Индэр    
Хүн амын амьдралын чанарыг бууруулж, гэмт хэргийн гаралтад нөлөөлөгч ХАР ТУГАЛГА
Зураг
2022 оны 11 сарын 22
Зураг
iKon.mn Сэтгүүлч

Хүн амын амьдралын чанарыг бууруулж, гэмт хэргийн гаралтад нөлөөлөгч ХАР ТУГАЛГА

Монгол хүүхдийн цусан дахь хар тугалгын хэмжээ АНУ-ын Өвчний хяналтын төвийн зөвлөмжөөс хоёр дахин, ДЭМБ-ын зөвлөмж хэмжээнээс 20 хувиар их байгааг судалгааны үр дүнд тогтоосон. 

Хар тугалга нь хүний эрүүл мэнд, оюуны чадамж төдийгүй зан авирт сөргөөр нөлөөлдөг байна. Улмаар нийгмийн уур амьсгал түрэмгий шинжтэй болж, гэмт хэргийн гаралт нэмэгдэх эрсдэлтэй байдгийг АНУ-ын эрдэмтэд тогтоожээ.

Өөрөөр хэлбэл, хүн амын цусан дахь хар тугалгын хэмжээ өссөнөөр тухайн бүс нутагт гэмт хэргийн гаралт нэмэгддэгийг олон улсын судалгаанууд нэгэнт нотолсон. Нөгөөтээгүүр, хүүхдийн цусан дахь хар тугалгын хэмжээ нэмэгдэх нь тэдний сурлагын амжилтыг хойш татах эрсдэлтэй. Энэ нь тухайн хүүхдийн ирээдүйн амьдралын чанарт сөргөөр нөлөөлөх томоохон хүчин зүйл болдог аж. 



"Эйч Эс Эс" компанийн Эрүүл ахуй, хор судлалын лаборатори 2022 он гарснаас хойш орчны агаар, ус, болон цусны 600 гаруй сорьцод хар тугалга тодорхойлох шинжилгээ хийж, судалсан байна. 

Энэ талаар Эрүүл ахуй, хор судлалын лабораторийн эрхлэгч, Анагаах ухааны доктор Д.Нарансүх "Хүн амыг гурван бүлэгт хуваан үзэж, хар тугалгын өртөлтийг тодорхойлон судалж болно. Тодруулбал, 

  • Насанд хүрсэн ердийн хүн ам
  • Өндөр эрсдэлтэй буюу үйлдвэрийн ажилчид
  • Хамгийн эмзэг бүлэг буюу бага насны хүүхдүүд

Хүний биологийн сорьц (445) буюу цусанд хийсэн индукцийн холбоост плазмын спектрометрийн шинжилгээгээр ердийн хүн амын цусан дахь хар тугалгын дундаж хэмжээ 5.3 мкг /дл (микрограмм децилитр) тодорхойлогдсон. Харин өндөр эрсдэлтэй буюу уул уурхай, үйлдвэрийн ажилчдын цусан дахь хар тугалгын хэмжээ 8.2 мкг/дл байна. 

Улаанбаатар хотод амьдардаг 3-4 настай хүүхдүүдийн цусанд хар тугалга тодорхойлсон шинжилгээгээр дундаж утга 6.8 мкг/дл байгаа юм. Дээр дурдсанчлан монгол хүүхдийн цусан дахь хар тугалгын хэмжээг АНУ-ын  зөвлөмжтэй харьцуулахад хоёр дахин, ДЭМБ-ын зөвлөмж хэмжээнээс 20 хувиар их байна. 

Хэрэв Монгол Улс ирээдүйн иргэд болсон хүүхдүүдийнхээ эрүүл мэндийг анхаарч, цусан дахь хар тугалгын архаг хордлогоос урьдчилан сэргийлэхэд анхаарал хандуулахгүй бол дан эрүүл мэндийн сөрөг үр дагавар үүсгээд зогсохгүй хүн амын амьдралын чанарыг бууруулах, оюуны чадамж, зан авирт нөлөөлөх аюултай. Үүнийг дагаад улс орны маань боловсролтой, оюуны өндөр чадамжтай хүмүүсийн тоо багасна гэсэн үг. Мөн гэмт хэргийн гаралт ч нэмэгдэх эрсдэл бий" гэв. 

ДЭМБ-ын баталснаар хар тугалгын хэмжээ 5 микрограмм децилитр байх ёстой. Харин Америкийн зөвлөмж хэмжээ 3.5 микро грамм децилитр байдаг аж. 

АНУ-д өнгөрсөн онд судалгаа хийгдэж, 2018 онд төрсөн бүх америк хүүхдүүдийн цусан дахь хар тугалгын хэмжээг 2.5 мкг/дл-ээс бага байлгаж чадвал ирээдүйд гарах 23 тэрбум долларын зардлыг хэмнэнэ гэдгийг зарласан байна.

Тэгвэл чухам ямар зардлаас хэмнэх боломжтой вэ?

  • Хар тугалгын хордлоготой холбоотой эмнэлгийн тусламж үйлчилгээ
  • Хүүхдийн сурлагын хоцрогдолтой холбоотой гарч болох зардал
  • Гэмт хэргийн гаралтыг бууруулж, үүнтэй холбоотой зардлуудыг хэмнэх боломжтойг Америкийн Өвчний хяналтын төв веб сайтдаа нээлттэй байршуулжээ. 

"Нийслэлийн оршин суугчдын хар тугалгын хордлогын хамгийн гол эх үүсвэр агаарын бохирдол"

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Мөн тэрбээр "Олон нийт хар тугалга нь хүний биед шууд мэдэгдэхүйц сөрөг нөлөө үзүүлэх мэтээр ойлгох нь бий. Гэхдээ архаг хордлогын үед илрэх шинж тэмдэг бараг байдаггүй. Илэрхий шинж тэмдэг, зовуурьгүй ч аажим аажмаар хүүхдийн эрүүл мэнд, оюуны чадамжид сөргөөр нөлөөлдөг. Түүнчлэн хүүхэд ууртай уцаартай, түрэмгий зан авиртай болох, сурлагдаа муудах нь ажиглагдана. Энэ бол хар тугалгын архаг хордлогын шинж тэмдэг.

Бид орчны агаар, үйлдвэрийн ажлын байрнаас 140 орчим сорьц цуглуулж, шинжилгээ хийсэн. Үүнээс харахад орчны агаарын бохирдлоос гадна үйлдвэрийн орчинд гагнуур хийдэг, металл хайлуулах ажлын байрнуудын агаарт хар тугалгын хэмжээ их байна. Үүнийг дагаад гагнуурчид, металл боловсруулах ажил хийдэг хүмүүсийн цусан дахь хар тугалгын хэмжээ өндөр байна.

Гагнуурчдын ажлын байран дээрээ өртөж буй хар тугалгын хэмжээ 0.14 мг/м3 гарсан нь манай улсад мөрдөж буй MNS 4990:2015 стандартад заасан агаар дахь зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс долоо дахин их үзүүлэлт. Өөрөөр хэлбэл, үйлдвэрийн орчинд гагнуур хийж, металл хайлуулж байгаа болон уурхайн ажлын байранд тоосонд өртдөг хүмүүст хар тугалгын нөлөөлөл их байгаа юм.

Нэг талаас хүнд хортой нөхцөлд ажиллаж байгаа иргэдийн эрүүл мэндийг хар тугалга болон бусад металлын хордлогоос хамгаалах шаардлагатайг харуулж байна. Түүнчлэн хар тугалга нь тод өнгөтэй будагч бодисын найрлагад ордог тул будаг, барилгын материал зэрэгт тодорхой хэмжээгээр агуулагддаг. Зарим улс оронд хар тугалгатай барилгын материалыг албан ёсоор хориглосон. Гэтэл манай улсын хилээр нэвтрүүлж байгаа эдгээр материалын агууламжид хяналт, шалгалт хийдэггүй.

Тиймээс ч ЭМЯ, БОАЖЯ болон бусад хариуцсан байгууллагууд хар тугалга чухам хаана байгаа эх үүсвэрийг нэгдсэн бодлогоор тогтоож, үүнийг бууруулах дорвитой, системтэй арга хэмжээг авч хэрэгжүүлэх хэрэгтэй" гэдгийг Анагаах ухааны доктор Д.Нарансүх онцолж байлаа.

Судалгааны зарим дүн мэдээллийг танилцуулбал, 

Эрүүл ахуй, Хор судлалын лабораториос агаар болон орчны 163 сорьцод шинжилгээ хийжээ. Дотоод орчны агаарт тодорхойлогдсон хар тугалгын концентраци Баянхонгор, Говь-Алтай аймгийн айлуудад 0.04 мкг/м3, Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн айлуудад 0.11 мкг/м3 байсан аж. Мөн оффис барилгад засвар хийсний дараа дотоод орчин дахь хар тугалгын концентраци 0.35 мкг/м3 хэмжигдсэн байна.
Био-мониторингийн шинжилгээгээр үйлдвэрийн ажилтнууд хар тугалгын хордлогод хамгийн ихээр өртөж байна. 2022 оны байдлаар Монгол Улсад аж үйлдвэрийн салбарт нийт 235,000 хүн ажиллаж байгаа статистик бий. Уг статистикийг үндэслэн тооцоход 4,007 хүн хар тугалгын архаг хордлогод өртсөн байх магадлалтай. 

Улаанбаатар хотын ус хангамжийг "Ус сувгийн ашиглалтын газар"-ын хяналтын лабораторид өдөр тутам шинжилдэг. Тиймээс нийслэлийн ундны усны агууламж хяналттай учраас эх үүсвэр нь асуудалгүй. Магадгүй хуучирсан металл шугам хоолойгоор дамжиж хэрэглэгчдэд хүрэхдээ хар тугалгын бохирдолтой болж болно. Гэхдээ үүнийг судалгаагаар нарийн тогтоох шаардлагатай" гэдгийг тэрбээр хэллээ. 

"Манай улсад агаарын бохирдол их байгаа нь хамгийн эхний асуудал гэдгийг Анагаах ухааны доктор Д.Нарансүх үргэлжлүүлэн ярьсан юм. 

  • Энэ талаар "Агаарын бохирдол ихтэй бүс нутагт амьдардаг болон орон сууцанд амьдардаг хүмүүсийг харьцуулсан судалгаа манай улсад цөөн. Үүнтэй холбоотой судалгааг өмнө нь 2016 онд АШУҮИС-ийн профессор Э.Эрдэнэчимэг доктор хийж байсан. Судалгаанаас харахад, агаарын бохирдол ихтэй гэр хороололд амьдардаг хүүхдүүдийн цусан дахь хар тугалгын хэмжээ Улаанбаатарын харьцангуй бохирдол багатай, орон сууцанд амьдардаг хүүхдийнхээс 20-30 хувь их байсан" гэв

Улаанбаатар хотод нүүрснээс үүдэлтэй хар тугалгын эрсдэл хэвээр байна

  • Энэ тухай "Шахмал түлш нь өөрөө нүүрс. Тэнд нэг л зүйл өөрчлөгдсөн, энэ бол чийг. Түүхий нүүрсийг авчирч шахаад чийгшлийг бууруулж, барьцалдуулан хуурай болгоод шахсан процесс. Түүнээс биш нүүрсийг цэвэршүүлж, сайжруулсан зүйл огт байхгүй. Тиймээс эрсдэл хэвээрээ байна. Шахмал нүүрс нь түүхий нүүрсний нэгэн адил агаарт тоосонцор, хортой элементийг үүсгэх байдалд өөрчлөлт оруулахгүй гэсэн үг. Монгол судлаачид нүүрс, нүүрсний утаа, нүүрсний үнсэнд хүнд металлууд агуулагдаж байдгийг аль хэдийн тодорхойлсон. Ялангуяа, нийслэлийн оршин суугчдын хар тугалгын архаг хордлогын хамгийн гол эх үүсвэр агаарын бохирдол байх магадлалтай. Тиймээс ч агаарын бохирдлыг бууруулах нэг том шалтгаан нь энэ" хэмээн тэрбээр ярилаа

"Судлаачид хар тугалгын өртөлтийг бүсээр нь тодорхойлдог. Цахилгаан станц, дулааны станцын ойролцоо амьдрахгүй байхыг зөвлөдөг"

зураг
 

Агаарт дэгдсэн хүнд металлууд нь нам дор газар тунадаг. Тиймээс ч бага насны хүүхдүүд хар тугалга, хүнд металлын эрсдэлд илүү их өртдөг гэдгийг Нийгмийн эрүүл мэндийн лавлагаа, лабораторийн албаны дарга И.Туяажаргал хэлсэн юм. 

Тэрбээр "Хар тугалгын хордлого хүүхдэд илүү аюултай байдаг шалтгааныг энд тайлбарлая. Бага насандаа хордлогод өртсөн тохиолдолд эмгэг жам нь хүнд байдаг. Үүнтэй холбоотой АНУ-ын судалгаа бий. 

Тодруулбал, хар тугалгын тун өндөр, үйлдвэрийн орчинд амьдарч байсан хоёр эрэгтэй хүүхдийг судалсан байна. Бага насанд нь цусан дахь хар тугалга их оношлогдсон тэдгээр хүүхдийг 21 нас хүрэх үед дахин үзсэн. Улмаар насанд хүрсэн үедээ зан байдал нь тогтворгүй, аливааг ойлгох чадвар муутай, хэд хэдэн удаа гэмт хэрэгт холбогдсон байсан. Хар тугалгын хэмжээг нь тогтмол хянаж байгаад том болоход нь үзэхэд ингэж нөлөөлсөн гэсэн үг. Хар тугалга цусанд орохын аюул нь сэтгэц, мэдрэл, зан төлөвийн байдалд өөрчлөлт үзүүлдэг

Хамгийн гол нь  хүний сэтгэцийг хэвийн бус болгодог. 

Монголчууд хэвийн байдлыг бие махбодтой нь холбож ойлгодог. Гэтэл хар тугалга хүний тархинд нөлөөлдөг.

Гаднын судлаачид хар тугалгын өртөлтийг бүсээр нь тодорхойлдог юм билээ. Уг нь цахилгаан станц, дулааны станцын ойролцоо амьдрахгүй байхыг зөвлөдөг. Энэ бол суурьшлын бүс биш. Хуучин хот төлөвлөж байсан хүмүүс илүү мундаг байсан юм байна. 120-ийг үйлдвэрийн бүс, ажилчдын раион гэж хэлээд тэр хавиар хүн амьдардаггүй байсан. Харин одоо айлууд битүү буусан дүр зурагтай байна. Арьс ширний үйлдвэрийн ойролцоо байх, нүүрс их хэмжээгээр түлдэг станцуудын ойролцоо оршин суух нь сөрөг нөлөө ихтэй" хэмээн хэллээ. 

 Эрүүл мэндэд үзүүлэх сөрөг үр дагавар...

  • Мэдрэлийн тогтолцоонд нөлөөлдөг. Тодруулбал, хий юм харах, сэтгэн бодох үйл явц нь хэвийн бус болох, түрэмгий авир гаргах, сэтгэл гутралд автах, хөдөлгөөний тэнцвэр алдагдах гэх мэт.
  • Хөдөлгөөний системд нөлөөлдөг. Хар тугалга нь саажилтын сонгодог хэлбэр буюу гар хурууны булчин тэнийлгэгчийн хатангиршлыг үүсгэдэг. Мөн захын мэдрэлийн систем, мэдрэхүй эрхтэн, цусанд илэрнэ. Бодисын солилцооны дотоод шүүрэлд өөрчлөлт өгдөг.
  • Хоол боловсруулах эрхтэн, зүрх судасны тогтолцоо, бусад эрхтэн системд нөлөөтэй. Хордлогод хэт орвол хамар, төвөнхийн салст нь хатангиршиж, уушгины багтраа болон арьсны нөсөөжилт, шарх, яршилт үүсгэх, дархлааны тогтолцоо гэмтэх шинж тэмдэг ажиглагдана.    

Эмнэл зүйн шинж тэмдэг нь архаг болон хурц шинж тэмдгээр илэрдэг. Будагтай ангид ороод толгой эргээд дүүрч байна гэдэг нь хурц хэлбэрийн хордлого. Хортой бүтээгдэхүүнийг бага багаар аваад л байдаг. Улмаар бие эрхтэн үүнийг нь тэвчихгүй болохоор илэрч байгаа хэлбэрийг архаг хордлого гэнэ. Ангилал, бүтээгдэхүүний өртөлт, хордолт, ямар нэгдэл гэх зэргээс хамаараад нарийн байдгийг И.Туяажаргал доктор хэллээ.

Мөн үргэлжлүүлэн "Хар тугалгын эх үүсвэр нь олон янз. Тухайлбал, хүүхдийн тоглоом, будаг, сантехникийн хоолой, зарим гоо сайхны бүтээгдэхүүнд хар тугалгын агууламж бий. Энэ нь аливаа гадаргууд илүү өнгө өгч, гялгар болгодог. Манай улсад хамгийн анхаарахуйц асуудал нь бүтээгдэхүүний найрлагад хар тугалга ямар хэмжээгээр орж байгаа нь хяналтгүй. 

Хууль эрх зүйн хүрээнд 1970 оноос эхлээд хар тугалгыг дэлхий нийтээрээ орон сууц, сургууль, хүүхдийн эзэмшлийн барилга байгууламжийн дотор болон гадна засал, будаг чимэглэлд хэрэглэхээ болих бодлоготой байсан. 2022 оны байдлаар уг бодлого улс орон болгонд харилцан адилгүй байгаа юм" гэв.

Тухайлбал,

Европын Холбооны улсууд 2003 онд аюултай бодисыг хязгаарлах заавраа гаргасан.
Франц улсад зураачдынхаа эрүүл мэндийг хамгаалахын тулд 1909 онд барилгын гадна дотор талыг будахад хар тугалга агуулсан будаг хэрэглэхийг хориглосон заалттай.
Канад улсад 1976 онд аюултай бүтээгдэхүүний тухай хуулийн дагуу тавилга, гэр ахуйн бүтээгдэхүүндээ хар тугалга агуулсан будаг 0.5 хувиас бага байсан тохиолдолд хэрэглэх хуулийн зохицуулалттай болсон.
Хятад улсын хувьд дотор засал, гоёл чимэглэлийн зориулалттай будагны хар тугалын хэмжээг хязгаарлах зохицуулалтыг 2001 оноос нэвтрүүлсэн. Дэлхийн хамгийн том будаг үйлдвэрлэгч орнуудын нэг учраас хар тугалгатай будгийг хятадад хориглож эхэлбэл бусад оронд нөлөөлнө. Энэ үүднээс 2020 оны арванхоёрдугаар сард хар тугалгаас хүний эрүүл мэндийг хамгаалах шинэ стандартаа бүрэн мөрдөж эхэлсэн.
Шинэ стандартын дагуу хар тугалгын агууламжийг хана, модон эдлэлийн өнгөлгөөнд 90 ppm, автомашин үйлдвэрлэлийн өнгөлгөөнд 1,000 ppm хэмжээнээс хэтрүүлэхгүй байна гэж тогтоож байгаа юм. Жишээлбэл, бүх төрлийн машинд хар тугалга гялалзуулагч өнгө хадгалагчаар нэмэлтээр ордгийг мэдэх байх.
Дэлхий нийтээр хар тугалгын эсрэг үе шаттай арга хэмжээ авч байгаа. Гэхдээ АНУ-ын стандарттай харьцуулахад Хятад улсад нэлээд чанга. Гэтэл АНУ-ын зүгээс  "Стандартаа биччихдэг. Гэтэл мөрдлөг муу байна” хэмээн хятадын талыг шүүмжилдэг. Үүнтэй холбоотойгоор Америк руу гаргаж байгаа бараа бүтээгдэхүүнд гурван удаа хар тугалгын хэмжээ хэтэрсэн үндэслэлээр хилээрээ нэвтрүүлээгүй. Хятад олон улсад бараа бүтээгдэхүүнээ худалдах, худалдааны нэр төрөө хамгаалах үүднээс 2021 оны нэгдүгээр сараас 1-нээс дээрх стандартыг илүү мөрдөж эхэлсэн байна.
Хүүхдүүдийн сурлагын амжилтыг хойш татаж, нийгмийн зан үйлд сөрөг нөлөөлөл үзүүлж буй томоохон хүчин зүйл нь хар тугалга. Тиймээс ч хүн амын цусан дахь хар тугалгын хэмжээг бууруулснаар ирээдүйд үүсэх сөрөг нөлөөллөөс давхар сэргийлэх боломжтой талаар судлаачид онцолж байна.