Индэр    
2023 оны 3 сарын 18
Зураг
Эдийн засагч, шинжээч

МӨНГӨТЭЙ Ч БОЛООСОЙ

Зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Хэрвээ би мөнгөтэй байсан бол гэдэг бодол хүн бүрийн амьдралд нэг бус удаа бодогддог биз.

Хүн болгон яагаад баяждаггүй юм бэ? Энэ нь баян, мөнгөтэй болох хүсэл нь богино хугацаанд байдаг бол мөнгөний өсөх боломж нь урт хугацаанд байдагтай холбоотой. Тиймээс л хүмүүс сугалаа, хонжвор, койн гэх мэт зүйлсэд өөрийн азаа үзнэ. Эсвэл Монгол шиг авлигал ихтэй оронд ар, урдуур гүйсээр амархан баян болно.

Хүн ер нь ямар нэгэн нийгэмд мөнгөө урт хугацаатай хадгалж, өсгөдөг юм бэ? Хөгжсөн нийгэмд шүү дээ. Ямар ч ажил, мэргэжилтэй байсан авсан цалин нь амьдралд нь хангалттай хүрч, арагшаа хэдийг хадгалчихдаг байхад болно. Аа харин үр хүүхэд нь амар тайван, эрүүл орчинд өсөх боломжийг бүрдүүлсэн байхад хүн сая урт хугацаанд ирээдүйгээ харж, хүсэл мөрөөдлөө төсөөлж чадна.

Гэтэл манай нийгэмд хүн ирээдүйгээ төсөөлөхөд бэрх. Цаг агаар нь цагаар солигдож, төрийн түшээд нь өдрөөр өөрчлөгдөж, бизнес нь улирлаар хийгддэг. Үнэндээ юу болохыг хэн ч үл мэдэх тийм тогтворгүй орчинтой.

Гэлээ гэхдээ бид нар бууж өгөх ёстой юу? Босоод тэмцэхээс өөр аргагүй. Хүний нутагт насаараа мөнгө хөөж ажиллах биш дээ. Тэгвэл яг яах вэ? Миний туршлагаар манай баг Мандал хуримтлал аппликэйшнийг хөгжүүлж байх хугацаанд дараах зүйлсийг ойлгосон.

Хүний амьдралд хэдэн үнэн байна.

  • Хүүхэд нь өсөж, томрох нь үнэн
  • Та тэтгэвэрт гарах нь үнэн
  • Хүн л юм чинь байр, сав хөөцөлдөж амьдрах нь үнэн

Тэгэхээр бид энэ бүхэнд зориулж мөнгө бэлдэх хэрэгтэй. Мөнгө урт хугацаанд тууштай, тогтмол дүнгээр хуримтлуулахад огцом өсдөг. Жишээ нь өдөр бүр 5,000 төгрөг хуримтлуулахад 20 жилийн дараа хуримтлал 36 сая төгрөг, хуримтлалын хүч 161 сая төгрөг, нийт хуримтлал нь 197 сая төгрөг болно.

  • Та өнөөдөр мөлхөж яваа хүүхдэдээ 20 жилийн хуримтлал үүсгээрэй.
  • Тэтгэвэртээ зориулж 20-30 жилийн хуримтлал үүсгээрэй.
  • Аялал зугаалгадаа зориулж 5-10 жилийн хуримтлал үүсгээрэй.

Ийм урт хугацааны юмнуудаа хуримтлалаар амжуулаарай. Харин богино хугацааны асуудлаа жижиг зээлээр зохицуулах нь зүйтэй. Гэхдээ хэт зээлийн дарамтад орж болохгүй. Аль ч тохиолдолд таны авсан нийт зээл орлогын тань 30 хувиас хэтрэхгүй байх хэрэгтэй. Үлдсэн мөнгөө хоол хүнс, эрүүл мэнд, боловсролдоо зарцуулаад цааш нь жаахан ч болов хуримтлуулах хэрэгтэй.

Хуримтлал хийхэд алхам хэрэгтэй. Тойрч зугтаад байж болохгүй. Ерөнхийдөө хүн хуримтлал үүсгэхэд үндсэн гурван үе шатыг давдаг байна(зураг харна уу).

  1. Тэвчих үе - шатанд хүн зардлаа хянах, хэмнэх, хуримтлал үүсгэж эхэлдэг. Ихэнх хүмүүс тэвчих үеийг давж чадахгүйгээс хуримтлалыг эхлүүлж чаддаггүй.
  2. Урамших үе - шатанд хуримтлал үүсгэснээр хүртэх өгөөжөөс хүн урам авж эхэлдэг. Энэ үе шатанд хуримтлалын суурь тавигддаг.
  3. Хуримтлалын хүчийг мэдрэх үе- шатанд хүн жинхэнэ хуримтлуулагч болдог бөгөөд нийт үүсгэсэн хуримтлалын хүүний 80 хувийг энэ үед олдог.

Зураг 

зураг