Зураг
Зураг
Индэр    
2020 оны 11 сарын 20
Зураг
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт

Covid-19 ба нийгэмд гарч буй зарим өөрчлөлтүүдийг БИГ ДАТА хэрхэн илрүүлж байна вэ?

Зураг
Эх сурвалж: BagiMax photography

Дэлхий дахинаа тархсан цар тахлыг 1918 оныхтой харьцуулан жиших, түүх сөхөн ярих тохиолдол олон байна.

Гэтэл энэ хоорондох хугацаанд хүн төрөлхтний өдөр тутмын амьдралд технологийн эзлэх байр суурь асар хүчтэй болсноор өнөөдөр бид тархалтын цар хүрээг гар утас болон бусад хөдөлгөөнт төхөөрөмж, дата цуглуулдаг бусад төрлийн мэдрэгчүүдийн тусламжтай цаг алдалгүй тодорхойлж чаддаг болжээ. Энэ бүгдээс цугларсан бүх мэдээллийг нэгтгэснийг бид БИГ ДАТА (big data) гэж нэрлэж түүнээс хүмүүсийн хөдөлгөөний урсгал, хүрээлэн буй орчин, нийгэм, эдийн засгийн таамаглал трендийг харж чаддаг болоод байна. 

Хотын бодлого төлөвлөлтөд биг дата ашигладаг туршлага тоймгүй олон бөгөөд хамгийн түгээмэл нь тээврийн салбар. Гэтэл бидэнд биг дата байхгүй шүү дээ гэж манай улсын бодлого боловсруулагчид гомдоллодог. Хэрвээ хүн байгаа бол, хүмүүс хөдөлж л байгаа бол дата тэнд байдаг. Харин түүнийг хэрхэн нэгтгэж харах, унших, ухаалгаар ашиглах нь дараагийн асуудал билээ.

Улаанбаатар хотод нийтийн тээврээр зорчиход ашигладаг смарт карт бол хамгийн энгийн биг датаны эх сурвалж бөгөөд түүгээр дамжуулан хэн, хаанаас, хэдэн удаа дамжиж зорьсон газартаа хүрснийг бүрэн хянах боломжтой. Энэ боломж дээр тулгуурлан бид тээврийн хэрэгслийн хөдөлгөөний ачааллыг зохицуулах, дахин загварчлах боломжтой боловч төрийн байгууллагуудад төдийгүй манай улсад дата мэргэжилтнүүд тун ховор байгаа юм. Үүн дээр нэмээд такси, хувийн автомашины сенсороор хянах нэмэлт боломжууд ч байгаа. Дан ганц тээвэр гэлтгүй бусад бүх салбаруудад биг датаг ашиглан хамгийн зөв шийдлүүдийг гаргах боломжтой. 

Дэлхий дээр ажиллаж буй 9.8 тэрбум гар утас, 2,000 гаруй хиймэл дагуул, 25 тэрбум дижитал сенсоруудаас биг дата цуглуулж нэгтгэж харж чадвал коронавирусээс үүдэлтэй нийгэм, эдийн засгийн өөрчлөлтүүдийг бодитоор уншиж чадна.

Цар тахлаас үүдэн хүмүүсийн амьдралын хэв маяг гарцаагүй өөрчлөгдөж байгаа боловч нийгмийн бүлэг бүрт харилцан адилгүй нөлөө нь тусаж байгаа.

Дэлхийн хэд хэдэн улсаас боломжит биг датаг нэгтгэн цар тахлын дараах шинэ хэв маягт дасан зохицох, сайтар бодолцсон, иргэн бүрийн сайн сайхны төлөө шинэ бодлого боловсруулахад тустай хэд хэдэн трендүүдийг зурагласан байна. Гэхдээ маш тоймтой, зөвхөн хот төлөвлөлттэй холбоотой трендийг багцалбал:

  1. Хот доторх бичил цэцэрлэгт хүрээлэнгүүдийн хэрэгцээ огцом нэмэгдэв

 
Эх сурвалж: BagiMax photography

Цар тахлын үеийн хөл хорионы үед хүмүүсийн гар утас, ухаалаг төхөөрөмжүүдээс цуглуулсан датаны тусламжтай хөдөлгөөний урсгалыг харах боломжтой.

Хувийн тээврийн хэрэгслээр нааш цааш чөлөөтэй зорчих боломжгүй болсон тул хүмүүс гэртээ хамгийн ойрхон цэцэрлэгт хүрээлэнгүүдэд цагаа өнгөрүүлэх нь нэмэгдсэн байна. Хонг Конг, Япон, АНУ, Өмнөд Солонгост цэцэрлэгт хүрээлэнгүүдийн хүрэлцээ их, тав тухтай, зөв төлөвлөлттэй тул иргэд ихэнх цагаа цэцэрлэгт хүрээлэн дотор алхах, дасгал хийх зэргээр өнгөрөөдөг болсон бол эсрэгээрээ Бразил, Итали, Энэтхэгт халдварын эсрдэлтэй хэмээн хаагджээ.

Хөл хорионы үеэр тааваараа алхах орон зай, ногоон байгууламжид ойр байх нь хүмүүсийн сэтгэл зүйн болон биеийн эрүүл мэндэд нэн хэрэгцээтэй болохыг биг дата харуулжээ. Бас нэг чухал зүйл нь зөв төлөвлөсөн, таатай ногоон байгууламж цэцэрлэгт хүрээлэнгүүдийн хүртээмжийн асуудал бөгөөд нийгмийн аль ч давхарга ижил тэгш ашиглах боломжтой орон зай юм.

БНСУ-ын 11 км урттай Чеонггечан төсөл нь хурдны замыг буулган хотын төвөөс зах хүртэл иргэд чөлөөтэй алхаж болохуйц олон нийтийн орон зай болгож өөрчилсөн нь үүний супер жишээ билээ.

Манайд олон жил хоосон, хаягдаж үлдсэн Сэлбэ гол дагуу гүйлтийн зам, амрах орчин бүхий амралтын бүс жишгээр байгуулах, олон нийтийг энэ ажилдаа ижил тэгш оролцуулах нь хамгийн эхэнд хийж болох ажил юм. 

  1. Хүн бүр хөл хорионы үед гэртээ амгалан тайван байх боломжоор хангагдаагүй байна

 
Эх сурвалж: BagiMax photography

Хотуудаас хамгийн өндөр орлоготой болон бага орлоготой нийгмийн бүлгүүдийг бүсчлэн биг дата трендээс харвал энгийн үеийнхээс тэс өөр зураглал гарсан байна.

Ердийн үед өндөр орлоготой бүлгийнхэн илүү их гадуур явдаг байсан бол хөл хорионы үед тэдний хөдөлгөөн бараг бүрэн зогсож эсрэгээрээ бага орлоготой бүлгийн хөдөлгөөн ихэсжээ. Учир нь бага орлоготой бүлэг хөл хорионд удаан хугацаагаар тайван гэртээ байх боломж нөхцөлөөр хангагдаагүй.

Манай улсын жишээн дээр үзвэл гэр хороололд амьдардөг өрхүүд хүнсээ бага багаар тогтмол авах хэрэгцээ үүсэхэээс гадна худгаас ус авах, нүүрс түлээнд явах зэргээр эрсдэл нь бусад бүлгээс их байна. Үйлчилгээний салбарт ажилладаг дийлэнх ажилчид бага орлоготой иргэдийн амьдрах бүсэд харьяалагдах тул хүнсний, эм хангамжийн, хүргэлтийн ажилтнуудын халдварлах эрсдэл төдий чинээ нэмэгдэж байгаа хэрэг.

Тиймээс энэ цаг үед тэгш хүртээмжийн талаар бодлого боловсруулагчид маань сайтар бодолцож, бага орлоготой эрсдэлтэй бүлгийнхнийг дэмжсэн татаас, урамшуулал эсвэл амьдрах орчныг нь сайжруулах алхмууд зайлшгүй хийх хэрэгтэй

  1. Эдийн засгийн үйл ажиллагаа, тээврийн салбар удааширч зогссоноос үүдэн агаарын бохирдол, зам тээврийн осол аваар буурсан байна

 
Эх сурвалж: BagiMax photography

Биг дата цуглуулсан хэд хэдэн оронд эдийн засгийн үйл ажиллагаа, үйлдвэрлэл удааширч зогссоноос үүдэн агаарын чанарын үзүүлэлт эрс сайжирсан байна.

Нүүрсээр галладаггүй манайх шиг улсыг эс тооцвол хөл хорионы үед тээврийн салбараас ялгардаг агаар бохирдуулагчийн хэмжээ эрс багасдаг.

Эсрэгээрээ манай улсад ахуйн хэрэгцээндээ нүүрсээр галлаж өдрийн турш гэртээ өнжиж байгаа тохиолдолд агаарын чанар хүний эрүүл мэндэд хортой түвшинд эргээд очно.

Энэ жил харьцангуй дулаан байгаа тул бид өнөөх хөнөөлтэй утаа угаараа мартагнасан байх магадлалтай. Жил бүр агаарын бохирдлоос бол амь насаа алдагсдын тоо ковидоор өвчлөгсдийн тоотой бараг адил хэмжээнд байдаг.

Үүнтэй мөн адил дэлхий дээр авто тээврийн ослоор жил бүр 1.3 сая хүн амь насаа алддаг гэсэн тооцоолол байдаг. Хөл хорионы үеэр энэ тоо огцом буурч байна. 

 
Эх сурвалж: BagiMax photography
 
Эх сурвалж: BagiMax photography

Дээрх өгүүлсэн тоо баримт, трендүүд зөвхөн хотын оршин суугчдын хөдөлгөөн дээр хийсэн анализ гэдгийг дахин сануулъя. Ковидын дараа дэлхийн ихэнх хотууд бүтэн гудамжны концепцыг хөгжүүлэн хот төлөвлөлтөө шинээр эргэн харах нь дамжиггүй. Зөвхөн автомашин, хувийн тээврийн хэрэгсэлд зориулсан дэд бүтцийг хөгжүүлэх бус алхах, дугуйгаар аялах боломжтой гудамжнуудыг Милан, Парисаас авахуулаад Хятадын зарим хотууд хэдийнээ хөгжүүлээд эхэлчихлээ.

Ийнхүү биг дата ашиглан үр дүнтэй бодлого, шийдвэр гаргах бүрэн боломжтой болсон энэ цаг үед мэдлэг туршлага, чадваргүйн улмаас зүгээр л сошиал орчноос таамаг авч шийдвэр гаргахаа зогсоох боломжийг технологи олгож байна.

Сошиал дээр элдэв чамин санаа гаргадаг иргэд ч зөв байдаг гэсэн үг биш. Цар тахлын дараах шокноос бид багагүй хүчин зүтгэлээр гарах боловч дараа дараагийн гэнэтийн эрсдэлүүдэд иж бүрэн бэлтгэлтэй байх боломжийг биг дата дээр тулгуурлан төлөвлөх хэрэгтэй. Мэдээллийн энэ их боломж, нөөц баялгийг хүртээмжтэй ухаалгаар ашиглахад нэн тэргүүнд суралцаж нийгмийн тэгш бус байдлыг багасгах боломж, шийдэл олон бий. 

Фото зургуудыг мэргэжлийн фото артист Bagi Max-ын зөвшөөрөлтэйгөөр нийтлэлд ашиглав.