Индэр    
2022 оны 12 сарын 20
Зураг
iKon.mn сэтгүүлч

А.Энхгэрэл: Уламжлалт газар тариалангаас 3 дахин хурдан ургацаа өгдөг ухаалаг хүлэмжид төрөл бүрийн ногоог гэртээ тарьж болно

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Хүнсний ногоогоо гэртээ тарих боломжтой болжээ. Өөрөөр хэлбэл, гидропоник технологиор чулуун хөвөнг хөрс болгон ашиглаж, эко хүлэмж бий болгосон байна. Энэ талаар "Монгол базальт" ХХК-ийн гүйцэтгэх захирал А.Энхгэрэлтэй ярилцлаа. 


-Нарны гэрэл болон хөрс ашиглахгүйгээр чулуун хөвөн хөрсөнд инновац шингэсэн тариалан эрхлэх боломж бүрдүүлсэн нь анхаарал татаж байна. Энэхүү санааг хэзээнээс яагаад хэрэгжүүлэх болсон талаар ярилцлагаа эхлэх үү?

-Growool гидропоник хөрсгүй тариалалтын төслийг хоёр жилийн өмнөөс бойжуулж эхэлсэн. Байгаль орчинд ээлтэй, хүнсний аюулгүй байдлыг хангах хүрээнд эх орондоо үйлдвэрлэж буй чулуун хөвөнг өөр төрлийн салбар бүтээгдэхүүн болгохоор туршиж, уг төслийг эхлүүлж байлаа. Гадаа болон дотор хүлэмжид олон төрлийн ургамал тарьж үзсэн. Шим тэжээлийн хувьд сайн, химийн ямар ч хорт бодис цацдаггүй, уламжлалт газар тариалантай харьцуулахад гидропоник хөрсний тариалалт нь усыг 80 хувь хэмнэдэг.

Тиймээс байгаль орчинд ээлтэй тариалалт юм. Ус хэмнэхээс гадна цахилгааны зарцуулалт маш бага. Эрчим хүчний сайн хэмнэлттэй. Нөгөө талаараа хүнсний зориулалттай шим тэжээл ашигладаг учраас шавж устгагч ч юм уу хүчтэй бодис хэрэглэдэггүй. 

Чулуун хөвөн нь хөрс орлуулагчийн хувьд хамгийн тохиромжтой арга

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

-Яагаад чулуун хөвөнгөөр хөрс орлуулах болсон бэ? Бусад бүтээгдэхүүнтэй харьцуулахад ашиг тус нь юу вэ?

-"Монгол базальт" ХХК чулуун хөвөн үйлдвэрлэдэг. Энэ нь барилгын дулаан тусгаарлагч материал юм. Чулуун хөвөнд гидропоник хөрсөнд зориулж тусгайлан технологийн инновац нэвтрүүлсэн. Чулуун хөвөн нь хөрс орлуулагч дундаа ургамал ургах хамгийн тохиромжтой арга. Яагаад гэвэл чулуун хөвөнгийн доторх бүтэц нь ус, хүчилтөрөгч, агаарын хамгийн зохистой хэмжээг барих чадамжтай байдаг. Тиймээс бидний ургуулж буй аль ч ургамлын үндэс нь шим тэжээл, устай мөртлөө тодорхой хэмжээний агаартай гэсэн үг. Энэхүү хэлбэр нь бусад хөрсийг бодоход илүү зохистой юм. 

Манай улс шиг эрс тэс уур амьсгалтай орчинд хурдан хатаж ууршихгүй, хөрс өөрийнхөө чийгийг хадгалах чадамжтай онцлог бүтээгдэхүүн учраас үйлдвэр дээрээ хоёр жил гаруй хугацаанд туршиж, хэрэглэж үзээд зах зээлд нэвтрүүлж эхэлсэн. 

Хүнсний аюулгүй байдал манай улсын хувьд ямар хэмжээнд байгаа нь цар тахлын үеэр томоохон дохио өглөө. Хоёр хөрш хилээ хаахад Монголд нарийн ногоо хомстсон. Хүнсний хэрэглээний боловсрол, төрлүүд гээд дутагдалтай зүйлүүд их бий. Энэ чиглэлээр тодорхой хэмжээний сургалт, зөвлөгөө өгөхөөс гадна эрүүл эко хүнсээ өдөр тутамдаа өөрөө сонгож хэрэглэх, эрүүл амьдралын чанарыг хэвшүүлэх зорилготой уг төслийг хэрэгжүүлж эхэлсэн.

-Ухаалаг хүлэмжид ямар төрлийн ногоо тарьж, хэр хугацаанд ургацаа авах боломжтой болж байна вэ?

 -Нарийн ногоонуудаас гадна жижиг үрлэн помидор, гүзээлзгэнэ, бүх төрлийн хулуу, огурцы, жижиг перц гэх мэт бүтээгдэхүүнийг бүгдийг нь тарьж үзсэн. Бүгд өөр өөрийн цаг хугацаандаа амжилттай ургасан. Уламжлалт газар тариалантай харьцуулахад эдгээр ногоонууд 2.5-3 дахин хурдан ургацаа өгдөг.

Салат навч нь нарийн ногоо дотроо хамгийн хурдан ургадаг ургамал. Мөн нэг үрсэлгээнээс ахин дахин ургацаа өгдөг. Анх үрээ тариад үрсэлгээгээ бэлдсэнээс хойш 3-4 дэх долоо хоног дээрээ салат навчны бүтэн ургацаа хурааж авна. Үндсээсээ хоёр хуруу соёо үлдээгээд дээд талыг нь хайчлаад авахад долоо хоногийн дараа ургац хурааж авахад бэлэн болно. Ингээд нэг жилийн турш хамгийн багадаа 10 удаа ургацаа хурааж болох юм.

Салат навчийн хувьд өгөөж сайтай. Нарийн ногооноос гадна бид эмийн ургамал тарьж үзэхэд амжилттай болсон.

Хүүхдүүд нүдэн дээр ургаж байгаа зүйлд сониуч зангаар ханддаг

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

-Хэчнээн төрлийн хүлэмж бий вэ? Харилцагчид олон болсон уу?

-Өнөөдрийн байдлаар хүлэмжийн зургаан төрлийн бүтээгдэхүүн байна. Дөрөв, зургаа, найм, 12, 72, 84 ширхэг гээд төрлүүд бий. Хэрэглэгч нар ямар орчинд хүлэмж хэрэглэх гэж байгаагаас шалтгаалж хэмжээ нь өөр байдаг. Кофе шоп, ресторан эсвэл олон ам бүлтэй айлд 72 ширхэг үрсэлгээтэй бараг хөргөгчийн дайны том систем худалдаж авч болно.

Хэрвээ цөөхөн ам бүлтэй, офисын ширээн дээрээ өөртөө зориулж, ногоо тарьж хэрэглэмээр байвал найм эсвэл 12 ширхэг үрсэлгээтэй жижиг төхөөрөмж тохирно.

2022 оны эхээр хүлэмжээ зах зээлд нийлүүлж эхэлсэн. Энэ хугацаанд 60 орчим ахуйн хэрэглээний хэрэглэгчтэй болсон байна. 2-3 ресторан, кофе шопууд ухаалаг хүлэмжийг хэрэглэж эхэлсэн. Сүүлийн үед сургуулиуд тухайн хүлэмжийг хэрэглэж байгаа.

Зарим сургуулиуд сурагчдадаа өдөр тутамд нь шинэ амин дэмтэй жимс, салат навч гээд нарийн ногоог өгч байна. Хүүхдүүд нүдэн дээр ургаж байгаа зүйлд сониуч зангаар ханддаг. Зүгээр нэг савласан бүтээгдэхүүнийг идэх нэг өөр байдаг. Хүүхдүүдэд ургацад нь ямар нэг байдлаар дэм болох нь их сонирхолтой. Усыг хэмнэхээс эхлээд хөрс бохирдуулахгүй, эрчим хүч хэмнэх зэрэг олон үзүүлэлтүүдээр ухаалаг хүлэмж нь эерэг талтай учраас хүмүүст зөв хэрэглээг бий болгож байгаа гэж бодож байна.  

-Уламжлалт газар тариалантай харьцуулахад ямар давуу талтай вэ?

-Байгалийн гэрэлд хязгаарлагдаагүй. Хөрсний үр шим тэжээлийг бүрэн удирдах боломжтой байдаг. Тиймээс ямар нэгэн байдлаар шимийн алдагдал, илүүдэл гэж байхгүй. Зохистой хэмжээний үр шимийг үндсээсээ, гэрлэн тэжээлийг дээд талынхаа UB гэрлээсээ авдаг. Ургацынхаа хугацааг асаж буй гэрлийнхээ цагаар тохируулж байгаа учраас ургац нь гаднын ямар ч хүчин зүйлээс хамаарахгүйгээр маш хурдан ургах боломжтой.

Нэг ургахдаа уламжлалт газар тариалангаас илүү их ургац өгдөг. Хөрс, орчноо голох, хөрс нь хэт шаварлаг болох хуурайших гэсэн эрсдэл бий болохгүй. Бүх орчноо удирдах боломжтой гэдгээрээ давуу талтай.

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

-Ашиглалтын хувьд энэхүү төхөөрөмж нь хэр хялбар байх бол?

-Энэхүү төхөөрөмжүүд тогонд залгаад бүрэн автоматаар ажилладаг. Тиймээс орхиод явахад санаа зовох зүйлгүй. Ийм олон төрлийн сонголтууд бий.

Ямар ургамал тарьж байгаа вэ гэдгээс шалтгаалаад хэдэн цаг асаалттай байлгах, хэдэн цаг унтраах вэ гэдгээ тохируулж болдог. Жишээлбэл, салат навч ургуулж байхад эхний үрсэлгээ хийх үед гэрлээ 12 цаг асаалттай байлгаж байгаад 12 цаг унтраана. Харин бойжуулалтын үеэр гэрлээ найман цаг асаалттай байлгаж байгаад 6 цаг унтраадаг. Энэ мэтчилэн тохируулга бүрийг үе шатнаас хамаараад өөрчилж болдог.

-Уг хүлэмжийг худалдан авах нөхцөлийг танилцуулахгүй юу?

-Growool-н бүх төхөөрөмжийг  280 мянган төгрөгөөс 2.8 сая төгрөгийн хооронд худалдаалж байна. Өөрийнхөө хэрэгцээнд тохируулан 5-6 төрлийн төхөөрөмжийг худалдан авч болно. 280 мянган төгрөгийн бүтээгдэхүүн нь дотроо зургаан төрлийн үрсэлгээтэй. Нэг дор зургаан өөр төрлийн нарийн ногоо тарьж болно. Эсвэл зургаан ижил ногоо ч ургуулах боломжтой. Эдгээр бүтээгдэхүүнийг pocket.mn-ээр урьдчилгаа төлбөргүй, хүүгүй, зургаа хувааж төлөх нөхцөлөөр худалдан авч болно. Энэхүү урамшууллыг өөр зээлийн үйлчилгээнд холбож өгөх тал дээр ажиллаж байна.

Базальт чулуунаас арматур үйлдвэрлэж эхэлсэн

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

-Хамгийн сүүлд арматур үйлдвэрлэж эхэлсэн мэдээлэл байна. Чулуун хөвөнгийн тухайд өөр ямар инновац нэвтрүүлэхээр зорьж байна вэ? 

-Бидний хэрэглээнд нэвтрүүлсэн чулуун хөвөн нь маш их сонирхолтой бүтээгдэхүүн. Байгалийн базальт гэдэг чулууг чулуун хөвөн хэлбэрт шилжүүлж хувиргаад дулаалгын материал үйлдвэрлэж байна. Мөн гидропоникийн хөрс орлуулагч болгон ашиглаж байгаа. Үүнээс гадна үйлдвэр дээрээ шугам хоолойн дулаан тусгаарлагч, гал тусгаарлагч хөнжил болгож ашиглаж байна. Энэ оны есдүгээр сараас бид базальт чулуунаас арматур үйлдвэрлэж эхэлсэн.

Тухайн чулуунд инновац шингээж, хүний амьдралын чанар, орчинг сайжруулах, эрүүл, аюулгүй нөхцөлд амьдрах боломжийг бий болгох олон бүтээгдэхүүний сонголт бий. Манай компанийн хувьд иргэдэд хэрэгтэй, улсынхаа хөгжилд дэм болох бүтээгдэхүүнийг нэг нэгээр нь үйлдвэрлэж эхлээд байна.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
39
Зураг
ЗӨВ, ГОЁ
4
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
2
Зураг
ХАХА
2
Зураг
БАХАРХМААР
2
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
11 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг