Зураг
Зураг
Индэр    
Ч.Батцэцэг: Хөдөөг ойлгодог, үнэлдэг, хайрладаг, хамгаалдаг хүн л хөдөөд хэрэгтэй. Хөдөө амьдрах нь үнэт зүйлийн сонголт юм
Зураг
2023 оны 2 сарын 8
Зураг
iKon.mn сэтгүүлч

Ч.Батцэцэг: Хөдөөг ойлгодог, үнэлдэг, хайрладаг, хамгаалдаг хүн л хөдөөд хэрэгтэй. Хөдөө амьдрах нь үнэт зүйлийн сонголт юм

"Хөдөө амьдарцгаая" иргэдийн санаачилгыг одоогоос таван жилийн өмнө эхлүүлсэн хүн бол "Хөдөөгийн Шинэчлэл Хөгжлийн Түншлэл" ТББ-ын тэргүүн Ч.Батцэцэг. Тэрбээр хотоос хөдөөг зорьж, Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хантай багт амьдарч байна. Хөдөө амьдрахад тулгарч байгаа саад бэрхшээлээ хэрхэн даван туулж буй талаар болон орон нутагт бизнесийн ямар боломж бий талаар түүнтэй ярилцлаа. 

-Сайн байна уу?. Юуны өмнө манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу? 

-Сайн байна уу? Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хантай багийн зөгийчин Ч.Батцэцэг байна. Хүмүүс намайг “Хөдөө амьдаръя”-гийн Батцэцэг, хөдөөний хүүхэн ч гэдэг дээ.

-Таны хувьд 2018 онд хөдөө амьдрах иргэдийн санаачилгыг эхлүүлж байсан. Тэр үеэс хойш хэчнээн иргэн нэгдэж, хөдөө амьдарч эхэлсэн бэ? Яагаад заавал хөдөөг тэр дундаа Булганы Хутаг-Өндөрийг зорих болов?

-"Хөдөө амьдарцгаая" фэйсбүүк групп 11 мянга гаруй гишүүнтэй. Тэдний 10 хувь нь хотоос гарч хөдөө, орон нутагт амьдарч байгаа хүмүүс харин 90 хувь нь хотоос гарч хөдөө, орон нутагт амьдрах хүсэл сонирхолтой хүмүүс юм.

 Бид энэ группт хөдөө, орон нутагт амьдрахын давуу тал, бэрхшээл, боломжуудын талаар ярилцаж, мэдээлэл, туршлага солилцдог. Хөдөө амьдарцгаая иргэдийн санаачилгын хүрээнд "Хөдөөгийн шинэчлэл хөгжлийн түншлэл" ТББ 2019 оноос эхлэн Булган аймгийн Хутаг-Өндөр сумтай хамтын ажиллагаа өрнүүлж байна. Үр дүнд нь суугуул иргэдэд ээлтэй сумыг бий болгох зорилготой.

Сүүлийн таван жилийн дотор Хутаг-Өндөр суманд шилжиж ирсэн айлууд нийлж, нийгмийн бүлэг үүсгээд түүгээрээ дамжуулж бие биетэйгээ танилцаж, нөхөрлөж, харилцан туслалцаж, нийгэмд тустай үйл хэрэг санаачлан хэрэгжүүлж байна.

Энэ нь орон нутагт шинээр ирж байгаа суугуул иргэдийг хүлээж авах таатай нөхцөл болдог. Хутаг-Өндөр сумын тухайд хангайн бүсийн үзэсгэлэнтэй байгаль, таатай цаг агаартай, уул уурхайгүй, хүнд аж үйлдвэрийн бохирдолгүй, ой мод ихтэй, гол мөрөн олонтой, улсын чанартай төв зам дагуу байрлалтай, Мөрөн, Эрдэнэт хотуудын дунд оршдог. Мөн сум дундын үйлчилгээ төвлөрсөн, хүн ам ихтэй, худалдан авах чадамжтай тун давгүй сум юм. Хангайн бүсийн улсын тэргүүний сум гэж байгаа. Тиймээс зорьж ирээд амьдарч байна.  

Нутаг нь үзэсгэлэнтэй ч иргэд нь ааш авир ихтэй бол аз жаргалгүй болдог

зураг
 
Battsetseg Chagdgaa фэйсбүүк хуудсаас авав

-Нутгийн хүмүүс хэрхэн угтах бол, гадуурхах болов уу гэсэн айдас хөдөөг зорихоор сонирхож буй хүмүүст бий. Таныг анх Хутаг-Өндөрчүүд хэрхэн угтаж байсан бол? Гаднын хүн гэхээр яаж хүлээж авдаг вэ? 

-Намайг анх ирэхэд их сонжиж бас шоглодог байсан. Эргээд бодох нь ээ их тоодог байж. Хөөж тууна, өөлж гоочилно гээд бөөн адал явдал. Бүх хүн нэг тал, би ганцаараа нөгөө тал юм шиг л санагддаг байлаа. Шинэ дээрээ бас эмзэг байдаг юм шиг байгаа юм. Юм л бол гомдоод, эмороод, хот руугаа гүйчихдэг байж. Хүнд тэгээд ер нь хүн л хамаатай юм билээ.

Нутаг орон нь хэчнээн үзэсгэлэнтэй байгаад хүн ард нь ааш авир ихтэй бол аз жаргалгүй болдог. Харин эсрэгээрээ элсэн цөлд байсан ч элэгсэг хүмүүсийн дунд бол жаргаж болох байх гэж боддог болсон. Одоо хүмүүс намайг тоохоо байв уу би хүмүүсийг тоохоо байв уу, ямартай ч хот руу гүйгээгүй найман сар болж байна. Тэгэхээр сэтгэл зүйн бэлтгэлтэй л ирэх хэрэгтэй. Хардуулна, сэрдүүлнэ, юм юм л болно. Сумын төвөөр бол ширүүн шүү дээ. Баг, хөдөө газраа бол гайгүй. Хэн ч бай танихгүй хүнээс эмээнэ шүү дээ. Танилцаад, мэдэлцээд, зан зангаа авалцаад ирэхээр ижилсдэг хорвоо доо.

-Таны хувьд зөгийн аж ахуй эрхэлж байгаа юм билээ. Хөдөө анх очоод ямар ямар бизнес сонирхож эхлүүлж байсан бэ? Хөдөө аж ахуйн кластер хөгжүүлэх чиглэлээр ажиллаж байсан гэж дуулсан юм.

-Хөдөө амьдрахад хамгийн тохиромжтой нь мэдээж хөдөө аж ахуйн бизнес. Тэр дундаа зөгийн аж ахуй нь хотод төрж өссөн, биеийн хүчний ажилд маруухан, мал ахуй мэдэхгүй, газар орон танихгүй над мэтийн суугуул хүмүүст илүү тохиромжтой санагдсан. Учир нь зөгийн аж ахуйг бага санхүүжилтээр эхлүүлж болдог, газар, тусгай зөвшөөрөл шаардахгүй. Орон нутгийнхантай зөрчил маргаан үүсгэхгүй, хог хаягдалгүй. Харин ч эсрэгээрээ байгальд ээлтэй, газар тариалангийн ургацыг нэмэгдүүлж, малын бэлчээрийг сэргээдэг. Зун түлхүү ажиллаад өвөлдөө сайхан амарчихдаг, боломжийн өгөөжтэй аж ахуй юм.

зураг
 
Battsetseg Chagdgaa фэйсбүүк хуудсаас авав

Мөн зөгийн бал нь хадгалалт, тээвэрлэлт сайн даадаг, овор багатай, үнэлгээ өндөртэй, экспортын чиг баримжаатай бүтээгдэхүүн л дээ. Тиймээс хотоос хөдөө, орон нутагт шилжиж амьдрахаар сонирхож байгаа хүмүүст би зөгийн аж ахуй эрхлэхийг зөвлөдөг.

Харин кластерын тухайд хотод амьдарч байхдаа Монголын гоо сайхны бүтээгдэхүүний кластер дээр ажиллаж байсан. Тэр туршлагаараа дээд зэрэглэлийн махны үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилготой Сэлэнгэ үхрийн махны экспортын кластерын санаачилгыг орон нутгийн фермерүүд болон их сургуулиудтай хамтран өрнүүлсэн. Сэлэнгэ үхэр бол Булган аймгаас гаралтай мах, сүүний чиглэлийн сайн үүлдрийн үхэр юм. Энэ кластерын санаачилга нь санхүүжилтгүйн улмаас судалгааны шатандаа зогссон байгаа. Цаг нь болохоор үргэлжлүүлнэ ээ.

-Цэвэр агаар, амар тайван амьдрал, аюулгүй орчин гээд хөдөө амьдрахад сайхан зүйл олон. Таны хувьд хөдөө амьдрах зайлшгүй шалтгаан, сайн талыг нь юу гэж хэлэх вэ?

-Анх хотоос гарах шаардлага нь хөдөө амьдрах шалтгаан болж байлаа. Улаанбаатар хотын агаар, орчны бохирдол, авто замын түгжрэл, дуу чимээ, стресс гэх мэт. Харин одоо бол хот цэвэрхэн, тайван амгалан болсон ч хөдөөд үлдэж амьдрах олон шалтгаантай болсон.

Нэгдүгээрт, хүний гараар бүтээсэн бетонон орчин эсвэл хиймэл оюун ухаанаар бүтсэн мета ертөнцөд биш харин хүн байгаль харилцан хамааралтай, харилцаатай бодит ертөнцөд амьдрахыг би хувьдаа илүүд үздэг учраас хөдөө амьдрахыг сонгосон.

Гэвч цаг уурын өөрчлөлттэй холбоотойгоор бидэнд олон сорилт ирж байгаа. Байгалийг ойлгох, байгалийн эрхийг дээдлэх хэрэгцээ шаардлага улам нэмэгдэж байна. Энэ цаг үед монголын хөдөөд байгалийг хайрлаж хамгаалах ухамсартай хүн хүч, нөөц маш их хэрэгтэй байгаа. Хөдөө амьдрах сонголт хийснээр орчин үеийн ололт амжилт, олон шинэ зүйлээс хоцорч магад. Тиймээс хөдөө амьдрах нь үнэт зүйлийн сонголт гэж ойлгож болно.

Хоёрдугаарт, эдийн засгийн эрх чөлөө нь хангалттай мөнгөтэй байхад бус мөнгөнөөс хамааралгүй байхад оршдог. Өөрөөр хэлбэл цар тахал, хүнсний хомсдол, байгалийн гамшиг, дайны үед хэчнээн мөнгөтэй байлаа ч амь зуух боломжгүй нөхцөл байдал үүсдэг шүү дээ.

Ногоогоо ургуулж, малаа өөрөө өсгөчих ухаантай байх нь чухал

зураг
 
Battsetseg Chagdgaa фэйсбүүк хуудсаас авав

Харин мөнгөнөөс хамаарал багатай, ногоогоо өөрөө ургуулаад, малаа өөрөө өсгөчих ухаантай, голоос загас бариад, уулнаас жимсээ олоод идчих аргатай, амьд үлдэх чадвартай байх нь бие даасан байдлын шинэ чиг хандлага гэж харж байна.

Учир нь суурин соёлын нөлөөгөөр бид худалдаа, үйлчилгээнээс хэт хамааралтай болсон байна. Дэлгүүр хаахад л хүнсгүй болно, үйлчилгээ зогсоход л тав тух алдана, төгрөгийн ханш унахад л бүгд хямарна. Төвийн шугамд холбогдсон байранд тог, ус тасрахад л амьдрах аргагүй болно. Гэтэл Монгол малчид цар тахлын хөл хорионы үеэр ч хэчнээн тайван, хэвийн сайхан амьдарч байв. Уулын мухарт хэнээс ч хамааралгүй хэдэн ч сар амьдарч чадах эд материалын болоод сэтгэл зүйн бэлтгэлтэй, бие даасан, эрх чөлөөтэй хүмүүс нүүдэлчид л байна. Цар тахлын дараах хамгийн таатай шинэ хэвийн байдал бол хөдөө амьдрах юм гээд л цар тахлын үеэр ярилцлага өгч байлаа. Энэ бодол маань одоо ч хэвээрээ.

Гуравдугаарт, хөдөө амьдрахыг би хамгийн догь, тансаг амьдралын хэв маяг гэж боддог. Учир нь агаар нь, хөрс нь, ус нь, хүнс нь эрүүл. Аж үйлдвэржилтийн нөлөөгөөр жинхэнэ юм гэж байхаа больж бидний хэрэглэдэг ихэнх хүнс генийн өөрчлөлттэй, гарал үүсэл нь тодорхойгүй, гоо сайхны бараа, хувцас, тавилга хүртэл аюултай химийн бодисын найрлагатай, эрүүл мэндэд ээлгүй болсон. Хөдөө амьдрах нь орон зай, үзэгдэх орчин, амгалан тайван байдал гээд олон талаараа хотод амьдрахтай харьцуулшгүй тансаг. Мөн хөдөөгийн амьдралын хэв маяг нь хотын хүмүүст шинэ, сонирхолтой, адал явдлаар дүүрэн байдаг.

Цаашлаад газар нутгийн бүрэн бүтэн байдлыг хамгаалах, дэлхийн сүүлчийн нүүдэлчин соёлыг хадгалах гээд олон шалтгааныг дурдаж болно.

-Боловсролын үйлчилгээ хөдөө амьдрахад тулгамдсан асуудал болж буйг хүмүүс дурддаг. Хүүхдийнхээ боловсролд хэрхэн анхаарч байна вэ? 

-Нутгийн нэг айлын хүү аав ээжээсээ “Намайг хурдан сургуулиас гаргаад аль. Хайран цаг хугацаа дэмий өнгөрөөд байна. Эртхэн мал дээрээ гарч сурах ёстой юмаа сурмаар байна” гэсэн гэдэг. Үүнийг сонсоод халаглах ёстой юу бахархах ёстой юу? Боловсролыг ч тэр хөгжлийг ч тэр хот, хөдөөгийн хүмүүс өөр өөрөөр хардаг.

Миний хүүхдэдээ өгөхийг хүсэж байгаа боловсролыг ЕБС-д заадаггүй. Монгол Улсын ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрийг би хангалттай сайн бас зөв ч гэж үздэггүй. Багш нарын мэдлэг, ур чадвар, заах арга зүйг ч бас хот, хөдөөд нэг их ялгаатай гэж боддоггүй болохоор надад голж шилээд байх юм байхгүй.

Харин хүүхэд сурах арга барилтай, бие дааж суралцах чадвартай, өөрийнхөө авьяас, хүсэл сонирхлыг таньж мэдэх, мэдлэгийг эрж хайх эрмэлзэлтэй, тууштай болох нь л чухал гэж боддог. Үүнийг хот, хөдөөгийн сургуулийн аль нь ч хангалттай өгч чадахгүй байна. Энэ тал дээр монголын боловсролын системд сэтгэл хангалуун бус байдаг. Дугуйлангийн хувьд гэвэл манай хүүхэд сумын төвд төгөлдөр хуурын дугуйланд явж давхар simplypiano аппликэйшнээс суралцдаг. Энэ жил бага сургуулийн нэгдүгээр ангид элсэж унших, бичих, тоо бодоход суралцаж байна. Эх хэлээрээ уншиж, бичих асуудалгүй болохоор нь гадаад хэлэнд нь анхаарал тавина гэж бодож байгаа.

Багийн төв дээр англи хэлний дугуйлан хичээллүүлж эхэлсэн

зураг
 
Battsetseg Chagdgaa фэйсбүүк хуудсаас авав

-Таны хувьд ажлын байраа хэрхэн бий болгож, орлогын бүтцээ яаж өөрчилсөн бэ? Энэ бүхнийг хэрхэн шийдсэн талаараа хүмүүст зөвлөгөө өгөхгүй юу?

-Улаанбаатар хотод өөрийн эрхэлдэг жижиг үйлдвэрлэлийн бизнестэй. Зайнаас ажлаа хийж цалингаа авдаг. Түүгээрээ хөдөө амьдарч байна. Саяхныг хүртэл орон нутгаас олдог орлогогүй байлаа. Харин энэ намраас багийн төв дээр англи хэлний дугуйлан хичээллүүлж эхэлсэн. Бас өнгөрсөн зунаас зөгийн аж ахуй эрхэлж байгаа ч хараахан ашигт ажиллагаа руугаа ороогүй байна. Энэ зунаас л үр шимээ хүртэж эхлэхээр төлөвлөж байна. Санхүүгийн хувьд орон нутгаас шууд хамааралтай байх нь эрсдэлтэй гэдгийг ойлгох хэрэгтэй.

Өмнө хэлсэнчлэн нэг бол орон нутгаас хамааралгүй орлогын эх үүсвэртэй, эс бол хэсэгтээ хэрэглэх хуримтлалтай ирэх нь зөв. Мэдээж бэлэн ажиллаж байгаа, жигдэрсэн орон нутгийн бизнесийг худалдаж аваад ирвэл өөр хэрэг. Шинэ бизнес, аж ахуй босгоно гэвэл цаг хугацаа орно. Хөдөөд дан ганц төрийн байгууллагын цалингаар ажилладаг хүмүүс ч бас цөөн юм шиг байгаа юм. Ихэнх нь давхар мал аж ахуй, газар тариалан, худалдаа наймаа эрхэлдэг. Тэгэхээр төрийн албанд ажилд орсон байлаа ч хажуугаар нь өөр орлогын эх үүсвэрээ тооцоолох нь чухал.

Жишээ нь онлайн худалдаа, гар урлал, дугуйлан секц гэх мэт. Бас өрх толгойлсон ганц бие эх, эцэг ирж амьдрахад жаахан хэцүү гэдгийг өөрийнхөө туршлагаар сануулъя. Хөдөөгийн ахуй хөдөлмөр ихтэй болохоор ганц хүн гэрийн ажлаасаа давж өндийхгүй. Хоёулаа байж гэмээнэ учиртай болно. Үнэхээр амьдармаар байвал хоёр гурван айл нийлээд, эсвэл хамаатан саднаараа цугтаа ирвэл бүр ч сайн. Бүр аргагүй бол манай суманд ирээд суугуул иргэдээ түш л гэе дээ. /инээв/

-Хөршийнхөө тухай яриач. Олон сайхан хөрштэй гэж дуулсан?

-Манай суманд сүүлийн жилүүдэд хотоос шилжиж ирсэн миний мэдэх 10 гаруй өрх байна. Олон янзын мэргэжил боловсролтой хүмүүс бий. Бид нэг бүлэг болж хөршийн холбоотой амьдардаг. Шинэ айл ирэхэд мэдээллээр хангаж, тусалж дэмжихийг эрмэлзэнэ.

Баяр ёслолоор цуглах, чөлөөт цагаа хамт өнгөрөөх зэргээр нийгэмших хэрэгцээгээ хангадаг. Бие биеэсээ хийсэн зүйлийг нь худалдаж авч, гаргасан санаачилгыг нь дэмжинэ. Хүүхдийг нь харна гээд хамаатан садан, найз нөхөд, хөрш саахалтын үүргийг гүйцэтгэж байна. Хотод гэр бүл, найз нөхдөө үлдээгээд таних хүнгүй газар зориглоод ирсэн хүмүүст маш их сэтгэлийн дэм хэрэг болдог.

Хотын хүмүүс хөдөө амьдрах хэцүү шүү дээ. Суугуул иргэд ер нь хөдөөгийн ахуй нөхцөлийн бэрхээс илүү орон нутгийн хүмүүсийн ааш зангийн бэрхээс мөн ганцаардлаас болж шантрах хандлагатай байдаг. Элэгсэг хөрштэй хүн нутаг орондоо хурдан дасаж, ээнэгшдэг. Хөрш гэдэгт зөвхөн хажуу айл бус тухайн орон нутагтаа харилцаанд орж байгаа хүн бүхэн хамаарна. Ажлынхан, хүүхдийн ангийнхан, дэлгүүрийн худалдагч, үйлчилгээний байгууллагын ажилчид, төрийн албан хаагчид гэх мэт. Суугуул иргэдэд ээлтэй сум байх тухай ойлголт ч мөн сайн хөршийн тухай ойлголт юм.    

-Хотын хүн хөдөө очиж суурьшихад мэдээж хэрэг саад бэрхшээл бишгүй л тохиолдож байсан байх. Хэрхэн даван туулж байв?

-Хамгийн том бэрхшээл бол соёлын ялгаатай байдал. Анх ирээд нэг хэлээр яриад байгаа мөртлөө хүмүүстэй сайн ойлголцдоггүй, санал нийлдэггүй байлаа. Бодож сэтгэх маяг, ярьж хэлэх хэлбэр ондоо. Хариу үйлдэл үзүүлэх хурд хүртэл өөр. Хөдөө амьдрах нь одоо ч гадаадад амьдрахаас хэцүү санагддаг. Эхэндээ өөрийгөө ойлгуулах гэж хичээж байсан бол яваандаа хөдөөгийн хүмүүсийг ойлгох гэж оролдсоноор нөхцөл байдал дээрдсэн. Орон нутгийн онцлог, түүх, үнэт зүйл зэргийг судалж мэдээд ирэхээр хүмүүсийн гаргаж байгаа нийтлэг зан ааш, үйл хөдлөлийг ойлгож эхэлдэг юм билээ.

Тэгээд ойлгохгүй зарим зүйлийг бас хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болдог. Жишээ нь зарим өдөр айлууд яагаад гэрээсээ юм гаргадаггүйг би одоо ч ойлгодоггүй. Үүнээс болоод айлын хөлдөөгчид хадгалуулсан махаа авч идэж чадахгүй хоосон хонож ч байлаа. Яагаад дэлгүүрт нойтон мах, сүү зардаггүй вэ гэдгийг ойлгох гэж хэсэг удсан. Дараа нь хүлээн зөвшөөрөх гэж бөөн юм болсон. Одоо бол бүр дасан зохицож, зөвтгөх хандлагатай болж байна. Хөдөөг хөдөөгийн хүний нүдээр харах нь олон зүйлийг ойлгомжтой болгодог. Гэвч хөдөөгийн хүний нүдээр харлаа гээд хөдөөгийн хүний амьдралаар амьдарна гэдэг бас өөр. Энэ бол зүгээр хийчих сонголт биш сурах, дасах, дадах тухай урт хугацааны асуудал юм. Энэ л хамгийн том бэрхшээл байна даа. Одоо ч даван туулж чадаагүй л явна.

-Анх хөдөө очсоноос хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд гарсан өөрчлөлтүүдийг нэрлэхгүй юу?

-Мэдээж маш их зүйл сурсан. Хамгийн хэцүү нь сурах тусам улам их сурах зүйл гарч ирээд байгаа. Заримдаа би хэзээ ч хөдөөгийн хүн болж чадахгүй юм байна гэж бодогддог. Түлээ хагалах, гал асаах, гал таслахгүй байх, гал тааруулах, тогоо тавьж сүү хөөрүүлэх, хөөрсөн сүүнээс өрөм загсаах, үлдсэн сүүгээр нь тараг бүрэх, таргийн сайн хөрөнгөтэй байх гээд хийх ажил хязгааргүй үргэлжилнэ. Хотод бол дэлгүүр орлоо, пакеттай тараг сагсандаа хийлээ, гүйцээ. Хотод хэзээ ч хэрэг болдоггүй олон зүйл хөдөө амьдрахад хэрэг болдог.

Хөдөө оршиж байна гэдэг нь хөдөө амьдарч байна гэсэн үг биш юм. Хөдөө амьдарна гэдэг хотод төрж өссөн хүнд амаргүй сорилт. Тиймээс би одоохондоо хөдөө амьдраад байгаа биш хөдөө оршоод байгаа юм. Гэхдээ энэ хөдөөших үйл явц үнэхээр сонирхолтой бас тааламжтай. Хөдөө ирснээр илүү тайван, хүлээцтэй бас гар завгүй ч тархи завтай болсон. Яг л тэтгэвэртээ гарсан юм шиг санагддаг. Их юм эргэцүүлж бодох, гэр бүлийн асуудалд анхаарал хандуулах цагтай болсон. Илүү их хугацааг дотор биш гадаа өнгөрөөдөг болсон. Хүмүүстэй гүнзгийрч, дотносож, харилцаандаа хариуцлага хүлээж, хуваалцаж сурч байна. Хотод их зожиг хэв маягаар амьдардаг байсан юм билээ.   

-Саяхан та өөрийн өмчийн газартай болсон гэж цахим хуудсандаа бичсэн байсан. Баяр хүргэе. Орон нутагт газар өмчлөх нь хэр хүндрэлтэй юм байна?

-Өрхийн зориулалттай өмчлөлийн газар худалдаж авсан. Хөдөө амьдарсан нэг жилийн ойгоороо өөрийгөө урамшуулсан юм. Эрт худалдаж авч болох байсан ч энэ нутагт баттай суурьших эсэхээ мэдэхгүй байсан болохоор азнасан л даа. Орон нутагт газар өмчлөх эрх нь нээлттэй ч хүрэлцээ муу байдаг.

Суурьшлын бүсэд жил бүр олгодог газрын тоо цөөхөн, өргөдлийн тоо олон. Тэгээд ч газар боломжийн үнэтэй болохоор худалдаж авах нь чирэгдэл багатай. Газрын тухай яривал дангаараа нэг бүтэн ярилцлага болно. Тиймээс энэ удаад алгасъя.

Гурван суугуул иргэн тутмын хоёр нь ялгаварлан гадуурхлыг илт мэдэрдэг, эмзэглэдэг

-Хөдөө амьдрах хүсэлтэй олон хүн байгаа ч төдийлөн шийдвэр гаргаж чадахгүй байгаа шалтгааныг та юу гэж харж байна вэ?

-Орон нутгийн талаар мэдээлэл хомс байдаг учраас хотынхны хувьд хөдөө, орон нутгийн амьдралын нөхцөл ямар талаар сайн мэдэхгүй. Хүн мэдэхгүй зүйлээсээ айдаг. Бас тодорхойгүй зүйлээс болгоомжилдог. Наад зах нь амьдрах байр, ажиллах газар нь тодорхой биш бол нүүдэл суудал хийх аргагүй. Гэтэл амьдрах байртай, ажиллах газартай байгаад ч явахгүй нэг нь байна.

Нэгдүгээрт, ялгаварлан гадуурхагдахаас айж эмээх явдал. Орон нутагт гурван суугуул иргэн тутмын хоёр нь ялгаварлан гадуурхлыг илт мэдэрдэг, эмзэглэдэг.

Хоёрдугаарт, орон нутагт юм бүхэн байгаа ч сонголт байхгүй. Сургууль байна уу байна, эмнэлэг байна уу байна. Гэвч нэг л эмнэлэг, нэг л цэцэрлэг, нэг л сургуультай. Багийн түвшинд бол бүр нэг ч үгүй нь ч байна. Тэгэхээр үүнийг хүлээн зөвшөөрөхөд их сэтгэлийн тэнхээ шаардана.

Гуравдугаарт, орон нутагт олон боломж байгаа ч хийж хэрэгжүүлэх нөхцөл нь хомс. Жишээ нь, байшин баръя гэхэд барилгын материал олдохгүй, барилга барих ажилчин байхгүй. Үйлдвэрлэл эрхэлье гэхээр хамаг түүхий эд, сав баглаа боодлын үйлдвэр, ажиллах хүч нь хотод байдаг.

Дөрөвдүгээрт, орон нутагт амьдрахад шаардлагагүй зардал бага гардаг ч шаардлагатай зардал нь хотоос өндөр. Эхний хэдэн жил учраа олтлоо амьжиргаагаа залгуулах орлогын эх үүсвэртэй эсвэл хуримтлалтай байх шаардлага үүсдэг. Энэ мэтчилэн тоочоод байвал хөдөө, орон нутагт амьдрах аргагүй мэт санагдана даа. Гэхдээ үнэхээр хүсэх юм бол олон жил төлөвлөж хураасан мөнгөөрөө хөдөө мөрөөдлийн амьдралаа бүтээгээд амьдарч байгаа жишээ олон байна. Орон нутагт хөлөө олно, хөдөөшиж дасна гэдэг 2-3 жилийн ажил учраас санхүүгийн болоод сэтгэл санааны бэлтгэлтэй ирэх хэрэгтэй.

-Ажлын байр олдохгүй байна гэхээсээ илүү өөрсдөө бий болгох нь зүйтэй гэж ярих боллоо. Хутаг-Өндөрийг зорьж очвол аль салбарт бизнесийн ямар боломж байна вэ?

-Манай суманд хүнсний ногоо их тариалдаг мөртлөө нарийн ногоо их дутагдалтай. Өвөл, зуны ямар ч хүлэмж байсан болно. Сумын төвийг хангахаас гадна Эрдэнэт, Булган, Мөрөн хот мөн ойролцоох рашаан, сувиллуудад нарийн ногоо нийлүүлэх боломжтой. Тахианы аж ахуй ч бас хэрэгтэй.

Хутаг-Өндөр сумын бараг бүх цайны газар, ресторан, амралтын газрууд тахианы махтай хоол гаргадаг боловч тахианы мах нийлүүлдэг үйлдвэрлэгч байхгүй, Эрдэнэтээс авдаг. Мөн малын гаралтай дайвар түүхий эд боловсруулах үйлдвэр, цехүүд байгуулагдвал түүхий эд хангалттай байна. Зөгийн аж ахуй эрхэлбэл маш сайхан балт ургамлаар элбэг дэлбэг бэлчээр байна. Төв зам дагуу байрлалтай учраас машин угаалга, авто засвар, зочид буудал, аялал жуулчлалын цогцолбор гээд хийж болох зүйл их бий.

Шинээр хүмүүс их суурьшиж байгаа учраас орон сууц, хаус хотхон барьсан ч зарагдана гэж бодож байна. Манай сум харьцангуй худалдан авах чадвар сайтай. Сумын төвдөө 20 гаруй хүнсний дэлгүүр, 2-3 талхны цех, 2 үсчин, гоо сайхны салон, хувцас угаалгын газар хүртэл ажиллаж байна. Сонголт нь цөөхөн ч юм юм бий дээ.    

-Иргэд өөрсдөө ажил олгогч болж, үйлдвэр үйлчилгээ эрхлэхэд төрөөс ямар хэлбэрээр одоогийн байдлаар дэмжиж байна вэ?

-Одоохондоо яриад л байгаагаас биш яг хийсэн зүйл үгүй. Улаанбаатар хотоос алслагдсан байдлаас шалтгаалж ААНОАТ-аас хөнгөлдөг байсан нь хэвээрээ. Төрийн албан хаагчдад орон нутгийн нэмэгдэл гэж байдаг. Сум хөгжүүлэх сан хоршоог дэмжих сан болсон бөгөөд бизнес эрхлэгчдэд бага хэмжээний хөнгөлөлттэй зээл гардаг.

Өөрөөр хотод байдгаас илүү гарах эсвэл дүйж очих дэмжлэг байхгүй. Орон нутгийн бизнес эрхлэгчдэд тэгш, хүртээмжтэй, дорвитой дэмжлэг хэрэгтэй.

-Манай аймагт ийм төрлийн бизнес эрхэлж болно, тэр салбарт тийм боломж байгаа гэдэг хандлагаар хандах цаг нь болсон гэж иргэд саналаа илэрхийлж байгаа. Энэ тал дээр та байр сууриа илэрхийлэхгүй юу?

-Өндөр хөгжилтэй улс орнуудад чадварлаг хүмүүсийг эх орондоо амьдруулж, мэдлэг, ур чадварыг нь ашиглаж хөгжихийн тулд чанартай цагаачдын төлөө өрсөлддөг. Салбар салбарын шилдгүүдийг татах тусгай бодлого, урамшууллын хөтөлбөр ч бий.

Харин манай улсад жалга довны үзэл, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс болоод гаднын хүн гэж гадуурхах, хардаж сэрдэх, хөөж туух, цэрвэх хандлага л давамгайлж байна. Сүүлийн үед Засгийн газрын санаачилгаар шилжилт хөдөлгөөний ач холбогдлын талаар аймгийн удирдлагууд жаахан ойлголттой болж байгаа нь сайн хэрэг. Цаашид олон нийтийн ойлголт мэдлэгийг дээшлүүлэх ажлаа иргэдэд хүрч зохион байгуулах шаардлагатай.

Ингэж байж уугуул иргэдийн суугуул иргэдийг ялгаварлан гадуурхах хандлага багасна. Мөн суугуул, уугуул иргэдэд төр ялгавартай хандаж болохгүй. Уугуул иргэдээ дэмжиж байна гээд орон нутгийн удирдлага суугуул иргэддээ хүнд суртал гаргах, ялгаварлах хандлага түгээмэл.

Мөн засгийн газраас суугуул иргэдийг дэмжиж байна гээд уугуул иргэдийг хөнгөлөлт урамшууллаас хасах юм бол эргээд уугуул суугуул иргэдийн дунд зөрчил өдөөнө. Тиймээс шилжилт хөдөлгөөнийг дэмжих гэхээс илүү хөдөөгийн хөгжлийг дэмжих гэдэг агуулгад анхаарах нь чухал. Хаанаас хэзээ шилжиж ирсэн нь чухал биш харин хаана амьдарч харьяалагдаж байгаа нь чухал байх ёстой. Тэгэхээр хөдөө амьдарч байгаа хүмүүсийг уугуул, суугуул, өмнө ирсэн, ирээдүйд ирэх зэргээр ангилж дэмжлэг, урамшууллыг ялгаатай хуваарилж болохгүй.

Мэдээж суугуул иргэдэд мэдээлэл, харилцаа холбоо, зуучлалын үйлчилгээ авах онцгой хэрэгцээ бий. Орон нутгийн иргэд суугуул иргэдийг хүлээж авах талаар ойлголт мэдлэгтэй, бэлтгэлтэй болбол энэ ажлыг төрийн оролцоогүйгээр иргэд өөрсдөө хийчихнэ. Харин төрийн хийх ажил бол хүртээмжгүй хэлбэр төдий халамж, зээл, тэтгэлэг бодож олох, сенсацлах бус хууль эрх зүйн таатай нөхцөлийг бүрдүүлж өгөх юм. Үүнд орон нутгийн өөрийгөө засаглах эрх мэдлийг нэмэгдүүлэхээс эхэлнэ. Өмчлөлийн газар олголтыг нэмэгдүүлж, шинэ суурьшлын бүсүүдээ эрчим хүч, дэд бүтцээр хангахад хамгийн түрүүнд анхаарах хэрэгтэй.

Улсын эмнэлгийн эмчийн үзлэгийг малчдад цахимаар хүргэдэг болох хэрэгтэй

зураг
 
Battsetseg Chagdgaa фэйсбүүк хуудсаас авав

-Ажлын байр, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээ дутмаг байдгаас иргэд тэр бүр хөдөөг зорьж чаддаггүй болов уу. Энэ тал дээр төрөөс хэрхэн ажиллаасай гэж хардаг вэ?

-Ажлын байр, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээ дутмаг байгаа нь өөрөө орон нутгийн онцлог. Үүнийг хүчээр биш эвээр шийдэх хэрэгтэй. Жишээ нь манай Хантай багт эмнэлийн байр бий ч эмч, сувилагч, эмийн санч байхгүй. Барагтай болж ирэхгүй, ирсэн нэг нь тэсэхгүй буцдаг. Цалин бага, хангамж муу, нөхцөл хүнд.

Эмч, сувилагчгүй байх хугацаанд иргэд эрүүл мэндийн үйлчилгээ авч чадахгүй хохирдог. Гэлээ гээд уулын ам бүрд эмнэлэг сургууль байлгаж чадахгүйгээс хойш онцлогт нь тохирсон шийдэл гаргалгаа олох хэрэгтэй. Нэгэнт шаардлагатай боловсон хүчнээр хангаж чадахгүй бол орон нутгийн иргэдийн дунд яаралтай үед анхны тусламж үзүүлэх, эм барих, сувилах, эх барих мэдлэг чадвартай хүмүүсийг олноор бэлдэх хэрэгтэй.

Уулын мухраас утас, интернэтийн сүлжээ барьдаг болсон цагт улсын эмнэлгийн эмчийн үзлэгийг малчдад цахимаар хүргэдэг болох хэрэгтэй. Энэ чиглэлд аваад ашиглачих гаднын туршлага ч бий. Хөдөөгийн хүмүүсийг төв бараадахаас аргагүй байдалд оруулалгүйгээр, уулын мухарт хаягдсан мэдрэмж төрүүлэхгүйгээр нүүдэлчин соёл уламжлал, амьдралын хэв маягт нь ээлтэй байдлаар асуудлыг шийддэг баймаар байна.

Ажлын байрны тухайд хувийн хэвшил ажлын байрыг бий болгодог. Хотын компаниудыг орон нутаг руу нүүлгэх хэцүү. Зах зээл, түүхий эд, ложистик, сав баглаа гээд хэрэгтэй бүхэн нь хотод байхад орон нутаг руу агуулахаа нүүлгэнэ гэдэг эдийн засгийн хувьд ашигтай шийдэл байж чадах уу? Харин хотын компаниудад орон нутгийн иргэдэд зайнаас ажиллах ажлын байр бий болгохыг уриалж болно. Хөдөөд хэрэг болдоггүй, зөвхөн хотод л ажлын байртай мэргэжил олон бий.

Цар тахлын ачаар бид зайнаас ажиллаж сурсан. Хутаг-Өндөр суманд шилжиж ирсэн айлууд ихэнх нь зайнаас ажиллах замаар хотоос орлогожиж, амьжиргаагаа залгуулдаг. Тэдний дунд бизнес эрхлэгч, зохиолч, орчуулагч, программ хөгжүүлэгч, сэтгүүлч, дизайнер, онлайн худалдаачин, багш гээд олон мэргэжлийн хүн байна. Бүгд цахимаар ажиллах боломжтой ажил.

Боловсролын тухайд гэр боловсрол, зайны сургалтыг боломжтой болгож хүлээн зөвшөөрдөг байхаар хуульчлах хэрэгтэй. Хүүхдүүд уншиж бичиж нэмж хасаж сурахын тулд зургаа, долоохон настайдаа дотуур байранд амьдарч байна. Үүнийг эцэг, эх багахан хичээл зүтгэлээр хүүхдэдээ сургаж болох зүйл. Чадахгүй нь дотуур байранд суудаг л юм байгаа биз. Чадах нэгэнд нь сонголт нь байх хэрэгтэй. Хувийн сургуулиудыг ч цахим хувилбартай болгомоор байна. 

Хөдөөг мөрөөддөг хүнд л хөдөөд мөрөөдлөөрөө амьдрах боломж бий

зураг
 
Battsetseg Chagdgaa фэйсбүүк хуудсаас авав

-Хот, хөдөөгийн тэнцвэрт хөгжлийг хэрхэн хангах нь зүйтэй талаар байх сууриа илэрхийлэхгүй юу? 

-Хотынхон бол хотоос бусад бүх газрыг хөдөө гэж ойлгодог. Харин хөдөөд бол хөдөө гэдэгт хөдөөг л ойлгоно. Хөдөөд төв суурин газрууд ордоггүй. Сумын төвийнхөн хөдөө явлаа гээд байхаар нь хөдөө байж хөдөө яваад байхдаа яахав дээ гээд гайхдаг байв. Тэгэхээр хот хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангана гэж ярихаас илүүтэй хот, орон нутгийн хөгжлийн тэнцвэрийг хангах гэж яримаар байгаа юм. Өөрөөр хэлбэл аймаг, сумын төвүүдийг хоттой дүйцүүлэн хөгжүүлэх тухай юм. Учир нь бүгд төв, суурин газар юм. Харин хөдөөг хоттой дүйцүүлж хөгжүүлж болохгүй. Учир нь хөдөө бол суурин биш нүүдлийн соёлтой газар. Өөрийн гэсэн хөгжлийн өвөрмөц шийдэл, өөр төлөвлөгөөгөөр явах учиртай.

Хөгжлийн тэнцвэр гэдэг бол хөгжлийн талаар ижил ойлголттой, нэгдсэн нэг зорилготой талуудад л хамаатай зүйл. Бас хөгжил гэдгийг зөвхөн боловсрол, эрүүл мэндийг үйлчилгээний чанар хүртээмжээр хэмжиж болохгүй. Хүн ардын амьдралын чанар, аз жаргалын индексээр хэмжих нь зохимжтой. Гэтэл амьдралын чанар гэдгийг боловсон жорлон, шүршүүр гэх мэт суурин соёлоороо төсөөлж бас болохгүй. Учир нь хөдөөгийн хүмүүсийн үнэт зүйл, ач холбогдлын эрэмбэ хотын хүмүүсийнхээс өөр байдаг. Боловсон жорлон хотынхны хувьд 3 дугаар асуудал бол хөдөөгийн малчдын хувьд 33 дугаар асуудал байх жишээтэй. Иймээс хотын хөгжлийг хотын оршин суугчдын нүдээр, хөдөөгийн хөгжлийг хөдөөгийн оршин суугчдын нүдээр харах хэрэгтэй байгаа юм. Мөн хот, орон нутгийн хөгжлийг тэнцвэржүүлж, хөдөөгийн хөгжлийг тусад нь авч үзэх хэрэгтэй.

-Төгсгөлд нь асуухад, хөдөөг зорих хүсэлтэй иргэдэд юу гэж уриалах вэ? Тэнд ямар боломж байгаа бол?

-Хөдөөг мөрөөддөг хүнд л хөдөөд мөрөөдлөөрөө амьдрах боломж бий. Хөдөөг ойлгодог, мэддэг, мэдэрдэг, үнэлдэг, хайрладаг, хамгаалдаг хүн л хөдөөд хэрэгтэй. Өмнө хэлсэнчлэн хөдөө амьдрах нь үнэт зүйлийн сонголт юм. Хөдөө амьдарснаараа хотод амьдарснаар хүртэх олон боломжоо алдаж, олон зүйлээс хоцрогдож болно.

Тиймээс хөдөөгийн боломж, бэрхшээлийг хотынхтой ижил шалгуураар үнэлбэл хөдөө нь уйтгартай, хоцрогдсон, бурангуй газар мэт санагдана. Учир нь хөдөө бол хотоос өөр философи, өөр логиктой ертөнц. Хөдөөг хоттой харьцуулах боломжгүй. Хөдөө амьдаръя гэж бодож байвал хөдөөг хөгжүүлнэ, хот шиг болгоно гэдэг бодлыг толгойгоосоо авч хаяарай. Хотын амьдралын хэв маягаа түр мартаад хөдөө амьдрахад А-гаас нь эхлээд суралцах хэрэгтэй. Хөдөөг ойлгохыг хичээж хөдөөгийн хүний нүдээр хөдөөг танихыг оролдох нь зүйтэй. Ингэж чадвал таны сонгосон хөдөөгийн амьдрал маш сонирхолтой, адал явдал, сорилтоор дүүрэн байх болно.

-Цаг зав гаргаж ярилцсанд баярлалаа.

-Баярлалаа.