Индэр    
2022 оны 11 сарын 14
Зураг
iKon.mn сэтгүүлч

Ж.Айбек: Малын гэдэс дотроор хийсэн нохойн хоолыг $60 саяын зах зээлтэй БНСУ-д экспортолж байна. ОХУ, Япон руу гаргах боломжтой

Зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Хаягдаж буй, дахин ашиглах боломжтой түүхий эдээр бүтээгдэхүүн үйлдвэрлэж, эдийн засгийн эргэлтэд оруулж буй сайн жишиг цөөнгүй бий болж байна. Үүний нэг жишээ бол малын гэдэс дотроор гэрийн тэжээвэр амьтны хүнс үйлдвэрлэж, БНСУ-д экспортолж эхэлсэн явдал юм. 

Тухайн бүтээгдэхүүний үр өгөөж, дэлхийн зах зээлд гаргахад ямар сорилттой нүүр тулж буй талаар "Очир Дагинас" ХХК-ийн Эдийн засаг, төлөвлөлтийн хэлтсийн дарга Жапах Айбектэй ярилцлаа. 

-Манай улс экспортлогч орон болох нөөц боломж арвин талаар мэргэжилтнүүд онцолдог. Та бүхэн гэрийн тэжээвэр амьтны хэчнээн хэмжээний хоол экспортолж, жилд ямар давтамжтай нийлүүлж байна вэ?

-Гэрийн тэжээвэр амьтанд үндсэн тэжээлийнх нь дундуур өгдөг амттаныг бид үйлдвэрлэж байна. 2018 онд анх БНСУ руу экспортолж эхэлсэн. Хатуу болохоор нохой тухайн бүтээгдэхүүнийг амны зугаа маягаар иддэг. 

Бүтээгдэхүүнээ онгоцоор тасралтгүй экспортолж байгаа. Сардаа нэг тонн бүтээгдэхүүн онгоцоор явуулж байна. Одоогийн байдлаар жилийн хугацаанд 10 гаруй тонн бүтээгдэхүүн экспортолж, 100-200 сая төгрөгийн борлуулалт хийсэн. Үйлдвэр ашиглалтад орсноор энэхүү орлого нэг тэрбум төгрөгт хүрэх тооцоолол байна. 

Жилд 100 тонн дайвар бүтээгдэхүүн хэрэглэж байна

-Гаднын зах зээлд яагаад бүтээгдэхүүнээ нийлүүлэх болсон тухай болон ажил хэрэг болгоход хэр хүндрэлтэй байсан талаар ярихгүй юу?

-Бидний экспортоо эхлүүлсэн түүх их сонирхолтой. БНСУ-ын THE O компанийн харилцагч монгол залуу дэлгүүрээс манай болон бусад компанийн 100 граммын савлагаатай элэгний нухшийг явуулсан байна. Харьцуулж амталгаа хийгээд манай компанийн бүтээгдэхүүнийг сонгосон юм. Энэ мөчөөс бид БНСУ-ын компанитай харилцаж эхэлсэн. Ингээд бид гэрийн тэжээвэр амьтны амттан болох бүтээгдэхүүний дээжээ явуулж байлаа. Улмаар 2018 оны хоёрдугаар сард 20,000 ширхэг бүтээгдэхүүн гаргасан. Тус компанийн орчуулгын ажилтан нь монгол эмэгтэй байдаг. Тиймээс өдөр тутамдаа харилцахад илүү амар. 

Бид гэрийн тэжээвэр амьтны хатаасан болон нухаш хэлбэрийн бүтээгдэхүүнийг нийт есөн төрлийн савлагаагаар бэлтгэж байна. Үхэр, хонь, ямаа гэсэн гурван төрөлтэй. Эдгээр бүтээгдэхүүнийг малын таван цулаар буюу дайвар бүтээгдэхүүнээр хийж байна. Монголд дайвар бүтээгдэхүүний хэрэглээ бага, ихэнх нь нядалгааны үеэр хаягддаг. Энэхүү түүхий эдийг өртөг шингээж, экспортод гаргаж байгаа юм. Үүнийг дагаад түүхий эдийг бэлтгэн нийлүүлдэг хүмүүс ажлын байртай болж байна. Нэг жилд 100 тонн дайвар бүтээгдэхүүн хэрэглэж байгаа. 

Түүнчлэн бид удахгүй зөвхөн экспортод зориулсан жишиг үйлдвэрээ ашиглалтад оруулах гэж байна. 

 -Жишиг үйлдвэр ашиглалтад оруулах гэж байгаа гэлээ. Ингэснээр эдийн засгийн үр өгөөж хэрхэн нэмэгдэхээр тооцож байгаа вэ?

-Бид 2017 оноос экспортын гурван үе шаттай хэрэгжих төслийг эхлүүлсэн. Барилгын төслийн ажил эхлээд 2018 онд “Хиам, махан бүтээгдэхүүний үйлдвэр”-ийг ашиглалтад оруулсан. Консервы буюу нөөшилсөн бүтээгдэхүүний, анхан шатны мах боловсруулах үйлдвэр барих төсөл юм. Энэ жил хоёр дахь үйлдвэр ашиглалтад ороход бэлэн болоод байна. Долоон тэрбум орчим төгрөгийн төсвөөр барьж байгаа. Энэхүү төслийн гол зорилго нь Монголын мах, махан бүтээгдэхүүнийг экспортлох, брэнд болгоход чиглэнэ. Олон улсын стандартад нийцүүлж барьсан Монголын анхдагч экспортын үйлдвэр. 

Эхний ээлжид дайвар бүтээгдэхүүн үйлдвэрлэх хэмжээ хоёр дахин нэмэгдэнэ. Цаашид эрэлт, хэрэгцээнээс хамаараад нэмэгдэх болов уу. Одоогоор БНСУ-ын харилцагч компани зөвхөн гэрийн тэжээвэр амьтанд зориулсан дэлгүүрүүдээр бүтээгдэхүүнээ худалддаг. Тус улсын CU сүлжээ дэлгүүрээс эдгээр бүтээгдэхүүнийг худалдах санал ирсэн байгаа. Энэхүү олон салбарт байршуулахын тулд үйлдвэрлэлийн хэмжээ нэмэгдэнэ. Стандарт хангасан, цаг хугацаа хэмнэсэн төхөөрөмжүүдийг оруулж ирж байгаа.

-Техник төхөөрөмж сайжирснаар бүтээгдэхүүн үйлдвэрлэх хугацаанд хэр зэрэг өөрчлөлт орохоор тооцож байгаа бол?

-Гэрийн тэжээвэр амьтны хоолыг хальсанд савлаад 5-7 хоног хатаах үйл явц болдог. Тэгэхээр 7 хоногийн дараа тухайн бүтээгдэхүүн 50% хүртэл хатаж бэлэн болно гэсэн үг. Дараа нь хальснаас хуулаад хэрчээд граммынх нь хэмжээг тааруулахад гар ажиллагаа их шаарддаг. 

Шинэ үйлдвэр ашиглалтад орсноор зөвхөн уутанд хийхэд л хүний үйл ажиллагаа хэрэгтэй болно. Долоо хоног хатааж байсан бүтээгдэхүүнийг нэг өдөрт хатаах боломжтой болно. Өөрөөр хэлбэл, экспортын үйлдвэр ашиглалтад орсноор хоёр хоногийн дотор эцсийн бүтээгдэхүүн бэлэн болох юм. 

-Гэрийн тэжээвэр амьтны хоолыг бэлтгээд савлаад гадаадын хэрэглэгчдэд хүргэх хүртэл ямар шат дамжлагыг дамждаг вэ?

-Нийлүүлэгч мал нядалгааны үеэр малын дайвар бүтээгдэхүүнээ цуглуулж бидэнд ирүүлснээр бүтээгдэхүүн болгох явц эхэлдэг. Улмаар ангилж, 25 килограммаар савлаж хөлдөөн үйлдвэрт нийлүүлдэг. Ингээд чанаад, холиод, савлах төхөөрөмжөөр уутлаад шарж болгоно. Ингээд 5-7 хоног хатааснаар экспортын бүтээгдэхүүн бэлэн болдог. Уутны хувьд БНСУ-ын харилцагч өөрөө нийлүүлдэг. 

-Түүхий эдийг хаанаас нийлүүлдэг вэ? Бүтээгдэхүүнээ хэдэн төгрөгөөр экспортолж байна вэ?

-Намар бид бүтэн жилийн хэрэгцээгээ баруун болон зүүн аймгаас нөөцөлж авдаг. 

18 грамм нэг ширхэг бүтээгдэхүүнийг 400 төгрөгөөр, нухаш хэлбэрийн бүтээгдэхүүнийг нэг ширхгийг нь 1,550 төгрөгөөр нийлүүлдэг. Зах зээлд үнэгүй хаягдаж байгаа бүтээгдэхүүнийг нэг килограммыг нь 20 мянган төгрөг болгож экспортолж гаргаж байгаа.

Байгалийн эрс тэс уур амьсгалд бэлчээрлэж, 500 гаруй ургамал идэж буй малын гэдэс дотрыг ашиглан гэрийн тэжээвэр амьтны бүтээгдэхүүнээ экспортолж байна. 

Элэг, зүрх, уушги, гүзээгээр нохойн хоол үйлдвэрлэж байна

-Бүтээгдэхүүн экспортлох гол шалгуур юу байдаг юм бол. БНСУ-ын гэрийн тэжээвэр амьтны зах зээл хэр том бэ?

Бүтээгдэхүүн экспортлох гол шалгуур нь ISO 22000:2005, HACCP стандарт байдаг. Ингэвэл гадаадын зах зээлд чөлөөтэй үйл ажиллагаа явуулах боломжтой болдог. ISO 22000:2018 шинэ стандартыг мөн бид анх удаа хүнсний салбарт нэвтрүүлсэн. 2020 онд цар тахалтай байсан ч гэсэн онлайнаар энэхүү баталгаажуулалтаа хийлгэж байсан. Гаднын зөвлөхүүдээс үргэлж зөвлөгөө авч ажиллаж байна. 

БНСУ-д 15 сая орчим гэрийн тэжээвэр амьтан байдаг. Жилийн эргэлт нь 60 сая ам.доллар орчим. Үүнээс манай харилцагч компани 30 сая ам.долларын борлуулалт хийдэг. Японы зах зээл БНСУ-аас илүү. Тиймээс дараагийн зах зээл Япон улс юм. Түүнээс өмнө харилцагч компанийнхаа борлуулалтыг өсгөх боломж нээлттэй. 

Ер нь бол дайвар бүтээгдэхүүн маш их тэжээллэг, витамин агуулсан байдаг болохоор дуртай байдаг. БНСУ-ын хувьд энэ төрлийн бүтээгдэхүүнийг бүгдийг нь экспортоор авдаг. Шинэ Зеланд улсаас харин ижил төрлийн бүтээгдэхүүн экспортолдог. 

Бөөрнөөс бусад элэг, зүрх, уушги, гүзээгээр бүтээгдэхүүнээ хийж байна. 

-Танай дотоод хяналтын лабораторит 20 гаруй төрлийн шинжилгээг бүтээгдэхүүн болон түүхий эд материал дээр хийдэг гэж дуулсан?

-Бүтээгдэхүүнээ экспортлохын тулд өөрсдөө эхлээд шинжилгээнд хамруулна. Дараа нь мал эмнэлгийн төв лабораторид шинжилгээнд өгдөг. Манай лаборатори итгэмжлэл авах гээд хариугаа хүлээж байгаа. Бүх шаардлагыг хангасан. Эмийн үлдэгдэл тодорхойлох багаж гэхэд хоёр, гуравхан байдгийн нэг нь манайд бий. Мал нядалгааны үйлдвэрүүдэд байнга хийгддэг шинжилгээ тус бүс нутгийн лабораторид байдаггүй. Бид ирсэн түүхий эдийнхээ эмийн үлдэгдлийг шалгадаг. 

-Олон улсын зах зээлд өрсөлдөхүйц амт чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэхийн тулд шилдэг технологи ашиглах нь зүйн хэрэг байх. Технологийн хувьд ямар сайжруулалт хийж байна вэ?

Малын гүзээ, хар гэдсийг хатаахаар туршиж байгаа

-Ижил чиглэлийн экспорт хийдэг монгол компаниудын хувьд өрсөлдөөн хэр байдаг бол?

-БНСУ руу малын гэдэс дотроор хийсэн хатаасан бүтээгдэхүүнийг өөр компани гаргахгүй байгаа. Чих болон бусад хаягддаг түүхий эдийн АНУ, Япон руу экспортолдог компаниуд бий. Энэ нь түүхий эдийн хувьд жаахан хязгаарлагдмал болоод байна. Харилцагч компанийн зүгээс хатаасан бүтээгдэхүүн нийлүүлэхийг байнга хүсдэг. Гэвч түүхий эдийн хувьд гацчихаад байна. Гэхдээ өөр төрлийн хатаах боломжтой ямар түүхий эд байгаа талаар судалж байна. Малын гүзээ, хар гэдэс зэргийг хатаахаар туршиж байгаа. БНСУ-ын зах зээлд бусад улсын хатаасан бүтээгдэхүүн их бий. Шувуу, тахиа, гахай, загас зэрэг улс орнууд өөрсдийн онцлогийн дагуу нийлүүлэлт хийдэг. Тухайлбал, туулайн чихийг Турк улс БНСУ-д экспортолдог. 

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

-Хэрэглэгч биш үйлдвэрлэгч орон болох зорилт дэвшүүлээд байгаа. Үндэсний үйлдвэрлэгчийн хувьд бүтээгдэхүүнээ экспортод гаргахад нэн түрүүнд тулгамдаж байгаа асуудал юу байна вэ?

-Төсөл хэрэгжүүлж, шинэ үйлдвэр барьж байгаа компаниуд урт хугацааны бага хүүтэй санхүүжилт хэрэгтэй байна. 2017 оноос хойш бид өндөр хүүтэй банкны зээлээр үйлдвэрүүдээ барьж байгаа. Зээлийн хүүгийн дарамт үйлдвэрлэгч нарт маш их ирдэг. "Хүнсний хувьсгал"-ын хүрээнд очиж танилцсан үйлдвэрүүдийн төлөөллүүдийн ярьж байгааг харахад бүгд л урт хугацаатай, хүү багатай зээл олгож, үйл ажиллагааг нь дэмжихийг хүсэж байгаа. Гол хүндрэл бол энэ юм. 

Дараагийн нэг асуудал бол бүтээгдэхүүн экспортлоход нэг материалыг 10 хувь хуулбарлаж өгдөг. Хугацаа бас их шаарддаг. Экспортод бүтээгдэхүүнээ гаргах болгонд компанийн гэрчилгээ, гэрээ, стандартын гэрчилгээнүүдийг бэлдэж явуулдаг. Уг нь шинээр гарч байгаа бичиг баримтуудаа авмаар байгаа юм. Уялдаа холбоогүй, давхцалууд бий.

Харин мэргэжлийн хяналтын байгууллага руу бичиг баритаа цахимаар илгээдэг болсон нь цаг хугацаа хэмнэж байгаа. 

-Цаашид экспортын зах зээлээ тэлэх бодолтой байгаа юу?

-Энэ жилийн хувьд лаазалж савласан бүтээгдэхүүн авах саналыг ОХУ-аас маш их ирүүлж байна. Үйлдвэр ашиглалтад орохыг хүлээж байгаа. ОХУ руу гэрийн тэжээвэр амьтны хоолыг мөн экспортолно. БНСУ-ын THE O компани ОХУ, Сингапур, Тайван зэрэг оронд өөрийн харилцагч компанитай. Адууны түүхий эдээр хийсэн гэрийн тэжээвэр амьтны бүтээгдэхүүн авах хүсэлтээ ирүүлж байгаа.