Хүнсний бизнес эрхлэгчдийн боломж, дэлхийн зах зээлийн чиг хандлагын талаар "Хөгжлийн шийдэл" төрийн бус байгууллагын менежер П.Амармэндтэй ярилцлаа.
-Дэлхий нийт органик хүнсний бүтээгдэхүүнийг чухалчлах хандлагатай болж буй талаар та ЖДҮ эрхлэгчтэй уулзах үеэрээ онцолсон. Монголчууд энэ зах зээлд хэрхэн бэлдэж, өрсөлдөх талаар ярилцлагаа эхлэх үү?
-Монголчууд цөөхүүлээ. Үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүн маань ч бага хэмжээтэй. Энэ бол манай сул тал, гэхдээ нөгөө талаас нь авч үзвэл давуу тал. Зарим зүйлсийг бид хүссэн ч гэсэн их хэмжээтэй үйлдвэрлэж чадахгүй. Тийм учраас өндөр хөгжилтэй орнуудтай их хэмжээтэй, олон нийтэд зориулсан бүтээгдэхүүний үйлдвэрлэлээр, тэд нарын аргаар өрсөлдөнө гэвэл стратегийн хувьд утгагүй. Сул талаа гэж хэлээд байгаа зүйлээ давуу тал болгож, тухайн улсаас өөр гэдгээ хүлээн зөвшөөрөх учиртай. Угаасаа л монголчууд цөөхөн хүн амтай, цөөхөн үхэр, хоньтой.
Уламжлалт бэлчээрийн мал аж ахуйг бэлчээрийн даацдаа тохируулсан байдлаар авч явна гэвэл бүр малын тоо толгойгоо одоогийнхоос хоёр дахин ч цөөрүүлэх шаардлагатай боллоо. Ажиллах хүч нь ч цөөхөн байна. Бидний гаргаж чадах хүнсний бүтээгдэхүүн бага хэмжээтэй. Гэтэл бид их хэмжээгээр хүнс үйлдвэрлэдэг улстай, яг ижилхэн бүтээгдэхүүн хийгээд өрсөлдөх боломжгүй. Харин органик эсвэл өөр ямар нэгэн байдлаар онцлогтой бүтээгдэхүүний зах зээлд орон зай байна. Учир нь тийм онцлогтой зах зээлийн жилийн хэрэглээг харин бид нар хангаж чадахаар харагдаж байна.
Гадаадад дийлэнх хүн нь эрдэнэ шишээр тэжээсэн малын мах хэрэглэж байгаа бол монголчууд бэлчээрийн мах идэж байгаа. Гэтэл тэдгээр улсад бэлчээрийн мах нь илүү үнэтэй байдаг. Бэлчээрийн нөхцөлд хариулсан гэдгийг баталгаажуулах асуултын жагсаалт байдаг. Үүний дагуу үнэлүүлээд тусгай байгууллагаар бэлчээрийн маллагаатай гэдгээ баталгаажуулаад, улмаар мах нь үнэтэй болдог. Сүүний хувьд ч гэсэн адил. Ногооны тухайд мөн адил талбай дээрээс нь шинжилгээ аваад, органик гэдгийг нь баталдаг. Ингээд ямар ч бордоо хэрэглээгүй, зэрлэгээ гараараа зулгааж ургуулсан гэдгийг нь ч юм уу нотолдог. Органик хүнсний бүтээгдэхүүн одоогоор нийт зах зээлийн 20-30 хувийг эзэлж байгаа ч яваандаа нэмэгдэх хандлагатай байна.
-Тэгвэл бид хүнсний салбарт юу хийвэл амжилт олно гэж та хэлэх вэ?
-Бид масс үйлдвэрлэлтэй өрсөлдөх ямар ч шаардлагагүй. Монголчууд өөрсдийнхөө байгаа байдлаараа л өрсөлдөхөд болно. Гадаадынхныг дуурайгаад л яг тэр технологийг нь нэвтрүүлээд, их ургац аваад, яг тэд нарын замаар явах хэрэггүй. Жишээлбэл, Дорнод аймгийн хөрсийг сүүлийн 50 мянган жил огт өөрчлөгдөөгүй, хүний гар хүрээгүй хөрс байна гэж хөрс судлаачид хэлж байна. Үүнтэй адил манай бусад газар ч гэсэн ийм хөрс байгаа. Тухайн хөрсөн дээрээ малын гаралтай бордоогоо хийгээд, тарихад ургац нь бага байж болно. Ургац бага байвал органик учраас бага байгаа юм гээд үнэтэй зарах учиртай.
Улмаар мах, сүүг органик гэдгийг нь батлаад дэлхийн зах зээлд зарахын тулд малчдад туслах шинэ мэдлэг, ур чадвар хэрэгтэй. Орчин үеийн мал аж ахуйн хоршоо ямар байх ёстой вэ гэвэл 2-3 гадаад хэлтэй гүйцэтгэх захиралтай, Хятадын зах зээлийг хариуцсан Хятад хэлтэй гадаад худалдааны мэргэжилтэнтэй, Арабын зах зээлийг хариуцсан араб хэлтэй гадаад худалдааны мэргэжилтэнтэй болох учиртай. Гадаадынханд хонины махыг яаж үнэ цэнэтэй болгож зарах ажлыг хийж чадах пи-ар, маркетингийн чиглэлийн мэргэжилтэн мөн хэрэгтэй. Эдгээр хүн бүгд малчны хоршоонд ажилламаар байна. Ингэж байж л бид урагшилна. Хүнсний бизнесийг гал тогоондоо эхэлж болдог.
Экспорт хийнэ гэхээр нэг компани л гаднын зах зээлд гарах гээд оролдоод байдаг. Экспортын гарцаа амжилттай нээсэн ч түүхий эдээ хангалттай нийлүүлж чадахгүй байна гэсэн түүх сонсож байсан. Нэг компани биш нэгдсэн компаниар экспорт хиймээр байгаа юм. Гадаа худалдаа, маркетинг, үйлдвэрлэл, тээвэр ложистикийн компани, малчид нийлээд нэг компани болох ёстой. Нэгдээд экспортод зоримоор байна.
Хэдийгээр нэг бизнес эрхлэгч зүтгэж байгаад гарц олдог ч түүхий эдээ татаж чадахгүй тохиолдол гардаг. Малчидтайгаа нэг тал болж чадаагүй учраас бас л асуудал тулгардаг.
-Хүнсний бизнесийг гал тогоондоо эхэлж болдог гэлээ. Гагцхүү орчин үеийн хүмүүст юу хэрэгтэй байгааг л олж харах хэрэгтэй болж байна уу?
-Өөрт тань юу хэрэгтэй байна вэ? Түүнийгээ өөрөө хийхийг зөвлөмөөр байна. Амралтын өдрөөр сайхан толгой, шийр чанаж идэхийг хүсдэг хүн олон. Гэтэл цэвэрхэн бэлдсэн ийм зүйл алга. Хашаа байшингийнхаа буланд жижигхэн, цэвэрхэн үйлдвэр байгуулаад, зах дээрээс толгой шийр авчраад, хуйхлаад, пакетлаад зарахад бараг ямар ч хөрөнгө оруулалт хэрэггүй. Таван цул чанаж идэх дуртай хүмүүс ч бас бий. Гэдэс арилгаж чаддаг хүн Монголоор дүүрэн бий.
Эрүүл ахуй ариун цэврийн шаардлага хангасан өрөөний булан, амьдардаг байшингийнхаа талыг үйлдвэр болгож тохижуулаад, захаас гэдэс авчирч цэвэрлээд л бүтээгдэхүүн бий болно. Хүмүүс их залхуу болсон. Тэгсэн хэрнээ бас амт чанар нь гоё зүйл хэрэглэмээр байдаг. Тэр бүх зүйлийг нь л бэлэн болгоод бэлдээд өгөх хэрэгтэй.
-2030 он гэхэд органик хүнсний бүтээгдэхүүний зах зээл 500 орчим тэрбум долларт хүрнэ гэж байсан. Бид үүнээс яаж ашиг хүртэх вэ?
-Эхлээд малчдын тухайд ямар боломж бий талаар ярья. Монголын хөдөө аж ахуйд тулгамдаж буй нэг асуудал нь мал маллах малчингүй болж байна. Нэг айлд хоёроос дээш хүн байхаа больсон. Зарим малчин ганц биеэрээ мал маллаж байна. Үүнийг зарим хүн аюул болж байна гэж дүгнэж байгаа. Малчдыг яаж олон болгох, хүмүүсийг хэрхэн хөдөө гаргах талаар сүүлийн үед хүмүүс бодож эхлэх боллоо. Энэ асуудлыг бид эсрэгээр нь бодох ёстой. Монгол угаасаа цөөхөн хүн амтай хэрнээ оюуны чадамж сайтай. Аль болохоор илүү мэдлэг чадвартай цөөхөн хүн хөдөө амьдарч болно. Тухайн цөөхөн хүн нь дрон удирдах, засах чадвартай байх ёстой. Монголын хөдөө аж ахуйг 30 жилийн дараа цөөхөн малтай, бэлчээрийн ургамал нь сэргэсэн, хэдхэн мал тааваараа бэлчиж байгаагаар төсөөлж байна.
Тухайн малыг төрөхөөс нь эхлээд үйлдвэрлэлд хүрэх хүртэлх процесс буюу ямар өвс ургамал идсэн, эм тариа хийлгэсэн эсэх зэрэг бүх мэдээлэл нь камерт бичээстэй байх юм. Цөөхөн мал аз жаргалтай идээшилж байгааг дэлхийн өнцөг булан бүрээс лайваар хүмүүс үзээд, тэр нь юүтүүб суваг шиг хандалттай, түүнээсээ орлого олох боломжтой. Малчид гэхээр цөөхөн хүмүүс сумын төвд, хаусд амьдарна. Тэд нар компьютерын дэлгэц дээрээс малаа хаана явж байгаа талаар болон цаг уурын мэдээг авах юм. Үхрээ эргүүлэх хэрэгтэй болбол байшингийнхаа гаднаас дрон нисгэнэ. Онгоц шиг хэлбэртэй алсын зайн дрон нисгэж болох юм. Австралид алсын зайн дрон ашиглаад зэрлэг амьтнаа тоолоод эхэлчихсэн.
Хөдөөгийн хүмүүсийн малаа дуранддаг өндөр цэгүүд дээр өндөр хүчин чадалтай камер суурилуулж болно. Камераараа бүх бэлчээр, малаа хянах боломжтой. Малчин хүн хамгийн тансаг амьдралаар амьдарч болно. Эрүүл агаарт, технологи хэрэглээд хөдөлмөрөө багасгаж болж байгаа юм.
Цөөхөн тооны малыг байгальд нь жаргалтай амьдруулаад, мах, сүүгээ үнэтэй зарна гэсэн үг. Дэлхийн ихэнх хүн ургамлын гаралтай мах, эсвэл гахай, тахианы махаа идэх ч тэдэн дундаас илүү чинээлэг хэсэг хүн Чингис хааны идэж байсан шиг хонины мах идмээр байж болно. Ингэхээр нь бид жишээлбэл, Хэнтий аймгийн Дадал сумаас жилдээ 20,000 хонь л худалдах боломжтой гэж тодорхойлоод, дуудлага худалдаагаар ч юм уу зарж болно. Харин тэр хонь болгон нь видео, мэдээлэл, түүх, паспорттой болох хэрэгтэй болно. Монгол орны газар болгон өөр өөр унаган ургамалтай. Түүнээс шалтгаалаад газар болгоны мах өөр амттай. Таана мангина их идсэн тул манай нутгийн мах тийм зүйлд сайн гээд брэнд үүсгэх боломжтой.
-Хүнсний бизнес эрхлэгчдэд боломж арвин л юм байна. Харин зорилтот зах зээлээ хэрхэн тодорхойлох нь зүйтэй гэж зөвлөх вэ?
-Эхлээд түүхий эдийн нөөцөө маш сайн тооцох хэрэгтэй. 2022 онд Монгол Улсаас бэлтгэж болох үхрийн махыг бүгдийг нь Хятадын зах зээлд нийлүүлэхэд 2.2 хувийнх нь хэрэгцээг хангана. Гэтэл жилдээ сая юаниас дээш орлоготой Хятад өрхийн тоо нь 2.87% гэсэн статистик байгаа юм. Энэ хоёр тоо хоорондоо ойролцоо. Тэгэхээр бид нийт хятадуудад биш жилдээ 1 саяас дээш юань олдог хүмүүст үхрийн махаа зарвал жилийн хэрэглээг нь 100% хангаж чадна.
Нэг жилийн турш бүтээгдэхүүн үйлдвэрлэх түүхий эдийн нөөцөөрөө хэдэн хүний нэг жилийн хэрэглээг хангаж чадахаа тооцож үзнэ. Ингэхээр 20 мянган хэрэглэгч юм уу нэг тоо гарч ирнэ. Тэгээд тухайн хэрэглэгч нарыг хаанаас олох вэ гэдгээ бодох хэрэгтэй.
Хэрэглэгч нараа Хятадын зөвхөн Шанхай эсвэл Ордос хотоос олох уу гэдгээ бодно гэсэн үг. Тухайн хотод 20 мянгаар нь багцлаад бүтээгдэхүүний хүргэж болох ямар зорилтот зах зээл нь байна вэ гэдгийг олох юм. Машин сонирхогчдын клуб уу, баячуудын дүүрэг үү, эсвэл зөвхөн баян эмээ нар нь 20 мянган уу гэдгийг судална. Өөрийнхөө бүтээгдэхүүнийг тухайн хүмүүсийн хэрэгцээнд тохируулан тайлбарлана. Юу гэж санал болговол миний бүтээгдэхүүнийг авах вэ гэдгээ бодох юм.
-Зарим бизнес эрхлэгч үйл ажиллагаагаа тогтвортой явуулж чадахгүй байгаагийн шалтгааныг та юу гэж харж байна вэ?
-Ер нь бол олон янзын шалтгаан бий. Бизнес бүхэнд өөр шалтгаан гарна. Зүгээр энгийн жишээ гэхэд бүтээгдэхүүний чанараа тогтмол хадгалж чаддаггүй. Хуушуурын гуанз байлаа гэхэд эхний 14 хоног амт, чанар нь сайн байдаг. Харин 14 хоногийн дараагаас амт, чанар аль аль нь муудаж эхлээд, 2-3 сарын дараа өөр түрээслэгчид өгчхөөд явж байгааг харж байсан.
Бизнесийг амжилттай хийхийн тулд хамгийн багадаа гурван зүйлийг сайн хийх ёстой гэж ярьдаг.
Гэтэл энэ гурван ур чадварыг бүгдийг нь сайн эзэмшсэн хүн ховор байдаг. Тэгэхээр бизнесээ амжилттай эрхлэхийн тулд тухайн ур чадваруудыг эзэмшсэн баг бүрдэх ёстой. Ихэнх бизнес эрхлэгчид зөвхөн үйлдвэрлэлээ л сайн эрхэлдэг хүмүүс байдаг. Үйлдвэрлэл сайтай боловч маркетинг, санхүү муутай байвал бизнесийн үйл ажиллагаа доголдох нь цаг хугацааны асуудал болно.
-Амжилттай бизнесийн нэг жор нь сайн үйлдвэрлэл гэлээ. Бид уламжлалт технологио давуу тал болгож үйлдвэрлэл эрхлэх боломж бий юу?
-Бид таван хошуу малтай ард түмэн. Үүний цаана айраг, таргийн хөрөнгө гэж бий. 6, 7 дахь хошуу мал гэж ойлгож болно. Хүнс хоол боловсруулдаг уламжлал технологио орчин үеийн технологитой хослуулбал сонирхолтой бүтээгдэхүүнүүд байж болохоор санагддаг юм. Жишээлбэл зүгээр хорхог байна. Хорхгийг яагаад заавал 40 литрийн бидонд хийх ёстой юм бэ? Аяганы дайны хэмжээтэй хорхгийн савны патентыг нь авч хөгжүүлээд, дотор нь чулуу болон бусад зүйлийг хийгээд гадаадад хэн нэгэн хорхог идье гэвэл ширээн дээр нь харуулж байгаад хийж өгч болно. Монголчууд аян дайнд явж байхдаа тогоогүйгээр хийж иддэг байсан хоол гэдэг ч юм уу. Угаасаа амт нь өөр болохоор онцгой хоол болж чадна.
Монголчууд өөрт байгаа зүйлээ үнэд хүргэж чадахгүй байна. Дэлхий нийт бусдаас өөр зүйлийг нь хайдаг болсон. Үйлдвэрлэл өндөр хөгжсөнөөр хоорондоо адилхан болох гэж уралдсаар байгаад дэлхий нийт уйдсан. Одоо харин яавал өөр байх вэ гэдгийн төлөө тэмцдэг болсон. Гэтэл бид нарт бусдаас өөр зүйл зөндөө бий. Үүнийгээ л ашигламаар байна.
Маш энгийн жишээ ярья. Монгол эмэгтэйчүүд төрөөд шөл уудаг. Гадаадын эмэгтэйчүүдэд төрөхөөр яагаад шөл уулгаж болохгүй гэж. Үнэхээр шөл уугаад хурдан тэнхэрч байвал яах вэ? Хамгийн гол нь бид санал болгох хэрэгтэй. Монголтой адилхан сэрүүн бүсийн улс оронд төрсний дараа шөл уудаг заншлыг нэвтрүүлэх хэрэгтэй. Шөлний махаа хярж татаад, төрсний дараа тэд хоног ингэж ууна гэдэг зааварчилгаатай санал болгодог байвал болмоор санагддаг.
- Дэлхий нийт бусдаас өөр зүйл хайж байгааг та онцолж байна шүү дээ. Тэгвэл нутаг нутгийн брэндүүд хэрхэн бий болгох вэ. 71 сая малтай улсад уг нь бол мах, сүүнээс эхлээд нөөц боломж нь байгаад байдаг?
-Энэ тухайд оюуны өмчийн газар зүйн заалт гэдэг ойлголт бий. Яг газар зүйн утгаараа тухайн нутгийн онцлог зүйлсийн баримтуудыг бүрдүүлж байгаад түүндээ зориулсан гэрчилгээг дэлхийн хэмжээнд авдаг. Дэлхийн оюуны өмчийн газар бүртгүүлнэ гэсэн үг. Нутаг нутгийн брэндүүд үнэхээр л өөр байх ёстой. Хэн ч ирээд шалгасан танай сүү, мах өөр байх учиртай. Бусдаасаа өөр байвал өөр үнэ тавьж болно.
-Булганы Сайханы айраг, Завханы улаан хальст саримс гэх мэтчилэн орон нутгийн бүтээгдэхүүнүүд бий. Монголчууд энэ мэтчилэн хүнсний бүтээгдэхүүнээ хэрхэн үнэд хүргэж, дэлхийн зах зээлд хүрэх вэ?
-Өрхийн үйлдвэрлэгч нар дэлхийн зах зээлд гарна гэдэг хэцүү. Аж ахуйн нэгж болж хамтарч байж, экспорт хийж чадна. Юу үйлдвэрлэх вэ гэдэг санаа бол их бий. Бөхчүүдийн бэлтгэлийн хоол хүнс үйлдвэрлэж болно. Монгол бөхчүүд наадмын бэлтгэлд гарахдаа дуртай зүйлээ ууж, иддэггүй. Булчин мах идэх ёстой ч гэдэг юм уу? Өөрсдийн гэсэн жор бий. Бид одоо аливаа зүйлийг бүхлээр нь хардгаа болих хэрэгтэй. Монголчууд наад зах нь хонины махыг бүтнээр нь зардаг. Гуя дагуулж хүзүү гэдэг үг байдаг. Гуяыг нь зарчихвал хүзүү зарагдахгүй үлдэх гээд байдаг.
Тийм болохоор махыг бүгдийг нь ангилах хэрэгтэй. Бүлх, булчин, шөрмөс, сээр гэх мэт бүх махыг ангилаад, түүн дотор байгаа хэрэгтэй шим тэжээл бодис болгоныг нь тогтоогоод, хэнд зориулж зарах вэ гэдгээ бодох учиртай. Жишээлбэл, малын бүлхийг огт ашиглахгүй хаядаг. Гэтэл бүлхэнд хүний булчин шөрмөсийг уян хатан болгодог бодис байдаг. Тэгвэл яг тэр бодисыг бэлдмэл болгоод дараагийн түвшинд хүргэх нь чухал. Өөрөөр хэлбэл, хонио бүтнээр нь мах гэж харах хэрэггүй. Дараа нь хүзүү, сээрэн дотор байгаа бодисыг задлаад хармаар байгаа юм. Тэгээд зөвхөн төлгөн хонины сээрний махаар хийдэг бүтээгдэхүүнийг брэнд болгох хэрэгтэй гэх мэтээр сэтгэж болох юм.
Мөн үүх түүх, уламжлалаа сайн ухаж, түүхтэй, идэж уух үедээ ярих яриатай брэндүүд бий болгох хэрэгтэй. Балинг брэнд болгож болно. Хүзүүний маханд хүмүүс дургүй байдаг. Гэтэл Монголын нууц товчоон дээр худ ураг болох гэж байгаа хүмүүс хүзүү хувааж иддэг тухай түүх гардаг. Чингис хааныг өрсөлдөгч нь хөнөөхийн тулд энэ уламжлалыг ашиглаж байсан, гэхдээ азаар Чингис хаан тэр өрсөлдөгчийн гэртээ очихын өмнө нэг айлд орсон чинь болгоомжлохыг сануулаад, мань хүн азаар амьд гарсан юм гээд ярьж байх ёстой.
Тухайн түүхийг ашиглаад, хүзүүний махыг хосууд, худ ургууд хувааж идвэл сайн гэсэн агуулгаар худалдах хэрэгтэй. Ингэвэл аль ч улсад гэрлэж буй хосуудад зарж болно. Тайландад явж байхад ирсэн хосууд цоож дүүжилдэг нэг гүүр байсан, 30 метр орчим гүүрний нэг тал нь дүүрчихсэн л байсан. Хосууд салахгүйн тулд Монгол хонины хүзүүний мах интернэтээр захиж аваад идэж болохгүй юу? Ер нь бол санаа зөндөө бий. Гэвч санааг бодит бизнес болгож, хэрэгжүүлэхийн тулд бизнес эрхлэгч нар зохион байгуулалтад орж, нэгдэх хэрэгтэй. Тэгэхгүй бол чадахгүй.
-Тэгвэл үйлдвэрлэгчид хамтрахын тулд яах ёстой талаар та зөвлөгөө өгөхгүй юу?
-Яагаад хамтарч чаддаггүй вэ гэвэл бид нар нэгдэж компани байгуулах соёл, дүрэм журмыг мэддэггүй байсантай холбоотой. Гадаадад анхны компани 1600-аад оны үед байгуулагдсан. Компани гэдэг нь нэг хүн тамгатай болохын тулд байгуулдаг зүйл огт биш. Харин хүмүүс ганцаараа, хувь хүнээрээ хийж болохгүй том зүйлийг хийхийн тулд хамтрахад ашигладаг дүрэм журам. Монголчууд хамтрахын тулд хамтарч ажиллах дүрмээ тохирох ёстой. Тойрч сууж байгаад дүрмээ батлаад хамтрах нь чухал.
Монгол угаасаа цөөхөн хүн амтай, цөөн нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг хэрнээ экспорт хийхдээ нэг нэгээрээ гарч байгаа нь улам л жижигхэн болгож байна. Хүнсний бизнесийг эцсийн хэрэглэгч нарт үнэтэй зарахын тулд газар дээр ургахаас эхлээд хэрэглэгчид очих бүх зам нь хоорондоо холбоотой, нэгдмэл хөдөлгөөнтэй байх ёстой. Жишээлбэл, Хятадын нэг баян хүн Монголоос төлөгний махны зөвхөн дал дөрвөн өндрийг нь авахыг хүсэж болно. Гэхдээ ямар нэг химийн элементтэй өвс идээгүй, төрөхөөс эхлээд нядалгаанд орох хүртлээ ямар ч эм тариа тариа хэрэглээгүй байх ёстой гэсэн шалгуур тавьж байна гэж бодъё.
Энэхүү шалгуурыг хангавал махыг үнэтэй авъя гэж байна. Үүнийг малчин хүн биш маркетингийн мэргэжилтэн очиж судлаад мэдэж авлаа. Гэхдээ тэр хэрэглэгчийн даалгаврыг биелүүлэхийн тулд малчин, үйлдвэр, маркетинг, тээвэр ложистикийн компани гээд бүгд нэг дүрмээр хамтарч ажиллах учиртай болоод байгаа юм. Мөн энэ тоглоомд оролцсон бүх хүмүүс энэ тоглоомоос гарч явахгүй, дүрмийг зөрчихгүй байхаар хэмжээний шударга хуваарилалт бас хэрэгтэй.
Миний ярьж буй зүйл боломжтой гэвэл боломжтой. Малчдаас эхлээд Хятадын зах зээлд бүтээгдэхүүнээ нийлүүлж буй бүх хүн нэгдсэн л байх учиртай. Нэгнийхээ үгийг сонсож сурмаар байна. Малчид эхлээд хоршоо болмоор байна. Хоршоо нь дараагийн шатны бизнесүүдтэй ашигтай тохиролцоо хийж, хэлсэн ярьсандаа хаана хаанаа, аль аль тал нь хүрдэг болмоор байна.
-Таны хувьд олон бизнес эрхлэгчтэй уулзаж, зөвлөж байсан байх. Тэд ихэнх нь ямар санал илэрхийлдэг вэ?
-Бизнес эрхлэгч өөр өөрсдийн зовлонгоо эхэлж ярьдаг. Үүнийг мэргэжлийн хүний нүдээр ангилбал өөрөө шийдэх ёстой зовлонгууд, бусадтайгаа хамтарч шийдэх ёстой зовлонгууд дийлэнх хэсэг нь байдаг. Энэ нь ихэнхдээ хүний нөөц, маркетинг, санхүүгийн асуудлууд байдаг. Гүйцэтгэх захирал хүн өөрөө шийдэх ёстой, шийдэж чадах асуудлууд гэсэн үг. Гэтэл манайхан бүх зүйл төр засгаас болж байна гэж ярьдаг. Гэтэл өөрөөс эсвэл хамтарч нэгдээгүй байдлаас ихэнх зүйл шалтгаалдаг. Төр засгаас шалтгаалж байгаа асуудал мэдээж хэрэг бий л дээ. Гэхдээ бага хувьтай. Асуудлаа шийдэхийн тулд өөрөө өөрчлөгдөх эсвэл илүү ур чадвартай хүнийг авч ажиллуулах ёстой.
-Тэгвэл та бизнесийг хэрхэн сууринаас нь зөв хийх тухайд зөвлөгөө өгөхгүй юу?
Зарим хүн бизнесээ зөвхөн мөнгөний төлөө хийдэг. Заримдаа ажилтнууд нь зөвхөн цалингийн төлөө ажилладаг, захирал нь мөнгөний төлөө бизнес хийдэг, хэрэглэгчдээ биш мөнгөө боддог бизнесүүдтэй ч таардаг. Ингэж бизнесийг сууринаас нь буруу хийдэг. Гэхдээ бүгд ийм биш.
Хүнд хийж байгаа зүйлээ өөрөө хэрэглэдэг байх ёстой. Өөрийнхөө хийсэн зүйлийг хүүхдэдээ өгөх байсан уу гэж бодоод үзээрэй.
Ямар ч үйлдвэрлэл эрхлэхэд эхлээд хэрэглэгч нар юу хүсэж байгааг, ойлгож, мэдэрдэг байх нь чухал. Юу хүсэж байгааг нь ойлгоод түүнд нь зориулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэх нь хэрэгтэй. Тухайн бүтээгдэхүүн нь тогтмол чанартай байх ёстой бөгөөд зөв үнээр нь зарж байх учиртай. Бизнесийн амжилт нэг зүйлээс хамаардаггүй. Хүнд юм зарж чадаж байвал бизнес тань амжилттай явна. Зарахын тулд өөрөө юм худалдаж авахдаа юун дээр анхаардаг вэ гэдгээ сайн бодох хэрэгтэй. Эрүүл мэндэд ямар ашиг тустай, үнэ ханш, хөдөлмөр хэрхэн хөнгөвчилж байгаа зэргийг бодолцож үздэг. Өөртөө, өөрийнхөө хайртай хүүхдэд зориулж бүтээгдэхүүн хийж байна гэж бодох нь зөв. Ингээд орлого, зарлагаа зөв тооцох хэрэгтэй.
Бүтээгдэхүүн өртөг, мөнгөн урсгал, эргэлтийн хөрөнгөө зөв тооцож, ямар ч байсан зөвөөр л урагшлаад байгаарай гэж хэлмээр байна. Үнэхээр энэ бүтээгдэхүүнийг чи өөрөө идэх байсан уу? гэж бодоод үзээрэй. Ингэж бодвол малчид малдаа хамаагүй тариа тарихаа больж, ногоочид талбайдаа хэтэрхий их хор цацахгүй болно. Үйлдвэрлэгч нар үйлдвэрийн технологи дамжлага дээрээ ариун цэврийн шаардлагаа зөрчихөө болино. Энэ бүхний цаана хүнд тус, буян болох тухай л ойлголт байгаа юм. Хүнд яг өөрөө идэх гэж байгаа юм шиг бүтээгдэхүүн бэлдэж өгөх нь чухал. Мөнгө олохын төлөө ажилласан бизнес амжилт олдоггүй. Харин хүнд туслах, асуудлыг нь шийдэхийн төлөө зүтгэсэн бизнес эрхлэгч заавал амжилт олж чаддаг.
-Үйлдвэрлэгчид компанийн засаглалаа хэрхэн сайжруулах вэ?
-Хүүхэд том болоход хувцас нь багаддаг шиг бизнес томроод ирэхээр захирал нь бизнестээ жижигддэг. Бизнес тодорхой үе шатанд хүрэнгүүт мэргэжлийн гүйцэтгэх захирал, маркетинг, үйлдвэрлэл сайн зохион байгуулах менежер зэрэг албан тушаалтан шаардлагатай болдог. Тухайн хүмүүс ISO нэвтрүүлж, гадаадын зах зээлд бүтээгдэхүүнийг тань хүргэж, санхүүгийн менежмент хийж, хөрөнгийг тань босгож өгнө. Гэтэл манайхан ихэнх нь сайн бизнес бий болгочихлоо, би өөрөө үйлдвэрлэлийн захирлаа, эхнэр маань нягтлангаар ажиллана гээд яваад байдаг. Үүсгэн байгуулагчид, эзэд тодорхой түвшинд хүрсэн бизнестээ гологдож эхэлдэг гэдгийг ойлгож байх хэрэгтэй.
Компанийн засаглалаа хөгжүүлье гэвэл шат шатаар ахих нь зөв. Эхлээд хүн болгон өөрсдийнхөө нөхцөлд тохирсон засаглалын боломжийг судлах тухай юм. Үйлдвэрлэл, маркетинг, санхүү сайн ажилладаг байх нь зүйтэй. Компанидаа хэрэгтэй мэдлэг, ур чадваруудыг алхам алхмаар л компанидаа авчирч байх учиртай.
Компанийн хүч болон хүний хүч гэсэн хоёр зүйлийг харьцуулж нэг сонин зүйл хэлье. Яагаад компани гэж байдаг вэ? Яргуй идсэн ямааны мах гэсэн бүтээгдэхүүнийг олон улсын зах зээлд гаргахын тулд өндөр ур чадвартай хүн хэрэгтэй болсон гэж бодъё. Хэд хэдэн гадаад хэл, махыг Монголоос дэлхийн аль ч өнцөг буланд муудуулахгүйгээр хүргэх тээвэрлэлт, дэлхийн хэмжээний шаардлага хангасан үйлдвэрлэл эрхлэх ур чадвар хэрэгтэй болжээ. Энэ бүх ур чадвар буюу маркетинг, санхүү, 2-3 гадаад хэлийг нэг хүн эзэмшинэ гэвэл олон жил зарцуулна. Нэг хүн эдгээр бүх ур чадварыг эзэмшихэд хугацаа их орно, магадгүй 20 жил хэрэгтэй. Харин ямар нэг компани ажлын байр зарлавал дунджаар зургаан сарын хугацаанд энэ бүх ур чадварыг эзэмшсэн хүмүүсийг олж болно.
Энэ бол яагаад “жинхэнэ” компаниуд үргэлж өөрийгөө компани гэж боддог хувь хүмүүсээ илүү амжилтад хүрдгийн шалтгаан юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!