Зураг
Зураг
Индэр    
2023 оны 3 сарын 2
Зураг
iKon.mn Сэтгүүлч

Б.Батцэнгэл: Төрөлхийн мэнгэ арьсны хорт хавдарт шилжих эрсдэлтэй учраас бие дээрээ олон мэнгэтэй хүмүүс эмчээс зөвлөгөө авах нь чухал

Зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Арьсны хавдрын 90 орчим хувь нь гадаад орчинд тогтмол ил байдаг толгой, хүзүү болон нүүрний арьсан дээр үүсэх эрсдэлтэй байдаг. Иргэд энгийн нөхцөлд ч өөрийн арьсыг хараад хавдрын эрсдэлээс урьдчилан сэргийлэх боломжтой. Эрт илрүүлэг бол хамгийн чухал бөгөөд ялангуяа олон мэнгэтэй хүмүүс арьсны эмч нараас тогтмол зөвлөгөө авч байх нь зүйтэй юм. 

Жишээлбэл, төрөлхийн мэнгэ нь заримдаа хортой хавдарт шилжих эсвэл удаан хугацааны туршид үүссэн арьсны нөсөөт хэсэг гэнэт хортой хавдар болох гэх мэтчилэн тохиолдол элбэг учир мэнгэ томрох, өнгө нь өөрчлөгдөх, хэлбэр нь өөрчлөгдөх, шархалж цус гарах нь аюултай шинж тэмдэг гэдгийг "Интермед эмнэлэг”-ийн Толгой, хүзүүний мэс заслын эмч Б.Батцэнгэл хэлэв.

"Арьсны хорт хавдар ба урьдчилан сэргийлэх боломж"-ийн талаар түүнтэй үргэлжлүүлэн ярилцлаа. 



-Арьсны хорт хавдарт нөлөөлөгч хамгийн эрсдэлт хүчин зүйл нь юу вэ. Ялангуяа, гадаад орчинд ил байдаг арьсан дээр хавдар үүсэх өндөр магадлалтай байгааг Та дээр дурдсан. Үүний шалтгааныг уншигчдад тайлбарлахгүй юу? 

-Ерөнхийдөө арьсны хавдрыг хортой болон хоргүй хавдар гэж ангилж болно. Хоргүй хавдрууд нь амь насанд аюулгүй ч харагдах байдал болон бусад үйл ажиллагааг алдагдуулснаар амьдралын чанарт нөлөөлдөг. Харин хортой хавдрыг эмчлүүлэхгүй даамжруулбал амь насанд аюул учруулах хор хөнөөлтэй. 

Арьсны хортой хавдар ихэвчлэн нарны хэт ягаан туяаны нөлөөнөөс үүдэлтэй байдаг. Энэ төрлийн хавдрыг ихэнх тохиолдолд эмчлүүлэгч нар өөрсдөө оношлох магадлал түгээмэл. Олон улсын тоон мэдээллээс харвал, арьсны хорт хавдраар өвчилсөн хүмүүсийн 50 орчим хувь нь өөрийгөө оношилсон байгаа юм. Жишээлбэл, нүдэнд харагдахгүй байгаа зүйлийг олж харахын тулд дуран, компьютер томограф зэрэг шинжилгээгээр баримжаалдаг. Харин арьсан дээр гарсан шинж тэмдгийг энгийн нүдээр хараад урьдчилан оношлох боломжтой гэсэн үг. 

-Тэгвэл мэнгэнд үүсэж буй өөрчлөлт, тууралтыг ажиглаад гэрийн нөхцөлд ч өөрийгөө оношилж болох нь ээ.

-Тийм ээ. Арьсан дээр гарсан тууралтуудыг харж, ажиглаад үнэлдэг хэд хэдэн арга бий. Олон улсад хэрэглэдэг түгээмэл арга учраас англи хэл дээр тэмдэглэгдсэн байгаа юм. Арьсны хавдрыг илрүүлэх A, B,C, D, E гэсэн таван дүрэм байдаг. 

  1. Asymmetry буюу тэгш хэм алдагдах. Тухайн арьсан дээр гарсан үүсвэрийг хоёр хуваалаа гэж бодоход нэг тал нь нөгөөхөөсөө өөр байхыг хэлнэ. 
  2. Border буюу ирмэг. Мэнгэ нь ихэвчлэн геометрийн зөв хэлбэртэй байдаг бөгөөд зах ирмэг нь арьснаасаа ялгарч харагддаг. Харин арьсны хавдрын үед мэнгэний ирмэг тодорхой бус болно. Зарим хэсэгтээ тод байхад зарим хэсэг газартаа арьс руугаа ууссан юм шиг болж өөрчлөгддөг гэсэн үг. 
  3. Color буюу өнгө. Мэнгэ болон нөсөөт өөрчлөлт ихэвчлэн нэгэн жигд өнгөтэй байдаг. Гэхдээ арьсны хавдрын үед янз бүрийн өнгөтэй болж, холилдсон байх жишээтэй. 
  4. Diameter буюу диаметрийн хэмжээгээр тодорхойлж болдог. Арьсны хортой хавдруудыг үзэхэд ихэнх тохиолдолд тухайн мэнгэ, тууралт нь зургаан миллиметр ба түүнээс илүү хэмжээтэй байдаг. Гэхдээ зургаан миллиметрээс жижиг тохиолдолд арьсны хавдар оношлогдохгүй гэсэн үг биш. 
  5. Evolving буюу байнга өөрчлөгдөх үйл явц. "Төрөлхийн мэнгэтэй байсан юм, гэтэл өөрчлөгдөөд байна" гэсэн яриа их гардаг. Мэнгэ томрох, шалбарч цус гарах зэрэг нь evolving буюу хувьсаж өөрчлөгдөх шинжийг хэлж байгаа юм.

Дээрх таван шинж ажиглагдаж буй эсэхээр өөрийгөө хянаж, хавдрыг эрт илрүүлэх боломжтой.

Эрүүл арьсан дээр гэнэт нөсөөт өөрчлөлт гарч тэр нь арьсны түвшнээс өндөр болж зузаараад хэлбэр дүрсээ алдаж, цус гарч шалбарвал эрсдэлтэй. Улмаар ямар ч эмчилгээ хийгээд эдгэхгүй байвал арьсны хавдар луу шилжиж байна гэж ойлгож болох нь.

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

-Энэ төрлийн хавдраас урьдчилан сэргийлэхийн тулд юунд анхаарах хэрэгтэй вэ. Нөгөөтээгүүр хоргүй хавдар хортой болох эрсдэл бий юү?

-Арьсны хортой хавдарт нөлөөлж буй хэд хэдэн хүчин зүйл бий. Эдгээрээс үнэн магадлалын өндөр хувьтай, онолын түвшинд батлагдсан нөлөөлөгч хүчин зүйл нь нарны хэт ягаан туяа. Өөрөөр хэлбэл, нарны хэт ягаан туяа арьсны хорт хавдарт нөлөөлдөг нь аль хэдийн нотлогдсон. Үүнээс гадна химийн хортой нэгдлүүд буюу хүнцэл, нүүрсний дутуу шаталтын хаягдал бүтээгдэхүүн, архаг тамхидалт, удамшил болон хүний хөхөнцөр вирусийн 16, 18 дугаар хэв шинжүүд нөлөөлдөг. 

Зарим арьсны хавдар нь хоруу чанар ихтэй тул уушги, элэг, тархинд үсэрхийлэл өгч өвчлөгсдийн амьдрах хугацааг эрс багасгах аюултай байдаг. Арьсны хортой хавдрыг дотор нь меланома болон меланома бус хэмээн хоёр хуваан үздэг. Эмчилгээний тактик, прогноз буюу тавилан нь хүртэл өөр учраас хоёр хуваагддаг хэмээн ойлгож болно. 

Меланома нэртэй арьсны хорт хавдар нь илүү хоруу чанартай. Энэ нь хүний амь насанд шууд хүрэхүйц аюултай хавдар юм. Олон улсын судалгаанд дурдсанаар меланома хавдраар өвчилсөн тохиолдолд таван жил амьдрах магадлал 30-56 хувь хүртэл байгааг тогтоосон. 

-Дээрх арьсны хавдраар оношлогдсон тохиолдолд хүний амь насанд шууд нөлөөлөхүйц аюултай гэсэн үг үү?

-Меланома арьсны хавдар нь бусад эрхтэн рүү амархан үсэрхийлдэг шинж чанартай. Улмаар үсэрхийлэл өгсөн эрхтнийхээ үйл ажиллагааг нь алдагдуулдаг. Жишээлбэл, меланомагийн шалтгаантайгаар элгэнд үсэрхийлсэн байвал элэгний дутагдалд ороод амь насаа алдах эрсдэл өндөр. Өөрөөр хэлбэл, меланома нь амь насанд шууд хүрэхүйц хэмжээний хөнөөл учруулдаг. Харин меланомагийн бус хавдрууд нь бусад эрхтэнд үсэрхийлэх нь харьцангуй бага. Тиймээс өвчний тавилан харилцан адилгүй. 

Манай улсын хувьд алслагдсан аймаг, сумдын иргэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авахгүйгээр арьсны хавдраа даамжруулах нөхцөл байдал ажиглагддаг. Ийм тохиолдолд зэргэлдээх эрхтэнд үсэрхийлэх эрсдэлтэй. Нүүрэнд байрлалтай хавдар байвал хүзүүний тунгалгийн булчирхай руу үсэрхийлэх, ховор тохиолдолд дотоод эрхтэн буюу уушги, элэг, тархинд үсэрхийлэл өгөх нь бий. Ийм үед таван жил амьдрах магадлал багасна.

Меланомагийн бус арьсны хортой хавдрууд дийлэнхдээ эрт оношлогддог бөгөөд мэс заслын эмчилгээгээр эдгэрдэг. Тиймээс 90-ээс дээш хувийн амьдрах магадлалтай гэж үздэг. Дээр дурдсан меланома болон меланомагийн бус хоёр нь харилцан адилгүй тавилантай.

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

-Биедээ олон мэнгэтэй хүмүүс хавдрын эрсдэл байгаа эсэхийг үзүүлж, урьдчилан сэргийлэх нь чухал байгаа талаар Та хэлсэн. Хамгийн гол нь арьсны хавдрыг эрт үед оношлох нь чухал болов уу?

-Нарны хэт ягаан туяанаас гадна бие дээрээ олон мэнгэтэй хүмүүс меланомагаар өвдөх магадлалтай гэж үздэг. Арьсны хавдрыг эдийн шинжилгээгээр оношилдог бөгөөд эмгэг судлалын эмч нар эсийн түвшинд үзээд хортой, хоргүй хавдар эсэхийг нь ялгаж өгдөг.

Хэдийгээр арьсны меланома хавдрыг эрт оношлоод мэнгээ авхуулсан ч гэсэн дахиад өвдөх магадлал энгийн хүнээс найм дахин нэмэгддэг.

Тиймээс олон мэнгэтэй хүмүүс үүнийг анхааралдаа авч, арьсны эмчид үзүүлэх нь чухал. Мэнгэ, арьсан дээр гарсан нөсөөт өөрчлөлтүүд байвал эрүүл мэндийн байгууллагад үзүүлж явах нь арьсны хорт хавдраас урьдчилан сэргийлэх ганц арга болоод байна. 

Биеийнхээ арьсны бүх л өөрчлөлтийг арьс судлаач эмч нараас асууж, зөвлөх нь зүйтэй.

-Арьсны хорт хавдар дийлэнх тохиолдолд нүүр, толгой болон хүзүүний арьсан дээр үүсдэг шалтгааныг тайлбарлахгүй юу?

-Миний хувьд толгой, хүзүүний мэс заслын эмч гэдгээ түрүүн дурдсан. Тэгвэл яагаад арьсны хорт хавдрын талаар толгой, хүзүүний мэс заслын эмч яриад байна вэ гэх асуулт үүсэх байх. Дийлэнх тохиолдолд арьсны хорт хавдрын үндсэн эмчилгээ нь мэс засал болдог. Нүүр, толгой, хүзүүний арьс байнга гаднын нөлөөлөлд өртөж, гэмтэж байдаг учраас хавдар болох тохиолдол элбэг. Тийм учраас арьсны хавдрын талаар ярьж байгаа гэсэн үг.

-Нарны хэт ягаан туяа нь арьсны хорт хавдартай болоход нөлөөлж буй гол хүчин зүйл хэмээн ойлголоо. Халуун өдрүүдэд хүүхдүүдээ наранд D витаминыг нь авхуулахдаа болгоомжтой байх нь чухал болов уу?

-Тийм ээ. Нарны хэт ягаан туяаны хамгийн их үйлчилдэг цаг хугацаа нь их үдийн үе. Тиймээс 10:00-14:00 цагийн хооронд аль болох наран шарлага хийхгүй байх нь арьсны хавдрын эрсдэлийг бууруулдаг. Түүнчлэн иргэд зуны халуунд хүүхдүүдийнхээ D витаминыг нөхөх зорилгоор гадаа тоглуулдаг. Наранд хэт удаан байлгаж арьсыг нь түлэхээс аль болох зайлсхийх хэрэгтэй. Яагаад гэвэл, залуу насандаа наранд олон дахин түлэгдэж байсан арьс хөгшрөхдөө хорт хавдартай болох эрсдэл бий. Өөрөөр хэлбэл, нарны түлэгдэлтээс үүдэн яг тухайн үедээ өвдөхгүй ч, ирээдүйд өвчлөх эрсдэлийг нэмэгдүүлдэг аюултай.

Нарны хэт ягаан туяанаас хамгаалахын тулд сүүдэр бараадах, салхи нэвтэрдэг битүү хувцас өмсөх, нарнаас хамгаалах тос хэрэглэж байхыг зөвлөе. Ялангуяа, экваторын бүс рүү ойртох тусам нарны хэт ягаан туяаны үйлчлэл (UVB) ихэсдэг бөгөөд тухайн газар нутгийн уур амьсгал жилийн туршид халуун нартай байдагтай холбоотой оршин суугчдын арьс тогтмол ил байж хэт ягаан туяанд илүү өртдөг байна. Энэ бүс нутгийн иргэдэд арьсны хортой хавдрын тохиолдол илүү их байна гэсэн статистик мэдээлэл бий.

Жишээлбэл, Америкт арьсны хорт хавдраар өвдөж байгаа хүмүүсийн тоо бусад хавдраасаа хамаагүй илүү байдаг. Хамгийн ихээр оношлогддог хортой хавдар нь арьсны хортой хавдар болдог гэсэн үг. Америкийн тоо мэдээллээс харахад, жилд ойролцоогоор энэ төрлийн хавдраар 7,650 нас баралт бүртгэгддэг.

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

-Нарны хэт ягаан туяанаас гадна дэлгэцийн гэрэл болон бусад зохиомол хэт ягаан туяа арьсны хавдарт нөлөөлөх үү? 

-Зохиомол хэт ягаан туяаны эрсдэл бий. Бүхээг шиг юман дотор орж хэвтдэг "Indoor skin tanning" гэх гоо сайхны үйлчилгээ байдаг. Энэ нь арьсны хорт хавдрын эрсдэлийг 30-50 орчим хувь ихэсгэдэг нь батлагдсан.

  • Арьсны хавдар биеийн хаа сайгүй тохиолдож болно. Өвчтөнийх нь онцлогоос харвал меланома тохиолдлууд ихэвчлэн их бие, мөчид дээр гарч байна.
  • Меланома бус хавдрууд нүүрний хэсэг, толгой хуйх, хүзүүний арьсан дээр тохиолдох эрсдэл илүү өндөр байгаа юм.

-Монгол Улсын хувьд хот суурин газрын бодвол хөдөө орон нутгийн иргэдэд арьсны хавдрын эрсдэл нэмэгдэх байх. Ялангуяа, малчид, тариаланчид зуны халуунд нарнаас тэр бүр хамгаалж чаддаггүй болов уу?

-Манай бүс нутаг нарны хэт ягаан туяаны дунд зэргийн бүсэд оршдог. Гэхдээ хэт ягаан туяаны үйлчлэл хамгийн их байдаг зуны улирал нь богино учраас эквадорын улсуудын өвчлөлийг бодвол харьцангуй бага. Нарны тусгалын өнцөг мөн маш их хамаатай байдаг.

-Ярилцлагын төгсгөлд асуухад арьсны хорт хавдрын эмчилгээг ямар аргаар хийдэг вэ? 

-Ихэвчлэн мэс заслын эмчилгээ хийдэг. Арьсны бүтэн давхаргыг арьсан доорх эдтэй нь мэс заслын аргаар зүсэж авахдаа тухайн хавдрын зах ирмэгээс нь зайтайгаар эрүүл эдийг оролцуулаад авдаг арга бий. Үүнийг хавдрын мэс заслын зарчим гэж ярьдаг. Хэдэн мм, хэдэн сантиметрийн зайтай тайралт хийх вэ гэдэг нь тухайн хавдраас шалтгаалаад харилцан адилгүй. 

Хавдрын зарчмаар хагалгаа хийгээгүйгээс болоод хавдар дахин даамжрах, хүндрэх эрсдэл бий. Арьсны хавдрыг мэс заслын аргаар авхуулах нь зүйтэй гэсэн үг.

Иргэдийн хувьд мэнгийг лазераар авхуулах талаар ярьдаг. Хэрэв тухайн мэнгэ болон арьсны нөсөөт өөрчлөлт нь хавдрын сэжиггүй, жижиг хэмжээтэй бол лазер сайн үр дүнтэй. Ямар нэгэн сорвигүйгээр эдгэх боломжтой. Харин хавдрын үед мэс заслын эмчилгээг зайлшгүй хийх нь зүйтэй.

Үсэрхийлж хүндэрсэн арьсны хавдрын үед заримдаа туяа эмчилгээ, хавсарч хими эмчилгээ хийж байна. Меланома үед онцгойлсон хими эмчилгээний тактикууд гэж бий.

 

-Ярилцлага өгсөнд баярлалаа.