Индэр    
2019 оны 10 сарын 10
Зураг
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт

Энд нэг л юм буруу байна…

Зураг
Эх сурвалж: БИ+Д төсөл

Би биеэ харанхуй буланд үлдээлээ
Энд нэг л юм буруу байна
Ээжийнхээ үхэхийг охин нь хүлээнэ
Хүүгийнхээ үхэхийг эцэг нь хүлээнэ
Ахынхаа үхэхийг дүү нь хүлээнэ
Энд нэг л юм буруу байна…
Яруу найрагч морио үхэхийг хүлээнэ
Бүсгүй сүнсээ үхэхийг хүлээнэ
Хүүхэд маргаашийг үхэхийг хүлээнэ
Энд нэг л юм буруу байна. 
Нэг л юм буруу байгаад байна
Гол усаа үхэхийг хүлээнэ
Тэнгэр бууриа үхэхийг хүлээнэ
Энд нэг л юм нэг л юм буруу байна… буруу байна…

Одоогоос 10 гаруй жилийн өмнө буюу 2006 онд Монгол Бельгийн киночдын хамтран хийсэн "Хадаг" хэмээх бүтээл олон улсын наадмуудаас шагналын хур буулган биднийгээ бахархуулж билээ.

Киноны дундуур уншигддаг дээрх шүлэг бас үйл явдлууд өнөөдрийн Монгол Улсын Ерөнхийлөгчийн эмгэнэлийг уншмагц санаанд зурсхийн орж ирлээ. Хот даяараа хорт утаанд угаартаад өгвөл хэн эмгэнэл илэрхийлж үлдэх вэ? Утаагаар бизнес хийж хөлжөөд улсаасаа дайжин одсон эрхэм дарга нар байх вий.  

Монгол Улс агаарын бохирдолтой 10 гаруй жил идэвхтэй тэмцээд өнөөг хүртэл үр дүнд хүрээгүйгээр үл барам улам дордсоор байгааг бид өдөр бүр мэдэрч байна. Агаарын бохирдол энэ хэвээр дордсоор байвал ердөө 5 хүрэхгүй жилийн дотор цаг бусаар нас барагсдын тоо 5,000-14,000 хүрнэ гэж судлаачид сануулсаар. Албан тушаалаа авч үлдэхийн тулд амин чухал мэдээллүүдийг нуун дарагдуулдаг хэсэг бүлэг эрх мэдэлтнүүдийн үйл лайгаар энэ тоо хэд дахин хурдтай нэмэгдэх нь. 2020 оны өвөл дуусахад хэчнээн хүний эрдэнэт амь эрсдлээ гээд эмгэнэл илэрхийлээд суух юм бэ? 

 
Эх сурвалж: БИ+Д төсөл

Агаарын бохирдлын талаар үй түмэн судалгаа тайлан гаргаж, өчнөөн том төсөв баталж ирсэн ч бүгд үр дүнд хүрсэнгүй. Харин 2008-2019 оны хүртэлх хугацаанд улсын төсвөөс дор хаяж 170 тэрбум, гадаадын зээл тусламжаар 105 сая ам.доллар зарцуулжээ гэсэн баримт үлдэж. Гэхдээ энэ бол туйлын даруу тоо баримт бөгөөд агаарын бохирдол гэх нэршилгүйгээр хэчнээн их мөнгө хаашаа урссаныг төр нь өөрсдөө ч хөөж хайгаад олохооргүй болсон байгаа юм. Жишээлбэл, "Цэвэр агаар" сан болон 2008-2016 онд агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр гадаад дотоодын хөрөнгөөр хийгдсэн ажлуудын үр дүнд хийсэн Монгол Улсын Үндэсний Аудитын газрын гүйцэтгэлийн аудитын тайлан зэргийг нягтлаад маш олон төрлийн зөрчил, луйвар баримтаар нотлогдсон бөгөөд ихэнхийнх нь санхүүгийн тайлангууд хэзээ ч олдохгүйгээр устсан байгаа юм. 

2019 оны нэгдүгээр сард Монгол Улсын Ерөнхийлөгч агаарын бохирдлын асуудлаарх ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулах үеэр миний бие иргэдийн төлөөлөл болж оролцсон билээ. Тэр үеэр агаарын бохирдлын тэмцэлд нийт 800 гаруй тэрбум төгрөг салхинд хийсгэжээ гэж сонордуулсан байдаг. Маш олон гол дүрийн баатруудтай, цэцэрхсэн, бурууг өнгөрсөнд эсвэл бусад руугаа чихсэн эрх баригч, бодлого боловсруулагчдын яриаг сонсон суухдаа үр хүүхэд маань цэнхэр тэнгэр харж өвөлжинө гэх итгэл найдвар маань бараг бөхөж билээ. Энд нэг л юм буруу байна. Асуудал хаанаа болохгүй байгааг бид бүгдээрээ мэдэж байгаа хирнээ тэр асуудлаа яагаад томоор тодруулан үр дүнтэй тэмцэх нэгдсэн зохион байгуулалтад орохгүй байна вэ? Агаар Орчны Бохирдлыг Бууруулах Үндэсний Хороо гэж байгуулагдан ажиллаж байгаа ч хэт олон өндөр албан тушаалтнуудыг нэг дор цохон томилоод юу ч өөрчлөгдөхгүй гэдэгт харин би бүрэн итгэлтэй байна. 

Монгол Улсын Үндсэн хуулийн 25-р зүйлийн 2 дахь хэсгийн 1-т “Улсын нийт дэвсгэрт буюу зарим хэсэгт оршин суугаа хүн амын амь нас, эрүүл мэнд, аж амьдрал, нийтийн аюулгүй байдалд шууд аюул учруулсан буюу учруулахуйц байгалийн гамшиг, гэнэтийн бусад аюул тохиолдсон зэрэг нөхцөлд УИХ ОНЦ БАЙДАЛ зарлана гэж заасан. Энэхүү заалтын үг нэг бүр өнөөдөр бэлхнээ бидний нүдэн дээр тохиолдоод, эхчүүд нь төрж ч амжаагүй бяцхан үрстэйгээ салах ёс хийсээр байтал тансаг ордонд цэц булаалдан бие биенээ чичлэн суугаа төр баригчид та бүхэн өөрсдөөсөө жигш. Агаарын бохирдлоор ах дүү, хамаатан садныхаа бизнесийг дэмжин тэтгэж, насаараа идэх хоолтойгоо золгосон бол одоо та бүхэн түр амраач. 

Агаарын бохирдол энэ хэвээр дордсоор байвал ердөө 5 хүрэхгүй жилийн дотор цаг бусаар нас барагсдын тоо 5,000-14,000 хүрнэ...

Олон улсын мэргэжилтнүүд үй олноороо ирж судалгаа хийж, зөвлөмж өгөөд буцдаг. Тэдэнд Улаанбаатар хотын байгаль орчны асуудал хэзээ ч бүтэшгүй даалгавар мэт санагддаггүй билээ. Яг одоогийн байгаа энэ засаглалын бүтэц, түүнийг нь тойрон шүлсээ үсчүүлэн агаарын бохирдлоор бизнес хийх гэсэн ашиг сонирхлын бүлгүүд байгаа нь л тэмцлийг бүтэшгүй болгоод байгаа юм.

Агаар орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийг нэгд нэгэнгүй уншвал ихэнх яамд, нийслэлийн ихэнх харьяа байгууллагууд бүгд ямар нэг хэлбэрээр үүрэг хүлээсэн, хамтран хэрэгжүүлэхээр заагдсан байдаг. Яам бүр, газар хэлтэс бүр нь хөтөлбөр, үйл ажиллагааны төлөвлөгөө баталж суудаг тохиолдолд хаана нь хийдэл давхардал гарч буйг таах ч гээд ч нэмэргүй. Зэрэгцэж суугаа хоёр албан хаагч ч хоорондоо мэдээллээ солилцож, уялдаж ажиллаж чаддаггүй Монголын төр ийм байдлаараа дараагийн 20 жил тэмцээд ч утаагаа барахгүй биз ээ. Үүнд би мөн л тун чиг итгэлтэй байна. 

Хонгилын үзүүрт маань гэрэл асааж, бүтэж магадгүй гэх ганц л шийдэл надад харагдаж байна. Ухаалаг бүтэц зохиож, менежментээ өөрчлөөд үзэх. Яагаад агаарын бохирдолтой тэмцэх ажил сууринаасаа, бүтцээсээ буруу бас дээр нь хяналт, тайлагналгүйгээр энэ олон жил хэдэн зуун тэрбумаар салхинд хийсгэсээр байхад сууриа засах тухай ярилцахгүй байна вэ? 

Бид хөгжлийн загвар болгон ярьцгаадаг Сингапур хамгийн ухаалаг төрийн бүтэцтэй тул дэлхийн удирдагчид, шийдвэр гаргагчид туршлага судлан бодит өөрчлөлт хийж байгаа бэлхэн жишээнүүд бий. Ялангуяа хот төлөвлөлт, байгаль орчныг хамгаалах, иргэддээ таатай амьдрах нөхцөл бүрдүүлэхийн төлөө хамгийн ухаалаг бүтэцтэйгээр ажилладаг сингупурчуудын туршлагаас суралцахаар зөвхөн Хятад улс л гэхэд 2,000 орчим хотын дарга нараа аваачин сургасан байдаг. Манай дарга нар ч дутахгүй олуулаа очиж, олон жил туршлага судалсан байх ёстой. Тэгсэн хирнээ хамгийн ухаалаг энэ бүтцийг нь нутагшуулчих юмсан гэсэн хүсэл хэнд нь ч төрөөгүй бололтой юм. Манай улсад төрийн бүтэц данхгар байх тусам олон шимэгч хоолтойгоо үлдэх учир аргагүй биз. 

Ли Куан Югийн манлайлал дор эрх чөлөө, тусгаар тогтнолд нь хамгийн их аюул занал учруулж байсан усны асуудал өдгөө дэлхийн шилдэг менежмент туршлагын жишээ болжээ. Төрөл бүрийн яамд нэгдэн усны асуудлыг хамтран хариуцахад маш их алдаа доголдол гарч буйг тэртээ 1963 онд Ли Куан Ю онцлон харжээ. Тиймээс усны асуудлыг дагнан хариуцдаг цор ганц байгууллага болох Сингапурын Усны агентлагийг (PUB) байгуулсан нь өнөөдөр дэлхийн шилдэг менежмент бүхий төрийн өмчит байгууллага болоод байгаа. Ингэснээр тус улсын усны асуудалтай холбоотой бүх эрх мэдэл, үүрэг хариуцлага цорын ганц байгууллагад төвлөрөв. Доорх схемийг хэн ч харсан туйлын ойлгомжтой, цэгцтэй байгаа юм. Хувийн хэвшилд ажиллаж буй шилдэг менежерүүдийг улсаас нь урьж томилж ажиллуулах бөгөөд карьерт нь тохиолдох хамгийн нэр хүндтэй нийтийн албыг маш өндөр цалингийн багцын хамт хүлээн авч хариуцлагаа үүрэх амлалтаа ч өгдөг.

 

Ингэж байж л салбар салбарын яамд хооронд мэдээлэл солилцоо, уялдаа холбоо муу байсан явдлууд аажмаар цэгцэрч, усны менежментийн чиглэлээр авч хэрэгжүүлэх урт хугацааны цор ганц цогц стратеги, түүнийг хэрэгжүүлэх ойлгомжтой бүтэц бүрэлдэхүүн, төсөв тооцоо гарч ирсэн хэрэг. Усны нөөцөөсөө шууд хараат байсан Сингапур өнөөдөр дэлхийн хамгийн шилдэг усны менежменттэй орнуудын нэг болж, сүүлийн үеийн технологи, инновацлаг бүтээгдэхүүнүүдийн эзэн болж чадсан.  

Яг энэ загварыг манай урд хөрш хуулбарлан нутагшуулсан бөгөөд бүх Хятад улс даяар устай холбоотой асуудлыг цор ганц хүн хариуцдаг, эргээд хариуцлагаа хүлээдэг системд шилжин гайхалтай хурдан үр дүн үзэж эхлээд байна. Water chief буюу усны асуудал хариуцсан даргын асар их эрх мэдлийг хариуцлагаар нь хязгаарлан хянах нь мэдээж хялбар.

 
Эх сурвалж: БИ+Д төсөл

Бидэнд ч бас Air chief буюу Агаарын бохирдлын асуудлыг хар толгойгоороо хариуцан цуцалтгүй ажиллах хүн хэрэгтэй байна. Тойрч нэгнээ өмгөөлж, гүтгэх ямар ч шаардлагагүй. Хамгийн их эрх мэдэл, цалин хөлсийг нь чадах хүнд нь даатгаад зайгаа тавьж өгцгөөнө үү. Үрийнхээ хүйтэн биеийг тэврэн уйлж суугаа эх хүнийг бодон энэ олон шимэгчдийг хайр найргүй хоолноос нь салгаж, өөрчлөлт хийж өгөх Air chief бидэнд хэрэгтэй байна. Тэр нь хэнбугай байх нь бидэнд хамаагүй. Дахиад нэг хүүхэд ч болов эндэхгүй байгаасай гэж, дахиад нэг өдөр ч болов цэвэр агаар амьсгалах юмсан гэж ажиллах сэтгэлтэй нэгнийг бидэнд хайрлаач ээ. 

Үйл ажиллагааных нь алхам бүрийг иргэд харж, хянаж  чадахуйц ил тод үйл ажиллагаатай үр дүнтэй тэмцэл хийж өгөөч ээ. Агаарын бохирдлын асуудалд нийтээрээ ингэж зүтгээд үр дүнд хүрэхгүй бол эргүүлээд хариуцлагыг нь асуудаг бүтцийг бий болгож өгөөчээ. Данхар төрийн чадваргүй их дарга нарын шунал үнэхээр барагдахгүй аж. Ядаж энэ арга барилыг туршиж үзээд, дараа нь бууж өгцгөөе. Бууж өгөхөд ганц алхам л дутуу байна.