Индэр    
2022 оны 9 сарын 27
Зураг
Эдийн засагч, шинжээч

Сав л хийвэл ЗЭЭЛ тавина гэх...

Зураг
Гэрэл зургийг mpa.mn

Ер нь санхүүгийн боловсролтой хүн гэж ямар хүнийг хэлэх вэ?

Дэлхийн банкны судалгаагаар санхүүгийн боловсролтой, санхүүгийн мэдлэгтэй хүн гэж хоёр өөр ойлголтыг тодорхойлсон байдаг. Санхүүгийн боловсролтой хүн гэдэг нь зээл, хуримтлал гэж юу болох талаар мэддэг хүнийг хэлнэ. Аан харин, санхүүгийн мэдлэгтэй хүн гэдэг нь зээл гэж юу болох, хуримтлал хэзээ хийвэл үр дүнтэйг итгэл үнэмшил, мөнгөний боломж дээрээ тооцоолон хийж чаддаг хүнийг хэлнэ.

Өнөө үед жирийн малчин залуу ч зээл гэж юу болох талаар мэдэж байгаа нь дийлэнх иргэд санхүүгийн боловсролтой болсныг илтгэж байна. Харин одоо яаж ашиглахыг нь мэдэх буюу мэдлэг дутагдаж байна.

Монгол Улсын өрхийн 50 хувь нь зээлтэй. 20 хувь нь давхар зээлтэй. Ер нь бол байна аа, Монголбанк 2019 онд банкнуудын хэрэглээний зээлд хязгаар тавьсан. Хязгаарласан тэр зээлийг нь банк бус олгоод эхэлсэн. Улмаар өрхүүдийг өрийн дарамтгүй болгоё гэх зорилт нь улам их өртэй болоход нөлөөлсөн.

Нөгөө талдаа иргэд сав л хийвэл зээл тавьдаг болжээ. Улмаар цалингаас цалин, зээлээс зээлийн хооронд амьдарч байна. Өрөнд орох хялбар, харин өрнөөс гарах хэцүү. Жишээ нь, кофег өдөрт нэг аяга уухад зүрхний үйл ажиллагааг дэмжиж, оюун ухааны чадамж сайжруулдаг. Гэтэл гурван аяга уувал зүрх дэлсэж, магадгүй ходоод өвдөнө. Яг л үүн шиг зээл авах гэж байгаа бол та санхүүгийн чадамж, боломждоо тохируулахыг хэлнэ.

Банкнаас зээл хүссэн иргэдийн дийлэнх нь гар утас, цахилгаан бараа, автомашин авах сонирхолтой байдаг. Та ямар ч төрлийн зээл авч болно. Гэхдээ аль ч тохиолдолд таны авсан нийт зээл орлогын тань 40 хувиас хэтрэхгүй байх хэрэгтэй. Үлдсэн мөнгөө хоол хүнс, эрүүл мэнд, боловсролдоо зарцуулаад цааш нь жаахан ч болов хуримтлуулах хэрэгтэй. Гэтэл манайд цалин авлаа, маргааш нь дансандаа мөнгөгүй болчихдог. Зээлээ хэт тулгаж авдаг.

Түүнээс гадна мөнгөнд хандах хандлагын асуудал байна. Найз нөхөдтэйгөө наргиж, цэнгэхэд 200, 300 мянгахан төгрөг. Эрүүл мэнддээ зарцуулах, хуримтлуулах гэвэл бүхэл бүтэн 200, 300 мянган төгрөг. Бүх юмыг зээлж биш, хуримтлуулж авах боломж бий. Ядаж зээл төлөх болон хуримтлуулах хоёрын хооронд сэтгэлзүйн асар том ялгаа бий.

Хуримтлал гэдэг бол тухайн хүн өөрийнхөө ирээдүйн арван жилийг хэрхэн харж, төсөөлж байгаагаа бодит болгох санхүүгийн чадамж юм. Тэгэхээр ирээдүйн өөртэйгөө байгуулж буй гэрээ ч гэж ойлгож болно. Хүмүүсийн нийтлэг гаргадаг алдаа нь зорилгогүй хуримтлал нээлгэдэг. Ямар нэгэн зүйлийг бодож төлөвлөхгүйгээр хуримтлал хийвэл хугацааны хувьд ч хурдан цуцлагдах магадлал өндөр байдаг. Тиймээс хүүхдийн, аяллын, хуримын гэж тус бүрд нь зорилготойгоор хуримтлал нээлгэхийг зөвлөнө.

Ирээдүйн өөртэйгөө гэрээ байгуул