Индэр    
2023 оны 4 сарын 20
Зураг
iKon.mn Сэтгүүлч

ТАЙЛАН: Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдсаны дараа хүүхдийн хорих анги хоосордог ч 6-8 сарын дотор эргээд дүүрдэг

Зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монгол Улсын Хүний Эрхийн Үндэсний Комисс (ХЭҮК)-ын Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 22 дугаар илтгэлд хөндсөн хууль зөрчсөн хүүхдэд авах арга хэмжээний талаарх онцлох дүгнэлтүүдийг хүргэж байна. 

“Хууль зөрчсөн хүүхдийн ялыг хөгжлийг нь дэмжсэн байдлаар зохион байгуулах нь зүйтэй”

Шүүх арван найман насанд хүрэхийн өмнө анх удаа хөнгөн, хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн этгээдийг ял шийтгэхгүй хүмүүжих боломжтой гэж үзвэл Эрүүгийн хуульд заасан хүмүүжлийн чанартай арга хэмжээг хэрэглэдэг байна.

Хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ (ХЧААХ) нь гэмт хэрэг үйлдсэн насанд хүрээгүй этгээдийг нийгмээс тусгаарлахгүйгээр засан хүмүүжүүлэх зорилгоор шүүхээс хэрэглэж буй ялын бус төрийн албадлагын арга хэмжээ, эрүүгийн хариуцлагын бусад арга хэмжээний нэг төрөл юм.

2022 онд 96 хүүхдэд хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авч, өсвөр насны 63 хүний ялыг хойшлуулжээ.

Улсын хэмжээнд 2022 онд шүүхээс 209 хүүхэд ял шийтгүүлсэн нь 2021 онтой харьцуулахад 59.8 хувиар өссөн дүнтэй байна.

Шүүгч хууль зөрчсөн хүүхдэд ХЧААХ авах тухай шийдвэрийг “зан үйлээ засах хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авсугай” хэмээн хэт ерөнхий байдлаар гаргаж байгаа нь тухайн хүүхдэд нэг эсхүл хэдэн удаагийн ямар арга хэмжээ авснаар зан үйл засрах нь тодорхойгүй бөгөөд зан үйл нь засарсан эсэхэд хяналт тавих боломжгүй байна гэж ХЭҮК үзжээ.  

Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдсаны дараа хүүхдийн хорих анги хоосордог боловч тун удалгүй эргээд дүүрдэг байна

“...2006, 2009 онуудад батлагдан гарсан “Өршөөл үзүүлэх тухай” хуулиар хорих 411, 407 дугаар ангиас суллагдсан хүүхдүүд ахин гэмт хэрэг үйлдэж шоронд орсон, эсхүл насанд хүрсэн хүмүүсийн хорих ангид дэглэм өгсөж хоригддог, 50-70 хувь нь суллагдсанаас хойш гурван жилийн дотор дахин гэмт хэрэг үйлджээ.

Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдсаны дараа хүүхдийн хорих анги хоосордог боловч тун удалгүй 6-8 сарын дотор эргээд дүүрдэг нь хүүхдэд ногдуулж байгаа ялын бодлого гэхээс илүүтэй суллагдсан хүүхдүүдэд чиглэсэн ажил хийгдээгүй байна.

2018-2022 оны хооронд СХТБ-д хүмүүжсэн, суллагдсан хүүхдийн тоо: 

зураг
 
ХЭҮК 22 дахь тайлан илтгэл

Хүмүүжиж байгаа хүүхдүүдийн 91.4 хувь (279) нь хулгайлах, хүчиндэх, дээрэмдэх төрлийн гэмт хэргийг үйлджээ. 

Сургалт хүмүүжлийн тусгай байгууллагаас суллагдсан хүүхдийг гэр бүл нь хүлээн авдаг бол асрах газраас ирсэн болон бүтэн өнчин хүүхдийг суллагдсаны дараа хэн хүлээж, хариуцаж авах нь тодорхойгүй байна.

Хорихоос суллагдаад очих газаргүй, орон гэргүй, эцэг, эх нь өрхийн орлого байхгүй, амьдралын баталгаажих түвшнээс доогуур амьдралтай, ажил, сургуульд орох гэхэд иргэний баримт бичиггүй, сургууль завсардсан, мэргэжил боловсролгүй байна. Өөрөөр хэлбэл тэднийг нийгмийн зүгээс хүлээн авах бэлтгэл хангагдаагүй, зөвөөр хүлээж авахгүй байгаа нь дахин гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлдөг аж.

“Хүүхдийн эрхийн хууль зүйн хороо нь гэмт хэрэг, зөрчилд шалгагдсан хүүхдийн буруу зан үйлийг арилтал үйлчилгээ үзүүлэх ёстой”

2022 онд 1,540 хүүхэд гэмт хэрэгт холбогдон шалгагдсан нь 2021 онтой харьцуулахад 619 буюу 67.2 хувиар өсжээ. 

Тохиолдол 4.18

“...хууль зөрчсөн хүүхдэд үзүүлэх үйлчилгээ хаягдсан. Жишээ нь хулгайн хэрэг хийсэн хүүхдийн зан төлөвийг өөрчилж чадахгүй байна. Гэмт хэрэгт холбогдсон хүүхдийн алдааг нь ухамсарлуулах, засаж залруулахад анхаарах нь хамгийн чухал ажил байх ёстой. Ялангуяа эхний 30 хоногт ухамсарт нь суулгаж өгөх шаардлагатай байдаг бөгөөд 30-90 хоногийн үйлчилгээ хүүхдийн ухамсар, зан үйлд нөлөөлөхгүй байна. Тиймээс хороо нь хүүхэд гэмт хэрэг, зөрчилд шалгагдаад эхэлсэн л бол буруу зан үйлийг нь арилтал үйлчилгээ үзүүлэх ёстой.

(ТББ-ын төлөөлөлтэй хийсэн ярилцлагаас)

Хэнтий аймгийн хувьд” ...хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан 4 хүүхдийг хөдөлмөр зусланд үнэ төлбөргүй явуулсан, амьдрах ухааны модуль сургалтад хамруулсан”, Баян-Өлгий аймаг “...хөдөлмөрлөх дадал олгох сургалтыг Мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төвтэй хамтран авто машины засварчны мэргэжил эзэмшүүлэх 182 цагийн сургалтад 9 хүүхдийг хамруулж, чадамжийн гэрчилгээ олгосон” байна.

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар сэтгэлзүйн сургалт, зөвлөгөө өгөх үйлчилгээнд 128, мэргэжил эзэмшүүлэх хүрээнд үсчний сургалтад тав, тогоочийн сургалтад зургаа, оёдолчны сургалтад гурав, машин механизмын операторын сургалтад дөрөв, боловсруулах үйлдвэрийн технологичийн сургалтад зургаан хүнийг тус тус хамруулж, байнгын ажлын байранд 57 иргэнийг зуучилжээ. 

Энэ нь 2022 онд гэмт хэрэг, зөрчилд холбогдсон, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан, СХТБ-аас суллагдсан хүүхдийн тоо, мэдээтэй харьцуулахад хангалтгүй байгаа тул тусгайлсан төлөвлөгөө гарган холбогдох байгууллагатай хамтран хэрэгжүүлж, үр дүнгийн талаарх мэдээллийг тоо баримттайгаар тайлагнах шаардлагатай байна гэж ХЭҮК үзсэн байна. 

Дүгнэлт, санал

Хүүхдийн эрхийн хууль зүйн хороо нь гэмт хэрэг үйлдсэн хүүхэд нэг бүрийн оролцоог хангасан, хүүхдийн хүсэлт сонирхол, хэрэгцээнд нийцүүлсэн төлөвлөгөөг гаргаж, хүүхэд хамгааллын тухай хууль болон журамд заасан үйлчилгээг үр дүнтэй үзүүлэхэд анхаарч ажиллах нь зүйтэй.

ХЭХЗХ нь хорих ялын хугацаа дуусахаас өмнө ял эдэлж буй хүүхдийг нийгэмд гаргахад бэлтгэх, суллагдсаны дараа дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх, суралцах, ажил хөдөлмөр эрхлэх дадал хэвшүүлэх, гэр бүлийн харилцаанд бэлтгэх, нийгэмшүүлэх үйлчилгээг засаг захиргааны нэгжийн удирдлага, төрийн болон төрийн бус байгууллага, ажил олгогч нартай хамтран хүүхэд бүрээр тусгайлсан төлөвлөгөө гаргаж ажиллах шаардлагатай байна гэж ХЭҮК үзээд дараах саналуудыг гаргажээ.

1. Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны үйл ажиллагаанд шаардлагатай төсвийг орон нутгийн төсөвт тусгадаг болох

2. “Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны бүрэлдэхүүн, зохион байгуулалт, үйл ажиллагааны журам”-ын 4 дүгээр зүйлийн 4.4.4-4.4.8 дахь заалтад заасан төлөвлөгөөг гаргаж, хэрэгжүүлдэг болох;

3. Хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоолыг биелүүлэхийг хойшлуулсан өсвөр насны этгээдэд хэрхэн хяналт тавих, сургууль, боловсрол эзэмших эрхийг нь хэрхэн хангах, хүүхэд хамгааллын бусад байгууллагатай хамтран ажиллах горимыг тодорхой болгох.