Индэр    
2020 оны 1 сарын 2
Зураг
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт

2019 онд гарсан тогтвортой хөгжлийн инновацлаг нээлтүүд

2019 онд Гретагийн ачаар дэлхийн хүн ам хоёр хэсэг хуваагдан уур амьсгалын өөрчлөлтийг няцаагч, нотлогч болж нийгмийн сүлжээнд дайтав. Шинжлэх ухаанд итгэхийг үл хүсэгчид уур амьсгалын өөрчлөлтийн талаар нэмж судалж мэдэх ямар ч сонирхолгүй байгааг нийгмийн сүлжээн дэх маргаануудаас харж болохоор байлаа.

Уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөлөл, аюул занал улам хүчтэй илэрч дэлхийн хамгийн хүйтэн хотуудад өвөл ирэхгүй, халуун орнуудад цельсийн 50 хэмээс дээш халах үзэгдлүүд гарсаар байсан ч Гретаг зүхсэн интернэт хэрэглэгчид нэмэгдсээр л байна. Дэлхий дээрх 10 хүн тутмын нэг нь уур амьсгалын өөрчлөлтөөс үүдсэн аюултай нөхцөл байдалд амьдарч байна. Тэдний улс, орон гэр нь усанд живж байна, идэх хүнс уух усгүй болж байна, төрөл бүрийн халдварт өвчний золиос болж байна.

Гэтэл зөвхөн Грета уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг уриалан дуудаад хүн төрөлхтөн гар хумхиад суугаагүй юмаа гэдгийг 2019 онд гарсан технологи, инновацын шинэ нээлтүүд батлан харуулж байна. Дэлхий дахинд тулгамдсан асуудлуудыг оновчтойгоор шийдэх шийдлүүд байсаар байдаг. Хамгийн гол нь хүн бүр эерэг хувь нэмрээ оруулах сэтгэл зүйтэй байх нь маш том хүч юм.

Ингээд 2019 онд гарсан тогтвортой буюу sustainable, уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөллийг бууруулах ирээдүйтэй шилдэг 10 инновацыг товчлон танилцуулъя.

1. Автомашин цэнэглэдэг зам

Энэ онд Шведүүд цахилгаан автомашин жолоодож явах үед цэнэглэдэг автозамын технологийг нээжээ. Цахилгаан автомашин дээгүүр нь өнгөрөх үе замын голоор суурилуулсан цэнэглэгч ажиллаж эхэлнэ гэсэн үг. Замаас цэнэгээ авна гэвэл тусгай тохируулгаар автомашины доод хэсэгт нэмэлт хэсэг сунаж замтайгаа илүү ойртож өгснөөр цэнэглэгч идэвхжинэ. Зам дээгүүр ил гүйсэн цахилгаан байхгүй тул явган хүнд ямар ч аюулгүй.

2. Хиймэл наранцэцэг

 

Шимин Хө болон Калифорнийн их сургуулийн хэсэг судлаачдын хамтран бүтээсэн Sunbots буюу наранцэцэгний хөдөлгөөнөөс санаа авсан шинэ эрчим хүчний технологи нь маш их анхаарал татаж байна. Нар даган хөдөлж эрчим хүч хуримтлуулдаг хиймэл наранцэцэг нь энгийн нарны эрчим хүчний хураагуураас 400 хувиар илүү үзүүлэлттэй. 1 мм-с ч бага диаметртэй энэхүү төхөөрөмж нь нарнаас ирж буй дулааныг мэдэрч тэлдэг бөгөөд нарны гэрэл мэдэрч сууриндаа эргэдэг.

Энэ нээлтийн тусламжтай нарны эрчим хүчний технологи улам боловсронгуй болно гэж судлаачид үзэж байна. Байгаль дээрээс санаа авсан нээлтүүд ихэнхдээ амжилттай болдгийн нэг жишээ нь энэ байх. ЭНД-ээс дэлгэрэнгүйг уншиж болно. 

3. 3D хувилагчаар байгуулсан хороолол

 

Мексикийн үерт өртөмтгий бүсэд дэлхийн хамгийн анхны 3D хувилагчаар байгуулсан хороолол баригдаж байна. Табаско орчмын өрхүүд нийгмийн нэн ядуу бүлэгт хамаардаг тул тэдний орон байрны асуудлыг хямд бөгөөд найдвартай аргаар шийдэх 50 байшинг 2020 он гэхэд барьж дуусгана гэж зорьж байна. Газар хөдлөлтөд тэсвэртэйн дээр борооны улиралд ус чийгнээс найдвартай хамгаалах дизайны шийдлүүдийг шингээсэн.

Хэрвээ энэ хороолол амжилттай төсөл болж чадвал нэн таагүй нөхцөл байдалд амьдардаг дэлхий дээрх 1.6 тэрбум хүний амьдралыг бодитоор өөрчлөх боломжтой юм.

4. Кофегоор хийсэн машин

 

Америкийн автомашин үйлдвэрлэгч Форд түргэн хоолны салбарын тэргүүлэгч МкДоналдстай хамтран кофены хаягдал шаарыг автомашины сэлбэг болгох санаачлага гарган ажиллаж байна. Ийнхүү био инженерчлэл хийснээр их хэмжээний кофены хог хаягдал газарт булагдахаас сэргийлэхийн сацуу автомашины сэлбэг хэрэгслүүд хөнгөн авсаархан болж улмаар түлш зарцуулалтад эергээр нөлөөлнө гэж тооцоолж байна.

5. Дроноор ойжуулалт хийх технологи

Мод тарих уламжлалт арга барилыг өөрчилсөн нэгэн гайхалтай нээлт дронын тусламжтай бий болжээ. Энгийн аргатай харьцуулахад 150 дахин хурдан дрон ойжуулалтын технологи нь маш сайн нарийвчлалтайгаар хөрсөнд модны үрийг суулгах боломж олгодог. Их Британид төвтэй Дэндра Системс компани энэ технологийн тусламжтай 500 тэрбум мод тарина гэсэн зорилттой байгаа юм байна.

6. Хүнсний хог хаягдалтай тэмцэгч жоомнууд

Хятадын Жинан мужид жоомны ферм хоолны хог хаягдалтай хүчтэй тэмцэж байна. Хүнсний хог хаягдал нь уур амьсгалын өөрчлөлтөд сөргөөр нөлөөлдөг метаны хийг ихээр ялгаруулдаг. Харин хүнсний хаягдлаар жоомнууд хооллосноор хаягдлын хэмжээг 45 орчим хувиар бууруулдаг. Ингээд хог хаягдлаар хооллосон жоомнуудаар малаа хооллосноор шим тэжээлийн эрэлтийг нь бүрэн хангаж чадаж байна. Яг энэ төрлийн бизнес 2019 онд Хятадад жинхэнэ хит болж чаджээ.

7. Эко цемент

Филиппинын Их сургуулийн инженерийн ангийн оюутнууд үнс, хаягдал шил, чулуу хайрга гэх мэт түгээмэл хаягдлууд дахин боловсруулан шинэ төрлийн цемент гаргах технологийг бүтээжээ. Ингэснээр барилгын салбарт ихээр ашигладдаг байгаль орчинд сөрөг нөлөөтэй цемент, хайрга чулууны хэрэглээг үлэмж хэмжээгээр багасгах боломжтой юм.

8. Хөх жийнс ногооров

Жийнсний үйлдвэрлэлийн усны хэрэглээ үргэлж хурц шүүмжлэл дагуулж байдаг. Асар их хэмжээний ус хэрэглэж байж өнөөгийн бидний өмсдөг жийнсэн хувцаснууд бүтдэг байсныг Вранглер брэнд өөрчилжээ. Тэд хөөсөөр буддаг жийнсний анхны брэндийг бий болгож амжилттай туршин нэвтрүүлсэн бөгөөд усны хэмнэлтийг 100 хувь гэж баталж байна. Өөрсдийн нээлтээ тэд бусадтайгаа хуваалцахад бэлэн гэж бардам зарлажээ.

9. Цөлийг хөрс болгох технологи

Цөлжилт, ган гачигнаас үүдэн жил бүр 12 сая га газар үржил шимээ алдаж байна. Норвегийн Дезерт Контрол компани шавар ус хоёрын холимгоор шингэн нано шавар зохион бүтээсэн. Элснээс доош хагас метр орчим холимгоо шахаж ус барих чадварыг нь нэмэгдүүлснээр хөрсний үржил шим сэргэдэг бөгөөд ургац хураах ч боломжтой болдог юм байна.

10. Смарт хог ангилан ялгагч

 

Хятадын Шанхай хот энэ оноос эхлэн хог хаягдлын эсрэг маш хатуу журам мөрдүүлж эхэлсэн бөгөөд хогоо ангилан ялгаагүй иргэдийг өндөр дүнгээр торгож байгаа. Иргэд хогоо ангилан ялгах тал дээр төдийлөн мэдлэг мэдээлэлгүй байгаа тул JD.com онлайн худалдааны сайт нэгэн аппликэйшн хөгжүүлжээ.

Энэхүү апп нь 4 төрлийн хогийг ангилж таних бөгөөд иргэд хогныхоо зургийг аваад JD рүү илгээхэд хиймэл оюун ухааны тусламжтай тухайн хогийг нойтон, хуурай, хортой болон дахин боловсруулах гэсэн ангиллуудад ялгаж зааж өгдөг байна. Тэдний өрсөлдөгч Алибаба, Тенсент нар мөн энэ жилээс эхлэн хог ангилан ялгах хөтөлбөрүүд эхлүүлээд байна.


Дэлхий улам бүр хурдтай өөрчлөгдөж байгаа энэ цаг үед энэ мэт шинэлэг нээлтүүдийг уншиж сэдэл аваад эерэг санаачлагуудыг эх орондоо нэвтрүүлэн ажиллахыг та бүхэндээ уриалъя. 2020 онд ямар шинэ нээлтүүд гарахыг тэсэн ядан хүлээж байна.