Зураг
Зураг
Индэр    
2022 оны 8 сарын 30
Зураг
iKon.mn сэтгүүлч

Т.Сүхбаатар: Монголын түүхийн нэг хар толбо бол 1932 оны зэвсэгт бослого

Зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Төр засгийн алдаатай бодлогоос  үүдэн ард түмний эсэргүүцэл даамжирч 1932 онд зэвсэгт бослого гарснаас хойш 90 жилийн хугацаа өнгөрчээ. Энэ талаар түүхийн ухааны доктор (Ph.D) Т.Сүхбаатартай ярилцлаа.

-Сайн байна уу та? Тухайн үед бослогын өмнөх нөхцөл байдал ямар байсан талаар ярилцлагаа эхлэх үү? 

-Манай улсад 1921 онд Ардын хувьсгал ялаад засаг төрөө шинээр байгуулж эхэлсэн. Тухайн үед Монголыг тусгаар тогтносон улс гэж аль нэг улс хүлээн зөвшөөрөөгүй байсан эгзэгтэй үе. Үндсэндээ 1921-1931 он бол түүхчдийн ярьдгаар хувьсгалын ялалтыг баталгаажуулах, ололтыг нь олон нийтэд түгээх он жилүүд юм.

Энэ хугацаанд Ардын хувьсгалын үр дүнг баталгаажуулж чадах уу гэдэг нь ч эргэлзээтэй. 1921 оны хувьсгалаас эхлээд улс оронд янз бүрийн хямрал тулгарч эхэлсний нэг нь засаглалын хямрал юм. 1921 оноос хойш зөвлөлтийн коминтерн Монголыг удирдаж байлаа шүү дээ.

Олон мянган хүн хил даван нүүсэн

-Бослого гарах болсон шалтгаан нөхцөлийг судлаачийн зүгээс юу гэж хардаг вэ? 

-Монголд 1921 оны хувьсгалаас хойш баруунтан, зүүнтний бодлого эрчимтэй явагдсан байдаг. Ялангуяа 1926 оны гуравдугаар сард хуралдсан МАХН-ын төв хорооны хурлаар “баруунтан” ба “зүүнтний” дунд хагарал байгаа нь тодорхой харагдсан. Баруунтны бодлого гэдэг нь товчхондоо Зөвлөлт маягийн хөгжил Монголд тохирохгүй гэж үздэг ардчилсан үзэлтэй хүмүүс байлаа. 

Харин зүүнтэн нь бол Зөвлөлтийн Коминтернээс хэрэгжүүлсэн бодлогыг сохроор дэмжигч бодлого, үйл ажиллагаа нь ангийн байр сууринаас бүгдийг ядуу, доод ангийн болгоход чиглэсэн. Гэвч “зүүнтнүүд” буюу коминтерн баруунтны гэсэн бодлого барьж байсан хүмүүсийг нухчин дарсан. Ингээд зүүнтнүүд төрийн албан хаагчдыг ажлаас нь бөөнөөр нь халах, төрийг чадавхгүй болгох, аливаа ажлыг албадах арга барилаар хийх болсон.

Мөн эдийн засаг, шашны эрх чөлөө үгүй болж, иргэд болон сүм хийдийн хөрөнгийг хүчээр хураах, өндөр татвар оногдуулах явдал гаарч иргэдийг хилс хэргээр үндэслэлгүй баривчлах, хорих явдал газар авсан. Жишээлбэл, 1929 оны намраас 1930 оны дөрвөн сарын хугацаанд 427 хөрөнгө чинээтэй хүмүүс, лам нар ба 300 гаруй түшмэлийн хөрөнгийг хурааж 1930 оны эхэн гэхэд хөрөнгөө хураалгасан хүний тоо 1,100 гаруй болж нийт хураасан хөрөнгө 10 сая төгрөг болж байв. 

Алдаатай бодлого нь улс орныг эдийн засгийн хямралд оруулж барааны хомсдол бий болж, мал сүргийн тоо толгой богино хугацаанд долоон сая гаруйгаар хорогдсон байдаг. Нийгэм эдийн засгийн хямрал нь даамжирсаар цаашдаа улс төрийн том хямрал болж гүнзгийрсэн юм. Тухайн бодлогод хамгийн их хохирсон нь лам нарын төлөөлөл юм. 1930 оны намын VIII их хурлаар лам нарын эсрэг хатуу шийдвэр гаргасан нь хүнд цохилт болсон.

Уг шийдвэр нь шашныг төрөөс салгах, сүм хийдийг хаах, лам нарын дунд хагарал гаргах, бүх сүм хийдийн мөлжин дарангуйлагч мөн гэж харуулах, лам нарт өндөр татвар оногдуулж эдийн засгийн хувьд шахан унагаах, лам нарыг хар болгох, насны хязгаар тавих, хутагт хувилгаадын хойд дүрийг хориглох гэх мэт нь өргөл барьцаар амьдарч байсан тэднийг амьдрах аргагүй болгосон юм. Үүнээс болж лам нар эд хогшил, бурхан тахилаа зарж гуйлга гуйж амьдрахаас өөр аргагүй байдалд орсон нь эмгэнэлтэй.

Олон мянган хүн ч хил даван урагшаа нүүсэн. 1921 оны хувьсгалын дараахан Монголд 100 мянга орчим лам байсан бол 1932 он гэхэд 50 мянга орчим лам үлдсэн байдаг. Монгол орныг 1932 он хүртэл үндсэндээ коминтерн удирдан чиглүүлж байсан гэхэд болно. Үүнээс болж ард иргэд лам нар засаг төртэйгөө ойлголцож чадахгүй болж ирсэн. Ерөнхийдөө улс оронд бослого гарах үндсэн нөхцөл шалтгаан нь төрийн алдаатай, тэр дундаа зүүнтний популист бодлого гэж хэлж болно.

Ингээд үндсэндээ 1930 оны гуравдугаар сард Чандмань уулын аймгийн Төгсбуянт, Улаангомын хүрээний лам нараас эхлээд бослого хөдөлгөөн эхлэн 1932 он гэхэд оргилдоо хүрсэн байдаг. Бослогод Хөвсгөл, Архангай, Завхан, Өвөрхангай, Баянхонгор, Дорнод, Ховд, Увс, Говь-Алтай, Өмнөговь, Булган гэх мэт аймгууд хамрагдсан. Монголын түүхийн нэг хар толбо бол 1932 оны зэвсэгт бослого. 

-Нийт хэчнээн хүн бослогод оролцож, талуудын хүчний харьцаа ямар байсан бэ?

- Бослогод 6,000-8,000 орчим хүн оролцсон байх магадлалтай гэж үздэг. Босогчдын ихэнх нь лам нараас гадна дунд ядуу ардуудаас тогтоно гэж тухайн үеийн мэдээнд дурдсан байдаг бөгөөд ихэнх нь юугаа ч мэдэхгүй цуурхалд автан аялдан дагалдсан хүмүүс байлаа. Төрийн албан хаагч, нам, эвлэлийн гишүүд, хөрөнгөө хураалгасан хүмүүс гээд нийгмийн янз бүрийн төлөөлөл байсан.

Бослогыг дарахын тулд монгол ардын хувьсгалт цэрэг болон дотоодыг хамгаалах газрын 4,000-5,000 орчим цэргийн хүч оролцсон. Засгийн газрын талын хүч мэдээж давуу байлаа. Тухайлбал Т-27 танк, 5 танкетик, 10 орчим  хуягт машин, 5 нисэх онгоц, Тувагаас ирсэн морьт суман болон зөвлөлтийн цэргийн сургагч нар оролцсон.

Бослогыг гадаадаас чиглүүлж удирдсан гэсэн баримт одоогоор байхгүй

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

-Гаднын өдөөн хатгалгаар Монголын лам нар, феодалууд үймээн гаргасан ч гэж зарим нь ярьдаг. Энэ хэр үнэний ортой вэ?

-Бослогыг гадаадаас чиглүүлж удирдсан гэсэн яг таг баримт нотолгоо одоогоор байхгүй. Уг бослогыг Ванчин богд удирдсан ба гаднын улстай холбож ярьдаг. Бослого эхлэхээс өмнөхөн буюу 1920-оод оны дундаас Ванчин богд Монголд олон мянган цэрэгтэй орж ирэх тухай цуурхал маш хүчтэй тарсан байдаг. Тухайн үед Ванчин богд Төвдөөс явж Монголын хилийн ойролцоо суурьшиж байсан юм. Үүнийг зүүнтнүүд ч дэвэргэж өөрсдийн алдаатай бодлогынхоо халхавч болгосон.

Бүх бурууг Ванчин богд руу чихсэн л дээ. Энэ ч бас нэг талаар босогчдын гол уриа лоозон болсон. Тэр ч бүү хэл Монголын лам нар Ванчин богд руу захиа бичсэн нь бүүр ч нэрмээс болсон. 1990 он хүртэл 1932 оны бослогыг гаднын турхиралтаар үүсгэсэн гэж бичиж ойлгуулж ирсэн байдаг. Одоо энэ ойлголтоо засах цаг болсон. Бослогыг яг голлон толгойлсон удирдлага байгаагүй. Төр засгийн алдаатай бодлогыг эсэргүүцсэн бослого нь сүүлдээ иргэний дайны хэмжээнд хүрсэн. 

-Зөвхөн лам нараас гадна намын гишүүд хүртэл тэмцсэн гэдэг?

-Зөвхөн лам нар бослогод оролцоогүй гэдгийг би дээр хэлсэн. Бослогод оролцсон хүч бүрэлдэхүүнийг ажиглахад нам эвлэлийн гишүүд олноор оролцсон байдаг. Тэгэхээр төрийн алдаатай бодлого нийгмийн бүхий л давхаргад мэдрэгдсэн гэсэн үг. Нэг ёсондоо нийгмийн бүхий л давхаргыг хамарсан бүх ард түмний бослого гэхэд болно.

Архангайд байрлаж байсан цэргийн анги босогчдын талд орж байсан. Олзлогдсон лам нарыг буудаж хөнөөхөөс татгалзан, ангиа орхиж явах, зэвсгээ эвдэх, оргох гэх мэт үзэгдэл ихээр гарсан. Үүнээс үзэхэд төр засгийн бодлого зөвхөн лам нарын эсэргүүцэлтэй тулгараагүйг харуулна.

-Бослого хэдэн өдөр үргэлжилж хэрхэн дарсан бэ?

-Бослогын хамгийн идэвхтэй үе нь 1932 оны дөрөвдүгээр сараас долдугаар сар хүртэл, наймдугаар сараас 11 дүгээр сар хүртэл хоёр үе шаттай үргэлжилсэн гэхэд болно. Энэ хугацаанд дотоодыг хамгаалах газрын хүч болон сайн дурын цэргийн хүч дөрвөөс долдугаар сард оролцсон байдаг. Бослогыг дарахад хүч хүрэлцэхгүй болж хэд хэдэн удаа ялагдал хүлээсэн тул наймдугаар сараас нь тухайн үеийн зэвсэгт хүчин буюу монгол ардын хувьсгалт цэргийг татан оролцуулж бослогыг дарсан. 

Босогчдод өөрийн гэсэн томоохон удирдагч чиглүүлэгч байгаагүй. Зорилго, зорилт нь ч тодорхой бус зөрчилдөөнтэй байлаа. Бас бослогууд хоорондын уялдаа холбоо муу нэгдсэн төлөвлөгөө байхгүй орон нутгийн хэмжээнээс хальж чадаагүй учир амархан ялагдсан. Мөн зэвсэг муу байдал ч нөлөөлсөн.

Бослогыг дарах явцад олон хүн зугтаж нуугдсан. Гэвч 1937 оны улс төрийн хэлмэгдүүлэлтийн үед ихэнх нь баригдаж цаазлагдсан. Босогчдод зэвсэг гэх зүйл үндсэндээ байгаагүй. Цөөн тооны галт зэвсэг, цэргүүдээс олзолж авсан зэвсэг, бороохой, цахиур муу гэх мэт ядмаг зэвсэгтэй байсан юм. 300-400 хүний дунд 2-3 буу байх жишээний. Ихэвчлэн эсрэг талаасаа олзлох замаар өөрсдийгөө зэвсэглэдэг байжээ.

Босогчдын талаас болон засгийн газрын цэргийн хүчний талаас нийт 6,000-8,000 орчим хүн амь үрэгдсэн байдаг. Үүний дийлэнх нь буюу 4,000 орчим нь босогчдын талынх юм. Энэ нь халхын голын дайнаас 25 дахин, чөлөөлөх дайны хохирлоос 600 дахин их хохирол юм. Халхын голын дайнд 260 орчим хүн, чөлөөлөх дайнд 10 орчим хүнээ алдсан. 1932 оны иргэний дайны хохирол нь хэлмэгдүүлэлтийн дараа орохоор маш том хохирол юм. 

Бид 1932 оны үйл явдлыг хувьсгалын зэвсэгт бослого, эсэргүү хөдөлгөөн, зэвсэгт бослого гэх мэтээр янз бүрээр нэрлэж иржээ. Тухайн улсынх нь хүн амын нэг хувь нь амь үрэгдсэн бол иргэний дайн гэж үздэг. Гэтэл 1932 оны үед БНМАУ-ын хүн ам 720 мянга орчим байсан бөгөөд үүнээс нэг хувь нь уг үйл явдлын үед амь үрэгдсэн байна. Тиймээс иргэний дайн гэж дүгнэж болно.

Бууны суманд оногдохгүй гэж үзэн олзолсон хүнийхээ махыг идэж байсан гэдэг

-Тухайн тэмцлийн үед нэгнийхээ махыг идэж байсан гэдэг ам дамжсан яриад байдаг. Энэ үнэн үү? 

-Тухайн иргэний дайн эхэлснээс хойш их харгис хэрцгий болж ирсэн. Олзлогдсон хүмүүсээр туг их тахидаг байв. Тухайлбал босогчид эсрэг талынхаа хүний зүрхийг амьдаар нь сугалах, өвчүүг нь хадах, арьсыг нь өвчих зэрэг үйлдлүүд гарч байсан. Өөрсдийн талд иргэдийг татахын тулд ийм ажиллагаа явуулж байсан. Байлдагч талынхаа хүчийг мохоохын тулд толгойг нь тасдан шонд өлгөх, бууны суманд оногдохгүй гэж үзэн олзолсон хүнийхээ махыг идэх, өвөртөлж явах, өөрсдийн тугандаа тахисан хүнийхээ зүрхийг хатгаж өлгөх зэрэг олон тохиолдол гарсан. 

Засгийн газрын талаас ч гэсэн мөн л ийм харгис үйлдэл гаргасан. Олзолсон хүмээсээ нэг дор олноор нь шүүх хуралгүй буудаж алах явдал олон байлаа. Бослогын гол гол толгойлогч нар болох Түгж, Самбуу, Жур нарт цаазаар авах ялж оноож, гүйцэтгэсэн.

-Архангай аймагт лам нар цэргийн танк олсоор хүлж байсан гэдэг яриа байдаг. Энэ үнэн үү? 

-Нэг тийм батлагдаагүй ам яриа байдаг. Тариатын ойролцоо нэг “танкетик” шаварт сууж лам нар олзлон авах гэж оролдох үед ийм яриа гарсан байх. Уг танкетикийг лам нар бүслэн авч тойрон хашгиралдаж байсан тухай яриа байдаг. Монголчууд анх удаа танк гэдэг зүйлийг тэнд харсан. Танкетикийг хүлээд гэрэл нь асахад нь нүд нь бүлтрэх гэж байна шар тос асгаад шатаа гэсэн гэдэг ам дамжсан яриа бий. 

Монголчууд хараат бус төрөө байгуулах гэж оролдсон эмгэнэлт түүх бол 1932 оны үйл явдал

-Ард түмэн зэвсэглэн тэмцсэний үр нөлөө гарсан гэж үздэг үү?

-Тодорхой хэмжээнд төр засаг цочрол авсан гэж үздэг. Зүүнтний алдаатай бодлогоо эргэж харан асуудлыг хүчээр шийддэг байдлаасаа бага ч болов татгалзсан. Мөн ажиллах хүч хөдөлмөрийн нөөц болсон олон мянган хүн үхэж шоронд орж 30 мянга орчим хүн хил даван дүрвэсэн. Гэвч  үүнтэй зэрэгцэн хамтралжуулах иргэдийн хөрөнгийг хураах ажил идэвхтэй өрнөсөн.

Түүнчлэн иргэдийг маш их айдаст автуулаад байв. Шүүх хурлыг нээлттэй явуулж иргэдийг оролцуулан, төр засгийн бодлогоо эсэргүүцвэл харгис хэрцгийгээр дарна гэдгийг тод харуулсан. 

-90 жилийн дараа тухайн бослогыг хэрхэн дүгнэх вэ? 

-Бид түүхээсээ сургамж авах ёстой. Төр засгийн алдаатай шийдвэр гаднын улсын оролцоо ямар асуудал дагуулдаг вэ гэдгийг 1932 оны үйл явдал харуулсан. Энэ бол иргэний дайн байсан.

Монголчууд өөрийн хэнээс ч хараат бус жинхэнэ төрөө байгуулах гэж оролдсон эмгэнэлт түүх бол 1932 оны үйл явдал гэж дүгнэж болно. Бид түүхээсээ сургамж авах ёстой. Тиймээс өнгөрсөн үеийн түүхээ хойч үедээ үнэн зөвөөр харуулах хэрэгтэй шүү гэдгийг онцлон хэлмээр байна.

-Ярилцлага өгсөнд баярлалаа.