Индэр    
2023 оны 3 сарын 6
Зураг
iKon.mn сэтгүүлч

Б.Солонго: Аймгууд дэмжвэл 10 хүнийг ажилтай болгоод, нэрийн саванг нь гаргаад өгье

Зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Малын өөх тосыг цэвэршүүлж, эх орондоо ургадаг ургамал, жимсээр баяжуулан монгол эмэгтэйчүүд саван үйлдвэрлэж эхлээд байна. Улмаар сард нэг сая саван үйлдвэрлэх хүчин чадалтай бүрэн автомат үйлдвэрийг өнгөрсөн онд ашиглалтад оруулжээ. Тэд цаашид Монголоос саван экспортлох зорилго тээн ажиллаж байна.

Ингээд “Mongol Made” нэгдлийн Үүсгэн байгуулагч, Гүйцэтгэх захирал Б.Солонготой үйлдвэрлэлийн явц, төрөөс хэрхэн дэмжих шаардлагатай талаар ярилцлаа.


 -Сайн байна уу? Манай улсын савангийн хэрэглээ ямар байдаг, яагаад заавал саван үйлдвэрлэх болсон гэдгээс ярилцлагаа эхлэх үү?

-2021 онд “Mongol Made” нэгдлийг үүсгэн байгуулсан. “М-Ойл групп” ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар 2006 оноос хойш ажилласан Б.Пунсалмаа найз маань анх санал тавьж байсан юм. Цар тахлын үеэр гэртээ хөл хорионд байх хугацаанд органик, синтетик савангийн учрыг ойлгож эхэлсэн юм. Цар тахлын үеэр босгосон бизнес гэж хэлж болно.

Импортоор тос оруулж ирээд, энд хутгаж гоё үнэр оруулаад Монголд үйлдвэрлэсэн саван гээд борлуулж байна. Харин бидний хувьд Эмээлт дэх малын өөх тосыг таван шат дамжлагаар шүүгээд, саван үйлдвэрлэж байна. Савангийн 85 хувь нь цэвэр малын өөх тосноос бүрддэг. Малын өөх тос нь хөрсний бохирдол ихээр үүсгэдэг.

Саван үйлдвэрлэл нь хүн болгоны хийж чадах ажил. Заавал англи хэлтэй эсвэл дээд боловсролтой, тусгай мэргэжил эзэмшсэн байх шаардлагагүй. Энэ утгаараа 1,000 эмэгтэйг ажилтай болгох бүрэн боломж бий.

Индонезид 300, 400 төгрөгөөр үйлдвэрлэгдсэн саванг импортлоод Монголд 1,200 төгрөгөөр зарж байна гэдэг бол бүтцийн хувьд хаягдлаар хийгдэж байна гэсэн үг. Нефтийн хаягдал тос, цайруулагч бодис, хүчээр хөөсрүүлэгч ашигласан саван хэрэглэх нь эрүүл мэндийн хувьд хор нөлөөтэй. Арьсаараа идэж байгаа химийн бодисоо огт тооцохгүй байна. Хилээр орж ирж байгаа хорт бодисын хяналт бодлого ч сул байна.

Харин бид Монголын сайхан байгальд шим тэжээлтэй ургамал ногоо идсэн малын өөх тосыг үндсэн түүхий эдээ болгож, ганга, багваахай, давирхайг нэмэлтээр ашигласан саван үйлдвэрлэж байна. Хүнсний хэрэглээнд хэрэглэж болохоор хэмжээний цэвэршүүлсэн тосыг савангийн үйлдвэрлэлд ашиглаж байгаа.

Дэлгүүрийн лангуун дээр очоод үзвэл монгол саван цөөхөн. Яагаад зах зээлд гарч ирж чадахгүй байна вэ гэвэл органик түүхий эдээр саван үйлдвэрлэхэд үнийн хувьд өндөр байдаг. Бид савангийн автомат үйлдвэрийг 2022 оны арваннэгдүгээр сард ашиглалтад оруулсан. Автомат аргаар саван үйлдвэрлэж үнийг илүү хямдруулж байна. Гэхдээ сүүлийн үед хүмүүс арьсны харшил зэргээс шалтгаалж илүү органик бүтээгдэхүүн хэрэглэх сонирхолтой болж байна. Энэ утгаараа “Mongol Made” нэгдлийн хэрэглэгчдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа. Одоогоор 100 гаруй ажлын байрыг бий болгоод байна.

Малын өөх тосыг таван шүүлтүүрээр дамжуулж, саван үйлдвэрлэж байна

зураг
 
Mongol made

-Та бүхний хувьд одоогоор хэчнээн нэр төрлийн бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлж байна вэ?

-Анх гурван төрлийн саван үйлдвэрлэнэ гэж төсөөлж байсан бол одоогоор арьс арчилгаа, ариутгал, ахуйн хэрэглээний 25 төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг болоод байна. Хүний арьсанд нөлөөлөх зүйлийг дураараа зохиогоод хийж болохгүй. ХААИС дээр түшиглэж, биологи, инновац, хими, оюуны өмчийн чиглэлээр таван эрдэмтний багийг нэгдлийнхээ дэргэд ажиллуулж байгаа.

Суурь судалгаанууд нь сайн хийгдчихсэн байсан учраас 25 төрлийн бүтээгдэхүүнийг зургаан сарын хугацаанд үйлдвэрлэж зах зээлд нэвтрүүлж чадсан.

-Манай улсын савангийн зах зээлийн 95 хувь нь импортоос хамааралтай гэсэн судалгаа байна. Импортын бүтээгдэхүүнтэй харьцуулахад та бүхний үйлдвэрлэл ямар давуу талтай гэж хэлэх вэ?

-Бид анхнаасаа лангуун дээр байгаа 95 хувийн импортын савантай өрсөлдөхөөр гарч ирсэн. Импортын савангийн орц найрлагыг харахад бүгд химийн бодис байна. Хөөсрүүлэгч, цайруулагч, үндсэн түүхий эд гээд ерөнхийдөө бол хаягдал тос байгаа юм.

Харин бидний хувьд малын өөх тосыг таван шүүлтүүр дамжуулж шүүгээд, арц, ганга, багваахай, чацарганаар баяжуулж, шинжлэх ухаанч суурьтайгаар саван үйлдвэрлэж байна. Франц улстай савангийн дизайны хувьд хамтарсан бол хонконгчууд сав баглаа боодлыг маань үйлдвэрлэж байгаа. Импортын савантай харьцуулахад бүтцийн хувьд газар, тэнгэр шиг ялгаатай. Үнийн тухайд бид ойртуулах гэж хичээж байна. Бага багаар ахиж байгаа.

Энэ бүхэн бидний хувьд том амжилт. Монгол Улс жилд 15 сая ам.долларын импортын хатуу саван хэрэглэдэг. Шингэн саван, ариутгалын бүтээгдэхүүнийг тооцвол маш том зах зээл. Дотоодын савангийн хэрэгцээний 50 хувийг хангахад 1,000 эмэгтэй ажлын байртай болох бүрэн боломжтой.

-Гар аргаар саван үйлдвэрлэдэг эмэгтэйчүүд олон байдаг шүү дээ. Тэд танай хамт олонтой нэгдэж эхлээд байна уу?

-Анх саванг гар аргаар хийдэг бүх хүнтэй уулзсан. Заримд нь хамтарч ажиллах санал тавьсан. Саванг хөөсрүүлэхэд шүлт гэдэг бодис ашигладаг. Тусгай хөдөлмөрийн аюулгүй байдлын зориулалттай үйлдвэрийн байранд саванг хийх ёстой. Тиймээс өрх дээр савангийн үйлдвэрлэл эрхлэх нь эрсдэлтэй. Хүүхдийнхээ хажууд шүлт хутгаад байвал эрүүл мэндэд нь нөлөөлнө. Харин үйлдвэрийн байранд тав таваараа нийлж, цех байгуулан ажиллаж болно.

Орц, жор, найрлагаа тогтоож авахын тулд автомат болон гар үйлдвэр байгуулсан. Гар аргаар саван үйлдвэрлээд төрийн хэрэгцээг, хэдэн зуун мянган саванг хангаж дийлэхгүй. Тиймээс анхнаасаа 50 хувийн үйлдвэрлэлийг автомат үйлдвэрээр төлөвлөсөн. Автомат үйлдвэрээс шахмал, сайн чанартай саван гарч байгаа. Бид үүнийг сургууль, цэцэрлэг, эмнэлгүүдийн хэрэглээнд зориулж байна.

Үнэнийг хэлэхэд Боловсрол, шинжлэх ухааны яам хүүхдүүд ямар савангаар гараа угааж, арьсны эрүүл мэнд нь хэрхэн хохирч байгааг мэдэхгүй байгаа. Монголын хэрэгцээг 100 хувь хангахаар цагт 3,000, хоёр ээлжээр ажиллахад сард нэг сая саван үйлдвэрлэх хүчин чадал нь бэлэн байна.

Орон нутагт савангийн цех ажиллуулж, 6-10 сая төгрөгийн орлого олох боломжтой

зураг
 
Mongol made

-21 аймаг 9 дүүрэгт салбар нэгж байгуулж, кластерын системээр хөгжиж байгаа үйлдвэр гэж сонссон. Орон нутагт ажлын байр бий болгоход хэрхэн анхаарч байна вэ?

-5-10 хүнийг тогтвортой ажлын байртай болгож, малын өөх тосыг эргэлтэд оруулаад эрүүл бүтээгдэхүүн үйлдвэрлэж, хэрэглэх боломжтой. Бүтээгдэхүүнээ орон нутагтаа борлуулж чадна гэвэл бүх талаар дэмжихэд бэлэн. Цехүүдийг гарааны тоног төхөөрөмж, түүхий эдийн эргэлтийн боломжоор хангах юм. Урамшуулал нь нэг савангаас 300 төгрөг гэж тооцно. Аймгууд дэмжвэл 5-10 хүнийг нь ажилтай болгоод нэрийн саванг нь гаргаад өгье.

Таван хүнтэй цех өдөрт 1,000 саван үйлдвэрлээд нэг савангаас 300 төгрөгийн урамшуулал аваад сард нэг цех зургаа орчим сая төгрөгийн орлоготой болно. Үйлдвэрлэсэн 20 гаруй мянган саванг нь аймгийн цэцэрлэг, сургууль, цэргийн хэрэглээндээ авчихад болчих асуудал. Өөрийн аймгийн онцлогт таарсан орц найрлагатай, зочин гийчинд бэлэглэх аймгийнхаа нэрийн савантай, эрүүл, эко орц найрлагатай бүтээгдэхүүнээр хүн ардаа хангах  нь сайхан зүйл биш гэж үү?

Борлуулалтаа сайжруулж, хүн хүчээ 10 болгон нэмж өдөрт 2,000 саван үйлдвэрлэж 10 гаруй сая төгрөгийн ашиг олох боломжтой.

Хүн болгон саван хэрэглэдэг. Талх шиг өдөр тутамд эрэлттэй байдаг бүтээгдэхүүн бол саван. Идэж байгаа талхныхаа орц найрлагыг сайтар анхаардаг хэрнээ арьсаараа шингээж байгаа савангийн орцоо анзаардаггүй.

Тухайн бүс нутгийн сургууль, цэцэрлэг, эмнэлэг, цэргүүдийн хэрэглээнд төр саван худалдаад авчихад орон нутагт 5-10 хүн ажилтай болно. Төрөөс дэмжиж, орон нутагтаа үйлдвэрлэж байгаа саванг авна гэдэг шийдвэр гарчихвал орон нутагт цех байгуулах боломжтой. Малын өөх тосоо ингэж эдийн засагт эргэлтэд оруулж болохоор байгаа юм.

Одоогоор Дарханы Хонгор сум, Баян-Өлгий аймагт савангийн цех байгуулаад байна. Өвөрхангай, Ховд, Завханы нэрээр саван үйлдвэрлэе гэвэл өөрсдийнх нь брэндийн саванг гаргаад өгч болно. Дотор нь чихэр өвс хийнэ гэвэл судалгааны баг ажиллуулах боломжтой. Сард 20-40 мянган савангийн асуудал. 50 мянган хүн амтай аймагт нэг барааны, нэг нүүр гарын саван гэхэд 100 мянган савангийн хэрэгцээ байгаа юм.

Монгол малынхаа өөх тосоор Малайз улсаас авчирч байгаа савангаас 5-6 дахин шим тэжээлтэй саван үйлдвэрлэж байгаа юм.

Француудтай хамтарч хонины зунгаг буюу ланолиноор арьс арчилгааны бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ

зураг
 
Mongol made

-2023 онд хонины зунгаг буюу ланолиныг гоо сайхны бүтээгдэхүүнд ашиглах чиглэлийн судалгаа шинжилгээг хийж байгаа гэж дуулсан?

-"Mongol Made" нэгдэл арьс арчилгааны бүтээгдэхүүний чухал түүхий эд болох хонины зунгаг буюу ланолиныг боловсруулж гоо сайхны бүтээгдэхүүний үйлдвэрлэлд нэвтрүүлэх зорилгоор 2023 оны эхний хагас жилд ноос угаах үйлдвэрийг орон нутагт ашиглалтад оруулна. Ноосны гарц, чанараар тэргүүлэгч сартуул үүлдрийн хонины ноосыг угааж самнан, зунгаг боловсруулан гаргахаас гадна өндөр чанартай ноосоор агаар цэвэршүүлэгчийн шүүлтүүр гэх мэт эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн зах зээлд нийлүүлэх болно.

Сартуул үүлдрийн хонь Завхан аймгийн таван суманд байдаг бөгөөд Баянхонгор аймгийн Байдраг үүлдрийн хонины ноосыг боловсруулах төлөвлөгөө бидэнд бий. Ланолины судалгаа шинжилгээний ажлыг "Mongol Made" нэгдлийн Эрдэмтдийн зөвлөх баг тусгай төсөл болгон хэрэгжүүлнэ. Француудтай хамтарч хонины зунгаг буюу ланолиноор арьс арчилгааны бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ.

Савангаас хорогдол гардаг. Гарсан хорогдлоороо ноосоо угаах юм. Австрали улс хонины зунгагаар дэлхийд алдартай гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Янз бүрийн үнэргүй ч нэг түрхсэн байхад арьсыг маш сайн сэргээдэг.

Сүүлд Өвөр Монгол руу савангаа экспортлох гээд хэлэлцэл хийхэд тэд их үнэн зүйл ярьсан. Гоё үнэртэй болгох гэж байна гээд битгий үнэр нэмээрэй гэсэн. Дэлхий нийт ялангуяа БНХАУ цацахад толгой эргүүлдэг үнэртэн их үйлдвэрлэж байна. Харин танай саван илүү, дутуу үнэргүй, гар хуурайшуулахгүй стресстүүлэхгүй амар байна гэдгийг хэлсэн. Бид хар, шар саван үйлдвэрлэж байгаа ч ямар ч илүү үнэр, өнгө нэмээгүй. Нүүрстэй саванг хараар нь, чацарганатайг шараар нь үйлдвэрлэж байгаа.

Дэлхий нийт органик чиглэл рүү орж байгаа нь бидэнд маш том давуу тал. Гэхдээ юуны түрүүнд экспорт гэхгүйгээр Монголын хэрэгцээний 50 хувийг хангаснаар олон хүний арьсны асуудлыг шийдэж чадна.

-Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч нарт ямар бэрхшээл тулгарч байна вэ?  Өөрөө үйлдвэрлэл эрхэлж байгаа хүний хувьд төрөөс ямар дэмжлэг хэрэгтэй гэж харж байна вэ?

-Гарааны компаниудад татварын бодлого арай өөр баймаар санагддаг. Гурван жил өндийх хугацааг гарааны компанид олгох хэрэгтэй. Төр савангаа худалдаж аваад эхэлбэл 1,000-2,000 ажлын байр бий болж, малын өөх тосны хаягдал багасна.

Орчны эрүүл мэнд бидний дунд хамгийн том тулгамдсан асуудал болоод байна. Энэ асуудалд төрөөс анхаарч, илүү бодитой шаардлагатай байна.

Сайханы айраг, Завханы улаан хальст саримс зэрэг брэнд бүтээгдэхүүнийг нэгдсэн стандартад оруулна

-Тэмдэгдэлт баяруудаар үндэсний үйлдвэрлэлээ сэргээх боломж бий юу?

-Цар тахалд нэг давуу тал байсан. Хил гааль хаагдаад эхлэхээр бид юу үйлдвэрлэдэг билээ, юу бидэнд байгаа вэ гэж бодоход хүрсэн. Саван тасалдаж эхэлсэн. Хөл хорионы үеэр гэртээ сууж байсан надад савангийн салбар руу орох санаа төрсөн. Цар тахлаас хойших тэмдэглэлт баяруудыг анзаарвал Эрээнээр орж ирсэн ч бай ер нь импортын бараа бүтээгдэхүүн бэлгэнд өгөх нь багассан байна. Аль болох л үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж, эх оронч худалдан авалт хийж байна. Энэхүү эх оронч сэтгэлээ бол ил ярихгүй байгаа ч аяндаа үүссэн зүйл.

Бидний бараа бүтээгдэхүүний борлуулалт шинэ жил, цагаан сараар маш сайн байсан. Таван айлын 2-3 нь манай саванг бэлэглэж байна. Манай бүтээгдэхүүн үнийн хувьд боломжийн хэрнээ үзэмжтэй.

-Төгсгөлд нь асуухад, энэ онд ямар шинэ ажил хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна вэ?

-Групп компани болох бэлтгэлээ хангаж байна. Органик үйлдвэрлэлийн чиглэлээр хэд хэдэн салбарт хүч үзэх төлөвлөгөө бий. Удахгүй тодорхой болно. 

Хүнсний салбар руу зориглон орж байгаа. Сэтгэл шингээж бүтээсэн сайн чанарын бүтээгдэхүүнийг худалдаалах юм. Булганы Сайханы айраг гэж ярьдаг ч нэгдсэн стандарт байдаггүй. Малчдыг тогтвортой ажлын байртай болгож, долоо хоногт тэдэн тонн айргаа бэлдээд өгөөч гэдэг санал тавина. Хүнсний технологич чанарыг нь хянаад нэгдсэн стандартаар савлаж, лабораторийн бүх шинжилгээнд хамруулаад эрүүл гэдэгт нь бид баталгаа өгнө.

Завханы улаан хальст саримс гэхэд өөр аймагт ургахгүй. Тэгэхээр хүн болгон нэг килограмм саримс авахын тулд Завхан явах шаардлагагүй болно. Газар зүйн байрлалаар нь 15 нэр төрлийн бүтээгдэхүүнийг сонгож байгаа. Сөжү яагаад алдартай болсон бэ? CU-гийн хамгийн борлуулалттай бүтээгдэхүүн Сөжү болж байна. Гэтэл бид нар монгол архиа сайн шүүлтүүрт оруулаад, технологио сайжруулбал боломж байгаа юм.

Тухайн бүс нутгийн сайн үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнийг нэгдсэн стандартын дагуу Улаанбаатарт хүлээж аваад чанарын хяналт хийж, баталгаа гаргаж өгдөг худалдааны компани болж байгаа. Уг бүтээгдэхүүнийг савлаад, маркетинг, менежментийг нь сайжруулна гэсэн үг. Үндэсний бүтээгдэхүүн сонгохдоо эзнийх нь мөн чанар, ёс зүйг давхар анзаарах ёстой юм байна гэж боддог болсон. Нэрс худалдаж авахад хүртэл уулынх нь доороос авахгүй бол няцраад ирдэг гэдгийг технологич хэлж байна. Шимийн архины хувьд ч тэр анхнаасаа аарцаа сонгож авахаас шалтгаалдаг.

Малынхаа ашиг шим, ноосоо ч тэр бүгдийг нь үнэгүй болгочихсон. Тэгсэн хэрнээ гаднаас хог аваад хэрэглээд байдаг. Синтетик бүтээгдэхүүнээр нүүрээ угааж, ийм материалтай давуу нөмөрч байна. Анх саван үйлдвэрлэж эхлэхдээ импортын савангийн орцыг хараад гайхаж байсан.

Малын өөх тосоо гаргаж хаячхаад гаднаас нефтийн хаягдал тосоор хийсэн саван авч нүүрээ угааж ариун цэврээ хангана гэдэг нь таатай зүйл биш л байгаа юм.