Индэр    
2022 оны 10 сарын 19
Зураг
iKon.mn сэтгүүлч

Т.Ням-Очир: МСҮТ-ийн суралцагчдын тэтгэлэгт урьдчилсан байдлаар ₮49 тэрбумыг нэмэлтээр олгохоор төлөвлөж байна

Зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Мэргэжлийн Сургалт, Үйлдвэрлэлийн Төвийг энэ оноос эхлэн Боловсрол, Шинжлэх Ухааны Яамны харьяанд шилжүүлсэн. Ингэснээр бүх шатны боловсролын байгууллагын мэдээлэл тус яаманд төвлөрч байгаа юм.

МСҮТ-д суралцагчдын мэдээллийг бусад сантай тулгаж үзэхэд нэлээд зөрчил, давхардал илэрсэн тухай өмнө нь албаны эх сурвалжууд мэдээлж байв. Тухайлбал, Боловсрол, Шинжлэх Ухааны сайд Л.Энх-Амгалан МСҮТ-д сурдаггүй 4,800 хүүхдийн регистрийг давхар бүртгэж, төрөөс ₮2.3 тэрбумыг авах байсныг ил болгосон талаараа энэ оны наймдугаар сард мэдээлж байв.

Харин энэ удаад МСҮТ-тэй холбоотой нэгдсэн дүгнэлтийн талаар Боловсролын Ерөнхий Газрын дарга Т.Ням-Очиртой ярилцлаа.

зураг
 
Гэрэл зургийг mpa.mn

-Мэргэжлийн Сургалт, Үйлдвэрлэлийн Төв(МСҮТ)-д суралцаж буй хүүхдүүдийн мэдээлэл давхардсан, суралцдаггүй хэр нь тэтгэлэг авдаг байжээ гэх зэрэг мэдээлэл их цацагдаж байсан. Иймд бодит байдлын талаар мэдээлэл өгнө үү?

-Мэргэжлийн боловсролын салбарт 2021-2022 оны хичээлийн жилд нийт 42,594 суралцагч суралцсан. Үүнээс 14,522 нь МСҮТ-д, 28,072 нь политехникийн коллежид суралцсан гэсэн албан ёсны статистик мэдээлэлтэй.

Мэргэжлийн боловсролын салбарт суралцагчдын мэдээллийг бусад системтэй тулгаж үзэхэд нийт 6,397 хүүхдийн мэдээлэл давхардсан

БШУЯ бүх түвшний боловсролын байгууллагын статистик мэдээллийг боловсруулахаар удирдлагын мэдээллийн системийг нэвтрүүлж, сайжруулан хөгжүүлж ажиллаж байгаа. МСҮТ-д суралцаж буй хүүхдүүдийн ирц бүртгэл, шилжилт хөдөлгөөний мэдээллийг мөн цахимжуулж, бусад системтэй уялдуулсан. Өмнө нь Өмнө нь эдгээр асуудал Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам(ХНХЯ)-нд харьяалагдаж, тусдаа бүртгэлийн системээр хянадаг байсан бол одоо БШУЯ өөр дээрээ байдаг цэцэрлэг, ерөнхий боловсрол, дээд боловсролын бүх системүүдээ нэгтгэж байна.

Дээд боловсролын, ерөнхий боловсролын, мэргэжлийн боловсролын системүүдийг хооронд нь уялдуулснаар давхардлууд гарч ирсэн юм.

Жишээлбэл,

  • мэргэжлийн боловсролын мэдээллийн системд регистрийн дугаар алдаатай, буруу шивэгдсэн 1,380 хүүхэд байсныг зассан.
  • техник мэргэжлийн систем дотроо давхардсан 323 суралцагчийн мэдээлэл байсан. Тодруулбал, нэг аймгийн МСҮТ-д суралцаж байгаа хэр нь өөр аймагт ч давхардсан байсан гэсэн үг.
  • ерөнхий боловсролын сургуульд сурч байгаа мөртлөө МСҮТ-д бүртгэлтэй 570 хүүхэд,
  • дээд боловсролын системд бүртгэгдсэн 4,121 гээд нийт 6,397 хүүхдийн мэдээлэл гарч ирсэн.

Дээд боловсрол, МСҮТ-д зэрэг суралцахыг үгүйсгэхгүй боловч нарийвчлан хянаж үзэхээс аргагүй учраас тав болон зургаадугаар сард энэ асуудлыг судалж, зөрчлийг арилгаснаар зургаадугаар сарын 27-ноос тэтгэлгээ олгож эхэлсэн.

Үүнд хэн нэгнийг буруутгах боломжгүй. Учир нь мэргэжлийн боловсролын систем нь тусдаа байсан учраас бусадтайгаа уялдах боломжгүй байсан.

-Хоёр аймагт давхардсан бүртгэлтэй, ЕБС ба МСҮТ-д бүртгэлтэй гээд бүгд сар бүрийн тэтгэлгээ авдаг байсан хэрэг үү?

-ХНХЯ өмнө нь хяналт тулгалтаа хийдэг байсан. Зөрчил үүссэн шалгалтыг хэд хэдэн шалтгаанаар хэлж өгье.

  1. Мэргэжлийн боловсрол, сургалтын систем нь суралцагчийг шинээр бүртгэхдээ төрийн мэдээлэл солилцооны ХУР системээс тулгалт хийх боломжгүй байсан. Иймд 1,380 хүүхдийн регистр алдаатай орсон. Үүнийг мэдэх боломжгүй байж.
  2. Мэргэжлийн боловсрол, сургалт үйлдвэрлэлийн байгууллагын mergejil.mn дангаараа байсан. Өөр системтэй уялддаггүй. Тиймээс давхардал илрүүлэх боломж байгаагүй.

-Ингэж давхардуулснаар төсөв ихээхэн алдагдал хүлээснийг Сангийн сайд 2023 оны төсвийн төсөл танилцуулах үеэрээ дурдсан. Тухайлбал, бүртгүүлчхээд төгсдөггүй, сар бүрийн тэтгэлгээ аваад яваад байдаг гэсэн. Энэ талаар та юу хэлэх вэ?

-Мэргэжлийн боловсролын оюутанд тэтгэлэг олгох талаар журам бий. Тухайлбал, 45-аас дээш насны иргэн, нийгмийн даатгалын шимтгэл төлдөг , ирц нь 80 хувьд хүрээгүй оюутанд тэтгэлэг олгодоггүй гэх мэт.

Магадгүй өмнө нь сар бүр тэтгэлэг авч байгаад гэнэт төгсөхгүй алга болсон тохиолдолд бидний төлөвлөн бэлдэж байсан нэг мэргэжилтэй ажилтан байхгүй болно гэсэн үг. Хичээлийн жилийн эцэст нэг удаа өгөхөөр болсон нь сайн талтай байхыг үгүйсгэхгүй. Үүнийг олон талаас нь хэлэлцэж шийдэх хэрэгтэй.

2021-2022 онд 10,400 гаруй оюутанд 11.2 тэрбум төгрөгийн тэтгэлэг олгосон

-3-5 сая төгрөг гэгдээд байгаа нь жилд нэг удаа олгох дүн үү, эсвэл төгсөхөд нь өгөх санхүүжилтийн хэмжээ юу?

-Олон төрлийн санал гарч байгаа. Зарим нь сар бүр олгох нь үр дүнтэй гэж байгаа бол нэг дор олгох нь гарааны бизнесээ эхлүүлэх боломж болно ч гэж үзэж байгаа цөөнгүй байна. Тэтгэлгийн зорилго нь мэргэжилтэй боловсон хүчин, ур чадвартай хүмүүс бэлтгэхэд оршдог.

-Одоо сар бүр өгөх үү, нэг удаа өгөх үү гэдэг нь эцэслэгдсэн үү?

-Засгийн газрын тогтоолын дагуу төгсөхөд нь нэг удаа олгохоор болсон. Монгол Улсын Засгийн газраас Мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагын тухай хуулийг УИХ-д өргөн бариад байна. Энэ хүрээнд яригдах болов уу.

-Жилд дунджаар хэдэн төгрөгийг тэтгэлгээр өгч байгаа вэ?

-2021-2022 онд 10,400 гаруй оюутанд 11.2 тэрбум төгрөгийн тэтгэлэг олгосон.

-Уг нь мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх нь төрийн бодлого. Гэтэл үүнийг ашиглаад өрхийн амьжиргаа залгуулах, сар бүрийн тэтгэлэг аваад яваад байх сонирхолтой хүн ч мэр сэр байгааг давхардлаас харж болохоор байна. Ингэснээр төсвийн мөнгө хий дэмий үрэгдээд байгааг л иргэд шүүмжлээд байгаа. Тэгэхээр хэр хэмжээний мөнгө үүнд зарцуулагдаж байна вэ. Та сая гүйцэтгэл гэж ярилаа. Үүнийг тайлбарлана уу?

-Албан ёсны статистик тоо мэдээлэлд үндэслэн төсөв, төлөвлөлт хийгддэг. Хууль дүрмийн дагуу хяналт шалгалтын явцад төлөвлөсөн тоо мэдээлэл өөрчлөгдөх, зөрчил дутагдал гарахыг үгүйсгэхгүй. Иймээс төлөвлөсөн санхүүжилт бүрэн ашиглагдахгүй байх тохиолдлууд гардаг. Тэтгэлэг олгосноороо мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэхэд асар их үр дүн өгсөн. Үүний хажуугаар зарим саар үзэгдэл гарсныг ч үгүйсгэхгүй.

-Ирэх оны төсөв яригдаж байна. 2022-2023 онд хэдэн төгрөгийн тэтгэлэг олгохоор төсвийн төсөлд тусгасан бэ?

-Одоогоор 45,300 орчим оюутан суралцаж байна. 6,143 нь техникийн мэргэжлийн боловсролоор, 38 мянга орчим нь мэргэжлийн боловсролоор, богино хугацааны сургалтад 1,100 орчим хүүхэд суралцана. Урьдчилсан дүнгээр тэтгэлэгт нэмэлтээр 49 тэрбум төгрөг төсөвлөөд байна.

Суралцагчдын ихэнх нь тогооч, гагнуурчин, автомашины засварчин зэрэг мэргэжлийг сонгожээ

Мэргэжлийн боловсролын салбар 200 гаруй чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг

Үүнээс хамгийн их сонгон суралцаж буй мэргэжил нь тогооч байгааг 2020-2021 оны хичээлийн жилийн нэгдсэн статистикт дурджээ. Тус мэргэжлийг нийт суралцагчдын 8.4 хувь нь сонгосон байна. Мөн 7.3 хувь нь автомашины засварчин, 6.8 хувь нь гагнуурчин болохоор суралцаж байв. 

Түүнчлэн 3.1 хувь нь барилгын сантехникч, 2.7 хувь нь хэвлэлийн график дизайнч, 2.3 хувь нь гоо засалч зэрэг мэргэжлийг сонгожээ.

График, Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын суралцагчид, олон суралцагчтай 21 мэргэжлээр, 2020-2021 он

зураг