Зураг
Зураг
Индэр    
2023 оны 3 сарын 15
Зураг
iKon.mn сэтгүүлч

СУРВАЛЖИЛГА: Канадын иргэн Жереми Тийссэний Булган аймаг дахь үхрийн фермийн аж ахуйгаар зочилсон нь

Зураг

Одоогоос 16 жилийн өмнө малчин айлаас гурван тугал худалдан авч, өөрийн бизнесээ эхлүүлсэн хүн бол Канад улсын иргэн Жереми Тийссэн. Түүний тэжээсэн тугалын мах зөөлөн хэрнээ амттай байсан тул найзууд нь санал тавьснаар "Занадуразорбак" ХХК-ийг байгуулжээ. 

Улмаар гурван тугалаас 200 үхрийн фермтэй болж өргөжсөн тэд 20 гаруй төрлийн мах зах зээлд нийлүүлж байна. 

Эрчимжсэн аж ахуйн хосолсон хэлбэрийг нутагшуулахаар зорьж буй Жереми Тийссэний фермийн үйл ажиллагаатай танилцахаар Булган аймгийн Хутаг-Өндөр сумыг зорилоо.


"Нутгаа үе үе санадаг, айлын бага болохоор одоо ч ээждээ эрх хэвээрээ"

Хутаг-Өндөрт цас хялмайсан сэрүүхэн өглөө биднийг угтсан юм. Хаа нэгтээ хэдэн үхэр бэлчиж, шонгийн мод дуугарахаас өөрөөр сумын өглөө эл хульхан. Хичээлдээ явж буй хоёр, гуравдугаар ангийн болов уу гэмээр, үсээ хоёр сүлжсэн нэг охин, хоёр хүүтэй таарав. Зорьж яваа айлаа тэднээс асуухад "Америк Жери юу?" хэмээн их л дотнохон хандаж, энэ хаалга, урдаасаа ордог гээд уриалагхан зааж өгсөн юм. 

Канад улсын төрийн далбаатай хашааны хаалгаа инээмсэглэн дэлгэж, "Сайн явж ирэв үү" хэмээн гэрийн эзэн биднийг угтав. Хашааны буланд хэдэн мод хураалгаастай, харин нөгөө талд гурван морь өвс идэж байгаа харагдана. Байшингийн үүдээр орвол савлуур, ор, сандал, ширээ гээд бүгд модоор хийжээ. Ширээний ард үхрийн шир хадсан харагдана. 

"Нутгаа үе үе санадаг, айлын бага хүүхэд, энэ ч утгаараа ээждээ одоо ч эрх хэвээрээ" хэмээн ярих Жереми Тийссэн Монголд 1993 онд ганцаараа ирсэн ч өдгөө ам бүл тавуулаа болжээ. Том охин нь Канадад малын эмчийн сургуулиа ирэх жил төгсөх бол дунд охин АНУ-д ажиллаж байна. Харин отгон хүүгийн хувьд аав, ээждээ туслангаа цахимаар суралцаж байгаа аж. 

Жереми Тийссэний өвөө, аав фермийн аж ахуй эрхэлдэг хүмүүс байв. Тиймээс түүний хувьд мал аж ахуйтай ойр өссөн нэгэн. 

"1993-2009 оны хооронд төрийн бус байгууллагад ажиллаж, ногоо тарих төсөл хэрэгжүүлж байсан. Бидэнд монгол хэл заасан багш нарын маань нутаг Хутаг-Өндөр юм. Тиймээс төрөлх нутагтаа ногоо тарих төслөө хэрэгжүүлээч гэдэг санал тавьсан. Ирж үзэхэд байгаль нь үнэхээр таалагдсан. Ингэж л энэ суманд амьдрах болсон" хэмээн тэрбээр ярилаа. 

Фермийн аж ахуй байгуулахдаа анхаарах зүйлийн талаар "Хамгийн түрүүнд анхаарах зүйл бол тарианы талбай ойрхон байх ёстой. Үхэр цуглуулах боломжийг харгалзаж үзэх нь зүйтэй. Энэ хоёр зүйлийн тээвэрлэлтийн зардал их өндөр болдог. Хутаг-Өндөр сумын хувьд хотоос хэтэрхий хол биш. Орон нутагт олон ажлын байр бий болбол хүмүүс хотыг зорих шаардлагагүй.

Бараг бүх аймгаас хүмүүс зорьж ирж, биднээс зөвлөгөө авдаг. Зарим газарт манайхтай адил фермийн үйл ажиллагаа эхлүүлээд явж байгаа" гэдгийг "Занадуразорбак" ХХК-ийн захирал Жереми Тийссэн онцлов. 

Үргэлжлүүлэн тэрбээр "1890-1924 он хүртэл Канад улсад уламжлалт мал аж ахуй эрхэлдэг хүмүүс олон байсан. Бэлчээрийн даац хэтэрсний улмаас олон мал үхсэн. Түүнээс хойш, засгийн газар болон малчид нь фермийн үйл ажиллагаа эрхлэх ёстойг ойлгож эхэлсэн юм. 1919 оноос үхэр бордох үйл ажиллагаа эрхэлж байгаа. Монголын бэлчээрийн даацыг энэ жишгээр сэргээж болно. 

Монголын 70 гаруй сая толгой малын 52 хувь нь сувай буюу төллөдөггүй мал байдаг. Тухайн малыг фермийн аж ахуйд оруулж, богино хугацаанд тэжээгээд, эрүүл болгоод мах болгох хэрэгтэй. Ингэвэл бэлчээрийн даацаас сэргийлж чадна. Жил бүр 35 сая толгой малыг борлуулж, нядлах боломжтой. Дотоод зах зээлээс гадна экспортыг нэмэгдүүлэх шаардлагатай" гэсэн юм. 

Үхрийг 90 хоног бордоход 90-100 килограмм жин татдаг

зураг
 
Тэдний ферм долоо хоногт 15-20 үхэр зах зээлд нийлүүлдэг бөгөөд компанид нийт 18 хүн ажиллаж байна. Архангай, Хөвсгөл, Булган аймгийн 250 орчим малчинтай хамтран ажилладаг. Бяруу, шүдлэн, хязаалан үхэр авч, нэг үхрийг 90-120 хоног борддог аж. Энэ хугацаанд нэг үхэр ойролцоогоор 90-100 орчим килограмм жинтэй болдог байна. Нэг үхэр өдөрт дунджаар 6,000 орчим төгрөгийн тэжээл иддэг. Нэг килограмм жин нэмэхийн тулд нэг үхэр 20 килограмм тэжээл идэх ёстой байдаг аж. 

Тус ферм нь нэг дор 600 үхэр хүлээн авах боломжтой. 

Түүний хувьд Булган аймгийн аварга фермерээр шалгарсан юм. Энэ тухайд "Аймаг, улсын хэмжээнд хүмүүс фермийн аж ахуй хэр их чухал вэ гэдгийг олж харж байгаад баяртай байна. Зөвхөн миний хөдөлмөр биш. Хамт ажиллаж байгаа ажилчдын маань зүтгэлийг улсаас үнэлж байна гэж бодогдсон. Баяртай байгаа" хэмээв. 

Мөн "Чөлөөт цагаараа ууланд алхах дуртай. Тэнд чимээгүй, нам гүм сайхан байдаг. Голын урсгалын дуу чимээ сонсоход сэтгэл сайхан тайвширдаг. Дулаарахаар долоо хоногт нэг удаа гарахыг хичээдэг" гэлээ. 

Үхрийн үндсэн тэжээлийн хувьд овьёос, судан өвсөөр дарш бэлтгэдэг байна. Энэ жилийн хувьд тэдний ферм 800 тонн дарш бэлтгэжээ. Мөн дээр нь тэжээлийн будааг үхэрт өгч байгаа аж. Өдөр бүр үхэрт тогтмол үзлэг хийж, 7-10 хоногт жинг нь үздэг байна. 

Үхэр болгон өөрсдийн ээмэгтэй бөгөөд хувийн мэдээллийг давхар агуулдаг аж. 

Үхрээ задгай хашаанд өвөлжүүлдэг байна. Үхрийн баасаа арилгадаггүй бөгөөд хавар, намар хусаж, бордоо болгон ашиглаж буйг фермер залуучууд онцоллоо. Хааяа үхрийн баасыг овоолж, үхрүүдээ тоглуулдаг байна. 

Мал нядлах, мах боловсруулах цехийг тэдний фермер дэргэдээ ашиглалтад оруулжээ. Арьс толгой, гэдэс дотор, махыг тусад нь өрөөнд ангилах юм байна. Улмаар технологийн дагуу сэрвээдэг аж.

"Стейкны мах килограмм нь 50,000 төгрөгийн үнэтэй зарагдаж байна. Зөвхөн нурууны мах ийм үнээр зарагдаж байгаа юм. Монгол малын махыг стейк хэлбэрээр боловсруулаад ийм үнэд хүргэж борлуулж байна гэдэг нь чухал. Яваандаа экспорт хийдэг болбол илүү үнэд хүргэх боломжтой. Үнэтэй гэхээсээ илүү стейк гэдэг зүйлийг бий болгож байгаа" гэдгийг "Занадуразорбак" ХХК-ийн менежер М.Энхтүвшин онцолж байв. 

Хосолсон аж ахуйн давуу талын талаар "Занадуразорбак" ХХК-ийн менежер М.Энхтүвшин "Малчдаас үхэр худалдан авч ферм дээрээ авчраад мал эмнэлгийн үзлэг шинжилгээг хийдэг.Үүний дараа гадна дотно паразитын эсрэг үйлчилгээ арга хэмжээг хэрэгжүүлдэг. Олон улсын стандартад 60 хоногоос дээш тусгааралах явцад ямар нэгэн өвчний шинж тэмдэг илрээгүй бол эрүүл гэж үздэг. 

Манай фермийн тухайд уламжлалт бэлчээрийн мал аж ахуйг эрчимжсэн фермийн аж ахуйтай хослуулан явуулж байгаа энэ нь бас бидний дэлхийд танигдах ялгарах давуу тал болно гэж би харж байгаа. Яагаад гэхээр монгол бэлчээр дээрээс төрөл бүрийн эмийн ургамал өвсний сайныг идэж усны тунгалгийг уудаг тодорхой хэмжээгээр маханд нь тэдгээр нь шингэсэн байгаа.Жишээ нь говийн малын маханд агь тааны амт нь шингэсэн байдаг тиймээ. Тэгвэл тэр малыг фермийн аж ахуйд авч ирээд 90, 120 хоног бордох хугацаанд үндсэн гурван асуудлыг шийдэж болж байна.

Нэгдүгээрт, тусгаарлаж өөр мал амьтантай холихгүй байгаа учраас халдварт өвчний эрсдэлийг бууруулж байгаа. Хоёрдугаарт, малд антибиотикийн үлдэгдэл үүсэхгүй. 90 хоногт биеэс бүрэн гадагшилж байна. Гуравдугаарт, малын ашиг шимийн гарцыг нэмэгдүүлж өөх мах нь алаглах шинж чанартай болсноор илүү үнэд хүрэх боломжтой. Мөн дээр нь өсвөр насны малыг эдийн засгийн эргэлтэд оруулснаар бэлчээрийн даац буурахад нөлөөлөх боломжтой. 

"Эрдэнэшиш, хулуу, амтат гуа тарьж үзэж байна"

зураг
 

Жереми Тийссэний эхнэрийг Рокси Тийссэн гэдэг. Зураач мэргэжилтэй ч Канад улсаас үр авчирч, хүнсний ногоо тарьж байна. Мөн үүнийхээ зэрэгцээ төрийн бус байгууллагад ажиллаж, хүүхдүүдэд англи хэлээ заадаг тухайгаа ч ярьж байв.

Тэрбээр "Миний хувьд нөхрөөсөө дөрвөн жилийн дараа буюу 1997 онд Монголд ирсэн. Залуу байсан учраас Монгол Улс хаана байдгийг ч мэдэхгүй ирсэн. Харин одоо найзууд, танилуудтай болсон болохоор гайгүй. Миний хувьд АНУ, Канадын хоёр иргэншилтэй. Манай гурван хүүхэд ч мөн адил. Монголд цагаачлаад амьдарч байгаа болохоор гурав болох юм байна" хэмээн ярьж байлаа. 

10-20 төрлийн хүнсний ногооны үр Канадаас авчирч, Монголд ургуулж байна. Усан үзэмний жижиг мод мөн авчирч туршиж байсан. Одоохондоо эрдэнэшиш, вандуй, шош, навч, хулуу ургуулж байгаа. Хүлэмжид огурцы, помидор, амтат гуа, чинжүү тарьж үзэж байна. Гэр бүлийн хэрэгцээндээ болж байгаа.

Хутаг-Өндөрчүүд аливаа зүйлийг сонссон л бол тэр дор нь хэрэгжүүлдэг сайн талтай.

Хөдөө амьдрах сонирхолтой хүмүүс алсын хараатай байх хэрэгтэй. Таны ажил тийм хурдан бүтэж, бүх зүйл амар байхгүй. Шууд ашиг хүртэнэ гэдэг хэцүү. Хөдөлмөрлөж байж, 5-10 жилийн дараа байр сууриа олох болов уу. 

Анх биднийг Хутаг-Өндөрт ирэхэд хүмүүс их сонирхдог байсан. Бид тэднээс, тэд биднээс бага багаар суралцаад, одоо гайгүй болж байна" хэмээн ярилаа. 

"Хүйтэн дайн дуусаад бид ирсэн учраас дайснууд гэдэг өнцгөөр хандах тохиолдол байлаа"

Харин монгол хэл хэрхэн сурсан тухайгаа Рокси Тийссэн "Анх ирээд гадуур нэг их явж үзээгүй. Гэрийнхээ ажлыг хийдэг байсан. Тэр үед хүмүүс Америк айл ямар байдаг юм бол гээд манайд орж ирээд бүх зүйлийг ажиглаж хараад гайхаад суудаг байлаа. Би хэл сайн мэдэхгүй учраас цай хийж өгөхөөс өөрөөр яриа өрнүүлж чаддаггүй байсан /инээв/

Монголд анх ирсэн үе хэцүү байсан. Яагаад гэвэл хүйтэн дайн дуусаад бид ирсэн учраас дайснууд гэдэг өнцгөөр хандах тохиолдол байлаа. 

Жереми намайг монголоор сайн сонсоорой л гэдэг байлаа. Эхний жилүүдэд гал тогооны ажлаа хийх явцдаа монгол хэл сонсдог байсан. Тэр үед заримдаа монгол хэлийг огт сурахгүй юм шиг санагддаг байлаа. Гэвч яваандаа автоматаар толгойд үг орж эхэлдэг" гэдгийг онцолж байв. 

Жереми Тийссэн "Зарим хүн мах л бол мах гэж боддог. Эрүүл хүнс хүний эрүүл мэндтэй шууд холбоотой. Монголчууд мах их иддэг. Тиймээс мах нь эрүүл байж, урт наслах боломжтой. Үйлдвэрлэгч нарын хандлага их чухал. 

Монголд олон жил амьдарч байгаа учраас монгол хүний эрүүл мэндийн төлөө санаа тавихыг хичээж байна. Түүнээс биш Канадад ажлын байр бэлэн бий. Их мөнгө цуглуулахаас илүү монголчуудын амьжиргааг сайжруулах зорилго надад бий. Монголчууд нэгдэж, хамтдаа ажиллаж сурах хэрэгтэй байна. Ингэж чадвал богино хугацаанд маш том амжилтад хүрч чадна" хэмээн ярилаа. 

ФОТО