Индэр    
2019 оны 9 сарын 25
Зураг
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт

Залуусын хүсэж буй орчныг өөрсдөөс нь асуух хотын дизайны хөдөлгөөн

Зураг

Машинд зориулагдсан хотыг дизайнаар эвдэх нь хэмээх нийтлэлээ гаргасны дараа энэ талаар бүтээлч салбарын хүмүүстэй өрнүүн яриа өрнүүлсэн хэдэн сар өнгөрөв.

Бүтээлч салбарынхан маань чадварлаг, өвөрмөц хэрнээ өдөр тутам царай муутай хотынхоо гудамжаар алхахдаа эмзэглэлтэй байдаг тухай нь удаа дараа сонслоо. Би ч гомдолттой амьдардаг хотын иргэдийн нэг билээ. Гол асуулт нь яагаад тэгвэл өөрчилж болохгүй гэж? "Яагаад?" гэдэг энэ асуулт хотын удирдлагуудад ч, бүтээлч салбарынханд ч, ер нь царай муутай Улаанбаатар хотын гудамжаар өдөр бүр алхдаг хүн бүрт нэг биш удаа төрсөн нь гарцаагүй. 

 

Машинууддаа зориулан зогсоол, зам, гүүр, талбай гаргасаар энэ хотод явган хүн тавхан минут тайван алхах ч орон зай үлдсэнгүй. Магадгүй Улаанбаатар хот маань дэндүү эрчимтэй хөгжихийн зэрэгцээ барьсан байшин, хашсан хашаа бүрийн стандарт нормыг хянаж зохицуулах төрийн оролцоо, самбаачилга дутаад байж мэдэх. Төсвийн хөрөнгөөр гудамжинд хийсэн бүхэн чанаргүй, хямд, хоцрогдмол байгаа нь мөн л төрийн худалдан авах ажиллагаа хамгийн хямдыг нь сонгож, Хятад импортын бараа гудамжинд овоолдогтой холбоотой. Дотоодын бүтээгчид энэ бүхэнд гомдоод олон жил болж, бид ч энэ гажуудлын улмаас ийм л царай муутай хотод амьдраад байна. Системийн дагуу явбал дараагийн 10 жилд ч өөрчлөлт орохгүйг залуус мэдэрч өөрсдөөсөө эхэлж, үлгэрлэн үзүүлэх хөдөлгөөн эхлүүлэхээр шийдсэн нь "Бүтээлч 100" нэртэй хотын дизайны төсөл юм. 

Машины цонхоор Улаанбаатар хот сайхан ч гэлээ тэрэгтэй хүүхэд, тэргэнцэртэй иргэдийн нөхцөл байдалд өөрсдийгөө тавьж үзвэл таван алхам тутам эрсдэл, аюул, бохирдолтой орчинд бид амьдарч байгаа.

Өдөр тутмын амьдралаасаа түр ч боловч завсарлага аваад, орчноо шинжээд үзсэний дараа үнэхээр өөрчлөлт хийж, залуусын хэрэгцээ, амьдралын хэв маяг өөрчлөгдсөнийг шийдвэр гаргагчдад хүргэх хэрэгтэйг ойлгосон юм. Ийнхүү зургаадугаар сараас хойш бүтээлч салбарт ажиллаж буй архитектур, график дизайнер, интерьер болон ландшафт дизайнер залуусыг нэгтгэсээр бид 100 гаруй гишүүнтэй боллоо. "Бүтээлч 100" төсөл ийнхүү шинэ үеийн хотын оршин суугч залуусын дизайны хэрэгцээ шаардлага дээр үндэслэн төрөв.

Төсөлд оролцогч залуус өөрсдийн өдөр тутам алхаж өнгөрдөг олон нийтийн гудамж талбай, орон зайгаа дизайны шийдлээр сайжруулах үндсэн зорилгоор нэгдсэн бөгөөд дараах 5 чиглэлд хуваагдан шийдлүүдээ танилцуулах юм. Үүнд: 

  1.  Олон нийтийн гудамж талбайг бүхэлд нь дахин загварчлах, бүтээлч төлөвлөлт
  2.  Олон нийтийн гудамж талбайн туслах элементүүд буюу гэрэлтүүлэг, хашаа, сандал, саравч гэх мэт 
  3.  Ногоон байгууламжийн дизайны шийдлүүд
  4.  Хотын өдөр тутмын амьдралын ямар нэг бэрхшээлийг дизайнаар сайжруулах шийдэл. Хүртээмжтэй, ээлтэй, аюулгүй хот байх тухай ойлголтуудыг бодит шийдлээр 
  5.  Хотын өнгө үзэмжинд эерэг таатай сэтгэгдэл төрүүлэхүйц урлагийн элемент, эсвэл өнгө будгийн шийдэл
 

Магадгүй тэднээс гарах 100 шийдэл сошиал орчинд маргаан дэгдээсэн өнөөх шар хашаа, нүхэн гарц, явган хүний гарц дээрх төмөр аркийг орлох ч юм билүү. Шийдэж болох үй түмэн асуудлыг шийдэж чадах бүтээлч залуусаар дүүрэн хот атлаа тэднээс оролцоог нь асуухгүй, хамтрахгүй байгаа тэр орон зайг нөхөж энэхүү хөдөлгөөн эхэлж байна.
 
Төслийг аль болох эрсдэл багатайгаар оролцогч бүх талыг жигд хамруулан хэрэгжүүлэхэд нэн тэргүүнд анхаарч буй бөгөөд нийслэл дэх газрын маргаангүй гудамж, талбайн хэсгүүдийг сонгож өгч, ажиллах нөхцөлийг хангах чиглэлд нийслэлийн Засаг даргын Тамгын газар, олон нийтэд мэдээллийг хүргэх хувийн хэвшлүүдтэй холбон хөгжүүлэх чиглэлд Монголын Маркетингийн холбоо дэмжин оролцохоор болж байна.  

Мэдээж юу юунаас илүү Улаанбаатар хотын оршин суугчдын оролцоо, тэдний сайжруулахыг хүсэж буй гудамж, зам, эсвэл олон нийтийн талбайн талаарх мэдээлэл, сайжруулалт хийхийг хүсэж буй саналууд эдгээр бүтээлч залууст юу юунаас чухал бөгөөд хөдөлгөөний хуудсыг даган цаг алдалгүй мэдээлэл авч байхыг та бүхэнд сануулмаар байна.

Төсөл гурван үе шаттай хэрэгжих бөгөөд энэ оны эцэст 100 залуусын дизайн, төлөвлөлтийн шийдлүүд гарч, 2020 оны тавдугаар сараас эхлэн тэдгээр шийдлийг олон нийтийн оролцоотойгоор бодит бүтээн байгуулалт болгохоор ажиллана. Жижиг ч гэсэн өнгө, үзэмж, дизайнаар чимж, Улаанбаатар хотоо хайрлах шалтгаан нэмцгээе.

Дизайн дайн эхлүүллээ гэх мэт дэвэргээд яахав. Эхлээд 100 шийдэл хайгаад үзье. Чадвал жил бүр зуу зуугаар нь нэмье.