Сүүлийн үед хүүхдүүдийн хөлийн уланд нум үүсэх нь удаашрах, нум үүсэхгүй байх, дэлгэцийн хэт хамааралтай болох, үүнээс үүдэлтэйгээр бусдаас өөрийгөө тусгаарлах, зан төрхийн өөрчлөлтөд орох, шөнийн нойр алдах, мэдрэл сульдалд орох зэрэг эмгэг илэрч байна.
Уг нь таван нас хүрэхэд хүүхдийн хөлийн уланд нум үүссэн байх ёстой аж. Харин таван наснаас хойш тавхайд нь нум үүсээгүй тохиолдолд үүнийг эмгэг гэж үздэг байна. Хөлийн тавхайд нь нум үүсээгүйн улмаас тулгуур эрхтэн тогтолцоонд сөргөөр нөлөөлж, олон эмгэгийн суурь болдог тул эцэг эхчүүд хүүхдийнхээ эрүүл мэндийг хамгаалахын тулд маш энгийн зүйлд анхаарах хэрэгтэйг Нийслэлийн Хүүхдийн сэргээн засах төвийн эмчилгээний тасгийн эрхлэгч Ц.Батчимэг хэллээ.
Хүүхдүүдэд зонхилон тохиолдож буй эмгэгүүд ба сэргээн засах эмчилгээний тухай түүнтэй ярилцлаа.
-Манай улсад хүүхдийн сэргээн заслын эмчилгээ ямар түвшинд байна вэ? Энэ төрлийн эмчилгээ хийлгэх ач холбогдлын талаар ярилцъя?
-Сэргээн засах эмчилгээ нь олон улсад өндөр түвшинд хөгжсөн байдаг. Манай улсад орчин цагийн сэргээн засахын анагаах ухаан үүсэж хөгжөөд 20 гаруй жил болж байна. Сэргээн засах нь анагаах ухааны бүх салбартай нягт уялдаатай байдгаараа онцлог салбар юм.
Сүүлийн жилүүдэд хүүхдийн сэргээн засах эмчилгээний талаар түлхүү ярьдаг болсон. Ялангуяа, цэцэрлэг, сургуулийн хүүхдүүд сэргээн засах багийн үзлэг, үнэлгээ, оношилгоонд хамрагдах шаардлагатай байна. Тухайлбал, хичээлдээ хүнд цүнх үүрэх, буруу суух, насанд нь тохирсон бие махбодын ачааллыг тооцоогүйгээс сурагчдын дунд нурууны муруйлт хоёрдогч байдлаар үүсдэг. Нурууны муруйлт үүссэнийг эрт илрүүлэх, түүнээс урьдчилан сэргийлэх хэрэгтэй бөгөөд хүндэрсэн шатандаа оношлогдсоноор цээжний хөндийн эрхтнүүдийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөх, цаашлаад мэс засалд орох хүртэл эрсдэлтэй байдаг.
Зөвхөн хөгжлийн бэрхшээл, саа, саажилттай тохиолдолд сэргээн засах эмчилгээ хийлгэнэ гэж ойлгох нь өрөөсгөл. Энэ бол хүүхэд болгонд хамаатай асуудал. Ширээнийхээ ард суугаад хичээлээ хийж буй хүүхдээ эцэг эхчүүд маань анзаараад үзээрэй. Тэд зөв сууж чадаж байна уу, эсвэл буруу суугаад хэвшсэн үү. Хэрэв байнга буруу суух, тохироогүй ширээ сандал хэрэглэж, хичээлээ давтдаг бол нурууны муруйлт үүссэн байх эрсдэлтэй.
-Хүүхдийн сэргээн засах төвийн эмчилгээний тасагт ирж буй хүүхдүүдэд чухам ямар эмгэгүүд зонхилон тохиолдож байна вэ. Та сая яриандаа хөлийн хавтгай ул, нурууны муруйлт зэргийг онцолж байсан. Энэ талаар дэлгэрэнгүй ярихгүй юу?
-Сүүлийн үед хүүхдүүдийн дунд нурууны муруйлт үүсэх, хавтгай тавхайтай гэж оношлогдох нь элбэг ажиглагдаж байгаа. Бага насанд буюу гурван нас хүртэл хүүхдийн хөлийн ул нумгүй байхыг хэвийн гэж үздэг.
Хавтгай ул нь өвдөг, түнх, аарцаг, нурууны үеүдэд эмгэг үүсгэх шалтгааны нэг юм
Хөлийн улны булчингийн хөгжил сул, шагай болон тавхайн булчингийн холбоос тогтворгүй байснаас энэ төрлийн эмгэг үүсэх нэг шалтгаан болж байна. Мөн гэр бүлийн амьдралын хэв маяг, зуршилтай шууд хамааралтай. Хөлийн тавхай, бэлбэрхий, өсгий, хөлийн хуруу буюу шивнүүр гэж нэрлэдэг, том, жижиг нийлсэн 26 яс, тэдгээрийг холбосон холбоос болон булчингаас тогтдог биеийн хэсэг юм.
Зарим тохиолдолд хөлдөө нумгүй байхыг төрөлхийн гэж тайлбарлах нь бий. Энэ нь өрөөсгөл ойлголт. Эцэг, эхчүүд маань хүүхдээ шалан дээр хөл нүцгэн явуулдаг мөртлөө гадаа байгальд зүлэг, ширгэн дээр хөл нүцгэн алхуулах нь багассан, бараг больсон гэж хэлж болно. Энэ нь хөлийн улны булчингийн хөгжилд муугаар нөлөөлж буй нэг хүчин зүйл юм.
Хүний биеийг доргилтоос хамгаалах байгалиас заяасан хамгаалалт байдаг. Тэр нь та бидний багана нуруу. Нуруу "S" хэлбэртэй байх ба алхах, гүйх, үсрэх, харайх үеийн биомеханикийг хангаж байдаг. Харин хөлийн ул нь дээрх хөдөлгөөний үед үүсэж буй даралт, доргилтын хүчийг сарниулах, нуруунд ирэх ачааллыг багасгах, хуваарилах зэрэг үүрэг гүйцэтгэдэг. Тиймээс хавтгай ул нь өвдөг, түнх, аарцаг, нурууны үеүдэд эмгэг үүсгэх шалтгааны нэг юм. Манай төвд хандаж байгаа хүүхдүүд ихэвчлэн удаан алхаж, гүйж чадахгүй хөл нь өвддөг гэсэн зовуурь хэлдэг. Нэг талдаа хөлийн нум үүсээгүй байдал, нөгөө талдаа өөр нэг эмгэгийн шалтгаантай байж болно. Үүнийг нарийн ялган оношлох зайлшгүй шаардлагатай. Цаашлаад хүүхдийн төрх байдалд өөрчлөлт орох эрсдэл бий. Эдгээрээс шалтгаалан өөртөө итгэлгүй болох, бусдаас ичих зэргээр ирээдүйн нийгэмших үйл явцад муугаар нөлөөлж мэднэ.
-Хөлийн ул хавтгайрах эмгэг чухам юунаас шалтгаалж байна вэ. Хүүхдүүдээ гадаа хөл нүцгэн явуулахгүй байгаа нь зөвхөн нэг хүчин зүйл нь болов уу?
Хавтгай улнаас шалтгаалж охид аарцагны гажилттай болох, улмаар өндгөвч, умай, сав зэрэг эрхтэн тогтолцооны байрлал хэвийн бус болох эрсдэлтэй. Нийгмийн хөгжилтэй холбоотойгоор, мөн хүүхдэд хэрэглэж буй гутал нь тодорхой шаардлагыг бүрэн хангаагүйгээс хавтгай ултай болж, үүнээс үүдэлтэй эрүүл мэндийн асуудал тулгарч байна гэсэн үг. Тиймээс эцэг, эхчүүд маань хүүхдийнхээ сууж, хэвтэж буй байрлал, хөлийн улны хэлбэр зэргийг байнга ажиглаж, анзаарах нь чухал.
-Хүүхдүүдийг насны ангиллаар авч үзвэл, өсвөр үеийнхэнд ямар эмгэг дийлэнхдээ тохиолдож байна вэ?
-Бид 17 хүртэл насны хүүхдүүдийг бэрхшээлтэй, бэрхшээлгүй гэж ялгалгүй мэргэжлийн багийн сэргээн засах тусламж үйлчилгээг өргөн цар хүрээнд үзүүлдэг. Техник, технологийн ололт амжилттай зэрэгцээд бий болж буй нэг сөрөг тал нь дэлгэцийн хамаарал, дэлгэцийн донтолт. Хүүхдүүд маань дэлгэцээс маш их хамааралтай болж байна. Түүнчлэн тав хүртэлх насны хүүхдэдээ гар утас, таблет өгчихдөг, үгүй бол телевиз ихээр үзүүлдэг. Ийм хандлага түгээмэл бий. Үүнээс шалтгаалсан сэтгэц, танин мэдэхүйн эмгэг байдалд хүрсэн маш олон хүүхэд сэргээн засах төвд ирж, эмчлүүлж байгаа.
Мөн сүүлийн үед хүүхдүүд мэдрэл сульдалд маш их өртөж байна. Гэвч үүнийг эцэг, эхчүүд нь мэддэггүй, тэр бүр анзаардаггүй. Дээрх бүх тохиолдолд мэргэжлийн багийн сэргээн заслын тусламж үйлчилгээ нэн тэргүүнд чухал.
Тиймээс та бүхэн хүүхдүүдийнхээ эрүүл саруул өсөн торниж байгааг нарийн сайн ажиглаж, үүсэж болох эрсдэлээс урьдчилан сэргийлээрэй. Дээр дурдсан үзлэг, үнэлгээ, оношилгоотой холбоотой тусламж үйлчилгээг Баянзүрх дүүргийн 16 дугаар хороонд байрлах Нийслэлийн Хүүхдийн сэргээн засах төвд үзүүлж байгаа. Манай улсад сүүлийн жилүүдэд хүүхдийн сэргээн засах чиглэлээр шинэ төвүүд нээгдэж байгаа нь сайн хэрэг. Гэхдээ эдгээр төвд ажиллах мэргэжлийн боловсон хүчин хязгаарлагдмал байгаа. Олон салбарт сэргээн засах зэрэгцэн байдаг.
-Хавдрын үеийн сэргээн засах эмчилгээ гэж та дээр дурдлаа. Үүний ач холбогдлыг тодруулбал?
-Хавдрын үеийн сэргээн засах эмчилгээ нь хавдар болон түүний эмчилгээ (хими, туяа, мэс засал)-аас үүдэн буй болсон чадвар алдагдлыг оношилж эмчлэхэд чиглэгддэг. Сэргээн засалч эмч хавдар үсэрхийлсэн эсэх, хийгдэж буй эмчилгээний үр дүн, гаж нөлөө, өвчний явц зэргийг судлан мэдсэнээр эмчилгээний зорилго, зорилт, төлөвлөгөө боловсруулан багаар ажилладаг. Хавдрын үед олон хүндрэл тохиолдоно. Түүний нэг нь өвдөлт байдаг. Сэргээн засахын менежментээр хамтарсан багаараа тулгарч буй хүндрэлийг засан сайжруулна. Түүнээс биш мэс засалд ороод л болчихдог зүйл биш. Эрчимт эмчилгээнд ороод л болдог гэж ойлгох нь өрөөсгөл ойлголт юм. Эмчилгээг цогцоор авч үзэх ёстой.
Тэнд хавдрын эмч, мэс засалч, сэргээн засахын эмч, хөдөлгөөн засалч, хөдөлмөр засалч, хэл засалч, сэтгэл зүйч, сувилагч, асрагч гэх мэтчилэн хамтарсан баг байдаг. Жишээлбэл, мэс заслын хүрц болон тухайн эмгэгийн улмаас хүүхдэд хэл яриа, залгиурын бэрхшээл үүслээ гэж үзвэл түүнийг хэн эмчилж засан сайжруулах вэ, амьдралын чанар, нийгмийн байдал энэ бүгдийг сэргээн заслын багаар л шийднэ. Мэс засал, эрчимт эмчилгээний үед сэргээн заслыг орхигдуулахгүй, эн тэнцүү байлгах хэрэгтэй. Энэ бол тулгамдаж буй асуудал мөн.
-Гэмтлийн үеийн сэргээн засах гэхээр ямар ойлголт байх вэ?
-Мориноос унаж хүнд гэмтсэн хүүхдүүд байна. Ямар нэгэн байдлаар унаснаас гар хөлийн ясанд хугарал үүссэн байж болно. Тэр бүх тохиолдолд сэргээн засах эмчилгээг хэдий чинээ эрт эхэлнэ төдий чинээ үр дүн сайтай байдаг. Эмчилгээний төлөвлөгөөг гаргаж олон мэргэжлийн баг хамтран оролцдог. Сэргээн засах тусламж үйлчилгээ гэж юу байдгийг мэдэхгүйгээс болоод насан туршдаа бэрхшээлтэй, хохирогч болоод хоцрох эрсдэл байна. Мөн асран хамгаалагчийн хайхрамжгүй байдлаас үүдэлтэй түлэгдэлт байна. Энэ үед түлэгдэлтийн үеийн арьсны сэргээн засах чухал. Түлэгдсэн шарх нь умайгаад эдгэсэн хүүхдийг яах юм бэ. Дараа дараагийн олон үе шаттай арьс нөхөн сэргээх мэс засал хийлгэх шаардлагатай болдог. Хүүхдийн сэтгэл зүйд ч маш том гэмтэл болж үлддэг.
Яг үнэндээ ийм нөхцөл байдлыг бий болгомооргүй байна. Хүүхдийнхээ эрүүл мэнд, энх мэнд өсөн торних боломжийг бид л өөрсдөдөө хангана. Хүүхдийнхээ эрх ашгийг хамгаалмаар байна. Хүүхдүүд маань энх тунх өсөн торниход сэргээн засах төв зайлшгүй чухал.
-Ярилцлага өгсөнд баярлалаа.