Индэр    
2023 оны 3 сарын 9
Зураг
iKon.mn Сэтгүүлч

25 насандаа долоон хэл сурсан А.Дөлгөөнсаран багшийн ТУРШЛАГААС...

Зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Гадаад хэл сурахад тууштай байдал хамгийн чухал. Өөрийгөө зовоож сурахаас илүүтэйгээр хэлийг хобби болгон хөгжүүлбэл амьдрал илүү сонирхолтой. Хэл сурах процессыг дугуй унахтай харьцуулж болно.

Хүмүүс ихэвчлэн унаж босож, алдаж оносон олон удаагийн туршлага дээрээ тулгуурлан суралцдаг. Түүнээс биш дугуйг хэр хурдтай унах ёстой, дугуйн механизмын талаарх онолыг мэдээд амжилттай сурдаггүй. Гадаад хэл үзэх нь үүнтэй нэгэн адил гэдгийг “Эм Ай Ю” дээд сургуулийн Англи хэлний багшийн тэнхимийн эрхлэгч А.Дөлгөөнсаран хэллээ. 

Тэрбээр төрөлх хэлнээсээ гадна англи, солонгос, япон, хятад, орос, испани хэлийг эзэмшиж, герман хэл сурч байгаа аж. Өдгөө 25 настай А.Дөлгөөнсаран багшийн хэл сурсан туршлагыг уншигч Танд хүргэж байна. 



-Сайн байна уу. Та өөрийгөө уншигчдад товч танилцуулна уу?

-Намайг А.Дөлгөөнсаран гэдэг. Би "Эм Ай Ю”  сургуулийг 2016 онд төгсөөд Хятад улсад магистраа хамгаалсан. Одоо сургуулийнхаа Англи хэлний багшийн тэнхимд эрхлэгчээр ажиллаж байгаа. Англи хэлний ирээдүйн багш нарыг бэлтгэхэд хувь нэмрээ бага ч болтугай оруулж буйдаа баяртай байна. 

-Таны хувьд эх хэлнээсээ гадна зургаан хэл сурчээ. Олон хэл сурахад тулгарч байсан сорилт, туршлагын талаар хуваалцахгүй юу?

-The Critical Period Hypothesis (CPH) буюу өсвөр нас хүртлээ хэлийг сайн сурдаг талаарх олон улсын судалгаа байдаг. Миний хувьд 10-20 насандаа англи, солонгос, япон хэл сурсан. Их сургуульдаа ороод англи хэлээ илүү сайжруулж, дараа нь магистраа Хятад улсад хамгаалаад ирсэн. Одоогоор орос, испани хэлээ сайжруулахаар бие даан суралцаж байна. 

-Гадаад хэлийг харьцуулж сурахад ямар онцлог мэдрэгддэг вэ. Нөгөөтээгүүр өмнө нь хэл сурсан туршлагатай байсан учраас дараа дараагийн суралцах үйл явц харьцангуй амар болдог уу?

-Ямар хэл сурч байгаагаас шалтгаална. Жишээлбэл, латин төрлийн хэл хоорондоо нэлээд адил. Хэрэв англиас испани хэл суръя гэвэл маш амархан. Яагаад гэвэл дийлэнх үг нь төстэй байдаг. Түүнчлэн ази хэлний бүтэц хоорондоо төстэй. Тиймээс монгол хэлтэй хүн солонгос, япон, хятад хэл суръя гэвэл нэлээд амархан болно гэсэн үг. 

Тухайлбал, "номын сан" гэдэг үг япон, солонгос, хятад хэл дээр бүгд адилхан. Японоор "Toshokan”, хятадаар “Túshū guǎn”, солонгосоор "Doseogwan" гэж хэлдэг. 

Хэл болгон Individual буюу тус тусдаа байдаг учраас хольж, андуурах асуудал гардаггүй. Миний хувьд хэл сурах нь маш сонирхолтой аялал.

-Хэл сурахад ямар чадвар чухал юм шиг санагдсан бэ. Магадгүй хувь хүний хандлага, тууштай байдал, хичээл зүтгэл нь илүү байсан уу. Эсвэл ой тогтоолт сайтай, хэлний авьяастай байхыг шаардах уу?

-Тууштай байдал хамгийн чухал. Би олон хүмүүст англи хэлний хичээл зааж байсан. Одоо ч “Эм Ай Ю” сургуульд багшаар давхар ажиллаж байгаа.

Ерөнхийдөө миний ажиглалтаар гадаад хэл сайн сурч чадахгүй байгаа хүмүүст тууштай зан чанар дутдаг. Тэр дундаа ямар нэгэн хэрэгцээнээс шалтгаалж хэл сурч буй хүмүүс тууштай биш байдаг.

Би дараа жил АНУ руу явмаар байна. Англи хэл сураад ийм оноо авах хэрэгтэй гэж ярьдаг хүмүүс бий. Улмаар анхны төлөвлөгөө нь өөрчлөгдөхтэй зэрэгцээд “Англи хэл сурахаа болилоо. Дараа жил Япон явна, япон хэл сурлаа” гэх мэтчилэн туйлбаргүй ханддаг. Ийм тохиолдлуудыг харж байсан. Хүн хүнээс шалтгаалаад өөр байж магадгүй. Гэхдээ хамгийн чухал нь тууштай зан чанар юм шүү. 

-Гадаад хэл сурах аргын талаар зөвлөнө үү. Жишээ нь, үгийг хий дэмий цээжилсний оронд ном уншвал үгийн баялаг илүү нэмэгдэх байх, тийм үү?

-Тийм ээ. Үгийг шууд цээжлэхээс илүүтэйгээр олон төрлийн утгыг нь ойлгож, хэрэглэх нь чухал. Хэрэв тухайн үгийнхээ ганцхан хэрэглээг нь сурах юм бол өөр нөхцөлүүдэд ашиглаж чадахгүйд хүрнэ. Тэгэхээр мэдээ, ном уншиж үг сурвал маш сайн. Өдөрт 100, 200 үг цээжилдэг хүмүүс зөндөө байдаг. Өөрийгөө зовоож цээжилсэн нөгөө үгээ дараа нь мартах тохиолдол элбэг.

Та маш сайн ой тогтоолттой хүн биш л бол хэт олон үг цээжлэх хэрэггүй.

Би ч гэсэн өөрөө тийм их хэмжээний үгийг цээжилж чадахгүй. Өдөрт 10-аас хэтрэхгүй үг цээжилнэ. Өөрийгөө хэт зовоохгүй тааруулж сурах нь чухал.

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

-Тэгэхээр өдөрт 10 үг цээжилснээс нэг мэдээ унших нь илүү үр дүнтэй гэсэн үг үү?

-Богинохон нэг мэдээ хэвлэж уншаад мэдэхгүй үгээ тодруулж, орчуулаад нүдэлбэл зүгээр. Гэхдээ тэр мэдээгээ ганц уншаад дахиад харахгүй гэсэн үг биш. Маргааш нь дахин давтаад уншвал илүү үр дүнтэй. Үгийн баялаг тань нэмэгдэнэ, мэдээллээ ч авчихна. 

Хамгийн гол нь тухайн хэлэндээ дургүй болж, өөрийгөө зовоож сурахгүйгээр л сурах хэрэгтэй. Яг үнэндээ би 10 жилдээ англи хэлийг сайн сурч чадаагүй. Тиймээс сургалтын төвд дөрвөн сар явж байсан. Тухайн үед Америк багшийн хичээлд суугаад ярианы англи хэлний чадвараа сайжруулсан. Манай багш монголоор ярьж чаддаггүй байсан болохоор ойлголцох зайлшгүй шаардлагыг бий болгосон.

Бусад хэлээ сурсан тактик гэвэл эхлээд ерөнхий ойлголтоо авна. Боломж байвал гадаад хүнтэй тогтмол харилцан ярилцах нь сайн сурахад нэлээд тус болно. Өөрөөр хэлбэл, гадаад хэл сурахад ярианы чадвар хамгийн чухал гэж үздэг. Гэхдээ нөхцөл байдлаасаа шалтгаалаад унших болон бичгийн чадварыг илүү шаардаж магадгүй. Ямар зорилгоор сурч байгаагаас бас хамаарна. 

Хэрэв та нэг их яараагүй бол ярианы клубүүдэд явахыг зөвлөе. Бусадтай харилцаж, ярилцаж хөгжилтэй талаас нь хэлээ давтаад, үүний зэрэгцээ өдөрт ганц хоёр үг хараад явбал асуудалгүй.

Хүн болгон өөр өөрийн зан чанартай, хэлний чадалтай. Түүнчлэн үзэж туулсан туршлага болгон нь бүгд харилцан адилгүй байгаа. Тэгэхээр өөрийн сурах арга барилыг олбол хэлийг хурдан сурна. Хамгийн гол нь сурах арга барилаа олох явдал.

-Та долоон хэл сурсан туршлагаар дамжуулан гадаад хэл шамдан судалж, суралцаж буй хүмүүст зөвлөгөө өгөхгүй юу?

-Хүүхэд анх хэл сурч байгаа тэр явц надад маш сонирхолтой санагддаг. Өөрөөр хэлбэл, хүүхдүүд хэлийг шууд л харилцан ярианаас эхлээд сурдаг. Миний хувьд хүүхдүүдийн суралцдаг аргад их дуртай. Санаа зовохгүйгээр, илэн далангүй, чөлөөтэй ярих юм бол хамаагүй амархан сурна. Үүнийг мөн дугуй унахтай харьцуулсан байдаг. 

Хүмүүс ихэвчлэн унаж босож, алдаж оносон олон удаагийн туршлага дээрээ тулгуурлан суралцдаг. Түүнээс биш дугуйг хэр хурдтай унах ёстой, дугуйн механизмын талаарх онолыг мэдээд амжилттай сурдаггүй. Гадаад хэл үзэх нь үүнтэй нэгэн адил.

-Хэл сурахад сууж сурах нь нэлээд чухал юм шиг анзаарагддаг. Таны хувьд... 

-Миний хувьд сууж хэл үзэж байгаагүй. Харилцан яриан дундуураа “хов ярьж” байгаад сурсан гэх юм уу даа. Сургуульд маань гадаад багш, найзууд хэл сурахад хамгийн том нөлөө болсон. Шалгалтад бэлдэх үедээ практик тест ажиллаж, хичээл хийж сууж байсан.

-Өөрийгөө зовоохгүйгээр хэл сурах нь чухал талаар Та дээр дурдсан. Гэвч гадаад хэл сурсан ихэнх хүнийг анзаарахад “Би зовж сурсан” гэж хэлэх нь түгээмэл шүү дээ?

-Би хэл сурахыг "Natural process" буюу аяндаа явагдах процесс гэж үздэг. Миний өөрийн зүгээс хичээл шиг нухаж суудаггүй. Хоёр сарын дотор ерөнхий, анхан шатны мэдээллээ олоод авчихвал түүндээ тулгуурлаад хүнтэй харилцан ярилцаад эхэлдэг.

Хэл сурах нь хүний зорилгоос шууд хамаарна. Хэрвээ ярьж сурах гэж байгаа бол өөрийгөө зовоох хэрэггүй. Харилцан ярианы тал дээр зүгээр л найзтайгаа ярьж байгаад зовохгүйгээр сурах хэрэгтэй. Мөн хэл сурахад зорилго нэгтэй хүн чухал. Зорилго нэгтэй хүн байвал хамтдаа хичээлээ давтаад, англиар яриад явах нь тустай. Гэхдээ болж өгвөл англиар сайн ярьдаг хүнтэй харилцан ярилцвал тусламж болно.

Харин шалгалтад бэлтгэх зорилго бол тусдаа асуудал. Тухайлбал, миний хувьд өөр өөр хэл сурсан талаараа дээр дурдсан. Яг шалгалтад тусгайлан бэлдсэн гэвэл англи, хятад, япон, солонгос дөрвөн хэл байгаа. Бусад хэлний тухайд бичих, унших чадвар хангалттай сайн биш. Одоогоор хэрэглээ байдлаар яриандаа л анхаарч байгаа. Ерөнхийдөө харилцаандаа анхаарч, “хов ярих” маягаар явж байна. 

-Та англи, хятад, япон, солонгос хэлний шалгалтууддаа хэдэн оноо авч байсан бэ?

  • IELTS-ын шалгалтад сонсгол 9, яриа 9 оноо авч байсан. Тухайн үед overall буюу нийт голч нь 8 оноо авсан.
  • Old НSK буюу хятад хэлний түвшин тогтоох олон улсын шалгалтад 4 оноо авч байсан. 
  • Солонгос хэлний мэдлэгийн түвшин тогтоох TOPIK-ын шалгалтад 5 авсан.
  • Япон хэлний JLPT N2 оноотой.

Хэл сурснаар хүний ертөнцийг харах үзэл өөрчлөгддөг. Аливааг нэг өнцгөөс бус олон өнцгөөс харах давуу талтай. 

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

-Тухайн хэлийг давтахдаа хэр их цаг хугацаа зарцуулж буй нь чухал нөлөөтэй болов уу?

-Тийм ээ. Хэр тууштай цаг зарцуулж чадаж байна вэ гэх асуултыг өөртөө тавих хэрэгтэй. Хэр их цаг хугацаа зарцуулж байна төдий чинээгээр сайжрах эсэх нь шалтгаална. 

-IELTS, TOEFL-ын шалгалтад олон сар бэлдсэн ч дорвитой үр дүнд хүрэхгүй байна, яг нэг түвшинд гацсан, яах вэ гэх асуулт байдаг. Үүнд хариулт өгнө үү?

-Өмнө нь би IELTS-ын төвд хоёр жил invigilator буюу шалгагчаар ажиллаж байсан. IELTS-ын шалгалтад бэлдэж байгаа хүмүүс сард нэг удаа практик тест буюу mock тест өгөөд чухам юун дээр алдаад байна вэ гэдгээ анхаарах нь чухал. Ярих, бичих, унших, сонсох дөрвөн ур чадварын маань аль нь сул байгааг олж, сайжруулахыг зөвлөе. 

Түүнчлэн шалгалтдаа эхлээд бүртгүүлчихвэл өөрийгөө хүчлээд давтаж чаддаг.

Хүний сонсгол сайн байвал харилцан ярилцаж, бусадтай ойлголцоход хүртэл амархан болно. Нөгөө хүнийхээ асуултыг ойлгохгүйгээр хариулт өгөх боломжгүй. Мөн унших, бичих чадвар ч хоёулаа холбоотой. Ялангуяа унших, бичих чадвар дээр үгийн баялаг чухал гэж үздэг.

эр их үгийн баялагтай бол бусадтай төвөггүй харилцан ярилцах боломжтой гэж үздэг вэ?

-100 үгтэй байвал хангалттай хэмжээнд ярина. Тэр 100 үгээ өөрөө харилцан ярианыхаа дундуур нэмэгдүүлээд явж болно. Харин унших, бичих чадвар дээр үгийн баялаг их байх тусмаа сайн. Үг ихэднэ гэж байхгүй.

Хэлийг сурч дуусна гэж байхгүй. Гэхдээ "survive" хийх буюу гаднын улсад амь гарахад гурван сар сурсан байхад болно гэж бодож байна. Зорилгодоо нийцүүлээд хэлний түвшнийг ахиулж, оноогоо сайжруулах боломж ч бий. Хэлийг шаардлага гэхээс илүү сонирхол болгож сурвал илүү амархан болно.

Би хувьдаа хэл, урлаг, спорт адилхан гэж үздэг. Хэл сурах нь хүний тархийг эрүүл, залуу байлгадаг. Нас ахисан ч хамаагүй сурах зүйл байвал сураад явбал амьдрал илүү сонирхолтой. Биеийнхээ булчинг хөгжүүлэхэд дасгал хийж байгаатай адил тархины булчинг хөгжүүлэхэд хэл тустай. Жишээ нь, манай нагац ах одоо 70 настай хөл бөмбөгөөр хичээллэдэг. Би усан спортын тамирчин байсан.

Бид амьдралдаа олон төрлийн зүйлийг сонирхоод үзвэл илүү сонирхолтой. Хэл, хөгжим, урлаг, спорт бүгдээрээ хүний амьдралд чухал. 

-Ярилцлага өгсөнд баярлалаа.