Зураг
Зураг
Индэр    
2023 оны 5 сарын 9
Зураг
iKon.mn Сэтгүүлч

О.Гал-Очир: Улаанбаатарчууд ажил, гэртээ хүртэл баллонтой хэт шүүсэн ус хэрэглэснээр эрдсийн дутагдалд орж байна

Зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монголчуудын хоол, хүнсний хэрэглээний талаар Хүнсний инженер О.Гал-Очиртой ярилцлаа. 



-Халдварт бус өвчлөлийн 70-80 хувь нь буруу хооллолтоос шалтгаалдаг гэж эрүүл мэндийн салбарынхан үздэг. Иймд бидний өдөр тутмын хоол, хүнсний сонголт эрүүл мэндтэй шууд холбогдох болов уу? 

-Тийм ээ. Хооллох хэв маяг, хэмжээ маш чухал. Нэг үеэ бодоход хүнсний нэр төрөл, сонголт арвин болсон нь ололттой тал. Хоол, хүнсний нэр төрөл олширсноор тус бүрээс нь өөр өөр шим тэжээл авах боломжтой болсон гэсэн үг. Үүнийг дагаад монголчуудын дундаж наслалт ч өссөн.

Статистик мэдээллээс харвал, 1921 онд Монгол хүн дунджаар эрэгтэй 43, эмэгтэй 45 насалдаг байжээ. Тэгвэл өнөөдрийн байдлаар эрэгтэй 65 нас, эмэгтэй 74 нас болж нэмэгдсэн байна. Дундаж наслалт уртсах хамгийн чухал хүчин зүйл бол хооллолт. 

Ямар ч хүнсний хэтэрсэн хэрэглээ асуудал болдог болохоос биш зохистой хэмжээнд бүгд бие организмд шаардлагатай. 

Хоол, хүнсээ тааруулаад хэрэглэвэл хүний биологийн нас 150 болох бүрэн боломжтой гэх судалгаа бий. Үүнд хамгийн дөхөж очдог нь япончууд. Тэд яагаад өндөр насалдаг вэ гэвэл, зохистой хэмжээнд хооллодог.

-Тэгвэл зөв, зохистой хооллолтыг хэвшүүлэхэд ямар алхам хэрэгтэй вэ? 

-Өдөр тутамдаа хэрэглэж буй хүнснээсээ та ямар шим тэжээл авч байна вэ гэдгээ анзаараад үзээрэй. 

Жишээлбэл, тавган дээр салаттай бууз байлаа гэж бодъё. Буузны гурилын цардуулаас энергиэ авна. Махнаас нь уургийн хэрэгцээ, амин хүчлүүдээ нөхнө. Харин давсны хэрэглээ бидний биеийн эс болгонд усыг ууршуулахгүй барьж байдаг чухал үүрэгтэй. Давс хэрэглэхгүй байж болохгүй. 

Салат ямар үүрэгтэй юм бэ гэвэл, үүнийг бууз шиг 100 градусаас дээш жигнээгүй. Дулааны боловсруулалт ороогүй түүхий ногооноос бид амин дэмээ авна. Эндээс пробиотик буюу амьд ашигтай бактериудын хэрэгцээгээ хангаж чадна гэсэн үг. Хэрэв түүхий ногоогоо хоолтойгоо хамт чанавал тэр ашигтай бактери 100 градуст амьд байж чадах уу. Нэг таваг хоол чинь өөрөө ийм их учир утгатай байгаа биз. 

-Өвлийн улиралд бидний бие махбод агаар, орчны бохирдлоос эхлээд олон хүчин зүйлд хордож байна. Энэ хордлогыг тайлахын тулд зуны улиралд хооллолтдоо хэрхэн анхаарах нь зүйтэй бол зөвлөгөө өгнө үү? 

-Манай улсын хүн амын талаас илүү хувь нь Улаанбаатар хотод амьдарч байна. Гэтэл утаатай, түгжрэлтэй, нүхэн жорлонтой, хөрсний бохирдолтой. Энэ мэтчилэн хордох зүйл маш их. Хамгийн зөв арга бол сүү ууж, хороо тайлах явдал. 

Гэхдээ Ховдын уулын мухарт байгаа үнээний сүү хотод ирж хэзээ ч чадахгүй. Сүү чинь өөрөө хадгалалт даах чадваргүй бүтээгдэхүүн. Өөрөөр хэлбэл, аюулгүй тээвэрлэх боломж муу учраас малын бэлчээрээс шууд сүү авч хэрэглэх боломжгүй. Хүн болгон малын сүү хэрэглэх боломж угаасаа байхгүй. 

Тиймээс ч хуурай сүү, хатаамал сүүний зорилго ийм. Гэхдээ энэ төрлийн сүүтэй холбоотой сөрөг мессэж нийгэмд маш их тархжээ. Уг нь махыг хатаагаад борц болгож иддэгтэй л адил. Гэтэл борц гоё, хуурай сүү муухай гэдэг хандлага түгээмэл. 

-Саяхан кофены сүүтэй холбоотой шүүмжлэл нэлээд өрнөлөө. "Milk" гэж нэрлэсэн болгон сүү биш хэмээх агуулга харагдаж байна. Тэгвэл хуурай, хатаасан сүүг хэрхэн ялгах талаар тайлбарлана уу? 

-Тухайн бүтээгдэхүүний шошго дээрх тайлбараар ялгана. Хэрэв хатаамал сүүг кофендоо хийгээд хутгавал уусахгүй, бөөгнөрөөд хөвсөн чигтээ байна. Үүгээр нь ялгаж болох юм. 

Харин кофены хуурай сүүний тухайд дэлхий дахинд зарагддаг нэр төрөл нь "Non dairy cream" бөгөөд энэ бүтээгдэхүүн хортой гэхээсээ илүү өөр зорилготой.

Ургамлаас гаргаж авсан тос болон сүүний уургийг ашиглан "Non dairy cream"-ыг хийдэг. Өөрөөр хэлбэл, сүүтэй адилхан амттай гэсэн үг. Энэ бол хязгаарлагдмал нөөцийг хязгааргүй нөөцөөр солих оролдлого. Хүн болгон малын сүү хэрэглэх боломж байхгүй гэж дээр дурдсан.

Би саяхан "Тэсо групп" дээр очиж, яагаад "Golden milk" гэж нэрлээд байгаа юм бэ? гэж асуусан л даа. Энэ төрлийн бүтээгдэхүүнүүд брэнд нэр нь өөрөө "Milk" гэж залгавартай нэрээр явдаг. Брэнд нэр учраас ингэж нэрлэсэн гэж хариулсан. 

"Бид ундны усны хэрэгцээнээс эрдсээ нөхөж чадахгүйд хүрсэн. Энэ нь хэт шүүж хэрэглэсэнтэй холбоотой"

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

-Нөгөөтээгүүр ус бол амин хэрэгцээ. Гэтэл бид ундны усны хэрэглээндээ огт анхаардаггүй юм шиг ажиглагддаг. 

-Ундны усны асуудалд огт мэдээлэлгүй байдаг. Цаашилбал бүр ярвигтай асуудал болчихсон.

Улаанбаатарын иргэд газрын гүний ус хэрэглэж байгаа. Гүний усны найрлагад тодорхой эрдсүүд агуулагддаг. Гэтэл энэ найрлагыг нь алдагдуулж, шүүж, савласан цэвэр ус ууж байна. Гэртээ, ажил дээрээ дандаа баллонтой ус хэрэглэж байна.

Сүүлийн үед хэт шүүсэн ус хэрэглэснээс үүдэн олон сөрөг үр дагавар ажиглагдаж байгаа.

Хүүхдүүдийн шүд үйрч эхэлсэн нь наад захын жишээ. Өнөөдөр бүтэн шүдтэй хүүхэд маш ховор болжээ.

-Тэгэхээр эрдсийн агууламж багатай ус хэрэглэх нь биед олон төрлийн сөрөг нөлөөг бий болгоно гэсэн үг үү? 

-Улаанбаатарын ундны усны эрдсийн хэмжээ өчүүхэн бага байдаг. 

Жишээлбэл, шүдний бүтцийг хамгаалдаг элемент бол фтор. Үүний зөвлөмж хэмжээ нь 0.6-1 миллиграммын хооронд байх ёстой. Гэтэл Улаанбаатарын гүний усанд агуулагдах фторын хэмжээ 0.2 миллиграмм байх жишээтэй. Нийслэлийн ундны усанд агуулагдах фторын агууламж зөвлөмж хэмжээнээс бага байхад дахиад шүүчихвэл эрдэс огт байхгүй болно.

Улмаар яс хэврэгшиж, шүд үүрэх зэрэг шинж тэмдэг илт ажиглагдаж буй. Энэ бол ундны ус болохоо больчхоод байгаагийн илрэл. 

-Усаа шүүж хэрэглэх нь эрдсийн найрлагыг алдагдуулахад хүргэж байна гэж ойлголоо. 

-Бид уснаасаа эрдсээ нөхөх ёстой. Савласан цэвэр усыг стандартын түвшинд хамгаалсан байдаг. Тодруулбал, MNS5007:2007 гээд савласан цэвэр усны стандарт бий. 

Энэ стандартын дурын цэвэр усыг харвал, тодорхой элемент нь 15-аас бага гэх тэмдэглэгээг тавьсан байдаг. Энэ нь 0 буюу ямар ч эрдэсгүй байж болно гэсэн үг. Савласан цэвэр ус үйлдвэрлэж байгаа үйлдвэрлэгчдийн бараг дийлэнх нь усаа шүүж байна. Гэтэл стандарт дээр 15-аас бага 5-аас их гэж тэмдэглэх ёстой.

Бид өдөр тутамдаа ус уух зайлшгүй хэрэгцээтэй. Түүнээс гадна кофе найруулах, хоол хийх зэргийг усгүйгээр төсөөлшгүй, байнгын хэрэглээ. Гэтэл байнгын хэрэглээнээсээ хэрэгцээтэй эрдсээ нөхөж чадахгүйд хүрчээ. 

Та бүхэн ажигладаг бол ямар ч эрдэсгүй, цэвэр ус уувал шээс маш амархан хүрдэг. Тухайлбал, пиво уухаар шээс маш их хүрдэг. Энэ нь ямар ч эрдсийн агууламжгүйтэй холбоотой. Ус эрдэсгүй байх тусам гадагшлах процесс их явагдана.

Гэтэл сайхан шөл уучхаад шээс хүрээд байна гэж ярьдаг билүү, үгүй. Биеийн эс болгонд усыг барьж байдаг зүйл бол давс.

-Буцалсан усыг дахин дахин буцалгаж хэрэглэх нь хор адил нөлөөтэй гэх мэдээлэл бий. Үнэхээр сөрөг үр дагавартай юу?

-Энэ бол асуудал биш. Жишээлбэл, шингэн алдахаар ус ширгээж уулгадаг.

Яагаад гэвэл, шингэн алдах үед маш их эрдэс биеэс шууд гадагшилдаг. Улмаар эрдсийн дутагдалд ордог тул амь насанд ч аюултай. Тиймээс эрдсийг нөхөх зорилгоор ус ширгээж уулгадаг. Дахин дахин буцалгана гэдэг чинь ус нь ууршаад эрдэс нь л ихэснэ гэсэн үг.  Түүнээс хор биш.  

Хамгийн гол нь зөв дадал, зөв хэвшилтэй болохын тулд идэж, ууж буй зүйлсээ маш бодитоор ойлгох хэрэгтэй. Орой унтаад өглөө сэрэх хүртлээ бид энерги зарцуулж байдаг. Шөнө унтахдаа хүртэл амьсгалж энерги зарцуулдаг. Тэр бүх энергийг хүнснээс л авна. Өөр хаанаас ч биш. Авч байгаа энерги нь ихсээд ирвэл биед таргалалт явагдана. 

Монголчууд малаа намар таргалуулдаг. Яагаад гэвэл, өвөл, хаврын тарчиг цагт ногоо ургахгүй идэш, тэжээл нь хомсдоод ирдэг. Тиймээс мал амьтан таргалсан өөхөн давхаргаа организмдаа задалж хэрэглэдэг. Тэгвэл хүнд ийм шаардлага байх уу, үгүй. 

Даарах үедээ дулаан хувцас өмсчхөж байна. Идэх хоол нь дэлгүүрт бэлэн. Очих газартаа машинаар хүрчихнэ. Иймээс идэш тэжээлээ биедээ нөөцлөх шаардлага ерөөсөө байхгүй. Үүнийг маш сайн анхаарах хэрэгтэй.

-Буруу хооллолтоос үүдэн биед сөрөг шинж тэмдэг ажиглагдаж буйг хэрхэн мэдэх боломжтой вэ? 

-Хоол идсэний дараа маш муухай өмхий хий гаргах, хэхрэх зэргээр ажиглагдана. Ийм шинж тэмдэг ажиглагдвал хоол хүнсээ хэтрүүлэн хэрэглэсний улмаас хор үүсэж байна гэж ойлгох хэрэгтэй.

Гадагш тэгж мэдрэгдэж байгаа ч ихэнх хэсэг нь бүдүүн гэдэснийхээ ханаар шимэгдэж цус руугаа эргээд орно. Эргэж орсноор бүх биеийг хордуулна. Элэг чинь үүнийг хоргүйжүүлэх шаардлагаар ачаалал нь нэмэгдэнэ. Хэтэрсэн, зохисгүй хэрэглээ хамгийн их хор нөлөөтэй. 

“Хүн төрсөн цагаасаа эхлээд халбага, сэрээгээрээ булшныхаа нүхийг ухаад эхэлдэг” гэж үг бий. Үүн шиг үнэн юм байхгүй. 

-Хоол, хүнсний талаарх зөв, буруу олон ойлголт бий. Тухайлбал, өөх тостой хоол идсэнийхээ дараа араас нь хүйтэн ус уувал түгжрэл болно гэж хэлдэг. 

-Энд температурын зөрүү харагдаж байна. Халуун хоол идээд, шууд хөргөгчөөс гаргаад ирсэн хүйтэн ундаа уучихлаа.

Тэгвэл хүнд биеийн дулаан яах гэж байдаг юм бэ. Бие рүү орж байгаа бодис болгоны хэмийг биеийн дулаан тэнцүүлэх зорилготой.

Ходоодонд температурын өөрчлөлттэй маш халуун хоол орлоо гэхэд 37 градустай болоод хөрнө. Хүйтэн ундааг дулаанаараа халаана. Ингэснээр цаашдын боловсрох процесс явагдана. Энэ бүхнээс шалтгаалаад нойр булчирхай зэрэг янз бүрийн өвчлөл яриад байх ямар ч шаардлагагүй.

-Ходоодонд ороод л температур нь тэнцдэг гэж ойлгох юм байна, тийм үү?

-Тийм ээ. Энэ бол тэс өөр шалтгаантай зүйлийг нөгөө шалтгаан руу чихэж байгаа асуудал.

Нойр булчирхай нь ходоодноос ирж буй хэт хүчлийг өөрөөсөө шүлтлэг шингэн ялгаруулснаар саармагжуулж байдаг. Ингэж саармагжуулахдаа маш олон төрлийн фермент ялгаруулж уусмал болсон хоолыг бүрэн задалдаг. Энэ үүрэг нь алдагдах үед өвчлөл үүснэ. 

Жишээ нь, архи ууна гэдэг бол ходоодоо хэт хүчиллэг болгож байгаагийн нэг хэлбэр. Архи нойр булчирхайд муу гээд байдгийн шалтгаан тэр. 

"Хүн хэзээ ажилладаг, амардаг билээ гэдгээ анзаарч, анхаарч хооллох нь зүйтэй"

-Түүнчлэн шарсан, хуурсан хоол эрүүл мэндэд муу гэх ойлголт бий. 

-Шарсан болгон хортой гэсэн үг биш. Харин тосыг нь солихгүй ахин дахин хэрэглээд л байвал тэр тосонд хор үүссэнээр бүтээгдэхүүнээ хортой болгоно. Шарах процесс яагаад үнэ хүндгүй, нэр хүндгүй болсон шалтгаан нь тосны буруу хэрэглээтэй холбоотой. Түүнээс биш шарах процесс нь буруу биш. 

-Бараг зун болгон тарвасын нитратын агууламж хүлцэх хэмжээнээс их байна гэх мэдээлэл газар авдаг. Энэ мэтчилэн буруу, зөв нь мэдэгдэхгүй мэдээлэл иргэдийг төөрөгдүүлж байна.

-Хүмүүсийг тэнэг байлгах тусам зарим нэгэнд ашигтай. Жишээ нь, нитратын агууламжийг "Green test" гэдэг зөөврийн багаж зоож үзээд л үр дүн гаргаж байна. Гэтэл нитратын агууламжийг тодорхойлохын тулд химийн шинжилгээгээр лабораторийн түвшинд маш нарийн гаргадаг аргатай. Зүгээр л нэг багаж дүрээд нитратыг нь үзэх боломжгүй.

Магадгүй тэр багажийг борлуулахын тулд тарвасыг муухай харагдуулж болно. Хүмүүсийн айдас дээр дөрөөлж бизнес хийж байна. Тиймээс энэ мэтчилэн асуудалд мэдлэгтэй, хэрсүү хандах ёстой.

-Бидний өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүний нэг бол будаа. Тэгвэл будааны сонголт хийхдээ юунд хамгийн их анхаарах шаардлагатай вэ? 

-Будааны цардуул гэдэг чинь маш том нүүрс ус. Амилоз, амилопектин гэх арай бага нүүрс усны нийлбэрээс цардуул үүсдэг.

  • Амилопектины агуулга өндөртэй будаа жигнэхээр нялцайчихдаг. Жигнээгүй байхыг нь харвал энэ тэндээ цагаарсан байдаг.
  • Амилоз гэдэг нүүрс ус биед бүрэн шингэдэггүй. Өөрөөр хэлбэл, 20-30 хувь нь шингээд л үлдсэн хувь нь өтгөн болж ялгардаг. 

Жишээлбэл, биеийн хүчний ажил хийдэг, их энерги зарцуулдаг бол амилопектины агууламж өндөртэй, шингэц сайтай будаа хэрэгтэй. Эсрэгээрээ турах зорилготой эсвэл цусан дахь сахрын хэмжээг өсгөхгүй байх шаардлагатай үед (чихрийн шижин өвчтэй) урт буюу амилозын агуулгатай будааг хэрэглэх шаардлагатай. 

Урт, дунд, богино гурван янзын будаа байгаа. Богино будаа буюу амилопектины агууламжтай буюу нялцайдаг төрлийн будааг бид түлхүү хэрэглэдэг. Энэ нь их хэмжээгээр идсэн ч биед бага энерги өгдөг. Хүмүүс будааг ингэж ойлгох нь зүйтэй. Түүнээс брэнд нэр чухал биш.

-Зарим хүмүүс 18:00 цагаас хойш хоол идэж болохгүй гэх мэтээр хооллолтынхоо цагийг хязгаарладаг. Хооллолтын дэглэм барьж байгаа эсвэл хоол хүнсэндээ анхаарч байгаа хүн цагийн менежментдээ хэрхэн зохицуулах нь чухал вэ?

-Хүн хэзээ ажилладаг, хэзээ амардаг билээ гэдгээ нэлээд анзаарах хэрэгтэй. Амарч байх үедээ ходоодоо хэт ажиллуулах шаардлагагүй л болов уу. Оройтох тусмаа хөнгөн хооллох ёстой.

Өглөө цайгаа ууж гарах нь яагаад чухал вэ гэвэл, өлөн хоосон ходоод хэтэрхий хүчиллэг болчихдог. Энэ хүчлийг саармагжуулахын тулд бага ч болтугай юм идэх нь чухал. 

Монголчууд өглөөний хоолыг өөртөө, өдрийн хоолыг найздаа, оройн хоолыг дайсандаа гэж бүр үгтэй юм. 

 

- Ярилцлага өгсөнд баярлалаа.