Индэр    
2022 оны 10 сарын 31
Зураг
iKon.mn сэтгүүлч

Сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэгчидтэй хийсэн гэрээг эргэж харахгүй бол ₮78 тэрбумын алдагдалтай салбарт ДАРАМТ болох нь

Зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

"...Нар, салхины есөн эх үүсвэр Монгол Улсын хэрэглэдэг эрчим хүчний 11 орчим хувийг үйлдвэрлээд орлогын 27 хувийг авдаг байна. Үүнийг нөгөө талаас нь харвал эрчим хүчний 91 хувийг үйлдвэрлэдэг бусад эх үүсвэр орлогын 73 хувиар амьдрах буруу зарчим руу орсон" гэдгийг Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Тавинбэх онцолсон юм. 

2021 оны жилийн эцсийн байдлаар эрчим хүчний салбар 78 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллажээ. Харин сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэгчид 65 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан байна. Иймээс нар, салхины эх үүсвэрийг тодорхой хугацаанд бодлогоор хязгаарлах шаардлагатайг Н.Тавинбэх дурдав. Цаашид сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүдтэй хийх гэрээг хоёр талын эрх ашгийг хангасан байхаар бодолцож хийх нь зөв гэдгийг ч хэллээ. 

Ганцхан станц дээр 39 сая ам.доллар нэхэж байгаа тохиолдол ч бий аж. Удахгүй сэргээгдэх эрчим хүчний 11 эх үүсвэр ашиглалтад орох хүлээлттэй байгаа аж. Ингэхээр эрчим хүчний нийт суурилагдсан хүчин чадлын 27 хувийг бүрдүүлж, орлогын 50 хувийг авах нөхцөл байдал үүсэх юм байна. 

Тиймээс сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг нийлүүлж буй аж ахуйн нэгжүүдтэй хийх гэрээг сайжруулах, цаашид үүнд хэрхэн анхаарах талаар холбогдох байгууллагуудаас тодрууллаа. 

Ам.доллароор илэрхийлсэн үнэ тариф сэргээгдэх эрчим хүчнийхэнд ашиг авчирч байгаа юу?

Сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэгчидтэй холбоотой дээрх асуудлын гол шалтгаан нь 2007 оноос хойш хэрэгжиж буй Сэргээгдэх эрчим хүчний тухай хууль аж. Тус хуульд үнэ тарифыг ам.доллароор илэрхийлэн тусгажээ.

Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулийн  

  • 11.1.1-д салхины эрчим хүчний үүсгүүрээр үйлдвэрлэж нийлүүлэх 1 кВтц цахилгаан эрчим хүчийг 0.085 ам.доллар хүртэл;
  • 11.1.2-д 5000 кВт хүртэл хүчин чадалтай усан цахилгаан станцын үйлдвэрлэж нийлүүлэх 1кВтц цахилгаан эрчим хүчийг 0.045-0.06 ам.доллар;
  • 11.1.3-д нарны эрчим хүчний үүсгүүрээр үйлдвэрлэж нийлүүлэх 1 кВтц цахилгаан эрчим хүчийг 0.12 ам.доллар хүртэл байна гэжээ. 

Үүний дагуу сэргээгдэх эрчим хүчний есөн станцын тариф батлагдсан байна. Харин манай улсад ам.долларын эсрэг төгрөгийн ханш тасралтгүй унаж байгаа тул сэргээгдэх эрчим хүчнийхэн ийнхүү илүү орлого олж байгаа гэж ойлгож болох нь. Эх сурвалжийн мэдээлснээр хөрөнгө оруулагчдаа татах үүднээс хуульд үнэ тарифаа ам.доллароор илэрхийлсэн нь ийнхүү өнөөдөр хуульдаа өөрчлөлт оруулах хэрэгцээ шаардлагыг үүсгэжээ. 

Өнөөдрийн байдлаар нэг кВт цахилгаан эрчим хүчийг 150 төгрөгөөр хэрэглэгчдэд борлуулж байна. Харин нарны цахилгаан станцын үйлдвэрлэсэн нэг кВт цахилгааны үнэ 422, салхин цахилгаан станцынх 230 төгрөг байгаа юм. Энэ зөрүүг дэмжих тарифаар нөхөж өгдөг байна. 

Энэ талаар Эрчим хүчний зохицуулах хорооны Ажлын албаны дарга Б.Болор-Эрдэнэ "Сэргээгдэх эрчим хүчний тухай хууль 2007 онд батлагдсан. Уг хуульд нарны станцын дундаж тариф 15-18 цент, салхин цахилгаан станцын нэгдсэн сүлжээнд худалддаг үнийг 8-9.5 цент байна гээд хуульчилсан.

Тариф өндөр үнэтэй учир зөрүү гарч эхэлсэн. Тиймээс 2015 онд хуульд өөрчлөлт оруулаад, тухайн зөрүүг сэргээгдэх эрчим хүчийг дэмжих тарифаар тооцохоор болсон юм. Үүнтэй холбоотой уг тариф 23 төгрөг 79 мөнгөөр тогтоогдсон. Энэ нь нэг айлд дунджаар 4,000 орчим төгрөг нэмэгдэнэ гэсэн үг. Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээс нийлүүлж буй цахилгаан эрчим хүчинд тооцогдоно гэж ойлгож болно.

Төвийн бүсэд салхин цахилгаан станц гурав, нарны цахилгаан станц зургаа бий. Эдгээрээс нийлүүлж буй цахилгаан эрчим хүчийг төвийн бүсийн эрчим хүчний систем хэрэглэж байгаа юм. Нийт 17 аймаг багтана. Тэгэхээр дэмжих тарифыг хэрэглэсэн цахилгааны мөнгө гэж ойлгож болно" гэдгийг хэлэв. 

Өөрөөр хэлбэл, айл бүр цахилгааны хэрэглээн дээрээ нэмээд 4,000 төгрөгийг сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээс нийлүүлж буй цахилгааны төлбөрт төлдөг байна.

Гэрээ байгуулах асуудлаар дахин ярилцах боломжтой

Харин Эрчим хүчний яамнаас "Сэргээгдэх эрчим хүчтэй холбоотой асуудал манайд хүндрэлтэй байгаа юу гэвэл тийм. Жишээлбэл, 2021 оны жилийн эцсийн байдлаар сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэж буй аж ахуйн нэгжүүд системд 10.1 хувийн эрчим хүч нийлүүлсэн. Энэ нь оргил ачаалалд оролцох, оролцохгүй гээд асуудал байгаа. Улмаар нийт орлогын 28.4 хувийг авч байгаа нь үнэн. Дэмжих тарифаар тухайн асуудлыг зохицуулах гээд хуульд өөрчлөлт оруулсан.

Гэрээ байгуулж байгаа байгууллагууд энэ асуудлаар дахиад ярилцах боломж нь бий гэж харж байна. Өмнөх гэрээнүүд дээр ажиллаж байгаа зүйл байхгүй. Харин шинэ эх үүсвэрүүдтэй гэрээний хэлэлцэл яригдах байх. Цахилгаан эрчим хүч худалдах, худалдан авах гэрээний асуудлыг яам хариуцдаггүй. Диспетчерийн үндэсний төв хариуцаж энэхүү гэрээг хийдэг" гэсэн хариултыг өглөө. 

Түүнчлэн сэргээгдэх эрчим хүчний хувьд өрсөлдөөнт зах зээлийг бий болгохоор төлөвлөн ажиллаж байгаа аж. Эрдэнэбүрэнгийн усан цахилгааны станцыг яаралтай ашиглалтад оруулах нь чухал. Ингэснээр нөөц боломж илүү их бүрдэнэ гэдгийг яамны төлөөлөл онцолж байлаа. 

Диспетчерийн үндэсний төв ТӨХХК-тай дээрх гэрээний асуудлаар холбогдсон боловч хариулт тайлбар өгөхөөс татгалзав. 

Эрчим хүчний салбар байгууллагууд алдагдалтай ажиллаж, ажилчдын нийгмийн асуудал шийдэгдэхгүй, тоног төхөөрөмжийн шинэчлэлт хийгдэхгүй байгаа талаар үйлдвэрчний эвлэлийн холбоодоос нь мэдээлж байв. Тухайлбал, маш бага мөнгө батлагдаж байгаа учраас "Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ" ТӨХК техникийн засвар үйлчилгээгээ хийж чадахгүй байгаа юм. 2019 оноос хойш эрчим хүчний салбарын үнэ тариф огт хөдлөөгүй. Байгууллагууд үйлдвэрлэсэн үнээсээ 5-59 хувиар доогуур үнээр эрчим хүчээ борлуулснаар Эрчим хүчний салбар алдагдал хүлээгээд байгаа билээ. 

Энэ өвөл цахилгаан тасалдах, дулаан алдах эрсдэл үүсэж болохыг албаны хүмүүс анхааруулсаар байгаа. Тиймээс сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэж буй аж ахуйн нэгжүүдтэй хийсэн болон удахгүй байгуулах гэрээг эргэж нэг харахгүй бол 78 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллаж буй салбарт улам дарамт болох нь.