Индэр    
2022 оны 11 сарын 8
Зураг
iKon.mn сэтгүүлч

Европын Холбооны улсуудад суралцах боломж: ERASMUS+

Зураг

Европын Холбооны 34 улсад суралцах, солилцоогоор ажиллах үүд нь ERASMUS+ хөтөлбөр аж. 

Анх уг хөтөлбөрийг зөвхөн гишүүн орнууд өөр хоорондоо хэрэгжүүлдэг байсан бол 2014 оноос хүрээллээ өргөжүүлж, бусад улс орныг хамруулж эхэлжээ. 

ERASMUS+ бол дээд боловсрол, соёл, спортын солилцооны хөтөлбөр бөгөөд бүсээсээ хамаарч харилцан адилгүй дэд хөтөлбөрүүдэд оролцдог байна. Монгол Улсын хувьд БНСУ, Япон, БНХАУ, Сингапур зэрэг улсын хамтаар 5 дугаар бүсэд хамаарна. 

Энэ бүсийнхэнд Дээд боловсролын чадавхыг бэхжүүлэх, Магистр болон докторын зэргийн сургалтын тэтгэлэг, Кредит солилцооны зэрэг дэд хөтөлбөрт хамрагдах боломжтой. 2021-2027 онд Европын Холбооноос ERASMUS+ хөтөлбөрт зориулан 26 тэрбум еврог төсөвлөөд буй.

ERASMUS MUNDUS бол магистр, докторын зэргээр суралцагчдын хувьд "алтан" боломж

зураг
 

Төгсөлтийн дараах сургалтын хөтөлбөр буюу магистр, докторын зэрэгт суралцагчдад зориулсан тэтгэлэгт хөтөлбөр олон бий. 

ERASMUS MUNDUS-ийн ялгарах онцлог нь тэтгэлэгт шалгарсан хүн хэд хэдэн улсад суралцах боломжтой юм байна. Тухайлбал, цахим аюулгүй байдлын чиглэлээр магистрын зэрэгт суралцах бол одоо зарлагдаад буй тэтгэлэгт хөтөлбөрт тэнцвэл эхний улиралд Франц, дараагийн улиралдаа Люксембург, Бельги гэх зэргээр гурван улсад суралцахаар байна. 

2014-2020 онд 16 монгол оюутан тэтгэлэгт шалгарчээ. Цар тахлын улмаас хоёр жил завсарлаж, 2022 онд шалгаруулалт болоход манай улсаас 10 оюутан шалгарч, явжээ. 

ERASMUS MUNDUS-ийн материал хүлээн авах хугацаа арваннэгдүгээр сарын 1-нд нээгдсэн ба 2023 оны нэгдүгээр сарыг дуустал хүлээн авна. Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу.

Уг тэтгэлэгт хөтөлбөрт бакалаврын зэрэгтэй бүх хүн болон төгсөх курсийн оюутнуудад нээлттэй бөгөөд

  • Ажлын туршлага заадаггүй
  • Насны хязгаар байхгүй
  • Эх орондоо буцаж ирэх шаардлага тавьдаггүй
  • Ямарваа нэг хөрөнгө барьцаалдаггүй.

Шалгаруулалтыг зөвхөн Европын Холбооны холбогдох албаныхан зохион байгуулдаг. Цахимаар өөрийн хүссэн салбар, өөрийнх нь бакалаврын зэрэгт нийцэж буй эсэхийг нягталж үзээд, материалаа илгээхэд хангалттай юм. Таны бүрдүүлж өгсөн материалаасаа хамааран оноогоор үнэлэгдэж, жагсана. Аль нэг улсад квот тогтоохгүй, зөвхөн оноогоороо өрсөлдөх тул тэнцэх эсэх нь тухайн хүнээс л хамаарах юм.

Тэтгэлэгт хөтөлбөрөөр сургалтын төлбөр, амьжиргаа, орон байр, замын зардал гэх мэтчилэн бүх зардлыг даадаг.

Дээд боловсролын чадавхыг бэхжүүлэх 24 төсөл Монголд хэрэгжсэн

"Capacity building projects for higher education" буюу дээд боловсролын чадавхыг бэхжүүлэх төсөл хөтөлбөр нь голчлон сургууль хоорондын хамтын ажиллагаанд суурилан хэрэгждэг. 

Монголын их, дээд сургуулиуд үүнд хамрагдахын тулд Европын Холбооны гишүүн улсын аль нэг их, дээд сургууль хамтран консорциум байгуулж, төслөө бичин шалгаруулалтад оролцох боломжтой.

Чадавхыг бэхжүүлэх гэдэг нь өргөн хүрээтэй асуудал учир аль талыг хөндөж болохоороо онцлогтой. Жишээлбэл, багш нарынхаа чадавхыг сайжруулах, тоног төхөөрөмж, материаллаг нөөцөө чанаржуулах, лаборатори байгуулах гэх зэрэг төсөл байж болно. Эсвэл хөтөлбөрийн агуулгыг шинэчлэх, судалгаа хийх зэрэг ч байж болно. 

Гол шалгуур нь дээр дурдсанчлан Европын Холбооны гишүүн улсын их, дээд сургуультай хамтран ажиллах учиртай. Төслөө хэрэгжүүлэх дундаж хугацаа 2-3 жил бөгөөд санхүүжилтийн хэмжээ 700-800 мянган евро юм.

2015 оноос хойш уг хөтөлбөрт Монголын их, дээд сургуулийг хамруулсан нийтдээ 24 төсөл хэрэгжсэн байна. Өмнө нь Монголын их, дээд сургуулиуд консорциумынхоо гишүүнээр оролцдог байсан бол 2020 онд шалгарсан төсөлд зохицуулагчаар шалгарсан нь Отгонтэнгэр аж. Энэ нь Монголын их, дээд сургууль нь төсөл бичиж, зохицуулагчаар ажиллах чадамж бүрдсэнийг харуулсан үйлдэл болжээ.

Олон улсын кредит солилцооны хөтөлбөр

Дээрх хөтөлбөрөөс ялгаатай нь "International credit mobility"-д Европын Холбооны гишүүн орны их, дээд сургууль өөрсдөө санаачлан төслөө бичиж, гуравдагч орны аль сургуультай солилцоо хэрэгжүүлэхээ сонгож, төсөлдөө тусгах ёстой. 

зураг
 

Жишээлбэл, Чех улсын аль нэг их, дээд сургууль МУИС-тай кредит солилцооны хөтөлбөрийг хэрэгжүүллээ гэж тооцвол оюутан нь хамгийн ихдээ зургаан сарын хугацаанд сурч байгаа чиглэлээрээ үргэлжлүүлэн суралцаж, кредитээ тооцуулаад эх орондоо ирнэ. Кредит солилцоонд мөн багш, захиргааны ажилтнууд нь хамрагдах боломжтой. Солилцооны явцад замын зардал, амьжиргааны зардал, амьдрах байрны зардлыг Европын Холбооноос хариуцдаг

Хэрэв Монголын их, дээд сургуульд өмнө нь хамтарч байсан түнш байхгүй бол шинээр хайхад хүндрэлтэй. Шинэ түнш сургууль хайх бол эхлээд сургуультайгаа харилцаа холбоо тогтоож, Олон улсын кредит солилцооны хөтөлбөрт оролцох гэж байгаа бол манай сургуулийн оюутан, багшийг хамруулж өгөх хүсэлтийг илэрхийлэх учиртай. 

Одоогоор тус хөтөлбөрөөр европт 2015-2020 онд 328 багш, ажилтан болон оюутан суралцаж, ажиллажээ. Харин 191 ажилтан, сурагчид Монголд солилцоогоор иржээ. 

Уг хөтөлбөрт Ази тивээс оролцогчдыг улсаар нь авч үзвэл БНХАУ 26 хувь, Вьетнам 24 хувийг эзэлж байгаа бол манай улс хоёр хувийг эзэлж байна. Үүнийг нэмэгдүүлэхийн тулд манай улсын их, дээд сургуулиуд гадаад харилцаагаа сайжруулах шаардлагатай байгаа юм. Учир нь нэг улсад тогтоосон квот гэж байдаггүй тул олон төсөлд оролцох тусам шалгарах магадлал нэмэгдэнэ. 

Харин сонгогдсон сургууль солилцооны ажилтан, оюутнаа өөрсдөө шалгаруулна. Кредит солилцоо хөтөлбөр хоёр жил үргэлжлэх тул хугацаа дуусахад дахин түнш сургууль олох шаардлагатай болдог аж.