Хүний дотор иймэрхүү бодол, санаа бишгүйдээ л эргэлддэг. Хурдан л баяжчихвал болоо гэсэн сэдэл дээр нь харин мөнгөний луйвар цэцэглэдэг. Энэ сэдэл зогсох тэр мөчид л мөнгөний луйвар ч зогсох учиртай.
2021 онд борооны дараах мөөг шиг койн зах зээлд гарлаа. 1, 2 жилийн дараа уйлаан майлаан болохыг нь бишгүйдээ сануулж байв. Цаашид ч ийм юм гарна. Нэг хүн ч болтугай хөрөнгө оруулалтын мөн чанарыг ойлгоосой гэж хүсэн дараах зүйлсийг сийрүүлэв.
1. Өгөөж, ашгийн хүлээлтээ та төсөөлчихвөл зүгээр
Мөнгөө хийж байгаа хүнд дийлэнх төрдөг бодол нь энэ. Өгөөж л өндөр бол цаана нь ямар эрсдэл нуугдаж буйг бодохыг хүсдэггүй. Тиймдээ ч өнөөх хүнийг нь хараад хөрөнгө оруулчихдаг. Хүн чухал ч өөр олон зүйлс бий.
Дэлхийн хамгийн том луйврыг хийсэн хүмүүс яг л Будда, Есүсийн дүрээр ирдэг гэдгийг мартаж болохгүй. Тэд бидний сонсохыг хүссэн бүхнийг ярьж бас харуулна. Үүнийг библид эш үзүүлэх гэдэг юм. Усан дээр явж, өвчтэй хүнийг эдгээж үзүүлнэ. Яг түүн шиг эдэлж хэрэглэдэг, өмсөж зүүдгээс өгсүүлээд бүхий л зүйлсийг танд харуулна.
Эргээд өгөөжийн тухай яриандаа орцгооё. Дэлхий нийтэд тогтсон нийтлэг жишиг бол 15-20 хувийн өгөөж юм. Хэрвээ энэ хэмжээний өгөөж харж та хөрөнгө оруулалт хийсэн бол бүтэлгүйтэх магадлал бага. Харин 20 хувиас дээш өгөөж эрэлхийлж байгаа бол тэнд ямар нэгэн эрсдэл хүлээж авч буйгаа та ойлгох ёстой.
Сүүлийн 10 жил хөрөнгө оруулалтын чиг хандлага нэлээд өөрчлөгдсөн. Гэнэт нэг компани огцом өсөж, хөрөнгө оруулагч нь 20 дахин хөрөнгөө өсгөх нь бий. Гэвч ийм тохиолдол цөөн бөгөөд таамаглахад бэрх байдаг.
2. Хэн тантай нэг завин дээр сууж буйг шалгачихвал зүгээр
Хөрөнгө оруулахдаа ойр дотны хүн, найз нөхдөө бид ихээр дагадаг. Таны итгэдэг хүн байлаа гээд хөрөнгө оруулалтын талаар мундаг туршлагатай гэсэн үг биш. Тиймээс энэ салбарын хүмүүс юу гэж хэлж, юу гэж харж байгааг нягталж байвал зүйтэй. Ядаж тэгвэл хөрөнгө оруулах дүнгээ ч гэсэн багасгахад нөлөөлж мэдэх юм.
3. Хөрөнгө оруулах бүтээгдэхүүнийхээ мөн чанарыг нь ойлгочихвол зүгээр
Хувьцааг мэднэ, бондыг ч бас мэднэ гэж хүмүүс боддог. Гэвч тэр бүтээгдэхүүн юуны тулд оршин буйг ойлгох нь чухал юм. Хувьцаагаар жишээ авъя. 2015 онд АПУ-г 10 саяар авсан бол өдийд 50 сая төгрөг. Хадгаламжид хийсэн бол 20 сая төгрөг юм уу даа. Эндээс ямар дүгнэлтийг хийж болох вэ?
Энэ мэтчилэн тус бүтээгдэхүүний онцлог гэж бий. Сандал ямар гоё ганган шинж чанартай байхаас үл хамааран мөн чанар нь суух л зориулалттай. Хөрөнгө оруулах бүтээгдэхүүнээ сая ингэж харвал танд өөр санагдана.
4. Мэргэжлийн хөрөнгө оруулагчтай гар нийлбэл зүгээр
Юм төлж үйлчилгээ авч чаддаггүй манайхны зовлон энд хамгийн их саад болно. Бүх зүйлсийг танилын хүрээ, найз нөхдөөрөө дамжуулж шийдэх эсвэл өөрөө бүхнийг зохицуулчих гээд үзнэ. Шалгарсан арга нь чаддаг хүмүүст нь төлбөрөө өгөөд чанартай үйлчилгээ авах хэрэгтэй. Тэгвэл сая та олон асуултын хариултыг олж авна. Хэзээ, хаана, хэдий дүнгээр ямар бүтээгдэхүүнд хөрөнгө оруулах боломжтой нь гарч ирнэ.
Эцэст нь мэдээж дээр бичсэн зүйлс товч санаа гэдгийг та ойлгоно биз ээ. Ядаж таныг хөрөнгө оруулах шийдвэрээ үндэслэлтэй гаргахад тань дэм болно. Ирээдүйд юу болохыг үл мэднэ. Гэвч хүн амьдралд шийдвэрээ гаргаж, сонголтоо хийдэг. Хөрөнгө оруулалт ч яг адил. Та алдана, ононо. Тэгэхээр бүтэлгүйтэх магадлалаа багасгая гэж байгаа юм.