Агаарын бохирдол ба жирэмсэн эмэгтэйн эрүүл мэнд
Хүйтний эрч чангарахтай зэрэгцээд Улаанбаатарчууд маань утааны асуудалтай тулгардаг. Тэрхүү агаарын бохирдолд хамгийн эмзэг бүлэг бол бага насны хүүхдүүд, өндөр настнууд, жирэмсэн эхчүүд билээ. Энэ удаад та бүхэнд агаарын бохирдол жирэмсэн эмэгтэйчүүд болон хэвлий дэх урагт ямар нөлөө үзүүлдэг талаар мэдээлэл хүргэж байна.
Агаарын бохирдол нь озон, тоос, тоосонцор, азотын давхар исэл, хүхрийн давхар исэл, тээврийн хэрэгслийн утаа, барилгын хий, бусад химийн нэгдлүүд болон дам тамхидалтаас үүсэж байдаг.
Агаарын бохирдолтой орчинд удаан хугацаагаар байсан тохиолдолд дараах зовууриуд илэрдэг.
- Ханиах, найтаах
- Нүд, хамар аргаж загатнах
- Амьсгалын дээд замын өвчинд өртөмтгий болох
- Архаг ядаргаа
- Уушгины багтаамж багасаж, амьсгал давчдах
- Хавдар гэх мэт ордог.
Жирэмсэн байх үедээ агаарын бохирдолтой орчинд амьдарснаар дараах эрсдэлүүд үүсдэг.
- Бага жинтэй хүүхэд төрөх: Америк болон хятадын агаарын бохирдол ихтэй бүс нутгуудад хийгдсэн судалгааны үр дүнгүүд энэхүү таамаглалын баталсан байдаг.
- Дутуу төрөх: Стокхолмын Байгаль Орчны Хүрээлэнгээс гаргасан судалгаагаар агаарын бохирдлоос шалтгаалж ойролцоогоор нэг жилд 3 сая хүүхэд дутуу төрж байна гэж мэдэгдсэн.
- Аутизм: Харвардын Их Сургуулийн эрдэмтийн хийсэн судалгаагаар жирэмсний сүүлийн 3 сард нарийн ширхэгтэй тоосонцрын бохирдол өндөртэй бүсэд амьдарч байсан эмэгтэйчүүд аутизмтай хүүхэд төрүүлэх магадлал 2 дахин өндөр байсан.
- Астма: Агаарын бохирдол нь астма өвчнийг улам хүндрүүлдэг. Жирэмсэн эмэгтэйчүүдэд астма хүндэрснээр хожуу үеийн хордлого үүсэх эрсдэлийг нэмэгдүүлдэг. Түүнчлэн зарим судалгаагаар эхийн хэвлийд байхдаа агаарын бохирдолд өртсөн хүүхдүүд хожим астмаар өвдөх эрсдэл өндөр байгааг тогтоосон байдаг.
- Нөхөн үржихүйн асуудал: Хэд хэдэн судалгаагаар агаарын бохирдол эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн нөхөн үржих чадварт сөргөөр нөлөөлж байгааг дурдсан байдаг. Түүнчлэн эрт үеийн зулбалттай ч холбоотой байх магадлалтай гэж үзжээ.
Жирэмсэн үедээ агаарын бохирдлоос өөрийгөө хэрхэн хамгаалах вэ?
- Агаарын чанарын үнэлгээ: Тус үнэлгээг өдөр тутамдаа харж агаарын бохирдол аюултай түвшинд байгаа үед ажил амралтынхаа дэглэмийг уялдуулан зохицуулах.
- Агаар цэвэршүүлэгч хэрэглэх: Гадаад орчны агаар нь дан ганц санаа зовох асуудал биш бөгөөд гэрийн дотоод агааржилтын цэвэр байлгах шаардлагатай. Иймд гэртээ тохирсон агаар цэвэршүүлэгчийг авч тогтмол хэрэглэх хэрэгтэй.
- Гэртээ байх: Хэдий маск зүүсэн ч арьсаараа гадаад орчны агаарын бохирдолтой харьцаж байдаг. Иймд жирэмсэн эхчүүд агаарын чанар муу үед гэрээс гаралгүй, агаар цэвэршүүлэгчээ ажиллуулах хэрэгтэй.
- Ургамал тарих: Орчны агаарыг цэвэршүүлэх байгалийн шүүгч бол ургамал юм. Иймд 10 метр тутамд нэг ургамал тарихыг эрмэлзээрэй.