Зураг
Зураг
Индэр    
2023 оны 5 сарын 8
Зураг
Эдийн засагч, шинжээч

ОРОС, УКРАИН ГЭХ ЗУУР...

Зураг
thewell.unc.edu

Орос, Украины асуудлыг хоорондоо хэлэлцэн, хоёр хуваагдах хэмжээний том улс бид мөн үү?

Түүгээр явсан гайг үүгээр дуудна гэдэг шиг тал тал руу үсчих нь хэр зөв вэ?

Монгол бол завсрын улс. ОХУ, Хятадтай найрсаг харилцаатай байх нь юу юунаас чухал. Бид эдийн засгийн хувьд эдгээр улсаас бүрэн хамааралтай. 2000-аад оны үед Хятад хилээ хааж байв. Тухайн үед АНУ-аас залгаж, хил нээлгэж байсан. Харин энэ удаа аль нэг нь хилээ хаах юм бол АНУ-аар залгуулахад хэн нь ч хөдлөхгүй шүү гэж геополитик, гадаад бодлогоор олон жил ажилласан эксперт хэлж байв. Тэгэхээр том том юм ярьж, омогшихоосоо илүү нөхцөл байдлыг ажиглан зөв хөдлөх нь бидэнд чухал.

1990 оноос өмнө монголчууд бид ОХУ-ын нуруун дээр явлаа. Тухайн үед баавгай ч том байсан, харин луу жижиг байв. Харин одоо баавгай жижиг, луу том болсон. Харин талын хөх чоно дунд нь яахаа мэдэхгүй самгардаж байна.

Өнөө цагт уламжлалт геополитик алсран одож, дэлхий нийтэд шинэ дүрэм тогтож эхэллээ. Гео эдийн засаг чухал болж, бүс нутгаар хуваагдах шинжтэй болов. Үүнд, Хятад “Нэг бүс, нэг зам” хөтөлбөрөөр луу шиг урт төмөр замуудыг Ойрх Дорнод, Зүүн Азиар зурайлгаж өгөв.

Мэдээж дэлхийн дүрэм тогтоодог АНУ үүнийг зүгээр хараад суухгүй. Украин, ОХУ-ын асуудлаас харахад л ойлгомжтой. Өөрсдийн хамгийн том холбоотон Европын Холбоотой нэгдэн Украиныг тасралтгүй зэр зэвсгээр хангаж байна. Түүнчлэн Тайванаар далимдуулан Хятадыг үе үе хатгана.

Дайн гэдэг ойлголт буу, зэвсгээс хэтийдэж технологи, худалдаа, эдийн засаг, нөөц зэргээр маш өргөн хүрээнд явагдаж байна. Гэтэл бид энд ОХУ муухай эсвэл Хятад муухай гэж суух нь цаг үеэсээ дэндүү хоцрогдсон өнөөх агуйн хүн мэт.

Дэлхийн гүрэн болоход эхлээд боловсрол, эрүүл мэндээр хүний нөөцөө чадавхжуулна. Дараа нь шинжлэх ухаандаа ихээр хөрөнгө оруулж инновац, технологиор өөрсдийн нөү хау-тай болно. Мэдээж зэрэгцээд худалдаа, эдийн засгийн хувьд хүчирхэгжих ёстой. Цаашлаад олон улсад валют нь хүчтэй болж, санхүүгийн төв болно. Нэгэнт ийм том дархлаатай болсон юм чинь сая цэрэг, зэвсэгт санаа амар мөнгө хаяж эхэлнэ. Том гүрнүүд дэлхийн дүрмийг тогтооно. Тэр үед бид ямар байх ёстой вэ?

Монгол Улс ардчилсан, эрх чөлөөт, гадаадын шууд хөрөнгө оруулалт татсан, хувийн хэвшил давамгайлсан улс байх ёстой. Ингэж байж бид амьд үлдэнэ. Тэгэхээр бид ОХУ, Украин гэж хуваагдахаас илүү эдийн засагт бугшсан авлигалаа бууруулах, хувийн хэвшил рүү давшилж буй төрийн оролцоог багасгах, бага хүн амтай учраас дэлхийн иргэн бэлдэх, одоо байгаа томоохон төслүүдээ улстөржихгүй явуулах зэрэг нь юу юунаас чухал байна.

Түүхээ эргэн хараарай монголчууд минь. Монгол хүн болбоос аливаа зүйлийн арга эвийг олдог, буурьтай, хөнгөн хуумгай хөдөлдөггүй, сэтгэл хөдлөлөөр асуудалд ханддаггүй, олон ургалч үзэлтэй байснаараа дэлхийн талыг эзэгнэсэн юм шүү.