Зураг
Зураг
Индэр    
2022 оны 9 сарын 13
Зураг
iKon.mn Сэтгүүлч

Б.Дашлхүмбэ: Үс уналтын үед хуйхандаа витамин B12 түрхэх нь үр дүнгүй, усаар норгож байгаагаас ялгаагүй

Зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Эрүүл хүний үс өдөрт 100 хүртэл ширхгээр унадаг байна. Хэрэв энэ хэмжээнээс их үс унавал үс уналттай болж байна хэмээн өөрийгөө дүгнэж болох аж. Үүнд оновчтой эмчилгээ хийлгэлгүй хугацаа алдвал буцаж ургах магадлал маш бага болдог. Түүнчлэн сүүлийн үед бага насны хүүхдүүдийн дунд стрессээс үүдэлтэй үс уналт нэмэгдэж байгаа. Зоосон хэлбэрийн үс уналтыг эрдэс минералын дутагдал, хүнд металлын хордлого, мэдрэлийн ядаргаанаас болдог гэж андуурах нь элбэг гэдгийг Дерма солюшн арьс гоо заслын эмнэлгийн эмч, Анагаах ухааны доктор Б.Дашлхүмбэ хэлсэн юм. 

Үс уналтад нөлөөлж буй хүчин зүйлс ба эмчлэгдэх боломжийн талаар түүнтэй ярилцсанаа хүргэж байна.



-Үс уналтад нөлөөлж буй гол хүчин зүйлийг мэргэжлийн эмчийн үүднээс тайлбарлахгүй юу? 

-Үс уналт нь удамшил, даавар, дархлааны зохицуулга алдагдах зэргээс үүдэлтэй. Нарийвчлан тайлбарлахын тулд үс уналтын төрлүүдийг эхлээд дурдах хэрэгтэй. Аль төрөл нь вэ гэдгээсээ хамаараад шалтгаан, нөлөөлөх хүчин зүйлс нь өөр өөр байдаг. Нийтлэг тохиолдох үс уналт нь хоёр төрөл байна. 

Нэгдүгээрт, дааврын шалтгаант үс уналт. Энэ үс уналт нь маш түгээмэл тохиолддог төрөл ба үс урд хэсгээс эсвэл дээрээсээ аажим шингэрч унадаг. Энэ үс уналтын үндсэн шалтгаан нь даавар, удамшил, насжилт байдаг ба стресс, хорт зуршил, хэт ягаан туяаны нөлөө, хуйхны эмгэг зэрэгтэй холбоотой.

Хоёрдугаарт, зоосон хэлбэрийн буюу аутоиммун үс уналт. Бие махбодын болон сэтгэл зүйн хүчтэй стресс таагүй үйл явдал, хэт ачаалал, ядаргаа, өндөр халуурах зэрэгтэй түлхүү холбоотой байдаг. Эмгэг механизмын хувьд дархлааны эсүүд нь өөрийн үсний булцууны эсүүдийг гэмтээдэг тул энэ утгаар нь аутоиммун үс уналт гэж нэрлэгддэг.

Хэвийн үед дархлааны эсүүд нь харийн биет буюу нян, вирусийг устгах үүрэгтэй. Гэтэл гадаад орчны нөлөө, тэр дундаа стрессээс үүдэлтэйгээр энэ чадвараа алддаг. Өөрийнхөө эсүүдийг шууд таних тэрхүү чадвараа алдсанаар үсний булцууны эсийг гаднын вирустэй адилтган үздэг. Өөрөөр хэлбэл, дархлааны урвал нь үсний эсийн эсрэг явагдаж, устгахыг хичээдэг гэсэн үг. 

Энэ төрлийн үс уналтын багагүй хувь нь даамжирч алаг цоог хэлбэрээр юм уу эсхүл хуйхны цаашлаад бүх биеийн үс унах хүртэл хүндэрдэг. Ингэж унасан тохиолдолд өөрөө аяндаа ургах магадлал маш бага, эмчилгээг тууштай удаан хугацаагаар хийх шаардлага гардаг.

-Дархлаагаа дэмжих бүтээгдэхүүн хэрэглэж, эрдэс бодисоо нөхсөнөөр үс уналтыг зогсоох боломжтой юу. Зарим тохиолдолд хуйхандаа витамин B12 түрхэх хандлага иргэдийн дунд бий. Эдгээр нь үр дүнтэй арга мөн үү? 

-Витамин B12 түрхэх, усаар норгох хоёрт ямар ч ялгаа байхгүй. Хэрэв ганц хоёрхон голомтод үс унаж байгаа бол аяндаа ургаж эхэлдэг. Үүнийг витамин түрхсэний дараа ургачихлаа хэмээн андуурах тохиолдол бий. Энэ бол буруу арга хэмжээ, төөрөгдөөд байгаа хэлбэр.

Түүнчлэн хүмүүс янз бүрийн витаминыг маш ихээр хэрэглэж, түүндээ хэт найддаг. Гэтэл нөгөөх нь бизнесийн шинж чанартай, үр дүнгүй байх нь бий. Үүнийг үсний эмчилгээ гэхээс илүү биед нь сайн гэдэг утгаар хэрэглэж болно. Витамин бол туслах, дэмжих шинж чанартай зүйл. Аливаа гоо сайхны бүтээгдэхүүн, шампунь зэрэг нь туслах, дэмжих боловч хэзээ ч үс уналтын үндсэн эмчилгээ болохгүй.

Зарим хүмүүс витамин ууснаар үс уналтаа эмчлэх юм шиг боддог. Гэтэл үс уналтад ямар ч нөлөөгүй.

Энэ хэлбэрийн үс уналтыг хаана хэнд хандаж, эмчлүүлэх талаар мэдээлэл иргэдийн дунд муу байгаа нь ихээхэн чирэгдэл учруулдаг. Шуудхан хэлэхэд, үсний эсвэл хумсны асуудалтай, хэнд хандахаа мэдэхгүй бол хамгийн эхний ээлжид арьсны эмчид үзүүлэх хэрэгтэй.

-Хүмүүс үс уналттай болж буйгаа энгийнээр яаж мэдэх вэ? 

-Эрүүл хүний үс өдөрт 100 хүртэл ширхгээр унадаг, хавар намартаа хамгийн ихдээ 250 ширхэг унаж болно. Тэгэхээр өдөрт унаж байгаа үснийхээ тоогоор багцаалах боломжтой. Гэхдээ өдөрт унасан үсээ тоолоод суух цаг зав, боломж тэр бүр байдаггүй. Ажлын орчинд, гадаа гудамжинд унаж байгаа үсээ түүгээд л яваад байна гэж байхгүй. Хамгийн энгийн арга бол үсээ угаасны дараа тоолж болно. Энэ тоогоор үс уналттай болж буй эсэхээ мэдэх бололцоотой. Үс угаах үед хэвийн нөхцөлд 40 хүртэл тооны үс унана. Харин 40-өөс дээш унавал тухайн хүний үс халцарч, шингэрч байгаа хэмээн дүгнэж болно.  

Нийтлэг тохиолддог дааврын шалтгаант үс уналтын үед үсний хязгаар хойшилж эхэлдэг. Мөн үсний өнгө бор шаргал болж гундах, ширхэг нь нарийсах шинж илт мэдрэгдэнэ. Даамжирсан үедээ атгаад үзэхэд л мэдэгддэг.

"Дархлааны эсүүд нь өөрийн үсний эсийг харийн биет буюу нян, вирустэй адилтган үзсэнээр үс унаж эхэлдэг"

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

-Зоосон хэлбэрийн (аутоиммун) үс уналтыг хэрхэн мэдэх вэ, хүүхдүүдэд цөөнгүй тохиолдож байгаа гэсэн үү?

-Хүүхдэд дааврын шалтгаантай үс уналт явагддаггүй учраас үс нь ихээр унавал зоосон хэлбэрийн (аутоиммун) шалтгаант үс уналт гэж бодож болох юм. Энэ нь дархлааны эсүүд өөрийнхөө үсний эсийг идээд байгаа үйл явц гэдгийг дээр дурдсан. Хэвийн үед хүний дархлааны эсүүд өөрийн ямар нэгэн эд эсийг гэмтээдэггүй. Гэтэл энэ өвчний үед тухайн зохицуулалт алдагдаж, дархлааны эсүүд нь үсний булцууг гэмтээдэг.

Хэрэв хүүхдийн тань үс унаж байгаа бол зайлшгүй мэргэжлийн эмчид хандаж, богино хугацаанд арга хэмжээ авах шаардлагатай.

Бид аутоиммун үс уналттай 100 хүнийг хамруулан асуумж судалгаа явуулахад стресс өндөр хувьтай илэрсэн. Өөрөөр хэлбэл, судалгаанд хамрагдсан хүүхдүүдийн дунд стрессээс хамааралтай үс уналт их байна гэсэн үг.Мөн үс уналтын 15 орчим хувьд нь бамбайн ауто эсрэг биетүүд илэрсэн нь түүнтэй холбоотойг илэрхийлнэ.

-Хүн амын хамгийн стрессгүй бүлэг нь хүүхэд хэмээн ойлгодог. Гэтэл эсрэгээрээ хүүхдүүдийн дунд стрессээс үүдэлтэй үс уналт нэмэгдэж байна гэсэн үг үү?

-Хүүхдүүдэд ямар юмны стресс байх вэ гэж ихэнх хүмүүс боддог. Гэхдээ тэдэнд ч өөрийн гэсэн стресс бий. Энэ нь дархлааны зохицуулга алдагдахад хүргэдэг. Ялангуяа, багадаа авсан хүчтэй цочролууд үүнд маш их нөлөөлдөг. Түүнчлэн аливаад амархан гомдож, туньдаг, үгийг дотогшоо шингээж, өөртөө стресс болгож авдаг хүүхдүүд бий. Манайд ирж байгаа хүүхдүүдийг харахад дийлэнх нь бодолд амархан автдаг буюу ерөнхийдөө дотогшоо хүүхдүүд анзаарагддаг. Түүнчлэн бидний ярьж буй аутоиммун үс уналтад удамшил, атопын дерматит буюу диатез маш их нөлөөтэй.

-Үс уналтын цөөнгүй хувь нь хүнд хэлбэрт шилжиж хөмсөг, сормуус унадаг гэж Та хэлсэн. Хүндэрсэн тохиолдолд ямар архаг сөрөг үр нөлөөтэй вэ?

-Одоогийн байдлаар манай эмнэлгээр хүнд хэлбэрийн үс уналттай 140 орчим хүн үйлчлүүлж байна. Энэ дотроос биеийнх нь бүх үс унасан 40 орчим, толгойн үс бүхэлдээ халцарсан 40 орчим хүн эмчлүүлж байна. Ингэж хүндэрсэн тохиолдолд эмчилгээ авахад төвөгтэй болдог. Дархлааны механизм буруу ажиллаад байгаа учраас дархлаа дарангуйлах, зүгшрүүлэх зэрэг хүчтэй эмчилгээ хийх шаардлагатай гэсэн үг. Дархлаа зүгшрүүлэх эмчилгээ нь нэлээд урт хугацаатай байдаг. Эмчилгээний дараа 3-6 сар хяналтад байх шаардлагатай болдог. Жишээ нь, манайд 2017 оноос хойш эмчлүүлж байгаа хүмүүс ч бий. Эмчилгээ нь амжилттай болоод явдаг. Гэтэл 1-2 жилийн дараа буцаад унана, дахиад л эмчилгээг хийнэ. Хэдийгээр унаад ургаад байгаа боловч ямар ч байсан үстэйгээ яваад байгаа гэсэн үг. Хүндэрсэн үед харагдах байдал буюу гоо зүй, сэтгэл зүйд ихээхэн таагүй нөлөөлж ажил, амьдралын чанарыг доройтуулдаг.

-Аливаа асуудлыг өөрт илүү хүндээр тусгаж авах нь стрессээс үүдэлтэй үс уналтад нөлөөлж байна хэмээн ойлголоо. Хэрэв сэтгэл зүйгээ хянаж сурахгүй бол мянган эмчилгээ хийсэн ч үр дүнгүй болов уу? 

-Үсээ ургуулсны дараа бид барих эмчилгээг хийдэг. Өөрөөр хэлбэл, дахиад унахаас сэргийлсэн эмчилгээг хийх шаардлагатай болдог. Дээрээс нь стресс менежментийг өөрт нь даатгаад явуулдаг.

Стресс нь гадаад орчны буюу хажууд байгаа хүмүүсийн нөлөө гэхээс илүү хувь хүний хариу үйлдэл, дотоод бодол, сэтгэгдлээс шууд хамааралтай. Бусдын нөлөө гэхээс илүү өөрөө өөрийнхөө хандлагыг өөрчлөх шаардлагатай болдог. Түүнийг стресс менежмент гэж ойлгож болох юм. 

-Давхар өөрийн эмчилгээнд дэм болоод явах хэрэгтэй байх нь?

-Тийм ээ. Бусад хүн таны сэтгэл зүйд нөлөөлсөн ч түүнд нь хэт автахгүй байх арга хэмжээг хувь хүн өөрөө авах шаардлагатай. Стрессээс гадна архи, тамхи гэх мэтчилэн хорт зуршилтай холбоотой үс унадаг. Ялангуяа, Тайвань, Сингапур, Солонгос зэрэг тамхи таталт өндөртэй улс орнуудад үс уналт хамаагүй их байдаг. 

-Үс уналтад амьдралын хэв маяг хамаатай юу. Үс уналт буруу хооллолттой хамаатай гэсэн судалгаа байдаг уу?

-Бидний судалгаанд, атопын дерматит үс уналттай холбоотой гэсэн үр дүн гарсан. Харшил их сэдрээх хүнс буюу чихэрлэг хүнс, апельсин, мандарин, лимон, самар, үр, шош гэхчлэн диатез өвчнийг сэдрээх хүнс хэрэглэх тусам харшил нь сэдэрч үс унах магадлалыг нэмэгдүүлдэг. Ялангуяа, чихэрлэг бүтээгдэхүүний хэрэглээ илүү ач холбогдолтой. Тиймээс идэж уух зүйлдээ давхар анхаарах шаардлагатай. Гэхдээ хамгийн гол нь нотолгоонд суурилсан эмчилгээ хийх нь чухал.