Зураг
Зураг
Индэр    
2023 оны 4 сарын 6
Зураг
Нөхөн үржихүйн дотоод шүүрэл, үргүйдлийн эмч, Шинжлэх ухааны магистр

30-аад насны хямрал...

Зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Та өөрөөсөө дараах асуултуудыг асуудаг уу?

  • Би амьдралдаа юу хийж бүтээсэн бэ?
  • Би үлдсэн амьдралаа хэрхэн өнгөрөөх вэ?
  • Ер нь энэ бүхний, амьдралын утга учир юу вэ?

Заримдаа ажлаасаа гараад байгаа бүхнээ зараад өөр аймаг руу, өөр хот руу эсвэл бүр өөр улс руу нүүмээр ч юм шиг санагддаг уу? Одоогийн байгаа байдалдаа сэтгэл ханамжгүй, баригдмал, гацсан мэт мэдрэмж төрж яаж шийдвэрлэхээ, хаанаас хэрхэн эхлэхээ мэдэхгүй байна уу?

Хэрвээ танд дээрх бодлууд төрдөг бол 25-35 насны хямралын үе дээрээ явж байгаа бололтой. Энэ хямрал хүн бүрд харилцан адилгүйгээр илэрдэг ба зарим хүнд 20-оод насны эхэн үеэс эхэлж арван жил эсвэл түүнээс ч удаан хугацаагаар үргэлжлэх нь бий. Хямрал гэхээр хүнд, хэцүү мэт сонсогдож болох хэдий ч энэхүү цаг үе нь танд өөртөө дүгнэлт хийх, амьдралдаа хийсэн сонголтуудаа эргэн харах одоогоо дүгнэж, ирээдүйгээ төлөвлөх боломж юм.

Учраа мэдэхгүй жаахан хүүхдүүдээс "Том болоод ямар хүн болох вэ?" гэж асуудаг, учир нь бид өөрийгөө таньж мэдэхээс илүүтэй "юу хийж амьдрах вэ?" гэдэг нийгмийн нэг хэсэг болон өсөж хүмүүжсэн. Хэрвээ хүн өөрийгөө хэн бэ? гэдгээ оролдлого хийлгүйгээр эрт таньж мэддэгсэн бол хэчнээн сайхан хэрэг вэ?

Бусдын нүдээр болоод байгаа мэт харагдавч хувийн амьдрал, ажил, нас, зүс гээд ямар нэгэн шалтаг олон өөрийгөө өөнтөглөж сууна уу? Юу нь болдоггүй юм, ийм сайхан байхад гээд учирлан асуух ахмад үеийнхэнд "мэдэхгүй байна" гээд ярианы сэдвийг өөрчилнө. Мөнгөтэй болчихвол, гадаадад сурчихвал, гэр бүлтэй болчихвол, хүүхдээ сайн өсгөчихвөл гээд дутуугаа л гүйцээчихвэл болчих юм шиг зүтгэж яваа үеийн залуусыг хараад би ч гэсэн "тэгчихвэл, ингэчихвэл" гэж өдөр хоногийг өнгөрөөсөөр байна уу? Нэг л мэдэхэд нэлээд хэдэн жил өнгөрчихсөн дутуугаа гүйцээсэн ч дундуур хэвээр үү?

Хувь хүний хөгжил, сэтгэл судлалын илтгэл сонсож, ном уншиж тэрхэн үедээ учиргүй ойлгоод урам зориг авч өнөөдрөөс яг үзүүлээд өгнө өө гээд сэрсэн ч орой нь гундуухан орондоо орох 20-30 насныхан тоймгүй олон бий. Бид бүгдээрээ "би чинь насанд хүрсэн хүн, хүний хань, хүүхдийн эцэг, эх" шүү дээ гэх мэтээр сэтгэл хөдлөл, мэдрэмжээ хав даран чимээгүйхэн хөдөлмөрлөж яваа.

Тэгвэл яах ёстой юм бэ?

Энэ асуултад төгс хариултыг хаанаас ч, хэнээс ч олж авч чадахгүй байх. 30-аад насны хямралыг давсан ч 40-өөд насны хямрал хүлээж л байна. Харин ихэнх эх сурвалж хүн төрөхөөс үхэх хүртэл хамгийн их цагаа өөр өөртэйгөө л өнгөрөөдөг тул "өөрийгөө хайрла" гэж зөвлөсөн байдаг.

Яаж хайрлахыг, яавал хайрлуулсан мэдрэмж авахыг гагцхүү та л мэднэ гэжээ.