Зураг
Зураг
Индэр    
2023 оны 3 сарын 24
Зураг
iKon.mn сэтгүүлч

Ж.Баттөгс: Үхрийн кластер фермийн үйл ажиллагаа эрхэлснээр сарын ₮20 саяын орлого олж, эдлэн газартай болох боломжтой

Зураг
Нүүдэлчин Агро ферм

Сүүлийн үед хотоос хөдөөг зорих сонирхолтой хүмүүс олон болж байна. Тэндээ төвхнөөд, цэвэр агаарт амар тайван амьдаръя гэвч хэрхэн орлого олох нь тулгамдсан асуудал юм. Тиймээс хөдөө очоод эрхэлж болох ажил, бизнесийн ямар боломж байгаа талаар цувралаар хөндөж байгаа билээ. 

Энэ удаад 10 орчим жилийн турш кластерын фермийн шинэ загварыг хөгжүүлэхээр ажиллаж буй "Нүүдэлчин агро ферм"-ийг онцолж байна. Тэдний хувьд үйлдвэрүүдэд сүү нийлүүлж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжийг бүрдүүлэн, хамтарч ажиллаж эхэлжээ. 

"Нүүдэлчин агро ферм" ХХК-ийн үүсгэн байгуулагч Ж.Баттөгстэй ярилцсанаа хүргэж байна.


 -Төв аймгийн Баяндэлгэр суманд анхны кластер фермийн төслөө хэрэгжүүлсэн гэсэн. Төсөлд хэчнээн айл хамрагдаж, хэр амжилттай хэрэгжсэн бэ? 

-2013 онд Монбелиард үүлдрийн 150 үхэр Франц улсаас онгоцоор оруулж ирж байсан. Өрхийн фермийн үйл ажиллагааг хоттой ойрхон Баяндэлгэр суманд анх хэрэгжүүлж байлаа.

Дараа нь газраар 150 үхэр оруулж ирсэн юм. Түүнээс хойш сүүний чиглэлийн үхэр бага багаар оруулж ирж байна. Онгоцоор үхэр тээвэрлэх үнэхээр үнэтэй. Өндөр үнэтэй үхрийг малчид худалдаж авч чадахгүй. Банкнаас зээл авах гэхээр хүү нь өндөр. Ямар ч ашиггүй үе байсан. Тухайн үед Францын Элчин сайдад үхрийг яаж хямдхан үнээр оруулж ирэх, урт хугацаанд зээлээр өгөх боломжтой юу зэрэг бүхий л аргыг эрж хайж байлаа. Францчууд харин 10 жилийн дараа үхрийг урт хугацаатай хөнгөлөлттэй нөхцөлөөр өгөхөөр болсон. Урьдчилгаа төлөөд, дөрвөн жилийн хугацаатай гэрээ байгуулж, саасан сүүнээсээ тодорхой хэмжээгээр суутгуулах юм. 

45 хоногтой тугалаа нэг сая төгрөгөөр борлуулж байна гэж тооцоод, төлбөрт өгөх мөнгөнөөсөө хасуулна. Фермер эрхлэгч нарт аль болох бага ачаалал өгөхийн тулд ийм гэрээ байгуулж байгаа юм. Одоогоор 96 тугал худалдаж аваад байна. Бид эрийг ангилж, махны чиглэлээр үржүүлж борлуулна. Сайн бухыг нь орон нутагт сайжруулагч болгож худалдана. Охин тугалаа гунж болгоод кластер фермүүдэд өгнө. Тухайн үед дараагийн фермерүүдэд улам л таатай нөхцөл бүрдэх юм. 

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Эхний үхрүүд өнгөрсөн намар ирсэн. Одоо энэ хавар, ирэх намар ирнэ. Энэ мэтчилэн 10 жилийн өмнө мөрөөдөл байсан зүйл өнөөдөр биеллээ олж байгаад их баяртай байна. Европоос нэг үхрийг 16 орчим сая төгрөгөөр оруулж ирж байна. Энэ удаад бидэнд 1,100,000 еврогийн зээлийн багц гаргаж өгсөн. Бид цаашид хэрхэн ажиллахаас шалтгаалж багцын дүн нэмэгдэх боломжтой. Амьд малыг зээлээр олгож байгаа анхны тохиолдол болж байна. 

Миний хувьд Төв аймгийн Баян суманд хөдөө өссөн, малчин айлын хүүхэд. Багаасаа амьтан тэжээж өсгөх сонирхолтой байсан. Бэлчээрийн аж ахуй эрхлэхээр зардал их гардаг. Хөдөө аж ахуйн хувьд нүүдлийн аж ахуйгаас илүү эрчимжсэн аж ахуй нь зөв юм байна гэж бодох болсон юм. Улмаар Европын орнуудаар явж судалсан. Япон, АНУ, Турк улс эрчимжсэн аж ахуйг маш сайн хөгжүүлээд байна. Бид өөрсдийгөө малчин монгол гэж ярьдаг ч өөрсдийнхөө уламжлалт технологи ноухау-г европчуудад алдсан. Бэлчээрийн аж ахуйн хувьд 5-10 дугаар сар хүртэл аз жаргалтай байгаад түүнээс хойш зовж байгаа. Өвлийн улиралд зуд зурхан гээд маш хүнд тусдаг. Цаг агаар хүйтэн учир нүүдэллэх, байр орон сууцгүй гээд бэрхшээл их. 

Ийм сайхан агаар, бэлчээр, устай байж яагаад эрчимжсэн аж ахуй хөгжүүлж болохгүй гэж? Дэлхийн бүх улс орон эрчимжсэн аж ахуйг хөгжүүлж хотынхоо хүн амыг хүнсээр хангаж байна. Манай улсын хувьд өвлийн улиралд шинэ мах, ногоо, сүүг хүмүүс хэрэглэж чадахгүй байгаа.

Жилд 2,000,000 литр сүү үйлдвэрт нийлүүлж байна

зураг
 
Нүүдэлчин Агро ферм

-Кластерын фермийн төсөл хэрэгжсэнээс хойш хэчнээн ажлын байрыг бий болгож, хэр хэмжээний сүү үйлдвэрт нийлүүлээд байна вэ?

-Төв аймгийн Баяндэлгэр суманд 11 ферм үйл ажиллагаа явуулж, 40 гаруй хүн тогтмол ажлын байртай болоод байна. Тухайн фермд сүүний технологич, малын эмч гээд дөрвөн мэргэжилтэн туслалцаа үзүүлж ажилладаг. Фермийн аж ахуй эрхлэх зөв дадалтай болж ажиллаж байна. Одоогоор жил бүр 1,100,000-1,200,000 тонн литр сүү өгч байгаа. 

Харин Төв аймгийн Аргалант суманд 8 фермийн үйл ажиллагаа жигдэрсэн. Тухайн ферм байгуулагдаад хоёр жил болж байгаа бөгөөд жилд 600,000-900,000 литр сүү өгч байна. Бид жилд нийт 2,000,000 литр сүү үйлдвэрт нийлүүлж байгаа юм. Засгийн газраас нэг литр сүү тутамд 500 төгрөгийн урамшуулал олгодог. Сүүгээ жилийн дөрвөн улиралд тогтмол үнээр борлуулж байгаа. Нийтдээ 100 орчим ажлын байрыг бий болгоод байна. 

"Мөс зүсэгч" нар учраас Баяндэлгэр сумын фермерүүд бүх зовлон бэрхшээлийг туулсан. Таван жилийн өмнө фермийн үйл ажиллагаа эрхэлж эхэлсэн хүмүүс банкны өндөр хүүтэй зээл авсан. Сайн зүйлийн төлөө урд нь гарч зүтгэж байгаа учраас тэд нарт хүндрэлтэй зүйл олон тохиолдож байгаа. Тэд маань маш их сэтгэл гарган зүтгэж яваа. Миний хувьд фермерүүддээ төр засгийн хөнгөлөлттэй зээл тусламж нь очоосой хүртээсэй гэж бодож, хэлж ярьж явдаг

Гэвч энэ хүмүүсээ урт хугацаатай хөнгөлөлттэй зээлд хамруулах юмсан гэж бодож явдаг. Эрчимжсэн аж ахуйн чиглэлээр нүдэнд харагдах зүйл хийж буй фермерүүдийг дэмждэггүйд сэтгэл дундуур байдаг.

-Төсөл ямар зарчмаар хэрэгжиж байна вэ? Оролцогч нарт ямар шалгуур тавигддаг бол? 

-Төслийн оролцогч нар хариуцлагатай байх шаардлагатай. Байр сав нь нэг дор нэгдсэн стандартаар баригдсан, сүүг нь "АПУ ДЭЙРИ" компани жилийн дөрвөн улиралд тогтмол үнээр худалдаж авч байгаа юм. Сүүнээс нь тодорхой хэмжээгээр бага багаар суутгаж аваад дөрвөн жилийн хугацаанд зээлээ төлөөд дуусах график гарган ажиллаж байна.

Тодорхой хэмжээний даатгалтай, сургалт арга зүйн зөвлөгөө өгдөг. Одоогоор Төв аймгийн сумын иргэд төсөлд хамрагдаж байна. Түүнээс биш Ховд, Говь-Алтайд амьдарч байгаа хүмүүсийг төсөлд оролцуулна гэвэл сүүг нь хэн авах нь тодорхойгүй. Иймээс хөнгөлөлттэй авсан мөнгөө төлөхөд асуудал үүснэ. 

Фермерүүд 10 хүртэлх га талбайд тариалан эрхэлж болно гэж хуульчлах хэрэгтэй

зураг
 
Нүүдэлчин Агро ферм

-Фермийн үйл ажиллагаа эрхэлж буй нэг өрх сард хэчнээн хэмжээний орлого олж байна вэ? 

-Нэг өрхийн ферм сард 10,000 литр сүү тушаах зорилготой. Үүнийг давуулан биелүүлж буй хүн ч бий. Дутааж байгаа нь ч байгаа. Дунджаар 10,000 литр сүү гээд тооцоод нэг ферм сард 20 сая төгрөгийн орлого олж байна гэсэн үг. Нэг литр сүүг 2,000 төгрөгөөр борлуулж байгаа юм. 10 сая төгрөгийн өвс тэжээлийн зардал, зээлийн хүүгийн төлбөр 5-6 сая, малчнаа хоёр сая төгрөгөөр цалинжуулна. Өөрт нь одоохондоо тоймтой зүйл үлдэхгүй ч банкныхаа хүүг төлөөд дуусчихвал сар бүр 20 сая төгрөгийн орлоготой болно. Тэжээлээ хямдхан төсөр арга боловсруулаад, банкны хүү төлөхгүй бол 10 гаруй сая төгрөг өөрт нь очно. Өөрийн гэсэн хөрөнгө, эдлэн газартай болох юм. 

Эрчимжсэн фермийн аж ахуй эрхлэгч өөрийн эзэмшиж буй 10 хүртэлх га талбайд тариалан эрхэлж болно гэж хуульчлах хэрэгтэй. Хаа сайгүй тариа тарих гэж байгаа зүйл биш шүү дээ. Хот тойрсон тариалангийн бүсэд амьдарч буй хүмүүс фермийн газартаа үхрийн тэжээлээ тарьчих боломжтой байхад тариулахгүй, заавал Дархан, Сэлэнгээс тэжээлээ ав гээд байвал утгагүй. Энэ талаар 5-6 жилийн турш хөөцөлдөж, албаныханд бичиг өгч байна. Хуулиар энэ асуудлыг нээлттэй болгох хэрэгтэй. 

-Дэлхийн улс орнууд фермийн хөгжлөө дагаж аялал жуулчлалыг хөгжүүлсэн байдаг. Фермер айлын өдрийн үйл ажиллагааг хүмүүс мөнгө төлж сонирхдог шүү дээ. Фермийн аялал жуулчлалыг Төв аймгийн сумдад хөгжүүлэх үү?

-Өндөр хөгжилтэй орнуудаар яваад үзсэн учраас Монголд сайхан ирээдүй байна гэдэгт итгэлтэй байгаа. Гадаадад явж байхад зочид буудалд буулаа гэхэд хамгийн ойрхон фермүүдийн танилцуулга байдаг. Ямар хоолоор дайлдаг, өвс ургамал нь ямар онцлогтой гээд бүхий л зүйлээ бичдэг. Хүмүүс тэндээс сонгоод гэр бүлээрээ амралтын өдрөөр очиж, дайлуулаад ирдэг. Ийм соёл маш их дэлгэрч байгаа. Хотжилтоос үүдсэн ганцаардах, нойрны асуудалтай болсон хүмүүс ч фермийг их зорьдог. Мөн хүүхдүүдийн хувьд сургуулиуд нь фермтэй гэрээ байгуулж, танилцуулсаар байна. Амьтныг барьж үзэж, байгальд ойрхон амьдрах нь тухайн хүнд юугаар ч орлуулшгүй аз жаргалыг бэлэглэдэг. 

Одоохондоо хүмүүс хөдөөний айлд очоод ийм зүйл хийж болно гэж харж байгаа байх. Гэвч эрүүл мэндийн шинжилгээтэй, орчин нөхцөл нь бүрдсэн фермийн айлд очвол илүү тухтай, аюулгүй байх болов уу. 

-АНУ, Солонгос, Австралид ажиллаж байсан хүмүүс эрчимжсэн аж ахуйг ихээр сонирхож байгаа гэж дуулсан?

-Гадаадад суралцаж, ажиллаж, амьдарч байгаад ирсэн олон залуучууд фермийн төсөл сонирхож байна. Бид үхрийг урт хугацаатай хөнгөлөлттэй нөхцөлөөр авах боломжийг нээсэн. Гурван хувийн хүүтэй ипотекийн зээлийг энэ чиглэлд явуулбал хүмүүст илүү сайн дэмжлэг болно.

Кластерын ферм үнэтэй. 700 орчим сая төгрөгийн хөрөнгө оруулалт яригдаж байгаа юм. 4-5 жилийн даараа зээлээ төлөөд дуусахад өөрийн эдлэн газар, үр ашгаа сайн өгөх фермтэй болох юм. АНУ-д эдлэн газрууд хамгийн багадаа нэг сая ам.доллар, түүнээс дээш үнэтэй байдаг. Үнэ цэнтэй зүйлийг бий болгоход мэдээж хэрэг гарааны хөрөнгө оруулалт шаардана. Хүн бүрд тийм боломж байхгүй. Чинээлэг дундаж давхарга руу тэмүүлж буй залуусыг төрийн бодлогоор дэмжээд өгвөл сайхан амьдрах боломж байна. 

-Орон нутаг руу шилжиж буй ААН-д жилийн нэг хувийн хүүтэй 500 хүртэлх сая төгрөгийн зээл олгох талаар албаныхан мэдэгдэж эхлээд байна. Энэхүү зээлд хамрагдаад фермийн аж ахуй эрхлэх боломжийг бий болговол залуучуудад том дэмжлэг болох байх? 

-Улсын төсөв гээд мөнгө гаргаж ирээд 21 аймаг, цаашлаад сумдад хуваадаг. Ингэхээр нөгөө мөнгө элсэнд шингэсэн ус шиг л алга болдог. Бүх хүний хэрэгцээг хангах нэг хувийн зээл ч гэж байхгүй. Тодорхой нэг зүйл рүү чиглэж л байгаа байх. Тэгэх нь ч зөв. Засгийн газрын 63 дугаар тогтоолд хүнсний бүтээгдэхүүн, мал аж ахуйн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд Засгийн газраас олгох зээлийн хүүгийн дэмжлэг 13 хувь байна гэж тусгасан. Энэ зээлээ олгохдоо тодорхой чиглэлд хэрхэн яаж олгох талаар банкуудад чиглэл өгөх хэрэгтэй. 

Нийслэлд Монголын бүх сүүний үйлдвэрүүд бий. Үйлдвэрүүдэд дутагдаж байгаа түүхий эд нь сүү. Өвөл болохоор шингэн сүүгүй болж, 25 сая ам.долларын хуурай сүү импортоор авч байна. Харин өвөл үйлдвэрүүдэд шингэн сүү нийлүүлэх ажлыг фермерүүд хийж байгаа юм. Шингэн сүүг холоос зөөж болохгүй учраас тухайн ферм хотоос 100 километр дотор байх ёстой. Иймд Төв аймгийн сумдад сүүний фермийн үйл ажиллагаа эрхлэхээр зорьж буй хүмүүст төрийн дэмжлэг, зээл олговол эзнээ олсон шийдвэр болно. 

-Таны хувьд европын орнууд, БНХАУ-д очиж судалгаа хийж байсан гэсэн. Тэнд өрхийн ферм хэрхэн хөгжиж байна вэ? 

-Манай улсын хувьд мал маллах өөрсдийн гэсэн соёлтой. Үүнийгээ ам дажин ярьж өгсөн байдаг. Өнөөдөр тийшээ хонио бэлчээгээрэй гэж хэлдэг боловч нарийн учрыг нь хүүхэд ойлгодоггүй. Харин барууны оронд шинжлэх ухаанчаар хойч үедээ мал маллах аргачлалын талаар бичиж үлдээдэг. Тухайлбал, уурагт тэжээлийг ийм хэмжээгээр тэд хоног өгнө, эрдэс давсаа ингэж өгнө гээд цаасан дээр бичээд үлдээсэн учир фермдээ гарын авлага болж өвлөгддөг. Ферм бүрийн онцлог өөр байдаг. Тухайн ферм дээр ургадаг өвс ногоо бүхэн ялгаатай. Эдлэн газруудаа сурталчилж таниулж чаддаг.

Францын фермийн эдлэн газрын хувьд нэг айл 25-50 га талбайтай, 40-50 үхэртэй байдаг. Бүгдээрээ нийлж, үйлдвэрт сүүгээ тушаагаад, сүүнийхээ үйлдвэрийн хувьцааг ч эзэмшдэг. Хуучнаар бол манай улсын нэгдэл шиг гэсэн үг. Энэтхэг, Туркүүд ч ийм маягаар үйлдвэрлэл явуулж байна. Тухайн фермүүд олон жилийн түүхтэй учир өвөг дээдсийнхээ хэрэглэж байсан зүйлийг музей болгож ашигладаг. Манай эмээгийн хэрэглэж байсан зуух, медаль нь энэ байна гээд түүхээ өгүүлдэг хуучны эдлэлээ сайн хамгаалж чаддаг юм билээ. Бидний хувьд нүүдэллэж амьдардаг учраас ийм зүйл ховор байна. 

14,000 цэвэр үүлдрийн үхэртэй, жилд 60-70 сая литр сүү нийлүүлэх хүчин чадалтай аймаг болно

-Өрхийн кластер фермийг хөгжүүлж цаашид ямар зорилгод хүрэх төлөвлөгөөтэй ажиллаж байгаа талаараа дурдахгүй юу? 

-Төв аймгийн хувьд стратеги төлөвлөгөө боловсруулсан ганцхан аймаг. Ямар аж ахуйг хаана хөгжүүлэх вэ гэдэг төлөвлөгөө гаргасан. Тухайлбал, Хэрлэн, Туулын хөвөөг дагаж жимсний аж ахуйг хөгжүүлэх нь зүйтэй. Жаргалант, Борнуурын төмс тарьдаг болохоор цардуулын үйлдвэр байгуулах ёстой. Мөн хүлэмжийн аж ахуйг түшиглэж, даршилсан ногооны үйлдвэр байгуулж болно. 

Энэхүү төлөвлөгөөний нэг нь сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд чиглэж байгаа юм. 14,000 цэвэр үүлдрийн үхэртэй, жилд 60-70 сая литр сүү нийлүүлэх хүчин чадалтай аймаг болох зорилго тавьж байгаа. Төв аймгийн хувьд нийслэлд жил бүр 100 сая литр сүү нийлүүлдэг болсон байна. Энэ бол том амжилт. Нийслэлийн хүн амыг сүүгээр хангах үүргээ бид нэр төртэй биелүүлж ирсэн. 

480 үнээний 30 кластер фермийг тариалангийн бүсэд байгуулахаар 600 өрх хамрагдана. Нэг өрхийг дөрвөн ам бүлтэй гэж үзвэл 2,400 хүн шууд ажлын байр бий болно. Нэг кластер дээр дөрвөн мэргэжилтэн ажилладаг гэвэл 30 кластерын хувьд 120 мэргэжилтэн ажиллах юм. Одоо бол Хөдөө аж ахуйн сургууль төгссөн хэрнээ худалдагчаар ажиллаад байна. Яагаад гэвэл хөдөлмөрийг нь үнэлдэг эрчимжсэн аж ахуйн сектор нь уналттай байгаа юм. 

Энэ онд сүүний кластер 10 фермийн төслийг Төв аймгийн Баянхангай суманд хэрэгжүүлнэ. Нэг ферм 24 үнээний зогсоолтой. Сүүний кластер фермийн төсөлд оролцогч нь Монбелиард үүлдрийн саалийн үнээг 3-4 жилийн хугацаанд хүүгүй лизингээр авах боломжтой. Урьдчилгаа 20 хувь төлөх юм. 

-Засгийн газраас эрчимжсэн аж ахуй эрхлэгчдийг хэрхэн дэмжих шаардлагатай байна вэ? 

-Үе үеийн Засгийн газар, Ерөнхийлөгч, Хүнс, хөдөө аж ахуйн сайд нар байнга л энэ асуудлыг ярьдаг. Одоо харин Улаанбаатар ажиллаж, амьдарч байгаа хүмүүс орон нутагт очвол дэмжих талаар яригдаж эхэллээ. Энэ ажил амжилттай болоосой гэж хүсэж байна. 

Засгийн газраас зээлийн хүүгийн татаас олгоно гэж байна. Эрчимжсэн мал аж ахуйд ч гэсэн тодорхой мөнгө тавьчихсан байгаа. Нийслэлийг тойрсон 150 километрын радиус дотор эрчимжсэн мал аж ахуй хөгжүүлэх гэж байгаа хүмүүст Засгийн газрын зээл чиглэвэл нүдээ олсон ажил болно гэж харж байна. Би өөрийнхөө бизнесийг яриагүй. Бидний хувьд үхрийг зээлээр авчирч, фермийн барилгыг стандартын дагуу барьж, үйлдвэрт сүүгээ нийлүүлэхэд холбож байна гээд менежментийн ажлыг хийж байгаа. Зээлдэгч нарын хувьд хэн ч байж болно. Орон нутгаас хөдөөг зорих гэж байгаа хүмүүст тухайн зээл очвол жинхэнэ эзнээ олох юм.