Монгол Улсад төмөр замын салбар үүсэж хөгжөөд 84 жил болж байна. Энэ хугацаанд бусдын бүтээсэн замаар л явж байсныг "Тавантолгой төмөр зам" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Н.Удаанжаргал онцолсон юм.
Цар тахлын үе дэлхий нийтэд хүндрэл бэрхшээлийг тулгасан ч түүнийг боломж болгон хувиргах шийдлийг хүн төрөлхтөн хайсаар, зарим нь амжилт олсон билээ. Үүний нэг жишээ нь Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам гэж болохуйц санагдав.
Учрыг тодруулъя. Монголчууд дээрх чиглэлд төмөр замтай болохоор бүтээн байгуулалтыг С.Баярын Засгийн газрын үед эхлүүлсэн ч гацаанд орж, 2018 оны наймдугаар сарын 8-нд У.Хүрэлсүхийн Засгийн газар дахин үргэлжлүүлэх шийдвэрийг гаргасан нь 2022 оны есдүгээр сарын 9-нд ашиглалтад орлоо.
Төслийн ерөнхий гүйцэтгэгчээр Бодь интернэшнл групп, туслан гүйцэтгэгчээр дотоодын 600 гаруй аж ахуй нэгжийн 5,000 гаруй ажилтан гар бие оролцсоноор энэхүү нүсэр ажлын ард гарч байна. Гэхдээ ажил цаашид ч үргэлжилнэ гэдгийг энд тодотгоё. Энэ бол дан ганц төмөр зам бариад зогсох ажил биш бөгөөд цогцолбор төсөл тул шилжүүлэн ачих терминал, суурьшлын бүс зэрэг баригдах юм.
Бодь интернэшнл группийн Төмөр замын төсөл хариуцсан дэд захирал Д.Эрдэнэбаяр "2021 онд цар тахлын нөхцөл байдлын хүндрэл нь төслийн ажилд зардал, цаг хугацаа, технологийн үйл ажиллагаанд саад учруулж байсан. Дээд бүтэц, гүүрийн ажлыг гадаад компаниар хийлгүүлэхээр тохирсон байсан ч цар тахлаас үүдэн гадаадаас ажиллах хүч ирэх боломжгүй болсноор дотоод нөөц бололцоогоороо хийлээ" хэмээсэн.
Өөрөөр хэлбэл, цар тахлын үеийн нөхцөл байдалд монгол инженерүүд ур чадвараа ахиулж, цаашид бие даан төмөр зам барих бүрэн чадвартайгаа нотолсон гэхэд болохоор байна.
Монголчуудын гараар бүтсэн энэхүү бүтээн байгуулалтын бусад онцлогийн талаар төсөл хариуцсан дэд захирал Д.Эрдэнэбаяр "Энэ бол Монголын анхны нэгдүгээр зэрэглэлийн төмөр зам. Нэгдүгээр зэрэглэл нь тээвэрлэх ачааны хэмжээнээс хамаардаг. Уг төмөр замаар жилд 30 сая тонн ачаа тээвэрлэнэ. Мөн уулзваргүй тул элэгдэл, эвдрэл хамгийн бага гарна, дохиолол холбооны тоноглол нь системээр холбогдсон. Дээгүүр нь явж буй зүтгүүрүүд урт хугацаанд ашиглагдах, бэлэн байдлын коэффициент нь 95 хувь гэхчлэн олон давуу тал, онцлог бий" гэлээ.
Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төсөл эхэлснээс хойш 14 жилийн дараа ашиглалтад орж байна. Бүрэн хүчин чадлаараа ажиллахад дахиад хоёр жилийн хугацаа шаардагдахыг Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар хэллээ.
Тэрбээр үргэлжлүүлэн энэхүү төмөр замын эдийн засагт үзүүлэх үр нөлөөний талаар "Эдийн засагт ихээхэн үр өгөөж өгнө.
Нэгдүгээрт, экспортын хэмжээ. Цар тахлын үед экспорт тасалдаж, ямар нөхцөл байдал үүсэж байсныг бүгд мэдэж байгаа. Тэр үед төмөр зам байсан бол монголчуудын амьдралд арай бага хүндрэл учрах байв. Экспорт хэвийн үргэлжилж байвал монголчуудын амьдрал хэвийн байх байсан гэдэг нь уг төслийн алдагдсан боломжийг харуулна.
Инфляцын 50-60 хувь нь импортын бараанаас үүдэлтэй үнийн өсөлт. Иймд ханшид нөлөөлөх гол зүйл нь экспорт. Экспорт нэмэгдэх нь ханш, төлбөрийн тэнцэл, эдийн засгийн өсөлт гэх зэрэг олон талын ач холбогдолтой.
Хоёрдугаарт, нүүрс тээвэрлэлтийн өртөг 3.8 дахин буурна. Бараг дөрөв дахин бага өртгөөр Монголын нүүрс экспортод гарна. Манай улсын хувьд зах зээлдээ ойр байгаагаараа давуу талтай" хэмээлээ.
Түүнчлэн сайд Ч.Хүрэлбаатар "Энэ зам бүрэн хэмжээний хүчин чадлаараа ажиллахад шаардагдах бүтээн байгуулалтыг хийхэд хоёр жил орчмын хугацаа шаардах байх. Ирэх жил энэ төмөр замаар 5-6 сая тонн нүүрс гарна байх гэсэн төлөвлөгөө хэлсэн. Цаашид бүрэн хүчин чадлаараа бол 56 сая тонн хүртэл хэмжээний нүүрс тээвэрлэнэ" гэсэн юм.
Төмөр зам ашиглалтад орсноор нүүрс тээвэрлэж байсан жолооч, тэдэнд хоол зэргээр үйлчилж байсан аж ахуйн нэгж, иргэдийн ажлын байрыг хэрхэн анхаарах талаар Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт "Тээвэрчид, тэдний ар гэр, тээвэрчдэд хоолоор үйлчилж байсан аж ахуйн нэгжүүдийн ажлын байранд анхаарах нь зүйн хэрэг. Төмөр зам дагуу бүтээн байгуулалт өрнөн, ажлын байр бий болох тул дээрх хүмүүсийн ажлын байрыг хэвийн байлгахад анхаарах хэрэгтэй.
Төмөр зам ашиглалтад орсноор тээвэр ложистик эмх цэгцтэй болж, байгаль орчны нөлөөлөл багасаж, цөөн хүчээр их тээвэр хийх боломжтой болж байгаа. Төмөр зам нь Цогтцэций, Баян-Овоо, Ханбогд сумын нутгаар дайран өнгөрч байна.
Төмөр замыг барихад аймгийн малчид, ард иргэд санал бодлоо их хэлсэн. Хүндрэлтэй асуудал байсан ч улс орныхоо эдийн засаг, бүтээн байгуулалтыг дэмжин, гарцыг хийхдээ малчдад ан амьтад, мал сүрэгт зориулан хийхийг шаардаж байсан" гэлээ.
Түүнчлэн орон нутгийн удирдлага хэлэхдээ "Анхны зураг дээр нэлээд олон гарц байхаар байсан. Малчид гарц хэтэрхий хол, намхан байна гэх зэрэг шүүмжлэл бий. Цаашид харилцан ярилцаж, малчдынхаа хүсэлтийг шийдвэрлэх болно" хэмээж байлаа.
Төмөр замын 30 километр тутамд нэг буюу мал, амьтны нийт найман гарцыг хийжээ. Мөн зам дагуу хашаа барьсан нь зэрлэг амьтдыг зам руу орж гэмтэх, эрстэхээс сэргийлэхээс гадна салхины нөлөөг бууруулан мод, ургамал тарьж ургуулах нөхцөлийг бүрдүүлэх зорилготой юм байна.
Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг нийтдээ 28 сарын хугацаанд хийж гүйцэтгэсэн бөгөөд цаашид ажил үргэлжилнэ гэдгийг дээр дурдсан билээ. Тухайлбал, хоёр улсын хил холболтын байгууламжийг ирэх оны хавар барьж эхлэх юм байна. Одоогоор ажлын зургийг хийж эхлээд байгааг Тавантолгой төмөр зам ХХК-ийн Гүйцэтгэх захирал Н.Удаанжаргал хэллээ.
Нэмж хэлэхэд, төмөр замаар зөвхөн нүүрс тээвэрлэнэ гэж ойлгож болохгүй, тухайлбал Оюутолгойн ордоос жилд зургаан сая тонн зэсийн баяжмал тээвэрлэх тооцоолол бий.
Төмөр замын ашиглалт нь зуун жил, ложистикийн цогцолбор хийхэд технологийн хугацаанаас шалтгаална. Гурван уурхай өөрсдийн ачих, буулгах байгууламжаа хийснээр бид нэрлэсэн ачааг заасан газарт нь буулгана. 75 сая тонн ачааг тээвэрлэхэд уг төмөр замыг барьсан бүх зардлаа олох юм. Цаашид зорчигчийн галт тэрэг явах бүрэн боломжтой" хэмээлээ.
Ийнхүү монголчуудын 10 гаруй жил хүлээсэн нэгэн том бүтээн байгуулалтын ашиглалтад орлоо. Уул уурхайн баялаг нь экспортын голлох бүтээгдэхүүн болж, улсын төсвийн дийлэнхийг бүрдүүлдэг манай улсын хувьд энэхүү үйл явдал эдийн засагт "гэрэл нэмнэ" хэмээх итгэлийг олон хүнд төрүүлж байна.
Гэрэл зургийг Б.Бямба-Очир (MPA)