Зураг
Зураг
Индэр    
2023 оны 4 сарын 10
Зураг
iKon.mn сэтгүүлч

Б.Тэнгис: И-Спортоор амьдралаа аваад явах боломж хангалттай байгаа. Гэхдээ эрүүл мэнддээ анхаарах нь чухал

Зураг

Олон улсад амжилттай яваа мэргэжлийн түвшний шилдэг багуудаас тоглох урилга авсан CSGO и-спортын тамирчин Б.Тэнгистэй ярилцлаа. 

- Уншигчдад маань өөрийгөө танилцуулна уу?

- Намайг Батжаргалын Тэнгис гэдэг. Улаанбаатар хотод төрж өссөн. Одоо 20 настай. 

зураг
 
Гэрэл зургийг Б.Тэнгисээс авав.

- Хэзээ и-спортоор хичээллэж эхэлсэн бэ? 

- Багадаа хөл бөмбөгөөр хичээллэж байгаад 16 наснаасаа CSGO тоглож эхэлсэн. "Дэрэн" клубээс ороод улсын аваргад түрүүлж байв. Анх клубийн хүүхдүүдтэйгээ 3х3 тоглоод амархан хожсон. Тэгээд ийм амархан юм уу гээд сонирхоод эхэлсэн дээ.

Арван жилдээ Англи хэл, Математикийн хичээлдээ сайн байсан. CSGO тоглож эхэлснээс хойш сурлага огцом муудсан. Хичээлдээ муудаж байгаа гэдгээ мэдсэн ч тоглохоо болих талаар огт бодоогүй. Харин ч илүү сайн удаан тоглохыг хүссэн. Аав, ээж маань сурлага муудаж байгааг ч мэдээгүй. 

Би багын сахилгагүй хүүхэд учраас хүссэн зүйлээ л хийдэг байсан. Гэрийн маань компьютер муу байсан ч CSGO татаад үзсэн чинь болчихсон. Түүн дээрээ хэсэг тоглож байгаад ааваасаа үзүүлэлт сайтай процессор гуйсан. Жаахан дургүй байсан ч гэсэн авч өгсөн. Ээж маань тоглуулах дургүй байлаа. Учир нь тухайн үед ПС тоглодог хүүхдүүдийг донтож байна гэж буруугаар ойлгодог байв. Ерөнхийдөө ээжийнхээ үгийг зөрж л тоглож эхэлсэн дээ. 

Сонирхогчийн түвшинд хүмүүстэй бооцоотой их тоглодог байсан. "Лан"-аар тоглоно гэж ярьдаг юм даа.  Удахгүй "Зэн" гэдэг багт нэг сар тоглоод анхны мэргэжлийн баг болох "2990" багт орсноор и-спортын тамирчны суурь маань тавигдсан. 

- Чамайг тоглож эхлэх үед Монголд и-спортын талаар ойлголт байхгүй байлаа. Мэргэжлийн тамирчин болох талаар юу бодож байв? 

- Өөрөө сайн судлаад иймэрхүү боломж байгааг олсон. Ирээдүйд амжилт гаргах магадлалтайг мэдсэн учраас мэргэжлийн тамирчин болбол алдаад байх зүйлгүйг ойлгосон. 

"ээж маань миний хамгийн том дэмжигч болсон"
зураг
 

- Үүнийгээ гэр бүлдээ яаж зөвшөөрүүлэв? 

- Мэргэжлийн багт ороод анхны тэмцээнд аварга авсан тоглолтыг ээж зурагтаар үзсэн. Тоглолтын тайлбарлагч нь Тэнгис гэх залуу сайн тоглодог гээд магтсан нь их нөлөөлсөн байх. Ээж маань түүнээс хойш тоглуулаад үзэх хэрэгтэй гэж бодсон байх. Аав маань хорьдоггүй, дураар маань л хаясан даа.

"CSGO" тоглож эхэлснээс хойш сурлагадаа анхаарахаа больсон учраас сурлага маань муудсан ч тоглохоо болих талаар огт бодоогүй

Одоо бол гэр бүлдээ ямар боломж байгаа талаар сайн ойлгуулдаг. Анхны "Мажор" буюу дэлхийн аваргад орсны дараа гэр бүл маань маш сайн дэмждэг болсон. Ээж маань миний хамгийн том дэмжигч. 

- Үзэгчдээс ихэвчлэн ямар мессэж ирдэг вэ? 

- Хуучин багтайгаа анх удаа CSGO төрлөөр Монголоос "Мажор" буюу дэлхийн аваргад явсны дараа магтаалын мессэж олон хүнээс ирсэн. Тухайн үед гаднын багуудыг хараад өөрийгөө болоогүй юм байна. Сайжрах хэрэгтэй гэдгээ ойлгосон.

"Хувийн ур чадвар, хэл хоёр сайн байхад гаднын багт тоглох асуудалгүй"
зураг
 
Гэрэл зургийг Б.Тэнгисээс авав.

- Саяхан багаасаа гарсан. Цаашдаа ямар төлөвлөгөөтэй байгаа вэ? 

- Олон улсад амжилттай яваа хэд хэдэн багаас санал ирснээс шилж байгаад нэгийг нь сонгоно. Одоохондоо Монголдоо тоглох сонирхол байхгүй. Хэрэв өөрийгөө сайн хөгжүүлж чадвал Европын багуудад тоглоно. Ер нь CSGO и-спортын тамирчид 30-35 хүртлээ тоглох боломжтой. Зодог тайлсны дараа ч энэ салбартаа ажиллах бүрэн боломж байгаа. 

- Тоглохыг хүсдэг багаа нэрлэвэл? 

- "Faze clan"-д тоглохыг хүсдэг. Анх тоглож эхлэхдээ дэмждэг байсан. 

- Удахгүй гадаад руу гарч тоглох гэж байна. Гаднын багуудад тоглох сонирхолтой хүүхдүүдэд хандаж юу хэлэх вэ? 

- Хувийн ур чадвар хамгийн чухал, бас хэлний асуудал бий. Тухайн орныхоо хэлээр сайн ойлголцдог байвал багийнхантайгаа илүү хурдан дасна. Мөн гэрээгээ өөртөө тухтайгаар байгуулах хэрэгтэй. Монголд бол боломжоороо ирсэн гэрээг нь хүлээн зөвшөөрдөг.

Намайг анх тоглож байхад бэлтгэлийн байртай 2-3 баг байсан. Харин одоо багууд харьцангуй хөлөө олоод эхэлсэн учраас и-спортын орчин сайжирч байна. 
"Өөртөө том зорилго тавьсан бол сайн хичээгээрэй"
зураг
 
Гэрэл зургийг Б.Тэнгисээс авав.

- Спортынхоо талаар ярилаа. Одоо өөрийн чинь хувь хүн талаас нь яриагаа үргэлжлүүлье. Үеийн чинь хүүхдүүд оюутан болчихсон явж байна. Мэдээж хэрэг спорт золиос их шаарддаг. Энэ талаар? 

- Арван жилээ төгсөөд шууд CSGO и-спортоор хичээллэж эхэлсэн. Тиймээс боловсролтой болох цаг хугацаагаа спортод зарцуулж байна. Мэргэжлийн тамирчны замналаа дуусгасны дараа боловсролоо нөхнө гэж бодож байгаа. Хэрэв өөрийнхөө тавьсан зорилгодоо хүрч чадахгүй бол 26-27 насандаа зодог тайлна. Түүний дараа боловсролоо нөхнө дөө. Хувийн амьдралдаа зарцуулах цаг бага. Одоохондоо зөвхөн и-спорт доо л ихэнх цагаа өнгөрөөдөг.  

Оюуны спортын тамирчин гээд хөдөлгөөн хийхгүй байх нь буруу

- Энэ спортоор хичээллэж эхэлснээс хойш хамгийн хэцүү зүйл юу байсан бэ? 

- Ерөнхий дөө хэтэрхий амархан зүйл гэж бодсон. Гэтэл зарим үед түүндээ хүрч чадахгүй унахад урам маш их хугардаг. Сүүлд бодоход огт санаа зовох хэрэггүй байсан гэдгийг ойлгосон. Одоо л заавал өөрийгөө харуулна гэж улайрах үед тоглолтууд мууддаг. Цагийн юм цагтаа л ирдэг. 

Шантарч, сэтгэлээр унах үе байсан. Энэ үеийн дарамтаасаа гарахын тулд электрон тамхи хэрэглэж эхэлсэн. Гэхдээ одоо бол татахаа больсон. Дараагийн хор уршиг нь үнэхээр муу байсан.

Тухайн мөчид электрон тамхи татахад сайхан тайвширдаг. Дараа нь электрон тамхинаас хэт хамааралтай болчих гээд байдаг. Үүнээс болоод анхаарал төвлөрөх чадвар сулардаг учраас больсон. Одоохондоо гайгүй ч гэсэн урт хугацаандаа хортой гэдгийг ойлгосон. Цэвэр агаар амьсгалж тайвшрах нь сэтгэл санаагаа сэргээхэд хамгийн тустай. 

- Чөлөөт цагаа хэрхэн өнгөрөөдөг вэ? 

Аль болох хөдөлгөөн хийхийг хүсдэг. Жишээлбэл хөл бөмбөг тоглох, дасгал хийх гэдэг ч юм уу. Нэг зүйлийг хэлэхэд оюуны спортын тамирчин гээд хөдөлгөөн хийхгүй байх нь буруу. Өөрийгөө сэргээж, хөлсөө гаргасны дараа илүү сэргэг тоглодог. Энгийн үеийг бодоход арай хурдан хариу үйлдэл үзүүлнэ гэсэн үг. 

- Мэргэжлийн тамирчны нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ? 

Миний нэг өдөр 09:00-10:00 цагийн үед өглөөний цай ууж эхэлдэг. Түүний дараа хувийн бэлтгэл, өдрийн хоол, багийн бэлтгэл гэх мэт зүйлс ордог. 03:00 цагийн үед бусад багтайгаа бэлтгэлийн тоглолтууд хийнэ. Дараа нь амардаг. Тэгээд орой 19:00 цагаас дахиад бусад багуудтайгаа тоглоод, оройн 21:00 цагийн үед дуусдаг.

"ар гэр чинь дэмжихгүй, өөрийгөө мэргэжлийн түвшинд бэлтгэж чадахгүй бол дэмий зүйлд цагаа зарцуулж байна"
зураг
 
Гэрэл зургийг Б.Тэнгисээс авав.

- Үзэгч, эцэг эхчүүдэд хандан нэг зүйлийг хэл гэвэл? 

- Үзэгчдэд хэлмээр нэг зүйл байдаг. Чухал тэмцээний үеэр сайн тоглохгүй үе гарна. Энэ үед хувь тоглогч алдаагаа мэдээд, хэцүү байхад нь муухай мэдрэмж нэмж өгөх буруу юм шиг. Мэдээж хэрэг мэргэжлийн тамирчин албаар муу тоглоно гэж байхгүй.

Өөрийгөө юун дээр алдсаныг хамгийн сайн мэдээд дүгнэлт хийж байгаа үед нь битгий муухай мэдрэмж өгч байгаарай. Дэмждэг үзэгчид байдаг. Үүнийг зөвхөн муухай сэтгэгдэл бичдэг хүмүүст хэлж байгаа юм шүү. Ялагдсан мэдрэмжээсээ гарах гэж ядаж байгаа үед нь муухай зүйл бичихийнхээ өмнө бодоорой.

Хэрэв энэ спортод хүүхдээ дэмжвэл амжилт гаргах магадлал өндөр, маш олон боломж бий. Ерөнхийдөө амьдралаа аваад явчих учраас дэмжихэд алдаад байх зүйл байхгүй шүү гэж эцэг, эхчүүдэд хэлмээр байна. 

- CS&GO и-спортоор явж байгаа хүүхдүүдэд ямар алдаа дутагдал ажиглагддаг вэ? 

- Жаахан залхуу юм шиг санагддаг. Өөрийгөө үргэлж сайжруулахыг хичээх хэрэгтэй.

Энэ спорт санхүүгийн хувьд хэнээс ч хараат бусаар өөрийгөө болгоод явчихдаг учраас зөндөө боломж байгаа. Гэхдээ ар гэр чинь дэмжихгүй, өөрийгөө мэргэжлийн түвшинд бэлтгэж чадахгүй бол дэмий зүйлд цагаа зарцуулж байна гэсэн үг. Энэ тоглоомд олон цаг зарцуулж байгаа бол том зорилго тавьж эхлээрэй. Эрүүл мэнддээ анхаараарай. Ямар ч зүйл сайн муу талтай. 

- Сайхан яриа өрнүүлсэнд баярлалаа. Цаашдын уралдаан тэмцээнд амжилт хүсье. 

- Баярлалаа.