Индэр    
2022 оны 11 сарын 29
Зураг
Эдийн засагч, шинжээч

2023 оны бизнес төлөвлөгөөндөө юуг анхаарах вэ?

Зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Компаниуд ирэх жилийн төсвөө гаргаад завгүй байгаа биз ээ. Гэвч энгийн үе шигээ зардлаа бага зэрэг нэмээд борлуулалтаа өсгөөд төлөвлөдөг үе хэдийн өнгөрсөн байна. Таны бизнес явуулж буй орчин маш тодорхой бус, хурдан өөрчлөгдөж байгаа үед дараах зүйлсийг анхаарч үзээрэй.

Макро орчин, эдийн засаг ярихаар том бизнес эрхлэгчид илүү анхаарч, жижиг бизнес эрхлэгчид нэг их хүлээж авдаггүй. Худалдааны бизнес эрхэлдэг манай нэг хөрөнгө оруулагч байлаа. Би тэрхүү хөрөнгө оруулагчид зургаан сарын өмнө бизнесийн орчин хэрхэн муудахыг анхааруулж байв. Гэвч жижиглэн учраас манай бизнест нөлөөлөхгүй гэж хэлээд тэр үед төдийлөн тоогоогүй. Харин саяхан надтай уулзахдаа борлуулалт нь яаж буурсныг, бизнес нь хөрвөх чадваргүй болсон тухайгаа ярьж байв. Тэгэхээр та лангуун дээр бараа зарж л байгаа бол лангуун дээгүүр хэр их хүн цуглах нь эдийн засгийн нөхцөл байдлаас зайлшгүй хамаарна.

Таны бизнест нүүрс хамаатай. Эдийн засаг хангалттай өсөхгүй буюу борлуулалт хийхэд хүнд үе байна. Ирэх жил эдийн засаг 4-5 орчим хувиар өсөх таамаг ихээр гарчээ. Сүүлийн 3 жилд 0.6 хувь өссөн эдийн засаг ирэх жил 4 хувь өснө гэдэг бол үнэхээр чамлалттай. Ер нь Монголын эдийн засаг нүүрсээ хангалттай гаргаж байж уул уурхайгаас мөнгөтэй болно. Мөнгийг нь тээвэр, худалдаа, үйлчилгээ гээд салбарууд хэрэглэнэ. Хятадын Тэг КОВИД бодлого, нүүрс тойрсон улс төрийг харахаар сайжрах шинжгүй. Нөгөө талаас уул уурхайн салбарыг хөдөлгөдөг дизель түлш, тоног төхөөрөмж хоёр нь дайн хийж буй ОХУ-аас хамааралтай. Ингээд бодохоор компанийн ашиг, ажилчдын цалин хоёр ч мөд нар харахгүй нь дээ. Масс борлуулалт явахгүй учраас ирэх жил борлуулалтаа өсгөх нарийн ухаан сийлэх нь чухал. Наад зах нь танайхаар үйлчлүүлдэг үнэнч харилцагч нараа халамжил, тэдэнд зориулж таатай бүтээгдэхүүн, үйлчилгээг санал болго.

Санхүүжилтийн зардал өсөх магадлалтай. Зардлаа эрэмбэл. Зөвхөн бүртгэл хийдэг хүн биш, санхүү дээр анализ хийдэг хүний нөөц чухал. Валютын ханш, инфляц хоёр зуузай холбон хурдалж байгаа энэ үед Монголбанк зүгээр хараад суухгүй нь тодорхой. Тиймээс бодлогын хүүгээ өсгөдөг. Эргээд энэ нь зээлийн хүүг өсгөдөг. Сая л лав хүүгийн өсөлтөөс болж, санхүүжилтийн зардал 30 гаруй хувиар өссөн. Эдийн засаг хүнд үед таны бизнес зээлийн дарамттай явж болохгүй. Хамтран ажилладаг банктайгаа хүүгийн нөхцөлөө ярилц, ойлголц. Ирэх жил зээлийн хүү нэмэгдэх магадлал өндөр. Гэвч зээлийн хүү үсрээд л 2024 оны зургаадугаар сар хүртэл өндөр тогтох магадлалтай учраас өндөр хүүтэй, урт хугацаатай зээл авч болохгүй. Эргээд хүү буухад та өндөр зээлийн төлбөр төлнө гэдэг утгагүй. Түүнчлэн зардал дээрээ эрэмбэлж, мэргэжлийн санхүүгийн шинжээчдийг ашиглах нь зүйтэй. Үнэндээ та компанийнхаа бүх зардлыг нэгд нэгэнгүй мэддэг байж болох ч мэргэжлийн хүн гэдэг өөр байдаг.

Хүнд үед бэлэн мөнгөний дутагдалд орж болохгүй. Эдийн засаг хүнд үед бизнесээ бэлэн мөнгөний дутагдалд оруулж ер болохгүй. Яг ингэж хэлэхээр угаасаа болохгүй, угаасаа төлөвлөөд ч байгаадаа зарцуулагдаж байна гэх бизнес эрхлэгч олон. Мэргэжлийн санхүүгийн хүнтэй суугаад бизнесийн мөнгөн урсгалаа зөв тооцох, хүлээгдэж буй өглөг, авлагаа бодитой бүртгэх нь чухал. Аль болох авлага үүсгэхгүй байх, бартераар борлуулалтаа хийхгүй байх дээр анхаарах нь зүйтэй. Бизнесийн дампуурлын гол шалтгаан бол эрсдэлийн менежмент байхгүй, бүдүүн бараг явсантай л холбоотой байдаг. Тэгэхээр энэ хэсэг дээр та анхаарах нь юу юунаас чухал.

Энэ мэтчилэн бизнест анхаарах зүйлс их. Бичиг цаасанд буулгаж, эргэж сөхөхгүй байснаас нөхцөл байдлаа бодитоор харах нь чухал. Ямар нөхцөлд байхаас хамаарч, бизнесийн стратеги тань гарч ирнэ.