Төрж өссөн хотдоо зөв зүйтэй ажлууд хийчих санаатай дэрвэж явсан дэврүүн санаа маань тас цохиулж, сошиал давлагааны бай болж, Улаанбаатар хотын захиргаа маань гүн хямралд өртсөнийг гэрчилсэн хэд хоногийг үзлээ.
Хотын захиргаандаа олон ч удаа санал санаачилга дэвшүүлэн төрөл бүрийн төсөл арга хэмжээ, сургалт судалгаа өгч, уйгагүй явсан боловч эргээд маш ерөнхий дүгнэлт дээрээ тас хийтэл буухад хүрэв.
Нэг ёсондоо төрийн эрхийг барьж буй эдгээр эрхмүүд юунд төвлөрч, юутай тэмцэхээ л анхнаасаа мэддэггүй юм байна. Ерөөсөө л түүнээс үүдээд бид эрүүл мэнд амь нас, амьдралын чанар, эдийн засаг, цаг хугацаагаараа хохирдог юм байна гэдгийг баттай харлаа. Ердөө хоёрхон жишээгээр тайлбарлахад:
1. Түгжрэлийг бууруулах нэрээр зам барьж тэмцсэн МАН жилүүд
Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах зорилгоор анх удаа 420 тэрбум төгрөгийг нийслэлийн төсөвт суулгаж 2022-2024 онд 36 цогц ажил хэрэгжүүлж байгаагаас 12 багц арга хэмжээг он дамнуулан хийнэ гэж албан ёсны мэдээлэл өгч байсан.
Уг төсвийн задаргааг доорх зургаас харвал байшин барилга, зогсоол, зам, автобус парк, газар чөлөөлөлт, хашаа хайс гээд явж өгч байна. Эндээс нэг асуулт асуухад ХҮНДЭЭ чиглэсэн шийдэл нь хаанаа байна вэ? Улаанбаатар хотын иргэн хүний өдөр тутмын амьдралын хэрэгцээ, хэв маяг, урсгал хөдөлгөөний шалтгаан, зорчих хэв маяг, хүний сонголтоо судлаагүй гэдэгт лав бат итгэлтэй байна.
Үе үеийн Засаг дарга нар хотын газрыг хуу хаман наймаалцаж цементэн ширэнгэ болгож хаячхаад одоо эргүүлээд чөлөөлөх гэж үйлээ үзэж буй ажээ. Нэг талдаа газраа зараад нөгөө талдаа чөлөөлөөд яваа шиг хөгийн үзэгдэл биш гэж үү?
Эргээд эндээс шийдвэр гаргагчдын бодлогын түвшинд Улаанбаатар хотын иргэд буюу ХҮМҮҮС нь хаанаа байна гэдэг нь маш чухал асуудал юм. Энэ зардлын том тооцооллыг харвал замтай, машинтай л тэмцсээр байгаа нь илэрхий бөгөөд хүнийхээ урсгал тооцооллыг нарийвчлан гаргаагүй нь харагдаж байна. Хүмүүс буюу Улаанбаатарчууд яагаад машинаа хэрэглээд байгаа цааш шалтгаанаа харж байгаа юу? Харсан бол энэ том данхгар төсөв чинь арай л өөрөөр ХҮНДЭЭ чиглэсэн баймаар.
Олон улсын хотуудын тээврийн болон зорчих хөдөлгөөний бодлогод МАШИН төвтэйгөөс ХҮН төвтэй эко трендүүд рүү хүчтэй шилжиж байгаа бөгөөд дан ганц Сөүл хотын тээвэр хөдөлгөөний салбарын алсын хараа, зарчмуудыг л гэхэд доорх ганцхан графикаас харах боломжтой. Юу хийх гээд, юун дээр төвлөрөөд, яаж гэдэг нь шууд ойлгогдож байгаа биз дээ?
Суурь дүн шинжилгээ, шалгуур үзүүлэлтүүд нь бүгд тодорхой байдаг бөгөөд дараагийн нийтлэлүүд дээрээ илүү дэлгэрүүлэн бичих болно. Энэ бүхнийг удирдан чиглүүлэх, алсын хараагаа олж харахад МЭДЛЭГ хэрэгтэй юм. Өөрөөр хэлбэл хотууд хувийн тээврээ ашиглах хэрэгцээг нь бууруулах замаар иргэдийнхээ зан төлөвт нөлөөлтөл бодлого боловсруулдаг.
Тиймээс машинтайгаа тэмцэх биш, машин унаад буй хүмүүсийнхээ хэрэгцээг дахин судалж эхлэх хэрэгтэй. Хэрэгцээ гэхээр “Хүүхдээ сургуульд зөөдөг тул гээд сургуулийн барилга барьчихъя” гэх БИШ бөгөөд сонголтыг хумих тусам иргэдийн хөдөлгөөнийг төлөвлөх боломж нарийсдаг. Нэг үгээр хэлбэл “Иргэд заавал хувийн тээврийн хэрэгсэл унахгүйгээр Улаанбаатар хотын хаана ч өөрийн сонгосон тээврийн хэрэгслээр хүүхдээ хүргэх боломжийг бүрдүүлэх” гэж ойлгож болно. Тиймээс дахиад харвал манай хотын түгжрэлийг бууруулах бүх арга хэмжээ түгжрэлтэйгээ л хий хоосон тэмцээд байгаа нь одоо ойлгогдож буй биз ээ.
2. Агаарын бохирдлыг бууруулах нэрээр зам барьж тэмцсэн МАН жилүүд
Сүүлийн таван жилд агаарын бохирдлыг бууруулахад хагас их наядыг зарцуулсан тухай тайлангуудад бичжээ. Зөвхөн 2022 оны хувьд Агаар орчны бохирдлыг бууруулах Үндэсний хорооноос агаар орчны бохирдлыг бууруулахад зориулан 43.6 тэрбум төгрөгийг зарцуулахаар төлөвлөн ажилласан байна. Үүний 23 тэрбумыг нь агаарын бохирдлыг бууруулахад, таван тэрбумыг нь хөрсний бохирдлыг бууруулахад, хоёр тэрбум гаруйг нь хог хаягдлыг бууруулахад гэх мэтээр зарцуулахаар төлөвлөсөн байна.
Ингээд бодохоор дахиад л нарийн ширхэгт тоосонцор, нүүрс түлштэйгээ байлдсаар хамаг төсөв салхинд хийсжээ. Үр дүн дахиад л алга.
Хүмүүс яагаад нүүрс түлээд байгаа юм бэ? Үл үзэгдэгч хөнөөлт дайсантай байлдаж тоглож өссөн сайхан сэтгэлээр дүүрэн сайд дарга нарыг жилийн жилд элдэв нэр томьёо цээжлүүлэн сургаж үдсээр өнөө бохирдол нь улам дордсоор. Сайдууд маань дөнгөж PM2.5, PM10-аа ялгаж эхэлж байтал дараагийн сайд ирсээр энэ ажлууд дахиад саатна.
Яагаад түлштэйгээ энэ олон жил ноцолдоод, зуухтайгаа үзэлцээд байдгийг олон улсын экспертүүд нь яг үнэндээ ойлгодоггүй. Жилээс жилд галлагаа хийх сургалт, угаар мэдрэгч төхөөрөмж, яндан хөөлөх арга хэмжээ ярьсаар 21-р зууны нийслэлдээ угаартаж үхлээ бид.
Улс төрийн зориг гаргаж романтик сэтгэлтэй поп Байгаль орчны сайдаас энэ чухал ажлуудаа булаан авах хэрэгцээ байгаа юм биш үү? Ядаж эрчим хүчний сайдад энэ ажлыг, энэ их төсвийг нь хариуцуулан өгч далайцтай эх үүсвэрээр нь шийдэх ажил хийхгүй бол сайжруулсан түлш хэмээх энэ цуутай луйвраар хэдхэн компани цөмөртлөө баяжаад дууслаа. Бидний хүүхдүүдийн уушги тэсэхээ байх нь.
Энд тэнд дэвж элдэв худлаа цээжилсэн үгс, тоонуудаа хэлж суухаас илүү хэл сураад олон улсын бодлого тренд судлаад ядаж мэдээлэл авцгааж бас ард нийтээрээ мэдээллийн гүн рүү орж шаардлага хэрэгцээгээ нэхдэг болмоор байна. Дахиад хэдэн жил түлштэйгээ тэмцэлдэх юм бэ?
Мэдлэг нь хүрэхгүй байхад л тэр чигтээ гүрийгээд дайраад байгаа энэ МАН-ын эрх баригчдаас, тэдний төлөөлөл Улаанбаатар хотын засаг дарга Д.Сумьяабазар танаас илтэд ёс зүйн болон төрийн сонгон шалгаруулалтын дүрэм зөрчсөн кэйс дээр нь ТАЙЛБАР шаардаад долоо хонож байна. Та хэзээ хариу тайлбар өгөх вэ? Та бүхэн ул суурьтай асуудлаа олж хартал бид асуултаа асуусаар, шийдлээ санал болгосоор байя.