Зураг
Зураг
Индэр    
2022 оны 11 сарын 14
Зураг
iKon.mn сэтгүүлч

Б.Мөнхцэцэг: Монголчууд Солонгосоос бараг тав дахин бага үнээр Турк улсад эмчлүүлэх боломжийг бий болгосон

Зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Дотор дурангийн нарийн мэргэжлийн эмч Б.Мөнхцэцэг 20 гаруй жил Турк улсад анагаах ухааны чиглэлээр суралцаж, мэргэжлээрээ ажиллаж буй нэгэн. 

Тэрбээр өдгөө Европт хамгийн том сүлжээ эмнэлэгт тооцогдох, 30 эмнэлэг, гурван их сургуультай "Медикал парк"-т ажиллаж буй бөгөөд элэг нэгтнүүддээ туслахаар "Emch" аппликэйшнийг бүтээж, мэргэжлийн эмч нараар иргэдэд эрүүл мэндийн зөвлөгөө өгүүлэх талбар болгосны зэрэгцээ Турк улсад эмчлүүлэхэд шаардлагатай хүмүүсийн материалыг хүлээн авч, үнэ төлбөргүйгээр "Медикал парк" эмнэлэг рүү илгээж байна.

 Монголчуудын олноороо зорих болсон Турк улсад эмчилгээ хийлгэх боломж, нөхцөл болон хүндээр өвчлөхөөсөө өмнө бид ямар дадал зуршлыг бий болгох ёстой талаар ярилцлаа. 

- Сайн байна уу, та манай уншигчдад өөрийгөө танилцуулна уу. Турк улсад мэргэжлээрээ ажиллаад хэдэн жил болж байна вэ?

- Сайн, сайн байна уу. Намайг Банзрагчийн Мөнхцэцэг гэдэг. Дотор, дурангийн нарийн мэргэжлийн эмч. Туркт 24 жил амьдарч байгаагаас 15-ыг нь сурч өнгөрүүлсэн. Анагаах ухаан, мэсийн нарийн мэргэжил, эмчилгээний дуран зэрэг чиглэлээр суралцаж, сүүлийн долоон жил мэргэжлээрээ ажиллаж байгаа. 

Одоогоор "Медикал парк" эмнэлэгт эмчилгээний дурангийн эмч болон Монголын төлөөлөгчөөр ажилладаг. "Медикал парк" нь дотроо 30 эмнэлэг, гурван их сургуультай. Дотооддоо төдийгүй Европтоо хамгийн том сүлжээ эмнэлгийн нэг. Европ стандарттай, эмч, ажилтнуудаа өөрсдөө бэлддэг, судалгаагаа хийдэг "А" ангиллын эмнэлэг бөгөөд тоног төхөөрөмж, туршлагаараа дээд зэрэглэлийнх юм.

Миний ажилладаг салбар нь "Медикал парк Гэбзэ", 120 эмч, ажилтантай, өдөртөө 3,000-5,000 хүнд үйлчилдэг. Манай салбарын онцлог нь хавдрын цогц багтай. Монголоос эмчлүүлэхээр ирж буй хүмүүсийн ихэнх нь хавдрын эмчилгээ хийлгэдэг. 

- Сүүлийн үед монголчууд эмчилгээ хийлгэхээр Туркийг их зорих болсон. Үнэ төлбөрийн хувьд бусад улсаас харьцангуй бага байх шиг санагдсан?

- Туркт Европын бусад орныг бодвол ажлын хөлс бага. Тиймээс Европчууд их ирж үйлчлүүлдэг. Тэд Европт хийлгэх байсан үнийн дүнгийнхээ 30 гаруй хувиар Туркт эмчлүүлдэг. Арабын улсууд, европчууд ихэвчлэн шүд, гоо сайхны мэс засал, тархины оношилгоо хийлгэхээр их ирдэг.

Эмчлүүлэхээр ирж буй монголчууддаа хандаж хэлэхэд, анхаарууштай хоёр зүйл байна. 

Нэгдүгээрт, янз бүрийн эмнэлэг бий учраас очиж буй эмнэлэг нь их сургуулийн харьяа эсвэл шинжлэх ухааны судалгааны төвтэй эсэхийг нягтлах хэрэгтэй. Тоног төхөөрөмж нь ямар байна, яг хийх ёстой эмчилгээг хийж байна уу гэдгийг харах ёстой. Заримдаа шаардлагагүй эмчилгээ хийх тохиолдол гардаг.

Хоёрдугаарт, Турк улсад олон монгол хүн ажиллаж, амьдарч байна. Эмчлүүлэхээр очиж буй хүмүүстээ аль болох тусалж байгаа ч хэлний мэдлэг төдийлөн хангалтгүй, аль эмнэлэг сайн, мууг мэдэхгүй зэрэг асуудал гарч байна. 

Элэгний вирустэй байвал санаа зовох хэрэггүй. С вирусийн эмээ сайн уухад 2-3 сард эдгэрдэг

Иймээс Монголд эмчлэх боломжгүй өвчтэй хүмүүсийг "Медикал парк"-ийн эмч нарт хянуулахаар материалыг нь хүлээж авах үйлчилгээг эхлүүлсэн юм. Тухайн хүний материалыг "Emch" аппликэйшнд хандан өгснөөр мэргэжлийн орчуулгын баг орчуулж, эмнэлэг рүү илгээнэ. Долоо хоногт хоёр удаа эмч нарын баг хуралдаж, ямар эмчилгээ хийлгэх шаардлагатайг, эсвэл Монголдоо ямар эмчилгээг үргэлжлүүлэн хийлгэх зэргийг зөвлөдөг. 

Туркт ирж эмчлүүлж байх үед нь би өөрөө ямар эмчилгээ хийгдэж байгааг давхар хянадаг. Монголд бүх төрлийн эмчилгээ, тусламж үйлчилгээг хийдэг болтол монголчууд бусад улсаас бага зардлаар, чанартай баталгаатай газарт үйлчлүүлээсэй гэсэн бодлоор ажиллаж байна. 

Хүмүүс Солонгосоос бараг тав дахин хямд байгаа болохоор чанар муу байх гэж ярьдаг юм байна. Гэхдээ тийм биш, Туркийн ажлын хөлс бага байдаг учраас төлбөр бага байдаг. Чанарт эргэлзэх хэрэггүй. Турк бол 85 сая хүнтэй, худалдаа, үйлдвэрлэлийн том улс. Энд сайн нь ч бий, саар нь ч бий. Тиймээс очих эмнэлгээ сайн судлах ёстой юм. 

Туркт ирж буй монголчуудын 20-30 хувь нь эмчилгээний зорилгоор ирдэг. Эмчилгээнд ирж буй хүмүүсийн 50 хувь нь "Медикал парк"-т ирж байна. Сүүлийн жилүүдэд 1,000-аас дээш хүн эмчлүүлсэн байна. 90 хувь нь сайн эмчлүүлээд буцсан. 

- Материалаа илгээхэд хэр хугацаанд хүлээдэг вэ?

- Хүлээлт байдаггүй. Манайх руу материалаа өгөхөд ажлын хоёр хоногт хариу нь ирдэг. Гол хүлээх зүйл нь нислэг. Хүмүүс өвчтөн авч явах тохиолдол тухайн нислэгийн компанид нөхцөл байдлаа хэлэх ёстой. Өвчтөн тээвэрлэх онгоц тусгай бэлтгэлтэй байх ёстой юм байна лээ. "Emch" аппликэйшн долдугаар сараас хамтын ажиллагааг эхлүүлснээс хойш 100 гаруй хүн материалаа илгээж, эмчлүүлсэн. 

"Улаанбаатартаа олон улсын төв эмнэлэгтэй болчихвол өөрсдөө эрүүл мэндийн жуулчлалаа татах боломжтой"

- Энэ оны долдугаар сард "Emch" аппликэйшн болон "Медикал парк" эмнэлгийн төлөөлөгчид хамтын ажиллагааны гэрээ байгуулсан. Үүнээс онцлох зүйл нь материалыг зуучлалын нэмэлт төлбөргүйгээр Турк руу илгээх байсан. Мөн Монголд эмчлэх боломжгүй өвчний эмчилгээний арга барилыг нутагшуулах талаар туссан байсан. Энэ талаар та дэлгэрүүлж өгнө үү?

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

- "Emch" аппликэйшн одоогоор 70,000 гаруй хэрэглэгчтэй болсон. Манай төрөл төрлөөр мэргэшсэн 400 гаруй эмч зөвлөгөө өгдөг. Мөн тус аппликэйшнд суурилан "Медикал парк"-ийн төлөөлөгчийн газрыг байгуулсан. Бид өвчтөнүүдийнхээ материалыг үүгээр хүлээн авахын сацуу мэйл хаягаар болон оффистоо хүлээж авдаг. Эсвэл оператор эмчтэй холбогдоод зөвлөгөө өгдөг. 

Уг нь материал хүлээж авч орчуулах, илгээх, эмч нарын хурлаар оруулах зэрэг нь бүгд төлбөртэй байдаг. Гэхдээ би төлбөргүй болгосон байгаа. Мөн "Медикал парк"-т эмчлүүлж буй монгол хүнд зориулан тусгай үнийн санал гаргасан. Туркийн эмнэлгүүдэд дотоодын болон гадаадын иргэдэд ялгаатай үнэ үйлчилдэг. Араб болон Европын үйлчлүүлэгчид илүү үнэ төлдөг бол Зүүн Европынхон арай бага гэх мэтчилэн ирж буй улсаасаа хамааран өөр тарифтай. 

Иймээс би дотоодын даатгалгүй иргэдэд үйлчилдэг үнэтэй ойролцоо үнээр монголчуудад үйлчилж өгөхөөр гэрээлсэн юм. Хэрэв монголчууд манай аппликэйшнээр дамжуулж, материалаа илгээн тус эмнэлэгт үйлчлүүлэхээр болбол тэр үнээр эмчлүүлнэ гэсэн үг. Харин бид нараар дамжаагүй хүмүүс гадаадын өвчтөний үнээр төлбөрөө төлөх ёстой болоод байгаа. 

Багц үйлчилгээ учир онгоцны буудлаас тосож аваад, эмнэлэгт хүргэдэг, шаардлагатай шинжилгээнүүдийг нь өгүүлэх, асран хамгаалагч нь хамт байрлах бол түүнийг нь шийдэх гэх мэтээр цогцоор нь үйлчилдэг. Энэ бүгд эмчилгээнийхээ төлбөрт багтсан тул очсон хойно нь нэмэлт төлбөр авдаггүй. 

Цөсөө угаа гээд шар сүү 3 литрийг ууж, бөөлжөөд цөсний суваг бөглөрсөн, нойр булчирхай цочирсон хүн байна. Ингэж эрүүл мэндээ эрсдэлд оруулж болохгүй

Би өнгөрсөн хавар нэг хуралд оролцсон юм. Тэгэхэд Монгол бол эрүүл мэндийн жуулчлалын бүс болох боломжтой гэсэн нь тун олзуурхууштай санагдсан. Монгол Улс гурван сая гаруйхан хүн амтай ч эргэн тойронд нь олон улсын сүлжээ эмнэлэгтэй газар гэж байдаггүй юм байна. Иймд монгол хэлээр ярьдаг 28 сая хүн олон улсын стандартын эмнэлгийн үйлчилгээ, үзлэгт орохыг хүсдэг байна. Улаанбаатартаа олон улсын төв эмнэлэгтэй болчихвол өөрсдөө эрүүл мэндийн жуулчлалаа татах боломжтой болно. Ирээдүйд боломж харагдаж байгаа. 

Монголд 26 нэр төрлийн өвчнийг эмчлэх боломжгүй тул эмчилгээний арга барилыг нутагшуулах зорилготойгоо "Медикал парк"-ийн төлөөлөгчидтэй уулзах үеэрээ Эрүүл мэндийн сайд хэлсэн. Үүнд бид хамтрахаар гэрээ хийсэн.

Тодруулбал, эх орондоо эмчлүүлэх боломжгүй хүнд өвчтэй хүмүүст Турк эмч нарын баг ирж, хамтдаа мэс ажилбар хийх юм. Ингэснээрээ арга туршлагаа хуваалцаж, монгол эмч нарын багийг сургах зорилготой.

- Эмчилгээний арга барилыг нутагшуулахад дунджаар хэр хугацаа шаардагддаг вэ?

- Хүний нөөц маш чухал. Гэхдээ зөвхөн сайн, чадвартай эмч байгаад хангалтгүй. Жишээлбэл, чөмөг шилжүүлэн суулгахад ариун орчин хэрэгтэй. Маш сайн антибиотик, цус, цусан бүтээгдэхүүн, техникийн ажилтнууд гээд олон шаардлага бий.

"Медикал парк"-т эмчлүүлж буй монгол хүнд зориулан тусгай үнийн санал гаргасан

Цагаан эсийг ялгах, олшруулахад техник технологи хэрэгтэй. Бүх зүйл хамтдаа цогцоороо байх ёстой болно. Мөн техник тоног төхөөрөмж, түүнийг ажиллуулах хүмүүс хэрэгтэй. Хөрөнгө мөнгө, цаг хугацаа хэрэгтэй. Манай улсад дүрс оношилгоо нь тун сайн байна. Япон, Солонгост хийгддэг зүйлсийг монгол эмч нар сурч ирээд, эх орондоо хийж байгаа нь сайхан санагдсан. Бодлогоор дэмжих, хүний нөөцөө бэлтгэх, төсөв мөнгөө яаж зарцуулахаа оновчтой шийдэх ёстой. Ингэвэл багадаа таван жил шаардагдах болов уу.

- Монгол Улсад эмийн стандарт тааруу байгааг албаныхан өмнө нь хэлж байсан. Чанартай эмнүүд маш үнэтэй учраас аль болох хямд эмийг оруулж ирэх нь ийм байдалд хүргэсэн гэдэг. Тэгвэл Туркээс чанартай эм ханган нийлүүлэх тал дээр та ямар бодолтой байна вэ?

- Турк улс үйлдвэрлэгч орон. Европт хэрэглэж буй эм, эмийн бүтээгдэхүүний 30 хувийг үйлдвэрлэж байна. Монголын талаас эм ханган нийлүүлэгчид хамтарч ажиллахаар хандаж байгаа. Одоогоор холбогдох шат дамжлагаараа явж байна. Хэрэв Монгол Улсад худалдаалж болох зөвшөөрлөө авч, эмийн агуулахаа стандартынх нь дагуу хийсэн байвал гэрээлж, үйлдвэрийнх нь үнээр нийлүүлэхээ илэрхийлсэн. 

- Турк улсад эмчлүүлэх өртөг дунджаар хэд байдаг вэ?

- Манай Гэбзэ салбарт 20,000 ам.доллароос давсан ямар ч эмчилгээ байдаггүй. Бусад салбарт элэг шилжүүлэн суулгахад 50,000 ам.доллар, бөөр шилжүүлэн суулгахад 18,000 ам.доллар, чөмөг шилжүүлэн суулгахад 100,000 ам.доллароос доош бий. Энэ мэтээр үнийг нь буулгаж чадсан. Үнэгүй систем хийж, зуучлалын хөлс авахгүй тул үүнийг ашиглаасай гэж хүсэж байна. 

"Даралт, элэгний өөхлөлт, цөсний өтгөрөл гээд бүгд гэнэтхэн л гараад ирдэг зүйл биш"

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

- Эмчилгээний талаарх яриагаа түр завсарлая. Та элэг, нойр булчирхайн эмч мэргэжилтэй. Монголд энэ өвчлөл маш их байгаа. Та ямар зөвлөгөө өгөх вэ?

- 2019 онд олон улсын хуралд оролцож байх үедээ монгол хүний дундаж наслалт эрэгтэй хүнийх 66, эмэгтэй хүнийх анх удаа 70-аас дээш гарч 72 боллоо гэсэн байсан. Үүнийг хараад их гомдсон. Азид70-аас доош наслалттай өөр улс байдаггүй. Өндөр хөгжилтэй орнуудад бүр 80 гарч байна. Гэтэл манай улсынх яагаад ийм байгаад анхаарах хэрэгтэй байгаа. Генийн хувьд сул уу гэх ямар ч үндэслэлгүй, харин орчны болон аж амьдралын нөлөөлөл ийм байдалд хүргэж байна. 

Нас баралтад хүргэж буй гол асуудал нь зүрх судасны өвчлөл, хэт таргалалт, хөдөлгөөний дутагдал, холестериний өндөр агууламжтай хоол хүнс хэрэглэж байгаа зэргээс гадна агаарын бохирдол, стресс, хорт зуршил зэрэг нь их нөлөөлж байгаа. Эдгээрээс шалтгаалж эрчүүд эрт нас барж байна. Ер нь олон улсад ч ийм байдаг. Учир нь эмэгтэй хүний даавар хамгаалдаг, харин цэвэршсэний дараа тэр хамгаалалт нь үгүй болдог. 

Нойр булчирхайгаа ямар байгааг шууд мэдэх арга байхгүй тул 40-өөс дээш насныхан жилдээ нэг удаа хэвлийн томографид харуулж байх нь зөв

Тиймээс эрчүүдийн дундаж наслалтыг яаж 70 гаргаж, 80 хүргэх буюу дэлхийн дундаж үзүүлэлт рүү дөхүүлэхэд сурах ёстой хоёр зүйл бий. 

Нэгдүгээрт, эрүүл мэндийн боловсрол. Өвчин хийсэж ирдэггүй. Харин биед байсаар, байсаар арга ядахдаа гарч ирдэг. Даралт, элэгний өөхлөлт, цөсний өтгөрөл гээд бүгд гэнэтхэн л гараад ирдэг зүйл биш. Иймээс урьдчилан сэргийлэх үзлэгт тогтмол, эрүүл амьдралын хэв маягт шилжих хэрэгтэй.

Жишээлбэл, өдөрт багадаа хоёр буудлын зайтай газар алхчихдаг, шингэн зүйл сайн уудаг, хоолоо оройтуулахгүй иддэг, юм идэхдээ сайн зажилдаг, хүнд хоолыг өдөр нь идэж, оройд хөнгөн хооллох зэрэг багахан алхмыг хийгээд байхад болно. 

Монголд цөсний өтгөрөл, нойр булчирхайн үрэвсэл маш их байна. Нойр булчирхайн үрэвсэл нь архидалт, хүнд хоолтой шууд холбоотой. Монголчууд зун амарна гэж хөдөө яваад боодог идээд, араас нь архи уучихдаг. Үр дүнд нь бүгд нойр булчирхайгаа цочроож, эвхэрч унадаг. Үүнийгээ айраг уучихсан чинь ингэлээ гэдэг. Гэвч айраг тийм хэмжээнд нөлөөлөхгүй. Айраг бол тослог багатай сүү гэж хэлж болох бөгөөд исгэсэн учир харин ч эрүүл мэндэд сайн. Гол нь нэг дор олон төрлийн зүйл хэрэглэж, нойр булчирхайг цочроохоор хэрэглэсний уршиг юм. Нэг сардаа иддэггүй хэмжээний их махыг хоёр хоногт идчихээд архи уудаг нь нойр булчирхайд аюул тарьж байгаа юм.

Анхаарах ёстой нэг зүйл бол нойр булчирхай гэмтчихээрээ сорвитой эдгэрдэг. Олон цочроож гэмтээгээд байвал хатангиршиж, сүүлдээ дутагдалд ордог. Эмч нарын хувьд нойр булчирхай бол "хар хайрцаг" гэж нэрлэгдэг. Оношлогддоггүй, шинж тэмдэг сул, маш оройтож оношлогддог. Нойр булчирхайгаа ямар байгааг шууд мэдэх арга байхгүй тул 40-өөс дээш насныхан жилдээ нэг удаа хэвлийн томографид харуулж байх нь зөв. Үүгээр л харагддаг. MRI-д харуулбал бүр сайн.

- Нойр булчирхайг зөвхөн томографаар харуулж байж мэдэх боломжтой гэлээ. Тэгвэл элгээ ямар байгааг яаж мэдэх вэ?

- Дотор эрхтнүүд маань биднийг амьд байлгадаг учраас гараа цохоход өвддөг шиг өвдөж мэдрэгддэггүй.

Элэг, бөөр, нойр булчирхай гэхчлэн эрхтэнд мэдрэлийн хүлээн авагч байдаггүй тул хүн өвдөж байна гэж мэддэггүй. Зөвхөн бүрхүүлүүдэд нь байдаг тул энэ нь гэмтэх үед л мэддэг.

Гэхдээ монголчуудал уламжлагдан ирсэн аргаар шээсний өнгөө харах, хэлний өнгө, арьс зэргээ хараад мэдэж болдог.

Элэг, цөс хамтдаа тул цөс бөглөрөхөд өтгөний өнгө цайрч, шээсний өнгө өтгөн болдог. Нүүр, нүдний өнгө шарлаж, борлож, харлах гэх мэтээр ажиглавал шинж тэмдгийг мэдэж болно. Гэхдээ энэ бол оройтож байгаа гэсэн үг.

Тиймээс л жилдээ нэг удаа дотрын шинжилгээ өгөх хэрэгтэй. Энэ нь элэг, бөөрний үйл ажиллагаа, уураг, эрдсийн дутагдалтай эсэхээ шалгуулах юм. Мөн элэгний эмчийн хувьд хэлэхэд вирустэй эсэх, хэрэв вирустэй бол тоог нь анхаараарай. Элэгний вирустэй байвал санаа зовох хэрэггүй. С вирусийн эмээ сайн уухад 2-3 сард эдгэрдэг. Монголд байгаа сайхан боломж бол С вирусийн эсрэг үнэтэй эмийг үнэгүй шахам авч байна шүү дээ. Туркт бол даатгалгүй хүн С вирусийн эсрэг курс эмчилгээг 10 мянган ам.доллароор үзүүлдэг шүү дээ. Үүнийгээ ашиглах хэрэгтэй.

Иодын дутагдалтай газарт амьдарч буй бид иодтой давсыг тогтмол хэрэглэх нь зөв

Анхааруулж хэлмээр байгаа нэг зүйл байна. Эмчлэгч эмч жор бичээд, гарын үсэг зурна гэдэг нь тухайн жороор эм уугаад асуудал гарвал хариуцлагаа хүлээхээ илтгэж буй хэрэг. Гэтэл олон нийтийн сүлжээгээр биенийгээ яаж эмчлэх зөвлөгөөг их өгч байна. Үүнээс болоод элэгний үйл ажиллагаа хямралд орсон, хордлого болсон тохиолдлууд гардаг.

Цөсөө угаа гээд шар сүү 3 литрийг ууж, бөөлжөөд цөсний суваг бөглөрсөн, нойр булчирхай цочирсон хүн байна. Ингэж эрүүл мэндээ эрсдэлд оруулж болохгүй. Дур мэдэх тусам дараах эмчилгээний зардал өндөр болдог. Эмнэлэгт хэвтэх шаардлагатай болно, цаашлаад цөсөө сэтгүүлнэ гээд олон зүйл гарна.

Зөвлөгөөг зөвхөн эмчээс ав. Мэдрэлийн эмчээс мэдрэлийн, хүүхдийн эмчээс хүүхдийн эрүүл мэндтэй холбоотой зөвлөгөөг л ав. 

- Бамбай булчирхайн өвчлөл ч бас их байдаг?

- Бамбай булчирхай бол энергийг зохицуулж байдаг. Тухайн өдөр тэр хүн сэргэлэн байх, эрч хүчтэй байх, хоолны дуршил, ядрал гээд бүгдийг нь зохицуулж байдаг энергийн эх үүсвэр.

Бамбай булчирхайн дааврын дутагдал орсон хүн их ядардаг, унтамхай, уцаартай болдог, ой тогтоолт мууддаг. Монголд бамбайн өвчлөл ихтэй. Дэлхийд хамгийн их байдаг эрдсийн дутагдал нь иодын дутагдал. Далайгаас хол улсуудад иодын дутагдал байдаг. Бамбай бол иодоор ажилладаг эрхтэн. Биед иод дутагдаад байхад гаднаас нь ажил гэж шахсаар байгаад зангилаа үүсгэж, зангилаа нь яваандаа хавдар үүсгэдэг аюултай.

Иодын дутагдалтай газарт амьдарч буй бид иодтой давсыг тогтмол хэрэглэх нь зөв. Хүүхдэд иод дутагдахад тархи, мэдрэлийн дутагдалд ордог. Муу сурлаа, юмаа хийдэггүй гээд загнуулж байгаа хүүхдэд иод дутагдаж байж ч магадгүй. Иод өгөхөд сэмбийгээд ирдэг хүүхэд байдаг. 

Хүн бүр иоджуулсан давс хэрэглэх хэрэгтэй. Гэхдээ бамбайн хорт хавдартай, хавдрын дахилттай хүн л хэрэглэж болдоггүй. Хүн бүр иодтой давс хэрэглэх ёстой. Хүмүүс жамц давс, Хималайн ягаан давс хэрэглэх болж, энэ нь буруу. Хималайн давс олон төрлийн эрдэс агуулах боловч иод хангалтгүй. Иоджуулсан давсаа хэрэглээд, жилдээ нэг удаа бамбайгаа үзүүлэхэд болно. Бамбайн үйл ажиллагаа хэвийн байвал иодын дутагдалд ороогүй гэсэн үг. 

- Ярилцлагын төгсгөлд Туркт эмч нарын ачаалал хэр байдаг талаар тодруулмаар байна. Монголд бол эмч нарын ачаалал маш их байгаа? 

- Дэлхий даяараа эрүүл мэндийн салбарын ажилтнууд дутагддаг.

Эмч болохын тулд наад зах нь зургаан жил сурч байна. Нарийн мэргэжлийнх гэвэл 10-15 жил болно. Гэтэл анагаах ухаанаар суралцдаг хүний тоо хэд билээ, тиймээс эмчийн хүрэлцээ хаа газар дутагддаг. Илүү цагаар ажиллах, өдөрт олон хүн үзэх нь хаа газарт байдаг. Европт бол надтай адил нарийн мэргэжлийн эмч хүн долоо хоногт 20 хүн үздэг юм байна. Харин би өдөрт 20 хүн үздэг. КОВИД-19-ийн үед өдөрт 100 хүн үзэх ч тохиолдол байсан. 

Эмчийн хүрэлцээгүй байдлыг засахын тулд боловсролын байдлаа сайжруулах хэрэгтэй. Өрхийн эмч нар сайн байвал нарийн мэргэжлийн эмч нар дээр байнга очих шаардлага байхгүй. Нарийн мэргэжлийн эмчид жилдээ нэг үзүүлж, бусад үед өрхийн эмчээсээ тусламж үйлчилгээг авч байх ёстой. Эмчийн ажлын цагийг багасгаж, цалинг нь нэмбэл үйлчлүүлж буй хүнд сайн. Цалин бага учраас, эмч нарын хүрэлцээ дутмаг учраас илүү цагаар ажилласаар байна. 

Иргэдийн оролцоо ч мөн чухал. Тухайлбал, элэгний эмчид хамгийн багадаа 30 минут үзүүлмээр байна гэдгээ шаардах ёстой. Цаг өгөхдөө 30 минутаас бага хугацааг нэг хүнд олгож болохгүй гэж шаардах ёстой. Урьдчилан сэргийлэх үзлэгт дуран энэ жил орж ирсэн нь сайн. Гэхдээ цөөн байгаа тул нэмэхийг бас л шаардах ёстой. Иргэд нэхэх эрхтэй, нэхсэнээр систем өөрчлөгдөнө.

Эмч нар бага цаг ажиллая, цалингаа нэмүүлье гэхээр Засгийн газар төдийлөн тоохгүй. Харин өвчтөн буюу саналаа өгдөг сонгогчид шаардвал өөр. Би ингэж л хардаг. Хувь хүний сонгох эрх гэдэг бол маш хүчтэй нөлөөтэй