Орон нутагт хөрөнгө оруулж, бизнесийн шинэ санаачилга хэрэгжүүлж буй сайн жишээ сүүлийн жилүүдэд нэмэгдсээр байна. Тухайлбал, Өвөрхангай аймагт үйл ажиллагаа явуулж буй Богд зочид буудал үйлчлүүлэгчдийнхээ талархлыг аль хэдийн хүлээгээд байна. Зочид буудлын үйлчилгээний стандарт, нэгдсэн зохион байгуулалт, хүний нөөцөө хэрхэн чадавхжуулж буй талаар "Мөнх арц богд" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Х.Нэргүйтэй ярилцлаа.
-Өвөрхангай аймагт зочид буудал байгуулах болсон түүхээсээ хуваалцана уу?
-Манай хөрөнгө оруулагч Өвөрхангай аймгийн Богд сумын хүн. Тиймээс нутагтаа хөрөнгө оруулалт хийж, шинэ бүтээн байгуулалт босгох зорилгоор Богд зочид буудлыг анх 2019 онд барьсан. Зочид буудал долоон давхар, 40 орчим өрөөтэй. Монголчууд дотооддоо аялах, орон нутгийн иргэд зочид буудалд амрах шинэ соёлыг зөв нутагшуулах шаардлагатай гэж үзсэн. Тиймээс энэ тал дээр анхаарч ажиллаж байна.
Шинэ соёл, хандлагыг нэвтрүүлэхээр зорьсны хувьд зочид буудлын барилгын ажил дээр интерьер дизайны мэргэжлийн хүмүүстэй хамтарч ажилласан. Хөрөнгө оруулагчийн тухайд ч график дизайны мэргэжилтэй хүн. Тиймээс энэ чиглэлийн шийдэл дээр илүү анхаарсан.
Олон улсын стандартад нийцсэн, таатай эрүүл орчин, үйлчилгээг орон нутагт бий болгохоор зорьж байна. Миний хувьд Өвөрхангай аймгийн уугуул. Орон нутагтаа ажиллаж амьдарч байна. Манай байгууллага 2021 онд шилдэг үйлчилгээний байгууллагаар шалгарч байлаа.
-Ямар өртгөөр зочид буудлаа анх барьж байсан бэ? Жилийн борлуулалтын орлогын тухайд?
-Зочид буудал барихдаа зургаа орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт зарцуулсан. Нэг жилийн борлуулалтын орлого 2.5 тэрбум төгрөг орчим байна. Цар тахлын улмаас өмнөх жилүүдэд орлогогүй үе ч байсан.
Одоогоор дөрөв дэх жилдээ үйл ажиллагаа явуулж байна. Хамгийн их үйлчлүүлэгчтэй байдаг улирлын хувьд мэдээж хэрэг зун. Өөрөөр хэлбэл, зургаадугаар сараас есдүгээр сар юм. Бусад үед орон нутгийн иргэддээ зориулсан үйл ажиллагаа зохион байгуулдаг.
Хамгийн гол нь бид үйл ажиллагаагаа тогтвортой явуулж байна. Үйлчлүүлэх хүмүүс их ч бай, бага ч бай аль болох үйл ажиллагаагаа тасралтгүй явуулах чиглэл баримталдаг. Ажлын ачаалал багаслаа гээд ажилтнууддаа цалин өгөхгүй амраагаад явуулдаггүй. Орон нутагт тогтвортой ажлын байр бий болгохоор зорьж байна.
-Аялал жуулчлалын хөгжилд тодорхой хувь нэмрээ оруулж байгаа танай байгууллага байгуулагдсан цагаасаа хойш хэчнээн хүнд үйлчлээд байна вэ?
-Өмнөх оны байдлаар давхардсан тоогоор 4,500 орчим хүнд бид үйлчилгээ үзүүлээд байна. Ресторан, зочид буудал, кароаке, кофе шопын үйл ажиллагаа явуулж байна. Мөн масссаж, саун, фитнес гээд дагалдах үйлчилгээ бий.
Өвөрхангай аймаг хөгжлийн тэргүүлэх чиглэлээ аялал жуулчлал гэж тодорхойлсон. Хөдөө аж ахуйн дараа аялал жуулчлалын салбар нь ордог. Үйлдвэрлэлийн салбар хөгжөөгүй аймаг.
Тиймээс Өвөрхангай аймгийн хувьд аялал жуулчлалын салбарын үйл ажиллагааг дэмжих, хөгжүүлэхэд зайлшгүй ажиллах шаардлагатай. Хархорин, Эрдэнэ Зуу хийд, Найман нуур, Орхоны хөндий зэрэг үзэсгэлэнт газар Өвөрхангайд олон. Орхоны хөндийн аялал жуулчлал хөгжиж байна.
Өмнөговь аймгийг зорих маршрут бас Өвөрхангайгаар дайрдаг болж байгаа юм билээ. Говийн аяллууд гэж хэлж болно. Тиймээс Өвөрхангайд аялал жуулчлалын салбар хөгжих бүрэн боломжтой.
-Бусад зочид буудалтай харьцуулахад ямар давуу талтай гэж хэлэх вэ?
-Зочид буудлын тухайд Итали маягийн өглөөний цайг санал болгодог. Энэ чиглэлийн стандартыг хадгалж, үйлчилгээ үзүүлж байгаа. Богд зочид буудалд хүүхдийн тоглоомын төв үйл ажиллагаа явуулдаг. Зочид буудалд буусан эцэг, эхчүүд өөрсдөө ажилтай, өрөөнд нь зочид ирвэл тус төвд хүүхдүүдээ тоглуулж болно. Хүүхдээ саатуулчхаад ресторанд тухтай хооллож болдог. Тоглоомын төв дээр зохион байгуулагч нар таны хүүхдийг аюулгүй харж, тоглуулах болно.
Түүнчлэн гэр бүлийн өрөө байдаг. Зочин өөрөө хүсвэл хүүхдийн манеж, усанд оруулах банныг нь бэлдэж өгдөг. Амрах болон хоол, цайгаа өөрсдөө хийхэд зориулсан хэсэг бий. Бусад газраас ялгаатай зүйл нь бүх өрөө тасалдахгүй, өндөр хурдтай интернэттэй. Зочид буудлын хаана ч гацахгүй. Бүх өрөөнд Юнивишний төхөөрөмжтэй. Дуртай контентоо ухрааж, нөхөж үзэх боломжтой.
Зочид буудлын өрөөн дотроос үзэгдэх орчин сайтай. Богд зочид буудал дотроос хүүхдийн парк, арвайн тал, мөн нутгийн шүтээн уул харагддаг. Хүүхдийн паркийн ногоон орчныг, нутгийн сүрлэг уулсыг цонхоор харах нь хүмүүст их тааламжтай байдаг.
Зочид буудлын өрөөний үнэ одоогоор 99,000-450,000 хооронд байна. Дөрөвдүгээр сарын 1-нээс бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж байгаатай холбоотой үнээ бага зэрэг нэмнэ.
-Үйлчилгээний зэрэглэлийг анх хэзээ ахиулж байв?
-Анх зочид буудлын барилгын зураг төсвийг хийхдээ одны стандарт шалгуурыг хангахаар шийдсэн юм. Стандарт үзүүлэлтээ шалгуулаад 2022 оны дөрөвдүгээр сард дөрвөн одтой зочид буудлын зэрэглэлээ аваад байна.
Улмаар орон нутгийн анхны дөрвөн одтой зочид буудал болсон. Одны зэрэглэлээ ахиулах зорилготой ажиллаж байна. Гэхдээ одны зэрэглэл авахын тулд тусгай шалгуур үзүүлэлтүүдийг хангах ёстой. Материаллаг бааз, нөгөө талаасаа хүний нөөц боловсон хүчин гээд хоёр том бүлэг шалгуураар одны зэрэглэл олгодог.
Бидний өмнө Өвөрхангайн Хужирт сумын Хан хужирт дөрвөн одны зэрэглэлийг авсан ч тэднийх амралтын газрын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг юм билээ.
-Маш эртэч үйлчилгээтэй гэж үйлчлүүлэгчид магтсан байсан?
-Зочид буудлын хувьд 24 цагаар ажилладаг. Ресторан, кофе шопын тухайд өглөө 07:00 цагт нээдэг. Өглөө эрт кофе уудаг хүмүүс бий. Хоносон зочид өглөө эрт мөн цайгаа уудаг. Ер нь бол баярын өдрүүдээр цагаан сарын шинийн нэгэн байсан ч өглөө 07:00 цагт үүдээ нээдэг. Зөвхөн зочдоос гадна байнгын хэрэглэгчид бий. Зун болохоор өглөөд гүйж, алхаж байгаа хүмүүс манайхаар үйлчлүүлдэг.
Зочид буудалд мэргэжлийн тогооч нар ажиллаж байгаа. Мастер тогооч байхгүй. Гэхдээ хүмүүсээ эхнээс нь сургаж аваад ажиллуулж байгаа. Хоолны тухайд Ази эсвэл Европ гэсэн чиглэл байхгүй. Төрөл бүрийн л хоолоор үйлчилдэг. Монгол, Солонгос, Хятад хоол ч бий.
Зөвлөх багийнхан болон тогооч нар очиж хараад орон нутагтаа тэр бүү хэл Монголд ховор зочид буудлын гал тогоотой юм байна гэж дүгнэсэн. Тоног төхөөрөмж, ажлын зохион байгуулалтын хувьд энэхүү үнэлгээг авч байгаа.
Зочид буудлын ажилчдаа мэргэжлийн чиглүүлэх сургалтад тогтмол хамруулж байх хэрэгтэй.
-Та бүхний хувьд орон нутагт шинэ хандлага, соёл түгээж байгаа нь сайхан санагдлаа?
-Орон нутгийн иргэд зочид буудлын үйлчилгээг тааламжтай хүлээж авсан. Зочид дагуулаад ирэхэд амар байна, нөгөө талдаа бахархалтай санагдаж байна гэдэг. Өвөрхангайн хувьд долоо орчим зочид буудалтай. Нэгнээсээ суралцаж байгаа. Манай зочид буудал байгуулагдсан цагаас хойш Өвөрхангайн бүх зочид буудал урсгал засвар хийсэн. Ажилтнуудынх нь харилцаа хандлага сайжирч, хувцаслалтаас эхлээд эерэг өөрчлөлт орж байна.
Мэдээж хэрэг нэг зах зээл дээр үйл ажиллаагаа явуулж байгаа хүмүүс өрсөлдөх хэлбэрээр бий. Гэхдээ л бидний хувьд аль болох эергээр нөлөөлж байна.
-Хүний нөөцөө чадавхжуулах тал дээр ямар арга барилаар ажиллаж байгаа вэ? Танай ажилтнуудыг их найрсаг харилцаатай гэж дуулсан юм?
-Манай байгууллага одоогоор 40 гаруй ажилтантай. Бүх ажилчдаа орон нутгаас сонгож аваад байна. Суралцах чадвартай, зөв хандлагатай хүмүүсийг ажилд авсан юм. Ажлын байран дээрээ суралцаж байгаа. Зочид буудлаа анх байгуулахдаа зөвлөх үйлчилгээ авсан. Түүнчлэн ажлын байран дээрээ чиглүүлэх сургалтууд авдаг.
Зочид буудлын угтах үйлчилгээгээ брэнд үйлчилгээ болгох зорилготой ажиллаж байна. Орон нутгийн хүмүүс манай ажилтнуудыг мэндлэхээр эхлээд гайхаж хараад, дуугардаггүй байсан. Орж ирэхэд нь гурав, дөрвөн удаа мэндлээд эхлэхээр сүүлдээ мэнд мэдээд эхэлдэг. Угтах үйлчилгээний мэндлэх жишиг өмнө нь Өвөрхангай аймагт байгаагүй. Харин одоо бол тэр аяараа мэндлэх ёсонд суралцаад байна.
-Зочид буудлын чиглэлээр үйл ажиллагаа эрхлэхээр сонирхож буй хүмүүст ямар зөвлөгөө өгөх вэ?
-Анх зочид буудлын барилга барихдаа хэдэн одны зэрэглэлтэйг төлөвлөж байгаагаа тооцох хэрэгтэй. Жишээлбэл, таван одтой зочид буудал барихаар зорьж байгаа бол өрөөний метр квадрат, хурлын өрөөний талбайн хэмжээ ч мөн адил өөр байна. Тухайн одны зэрэглэлийн стандартад анхнаасаа нийцүүлж барилгын төлөвлөлтөө зөв хийх ёстой.
Жуулчид аль болох таатай, аюулгүй орчин нөхцөлийг хүсдэг болсон.
-Зочид буудлын үйлчилгээг сайжруулах арга замын талаар та байр сууриа илэрхийлэхгүй юу?
-Зочид буудал бол үйлчилгээ бас аялал жуулчлалын салбар. Аялал жуулчлал талаасаа улирлын чанартай үйл ажиллагаа явуулдаг. Зочид гэхээр гадаад хүмүүсийг ойлгодог. Гэхдээ тийм биш.
Ховд, Говь-Алтай, Баянхонгороос ч гэдэг юм уу аймгуудаас зочид буудлын чиглэлээр үйлчилгээ эрхлэх, хөрөнгө оруулах сонирхолтой хүмүүс бидэнд хандаж, зөвлөгөө авдаг. Бид хуулж болохгүй гэдгийг сануулдаг. Харин туршлага солилцох, санаа авах тухайд харамгүй зөвлөгөө өгдөг. Орон нутгийн онцлог ялгааг ч сайн тайлбарлахыг хичээж байна.
Тухайн салбарын хөгжлийг аль болох зөв, хүртээмжтэй байлгахад анхаарч ажиллаж байгаа. Соёлч боловсон үйлчилгээ Монголын аль ч өнцөг булан бүрд байх ёстой. 2024 оныг Монголд зочлох жил болгон зарлаад байна. Тиймээс зочид ирэхэд таатай, аюулгүй орчин бүрдүүлэхэд хувь нэмрээ оруулах нь зүйтэй.