Зураг
Зураг
Индэр    
2023 оны 1 сарын 10
Зураг
iKon.mn сэтгүүлч

Б.Наранцацралт: Альпин үүлдрийн ямаа өдөрт 6-8 литр сүү өгдөг. БНХАУ-ын $14 тэрбумын зах зээлд том тоглогч болох боломжтой

Зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Өдөрт 6-8 литрийн сүү гардаг, хоёр жилд гурван удаа төллөх боломжтой Альпин үүлдрийн ямааг Францаас Монголд оруулж ирээд байна. Дотоодын хэрэгцээг хангахаас гадна цаашид БНХАУ-ын 14 тэрбум ам.долларын сүүний зах зээлд бүтээгдэхүүнээ борлуулахаар зэхэж эхэлжээ. Энэ талаар "Нарго грийн" ХХК-ийн зөвлөх Б.Наранцацралттай ярилцлаа. 


-70 сая малтай монголчуудад хамгийн их үр ашгаа өгөх салбар хөдөө аж ахуй гэдгийг эдийн засагчид онцолж байна. Та бүхний хувьд хэдэн жил судалж байж ямаа үржүүлэх шийдвэр гаргасан бэ? 

-2006 оноос хойш бизнесийн салбарт хөл тавьсан. Барилгын салбарт олон жил ажилласан л даа. Банкнаас зээл авч компаниа өргөжүүлэх гэж ч үзсэн. Гэвч нэг л болж өгөөгүй. Ханшийн дарамт маш их байсан учраас ер нь л экспорт хийх ёстой гэдэг дээр хатуу зогссон. Харин юуг экспортолж болох вэ гэдгийг 2016 оноос хойш судалж эхэлсэн юм. Газар нутаг, өв уламжлал, байршлаа бодохоор хөдөө аж ахуйгаар дамжуулж экспорт хийх нь хамгийн зохимжтой санагдсан. Хөдөө аж ахуй бол олон хүнийг хамарсан энгийн салбар. Гагцхүү ашиг шимийг нь нэмэгдүүлж, механикжуулалт хийвэл өндөр үр ашиг хүртэж болно. 

Манай улстай БНХАУ хамгийн урт хуурай хилээр хиллэдэг. Бүгд хичээж ажиллаад ч хангаж дийлэхгүй том зах зээл байгаа юм. Хөдөө аж ахуйд суурилсан экспортыг өндөр түвшинд хөгжүүлж чадвал бидэнд боломж байна. Европ болон өндөр хөгжилтэй орнууд хятадын хажууд олон сая малтай хил залгаж байгаа манай улсад атаархаж байгаа. Одоогоор зөвхөн Улаанбаатарын зах зээлээ л хараад байна. Хотод махны үнэ өслөө гээд хүмүүс бухимддаг. Харин ч баярлах ёстой. Махны үнэ дэлхийн зах зээлийн үнэд хүрэх юм бол малчид үнэ цэнэ үйлдвэрлээд эхэлнэ. Ингэвэл хотын төвлөрөл ч гэсэн буурна. Ашиг олоод эхэлбэл энд нэг сая төгрөг авч байхаар хөдөө ажиллаж, амьдрахыг илүүд үзнэ. Туслах малчнаар эхлээд ажиллаад дараа нь өөрийн гэсэн малтай болоод зарж байгаа мах нь үнэтэй болбол хотод төвлөрөх сонирхолтой хүн байхгүй байх. 

-Бэлчээрийн үхэртэй харьцуулахад зардал бага хэрнээ ашиг шим өндөртэй сүүний чиглэлийн хэчнээн ямааг Монголд оруулж ирээд байна вэ. Бэлчээрийн ямаатай харьцуулахад маллагаа их шаардах уу?

-Альпийн нурууг тойрсон нутагт сүүний гарц ихтэй ямаа байдаг юм билээ. Альпин үүлдрийн ямааг цаг агаарын хүнд сэрүүн нөхцөлд тохиромжтой. Энэхүү ямааг хамгийн их экспорт хийдэг газар нь Франц улс болж таарсан.

Судалж байгаад Франц улсаас энэ жил 300 ямаа буюу 15 ухна, 285 эм ямааг оруулж ирсэн. Энэ хавар дөрөв, тавдугаар сараас төллөөд сүү, сүүн бүтээгдэхүүн гарч эхэлнэ. Ямааны сүүний бүтээгдэхүүнээ эхлээд Улаанбаатарын зах зээлд нийлүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна. Цаашид ямааны тараг, бяслаг үйлдвэрлэж борлуулахаар төлөвлөж байгаа. 

Альпин үүлдрийн ямаа төрөөд долоон сарын дараа бэлгийн бойжилт нь гүйцэж, хээл авах боломжтой болдог. Хээл аваад таван сар тээнэ. Харин ишиг нь төрөөд гурван сарын дараагаас хөхнөөс гардаг учир хоёр жилд гурав төллөх боломжтой гэсэн судалгаа байдаг.

Ямааны сүүний бяслагийг 160,000 төгрөгт хүргэх боломжтой

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

-Ямааны сүү дэлхийн хүнсний зах зээлд тансаг хэрэглээнд орж байна. Тухайлбал, Америкт ямааны сүүний бяслаг нэг кг нь 160,000 төгрөгийн үнэтэй борлуулж байгаа. Та бүхний хувьд сүүнээс гадна өөр төрлийн бүтээгдэхүүн экспортлоход анхаарах уу?

-Ямааны сүүний бяслагийг ийм үнэд хүргэх боломж бий. Учир нь бяслаг өөрөө их үнэтэй бүтээгдэхүүн. Бяслаг үйлдвэрлэвэл сүүнээсээ 10 дахин илүү үнэтэй бүтээгдэхүүн болгож борлуулж чадна. Хуурай сүү болгоод хүүхдийн тэжээл үйлдвэрлэвэл илүү ашигтай. Моносын сүлжээгээр Франц улсын хүүхдийн сүү 800 грамм нь 130,000 төгрөгийн үнэтэй байдаг. Дэлхийн зах зээл дээр ямааны сүү үхрийнхээс илүү үнэтэй. 

Ямааны сүү хүний биед илүү ашиг тустай, шингэц сайтай, молекулын хэмжээний хувьд тосны бөмбөлөг нь хүртэл илүү жижиг. Тийм болохоор хүний биед сайн шингэдэг. Хятадууд үүнийг маш сайн судалсан. Ямааны сүүгээр хийсэн бүтээгдэхүүний олдоц нь бас тийм сайн биш. 

-Эдийн засгийн нөхцөл байдал, амьжиргааны түвшнээс шалтгаалаад бид үйлдвэрлэгч болох цаашлаад экспортлогч байх зайлшгүй шаардлага тулгараад байгаа. Харин таны хувьд БНХАУ-ын зах зээлд том тоглогч болох амбицтай хэмээн өмнө нь хэвлэлд ярилцлага өгөхдөө дурдсан байсан. Мэдээж том зах зээлд гарахын тулд нийтээрээ хөдлөх хэрэгтэй байх?

-Бид бүгдээрээ нийлж байж үүнийг хийж чадна. Шинэ Зеланд, Франц улс бол хуурай сүүний маш том үйлдвэрлэгчид. Эдгээр улсын цаана олон мянган фермерүүд бий. Бүгд л өрхийн аж ахуй гэсэн үг. 100 бол 100, 300 бол 300, 1,000 бол 1,000 ямаа, үхэртэй айлууд байгаа юм. Бүгд нийлж байж сүүгээ хуурай сүүний үйлдвэртээ өгөөд тэндээсээ хятадын зах зээл рүү нийлүүлж байгаа. Хэрвээ төрөөс бодлогоор дэмжвэл 5-10 жилийн дотор манай улс БНХАУ-ын сүүний зах зээлд том тоглогч болж чадна. 

-Хуурай сүүний хэрэглээ их байдаг ч импортоор авдаг. Энэ чиглэлийн үйлдвэр барихад төсөв мөнгө хэр зэрэг шаардагдах бол?

-Хуурай сүүний үйлдвэр энгийн технологитой юм байна. Энэ чиглэлийн үйлдвэр баривал экспортын боломж нэмэгдэж, сүүгээ хадгалах хугацаа урт болно. Олон янзын бүтээгдэхүүн хийх боломжтой. Эхний ажлууд амжилттай явбал хуурай сүүний үйлдвэрийн мөнгө босгох ажлыг хийнэ. Энэ мөнгийг олон нийтээс босгоё гэдэг бодол байгаа. Нэг хуурай сүүний үйлдвэрийг барихад 10 сая ам.доллар шаардлагатай гэж үзвэл хотын баруун, зүүн талд нэг нэг урд талд төв аймгийн төв дээр нэг гээд нийт гурван үйлдвэр барих 30 сая ам.долларын асуудал байгаа юм.

Хуурай сүүний үйлдвэр баривал олон хүн өндөр орлоготой болж, цэвэр агаарт амьдарна

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

-Ямааны сүүнээс гадна өөр юуг гадаадад экспортлох боломж байна гэж харж байгаа вэ?

-Альпин үүлдрийн үр хөврөлийг БНХАУ руу экспортлох боломж бий. Сайн үнэ цэнэд хүрнэ гэж тооцож байгаа. Яагаад гэвэл хятадууд Франц улсаас ямар нэгэн хоригоос шалтгаалж Альпин үүлдрийн ямааг худалдаж авч чаддаггүй. Бид энэхүү альпин үүлдрийн ямааг үржүүлж байгаа болохоор цаашид сайн лабораторитой болбол үр болон хөврөл үйлдвэрлэх боломжтой. Түүнчлэн эр ишиг, ухнуудаа ч гэсэн амьдаар нь гадагшаа гаргаж чадвал зөвхөн үржлийн зориулалтаар экспортлох боломжтой. 

-Олон янзын шалтгаанаас тухайлбал, утаа, түгжрэл, цалин бага зэргээс болж хөдөө амьдрах сонирхолтой хүмүүс их болсон. Гэвч тэнд ажлын байр байхгүй. Иргэд цэвэр агаарт орлого сайтай амьдрах нэг хөшүүрэг нь танай төсөл байж болох уу?

-Хүмүүсийн орлого олж байгаа байдлыг нь өөрчлөх нь зүйтэй санагддаг. Улаанбаатарыг том зах зээл гэж хараад хотыг тойрсон эрчимжсэн аж ахуй байвал ашигтай ажиллана. Миний гаргалгаа бол сүү гэж харж байгаа. Мах ч гэсэн байж болно. Сүүгээ саагаад түгжрэлд орохгүйгээр хотын захад хуурай сүүний үйлдвэрт сүүгээ өгдөг байвал хотоос олон хүмүүс дуртайяа гарах болов уу гэж боддог. Хуурай сүүний үйлдвэр баривал олон хүн өндөр орлоготой болж, цэвэр агаарт амьдарна. Орлогоо тэндээсээ олоод хүүхдүүд нь онлайнаар эсвэл хосолсон байдлаар суралцаж болно. Хотын захын дүүргүүд төв аймгийн сумдын сургуулийн боловсролыг маш сайн болгох хэрэгтэй. Мөн сумын эмнэлгийн үйлчилгээг сайн болговол төв рүү ирэх шаардлагагүй болно. Ингэвэл Улаанбаатарт бараг хөрөнгө оруулалт хийхгүйгээр төвлөрлөө сааруулах боломжтой.

Маш хямд өртгөөр буюу хүмүүсийн аж ахуйг дэмжихэд төвлөрөл шийдэгдэнэ. 

-Нутгийн ямаатай эрлийзжүүлж, цөм сүрэг бий болгохоор зорьж байгаа гэсэн шүү дээ? Сүүний гарц хэр хэмжээгээр буурах бол?

-Эр ишгээ малчдад зарах бодолтой байна. Ингэснээр малчид сүүний гарц сайтай эрлийз ямаатай болох боломжтой. Тухайн ямаа нь монгол орны нөхцөлд дасан зохицох чадвартай. Заавал дулаан байр шаардахгүйгээр өсгөж болно.

Цэвэр үүлдрийн ямааны дэлхийн рекорд нь өдөрт 8 литр сүү өгдөг гэсэн тооцоолол бий. Харин 6 литр сүү гэдэг нь саалийн өндөр гарцтай үе нь. Төллөж эхлээд сүүний гарц аажмаар өсөөд 6 литр болоод хүйтрэх тусам буцаад буурна. Саалийн хугацааны тухайд 297 хоногтой гэж ярьж байгаа. Бүтэн жилээр бодвол дундаж сүүний гарц нь 3.2 литр гэсэн тоо байдаг.

Харин эрлийз ямааны хувьд сүүний гарц 50 хувь буурна гэж үзэж байна. Сүүний гарц буурах ч гэсэн бэлчээрээр маллахаар фермерээс зардал бага гарна. Гэхдээ сүүгээ гараар биш саалтуураар сааж, зургаа дахин их үр ашиг хүртэх боломжтой. 

Нэг эр ишгийг гурван сая төгрөгөөр борлуулахаар төлөвлөж байна. Нэг ямааг 700 орчим евро буюу 2.5 сая орчим төгрөгөөр оруулж ирсэн. Орж ирснээс хойш өвс тэжээлийн үнийг тооцвол өртөг нь нэмэгдэж байгаа. 

Цэвэр үүлдрийн ямааг хямд өртгөөр борлуулах боломжтой

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

-Фермерүүд сүүний чиглэлийн ямаа үржүүлэх ямар боломж байна вэ?

-Нэгэнт сүүний чиглэлийн ямаа оруулаад ирсэн болохоор үр үйлдвэрлэх боломжтой болж байгаа. Эрдэмтэд эр бэлгийн эсийг нь авах, хөврөл угаах гэх мэт биологийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, эм ямаанд суулгаад тээгч эх байдлаар цэвэр үүлдрийн ямааг хямд өртгөөр бий болгох боломжтой. Монголд удмын сан гэж бий. Энэ байгууллагатай хамтарч ажиллавал техникийн боломж бий. Тэгэхээр заавал монголчууд бүгд 2.5 сая төгрөгөөр сүүний чиглэлийн ямаа авах шаардлагагүй. Цаашид сүрэг маань өсөөд ирвэл өртгийг бууруулна. 

-Сүүний гарц өндөртэй ямаа болохоор тэжээлээс их шалтгаалдаг болов уу?

-Тэжээл гэдэг нь өөрөө томоохон шинжлэх ухаан. Тэжээлийн норм, жор зохиох гээд ажлууд нь бэлэн байж байдаг юм байна. Хөдөө аж ахуйн их сургуульд элсэж ороод л сурч эхэлж байна. Хуурай бодис гэж зүйл байдаг. Чийгийг нь хасчихаар хуурай бодис гэж зүйл үлдэнэ. Тэгэхээр биеийн жингийнх нь 3-5 хувьд өдөрт хуурай бодис өгөх ёстой. Хуурай бодисоор нь бодоод бүдүүн, хүчит тэжээл, амин дэмүүд хэдэн хувьтай байхыг тодорхойлдог. Бидэнд өвс, ногоон тэжээл нийлүүлж байгаа газрууд ихэвчлэн тэжээлийн найрлага, химийн шинжилгээ хийлгэдэггүй. Заавал дээжийг нь аваад ХААИС-дээр аваачиж тодорхой хугацааны дараа тоог нь гаргаж авна гэж бодохоор тэжээл зарагдчихна. 

Тэжээнэ гэдэг нь их учиртай юм байна. Ямар үед ямар тэжээл өгөх вэ гэдэг нь гол асуудал. Мэдээж хэрэг саалийн үед их тэжээл өгөөд, сүү нь татарч ширгэсэн үед нь арай бага тэжээх зэргийг сайн тааруулах нь чухал. Миний хувьд өдөр болгон суралцаж байна. Энэ бүхнийг туулаад өнгөрчихвөл дараагийн хүмүүс бага алдана. Би энэ тал дээр нээлттэй байна. Миний фэйсбүүк хуудсаар дамжуулан холбоо барьж болно. 

Бидний гол зорилго бол Монголд байгаа түүхий эдийн хямд нөөцөөр сайн тэжээл бий болгох юм. Илүү тэжээл өгөөд сайн сүү гарна гэсэн үг биш. Яг л таарсан тэжээл өгч байж хамгийн өндөр үр ашгийг хүртэнэ. Илүү тэжээл өгөөд өдөрт 10 литр сүү авахгүй гэсэн үг. Өдөрт 6 литр сүү авахын тулд тохирох тэжээлийг нормын дагуу өгнө. 

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

-Фермерийн аж ахуйд зориулалтын байр бас их чухал байх?

-Сүүний чиглэлийн ямаа үржүүлэхэд зориулалтын байр их чухал. Байрыг тодорхой хэмжээний механикжуулалт хийж төлөвлөвөл ажиллах хүч хэмнэж, илүү амар болохоор байна. Жишээлбэл, тэжээлийг нь цагаар конверээр цагаар өгдөг, баас шээсийг нь мөн конверийн системээр цаг тухайд нь цэвэрлээд, аммиакийн хорт хийгээс ямаануудаа урьдчилан сэргийлэх зэрэг боломжийг судалж байна. 

Миний хувьд автоматикийн инженерээр сурч төгссөн. Мөн Хөнгөн бетон үйлдвэрийнхээ ерөнхий инженерээр ажилладаг. Тиймээс янз бүрийн техникийн шийдлүүд их сууж ажиллаж байгаа. Том үйлдвэртэй харьцуулахад фермерийн тухайд бага хэмжээний автоматжуулалт хийхэд маш их ажил хөнгөвчилнө. Энэ бүхний шийдлийг гаргаад зургийн ажил эхлүүлсэн.

Мал аж ахуй эрхэлж байгаа хүмүүс зориулалтын байраа хөнгөн блокоор баривал цан татахгүй, ус чийгийг шингээдэг давуу талтай. Бусад төрлийн блоктой харьцуулахад илүү дулаахан. 

БНХАУ-ын 14 тэрбум ам.долларын зах зээл хүлээж байна

зураг
 

-Ямааны сүүний ашиг тусын талаар мэдээлэл өгөхгүй юу? 

-Ази хүнд ДНХ-ийн түвшинд 95 хувь нь үхрийн сүүг шингээх боломжгүй гэсэн судалгааг хятадууд хийсэн. Сүүтэй цай, сүү уухаар гэдэс нь цанхайж, дүүрдэг хүмүүс байдаг. Харин ямааны сүү эхийн сүүтэй ойролцоо бүтэцтэй учир хүний биед маш хурдан шингэдэг. Түүнчлэн витаминаар баялаг, бидний биед ээлтэй тосны хүчлийг өгдөг, сайн чанарын уураг, амин хүчлээр баялаг сүү юм.

Зөвхөн орчин үеийн шинжлэх ухаан биш, дорнын анагаах ухаан бас ямааны сүү нь амьсгалын замын өвчлөлөөс урьдчилан сэргийлдэг гэдгийг тогтоосон. 

Хятадууд ямааны сүүг авахыг маш их хүсэж байна. Нийлүүлэлт нь бага байгаа юм. Монголчуудыг БНХАУ-ын 14 тэрбум ам.долларын хоосон зах зээл хүлээж байна. Зөвхөн Монгол биш өөр бусад орнууд ч энэ боломжийг харсан байгаа. Хойд Америкт гэхэд үхрийн олон аж ахуйгаа өөрчлөөд ямааных болгож байна. Үхэр том биетэй, маш их идэштэй тул зардал их гарч байгаа юм. 

-Биеийн байдлын үнэлгээг ямаа үржүүлэхэд хэрхэн хэрэгжүүлж байна вэ?

-Фермерийн аж ахуйг шинжлэх ухааны үндэслэлтэй эрхлэх ёстой юм билээ. Өнгөрсөн намраас ХААИС-ийн оюутан болж, мал зүйчээр эчнээ ангид суралцаж байна. Биеийн байдлыг 1-5 хооронд үнэлж, тарга хүчийг нь хардаг маш энгийн арга бий. 1 гэвэл хамгийн муу, 5 бол хамгийн сайн гэсэн үг. Гадаадын ном зохиолууд дээр хээлд орохдоо хэдээс хэдийн хооронд байх вэ гэдгийг тоогоор илэрхийлдэг. Хээлтүүлэгт орохоос өмнө хамгийн багадаа 2.5 оноо авах ёстой ч гэдэг юм уу ингээд явдаг. Тиймээс ойлгоход их амар юм билээ.