулах хүсэлтээ гаргаж болно.
Энэ талаар "Ажлын байрнаас гарч ажил эрхлэх өргөдлийг ажил эрхэлдэг байгууллагаараа зөвшөөрүүлэх хэрэгтэй. Ингэхдээ гурван жилээс хэтрүүлэхгүй байх нь чухал. Хэрвээ хугацаа нь дууссаны дараа байгуулсан аж ахуйн нэгж нь ашиг олоогүй бол нэг удаа сунгаж, хугацааг нь гурван жилээс хэтрүүлдэггүй. Ажлаас халагдсан бизнес эрхлэгчид ажлын байраа орхисон ч уг нэгж нь үндсэн цалинг үргэлжлүүлэн тарааж болно.
Бизнес эрхлэхэд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих татаас олгодог. Ажлын байраар сайн хангадаг аж ахуйн нэгжүүд шинээр нэмэгдэх бүрд нөхөн олговор олгож, хэрэгжүүлэх тодорхой дүрмийг бүх аймаг хот өөрөө тогтоодог.
Татвар хураамж хураахад хөнгөлөлттэй байдаг. Төрийн болон ӨМӨЗО-ны хосолсон татвар, хураамжийг дэмжих бодлогыг бүх талаар хэрэгжүүлж, нэмэгдсэн өртгийн албан татварыг бууруулах, “ Зургаан татвар, хоёр хураамж ” - ыг бууруулах, жижиг, бичил аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг хөнгөлөхөөр ажиллаж байгаа гэсэн.
Жишээлбэл, нөхцөл хангасан хүн хувиараа бизнес эрхэлж байгаа бол хувийн үйлдвэр худалдааны өрхөө бүртгүүлсэн тэр сараас эхлэн гурван жилийн дотор өрх бүр 14,400 юаниар тооцоо хийх ёстой. Татвар, хот тохижилтын татвар, боловсролын төлбөр, орон нутгийн боловсрол болон хувь хүний орлогын албан татвар багтах юм.
Аж ахуйн нэгжүүд шаардлага хангасан ажилтныг сонгон авч нэгээс дээш жилийн хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулж, хуулийн дагуу нийгмийн даатгалын хураамж төлсөн бол хөдөлмөрийн гэрээ байгуулж, нийгмийн даатгал тушаасан тэр өдрөөс эхлэн гурван жилийн дотор бодитой элсүүлсэн хүний тоогоор нэмэгдэл авна" гэдгийг Өвөр Монгол иргэн онцолж байлаа.
Үргэлжлүүлэн тэрбээр тухайн улсад бизнес эрхлэх үйл ажиллагаа хэрхэн баталгаатай байдаг гэдгийг дурдаад "Бизнес эрхлэх хүсэлтэй хөдөлмөрчдөд бизнес эрхлэх бодлогын талаар лавлах, бизнес эрхлэх сургалт, төсөл хөгжүүлэх зэрэг талаар бүх явцын үйлчилгээг үзүүлдэг. Хамгийн гол нь бизнес эрхлэх төслүүдийг санал болгодог юм.
ӨМӨЗО-нд аж ахуй эрхлэх төслийн баялгийн санг байгуулж, “Аж ахуй эрхлэх Өвөр Монгол” олон нийтийн бизнес эрхлэх үйлчилгээтэй холбож, бизнес эрхлэх цогц боломжоор хангаж байна. Хошуу, хот дүүрэг бүр тухайн нутгийн бизнес эрхлэх нөхцөлд нийцсэн 100 гаруй ажил эрхлэх төслийг хөгжүүлж байна. Бусдыгаа цуглуулж, төслөө танилцуулан үзүүлдэг" гэж байв.
Тэд аж ахуй эрхлэгчдээ хэрхэн бэлддэг вэ? Бизнес эрхлэх сургалтын төлөвлөгөөг гүнзгийрүүлэн хэрэгжүүлж, бизнес эрхлэх хүсэлтэй, бэлтгэх шаардлага бүхий хот хөдөөгийн бүх төрлийн хөдөлмөрчдөд сургалт явуулж, нөхцөл хангасан хүмүүст 1,000 юанийн нөхөн олговор өгдөг байна.
Нэгнийхээ бизнес эрхлэх бодит туршлагаас суралцдаг аж. Сүлжээний загварчилсан сургалтын тавцанд түшиглэн, онлайн бизнес эрхлэх төслийн сонголт, аж ахуйн нэгж удирдах, менежментийн бүх явцыг дуурайлган сургах, сүлжээгээр дамжиж бүх явцыг зохион байгуулдаг. Сургалт хийснээс хойш зургаан сарын дотор амжилттай ажил эрхэлж байгаа хүн бүрд 2,000 юанийн нөхөн олговор олгодог байна.
Коллеж, их дээд сургуулиа төгсөөд ажилгүй байгаа хүмүүст төрөөс татаас олгодог аж. Аж ахуй эрхлэх боломжийг ингэж нээдэг юм байна. Их дээд сургууль болон эрдэм шинжилгээний байгууллагуудын лаборатори болон эрдэм шинжилгээний багаж хэрэгсэл, барилга байгууламж, шинжлэх ухаан технологи нь оюутнуудад нээлттэй, хямд, чанар сайтай мэргэжлийн үйлчилгээг үзүүлж эхэлжээ.
Ухаалаг терминал, хэрэглээг сурталчлах, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн мэдээллийн аюулгүй байдлыг хангахад илүү анхаардаг аж. Хөдөө аж ахуйн машин механизмын тусгай үнэлгээг эрчимтэй хийж, тус машин механизмын шинийг бүтээх бүтээгдэхүүнд татаас олгох болзлыг түргэтгэхийг гол болгож байгаа.
Мөн хөдөө аж ахуйн машин механизмын шинэ бүтээгдэхүүн худалдан авахад татаас олгох туршилтыг дэмжих юм байна. Эрчим хүч хэмнэж байгаль орчныг хамгаалах, оновчтой, үр ашигтай, том оврын давхар хэлбэрийн хөдөө аж ахуйн машин механизмын технологийг дэлгэрүүлэх ажлыг Өвөр Монголд чухалчилж эхэлжээ.
Түүнчлэн уулархаг нутгийн өвөрмөц аж үйлдвэрийг хөгжүүлэхээр зорьж байгаа аж.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!