Индэр    
2023 оны 3 сарын 22
Зураг
Эдийн засагч, шинжээч

ХУРАЛДАЙ ХИЙХ БУС АЖЛАА ХИЙЕ

Зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Хуралдай бол Монголчуудын байлдан дагууллын үед мэдээлэл солилцдог, дайны гол стратеги гаргадаг байсан хамгийн чухал уулзалт байв.

Гэтэл өнөөгийн Монголд хурал гэдэг мөн чанараа алдаж, шинж чанарт төвлөрчээ. Хурал гэж сонсохоор эндээс гоё шийдэл, гоё санал гарна гэх утга агуулга алдагджээ. Хувь, хувьсгалын бүх ажил хуралдсаар л, хуралдсаар л ...

Төрөөрөө жишээ авахад, Засгийн газрын маань хамгийн их хийж буй зүйл нь форум, чуулган, хурлууд. Он гарснаас хойш 50 гаруй чуулган хийсэн сурагтай.

Гэхдээ бүгдээрээ хэзээ хуралдаж дуусаад яг хэзээ ажлаа хийх юм бэ? Хэзээ гар хөдөлгөх юм бэ? Хэзээ үр дүн гарах юм бэ?

Инфляц 13 хувь, ханш 20 хувь уначихсан, өсөлт нь хүртээмжгүй, амьжиргаа тартагтаа тулсан байхад юуны хурал хийгээд байна вэ? Бараг бодох шаардлагагүй ажилдаа орох хэрэгтэй. Нөгөөтэйгүүр хурал, шинэ сайд хоёр хоорондоо шүтэн барилдлагатай мэт. Шинэ сайд ирлээ. Бөөн хурал болно.

Сайд нь сараар солигддог манай улсад тэгэхээр хурал утга учраа алдахаас өөр яах вэ. Нэг салбарт 10 гаруй сайдын нүүр үзэж байгаа залуу мэргэжилтэн ч манайд байна. Хуралдаж, хуйвалдаж, хор найруулахаас илүү яг эдийн засгаа сэргээсэн, босгосон арга хэмжээ авах хэрэгцээ шаардлага нэн их.

Ер нь хурлуудын 50 гаруй хувь нь мэйлээр ярилцах боломжтой, шаардлагагүй хурлууд байдаг гээд судалгаа гарчихсан байна билээ. Гэтэл Монголд хурлын тренд үргэлжилсээр л... Яг яс яривал хурал нь тийм үр дүнтэй явагдаж байгаа юу? Мэдэхгүй.

Хурал дээр өөрийн эго-гоо хангах, өөрийгөө хүчтэйгээ мэдрүүлэх эсвэл ямар ч утга учиргүй үргэлжилсэн яриа өрнөдөг. Ингэсээр хурлын мөн чанар тэртээ холдон одно. Хүссэн үедээ хурал зарлаж, хүнийг ажлыг нь хийлгэх байтугай бодуулах ч цаг зав өгөхгүй. Монгол Улсын суурь асуудал бол бүтээмж муу.

Бүтээмж муутай дээрээ тасралтгүй улсаараа хуралдаад, баяр тэмдэглээд байвал хэзээ ажил хийх билээ. Харамсалтай.

Ажлаа хийцгээе.