Индэр    
2022 оны 7 сарын 29
Зураг
iKon.mn сэтгүүлч

Ц.Санчир: Торгоны замын Төмөрийн улсаар аялах гэж байна. Бид 800 жилийн өмнөх түүхийн мөрөөр дахин хөвөрдөн очно

Зураг
Хувийн архиваас

-Голомт улсдаа амьдарч байгаа бидний хувьд Монголын Эзэнт гүрний өв соёлоо анхаарах хамгийн өндөр үүрэгтэй ард түмэн-

Торгоны замаар соёлын аялал зохион байгуулахаар соёлын дурсгалын судалгааны 20 жилийн туршлагатай "Тархан суурьшсан монголчууд" байгууллагынхан бэлтгэж байна.

Тэнгэр уулын бэл дэх Алимтай хотоос эхлээд Самарканд, Бухара тэргүүтэй Монголын Эзэнт гүрний бүрэлдэхүүнд байсан Цагадайн улс болон Барулас Төмөрийн улсын алдарт хотуудаар тойрч уран барилга хот байгуулалт, одон орон шинжлэх ухаан, урлаг соёлын өвтэй танилцуулах аяллын талаар тус байгууллагын тэргүүн Монгол Улсын Төрийн Соёрхолт, урлаг, соёл судлаач, Ц.Санчиртай ярилцлаа.

-Сайн байна уу? Ярилцах урилгыг маань хүлээн авсанд баярлалаа. Таны хувьд 20 орчим жил судлан туулсан торгоны замын түүхт улсуудаар соёлын аялал зохион байгуулах гэж байгаа гэж сонссон. Аялал хэдэн хүний бүрэлдэхүүнтэйгээр, хэзээ эхлэх вэ?

-TASAM байгууллагын хувьд 2012 онд анх "TASAM tours" нэртэй соёлын аяллыг санаачлан эхлүүлж байсан. Судалгааны байгууллага учраас үндсэн ажилдаа анхаарсаар соёлын аяллаа өргөжүүлж хараахан амжихгүй л явлаа. Харин энэ удаад 2022 оны есдүгээр сарын 26-наас аравдугаар сарын 3-н, аравдугаар сарын 17-24, арваннэгдүгээр сарын 21-28-н хүртэл долоо хоногт найман өдрийн хугацаатай торгоны замын Төмөрийн улсаар аялах гэж байна. Бид 800 жилийн өмнөх түүхийн мөрөөр дахин хөвөрдөн очно. Манай аяллаар хоёр улсын дөрвөн мужийн соёлын 12 дурсгалтай танилцана. Дунджаар нэг багт найман хүн, дээд тал нь 10 хүн авч явахаар төлөвлөж байна.

Энэ удаагийн аялал Тэнгэр уулыг давж Алимтай хотод хүрнэ

Соёлын аялал гэдэг утгаараа онцгой ач холбогдол өгч байгаа. Яагаад гэвэл "Тархан суурьшсан монголчууд" байгууллагын хувьд Монголын Эзэнт гүрний байлдан дагууллын замаар явж судалгаа, зураг авалт хийдэг. Бид 18 жилийн хугацаанд дэлхийн 100 гаруй улсад очсон. Үүнээс 40 гаруй улс нь Монголын Эзэнт гүрний байлдан дагууллын түүхтэй салшгүй холбоотой.

Энэ удаагийн аялал Тэнгэр уулыг давж Алимтай хотод хүрнэ. Үүнээс цаашаа 2,300 жилийн түүхтэй Ташкент, "Тэнгэрийн доорх хот музей" гэдгээрээ олон улсад алдартай Монголын Эзэнт гүрний Цагадайн улсын суурин дээр байгуулагдсан Төмөрийн улсын Самарканд хот, 1220 оны хоёрдугаар сард Чингис хаан өөрийн биеэр дайлсан Бухара хотод очих юм.
зураг
 
Хувийн архиваас

“Тэнгэр уулыг даваад Алимтай хотод хүрнэ” гэж XIII дугаар зууны сурвалж бичигт бичигдсэн байдаг. Тухайн үедээ ингэж явахад хэдэн сар өдөр явдаг байсан. Зургаан жилийн өмнө миний хувьд Тэнгэр уулыг даваад Алимтай хотод хүрэхийн тулд автобус, галт тэргээр найман өдөр явж очдог байсан. Харин өнөөдөр Монголоосоо үндэсний авиа компани "Хүннү Эйр"-ээр нисээд ердөө 03:50 цагийн дараа Алимтай хотод хүрнэ. Энэ бол онцгой үйл явдал. Монголчууд бидний хувьд түүхийн сэжмийг холбосон бас нэгэн дэвшил юм.

Өөр ямар нэгэн улсын биш өөрийн авиа компаниар Монголын Эзэнт гүрний Цагадайн бүрэлдэхүүнд байсан Алимтай хотод бууна гэдэг бол бид дараагийн түүхийг бичиж буй явдал.

Жирийн аяллын хувьд Улаанбаатараас 50 жуулчин онгоцонд суулгаад, цаанаас нь автобусаар тосож аваад үзэх ёстой зүйлийг нь үзүүлдэг. Нэг газрыг үзэхэд 30 минутын ч юм уу хугацаа өгдөг шиг байгаа юм.

Харин бидний хувьд Монголын Эзэнт гүрний байлдан дагуулсан газруудад очоод, тухайлбал, Чингис хаан 1220 оны хоёрдугаар сард хэрхэн ирсэн, хөвгүүдтэйгээ хаана уулзсан, ямар соёлын дурсгал үлдсэн, ертөнцийг байлдан дагуулагч Чингис хааны очсон, эрхшээсэн түүхээр тухайн улсууд соёлын аялал жуулчлалыг яаж зохион байгуулж байгаа, түүгээрээ хэрхэн дотоодын нийт бүтээгдэхүүнээ бүрдүүлж байгаа, жилд очиж байгаа жуулчдын хэдэн хувь нь Монголын Эзэнт гүрний байлдан дагууллын түүхтэй холбогдох соёлын дурсгалыг үзэхээр ирж байгаа вэ гэдгийг харуулахыг зорьж байна.

- Аялагчийн анкетыг олон улсын аяллын стандартаар боловсруулсан дэлгэрэнгүй асуулга хэлбэрээр авна гэсэн байсан. Энэ нь аялагчдад тулгарах эрүүл мэндийн эрсдэлээс сэргийлж байгаа юу?

-"Тархан суурьшсан монголчууд" байгууллагын хувьд дотоодын мөргөлдөөнтэй, хаалттай, хоригтой улсад байгаа устах эрсдэлтэй соёлын дурсгал, уусах эрсдэлтэй монголчуудын талаар судалгаа хийж, зураг авалтаар ажилладаг. Дайн байлдаантай бүс нутагт бол ихэнхдээ ганцаараа аянд гардаг. Бусад газарт туслах зураглаач, судлаач авч явах бол дэлгэрэнгүй анкет бөглөдөг. Энэ нь явсаар байгаад 18 жилийн дараа соёлын аялал жуулчлалын боловсронгуй баримт бичиг болж байх шиг байна.

XXI дүгээр зуунд хүмүүс янз бүрийн хоол хүнсний хэрэглээтэй болсон. Аяллын асуулга тухайн хүний эрүүл мэнд, соёлын аялал, ямар нэгэн хөтөлбөрт хамрагдаж байсан эсэх, энэ төрлийн аяллын талаар тодорхой хэмжээний мэдлэгтэй юу гэдгийг асууна. Дундад Дорнын алдартай улсууд болох Узбекистан, Казахстан буюу Тэнгэр уул, Памирын нуруу болон Аму мөрөн, Арал тэнгисийн сав газар бол үе үеийн байлдан дагуулагчдын хүслэнт нутаг, монгол хүний заавал очиж үзэх газар. Бид хамгийн тааламжтай улиралд соёлын аяллаа зохион байгуулж байна. Хэрвээ энэ улирлаас нэг сарын юм уу, нэг сарын хойно явахад хүйтний эсвэл халууны улирал болно. 

-Аялалын хөтөлбөрийн хувьд хэр шахуу байх вэ?

-Аялал маань долоон шөнө, найман өдрийн хөтөлбөртэй. Памирын нуруунаас Аму мөрний хөндий, Арал тэнгис хүртэлх үзэсгэлэнт улс, хэдэн мянган жилийн түүхэндээ ямар хоол цай хэрэглэдэг вэ гэдгээс өглөөний цай эхэлнэ. Мэдээж музей мөн томоохон соёлын дурсгалуудыг үзнэ. Жишээ нь Самарканд хотын Регистан цогцолбор гэхэд гурван хэсэг уран барилгаас бүрддэг. Үүнийг долоо хоног ч үзэж болно. Нэг сар ч үзэж болно. 18 жилийн хугацаанд 30 гаруй удаа Самарканд хотод очсон тул анх удаа үзэж байгаа монголчууддаа хамгийн ойр дөт, мэргэжлийн байдлаар тайлбарлана. 

Хөтөлбөрийн хувьд маш өргөн байна. Аливаа аялал тухайн хот, мужид очихдоо музейгээс эхлэх ёстой. Дөрвөн хотын соёлын 12 дурсгалыг үзэх хөтөлбөр тус бүр өөрийн онцлогтой байх болно. Бидний зорих улс Төмөрийн улс буюу өнөөгийн Узбекистан. Монголын Эзэнт гүрний Алтан ордын Узбек хааны нэрээр нэрлэгдсэн улс. Төмөрийн улсад очихдоо тухайн үндэстэн угсаатны онцлог, зан заншил, хоол хүнс, соёлын дурсгалтай танилцахаас гадна технологийн дэвшлийг хэрхэн ашиглаж жуулчдаа яаж авч байгаа вэ зэргийг үзэгчийн нүдээр харах боломжтой. 

Монголын Эзэнт гүрний түүх, соёлтой холбоотой аливаа агуулгууд сэргэх болно

зураг
 
Хувийн архиваас

-Аялал жуулчлалын бизнес гэхээсээ илүү соёлын аяллыг хөгжүүлэхэд анхаарч байгаа учраас олон хүнтэй баг бүрдүүлэхгүй талаар Та дурдсан байсан?

-Миний хувьд улс төрждөггүй давуу талтай, эдийн засагждаггүй сул талтай. Ашгийг тэргүүн зэрэгт тавьж, ажил бизнес хийж үзээгүй ээ.

Аялагчид урьд өмнө үзээгүй, хэвлэл мэдээллээр гардгаас тэс өөр, бидний түүхийн салшгүй хэсгийг үзэх юм. Соёл судлаачийн зүгээс үүнийг тайлбарлаж, 18 жилийн өмнө бидэнд хэн ч зааж зурж байгаагүй бүс нутгийг өөрсдөө танилцуулах нь бидний зорилго. Ингэснээр Монголын Эзэнт гүрний түүх, соёлтой холбоотой аливаа агуулгууд сэргэх болно. Бидний аялуулж буй хүмүүс өөрийн амьдрал, ажил, гэр бүлдээ энэ талаас нь тодорхой хэмжээний тусгалтай болоосой гэж зорьж байгаа.

-Монголчуудын буудаллах газар, үзэх дурсгал, амтлах зоог бүхэн утга учиртай байх ёстой гэдгийг Та ярьсан байсан. Тэгэхээр энэ удаагийн аяллаас хүмүүсийн хүлээлт их байх шиг байна?

-Олон нийтийн хүлээлт өндөр байна. Манай гурван удаагийн аяллын бүртгэл бараг дуусаж байна. Одоогоор нэг, хоёр хүний зай л үлдсэн. Миний хувьд Стан, Исламын улсуудад маш олон удаа очсон. Заримд нь 35 удаа очиж байж 40 минутын ганц л баримтат кино хийх жишээний. Судлаачийн хувьд тухайн газруудад 18-35 удаа очсон ч гэсэн энэ удаагийн аялалд онцгой ач холбогдол өгч байна.

Саяхан бид соёлын аялал зохион байгуулах газар нутгаар яваад маршрутаа маш сайн тогтоож, тооцоо төлөвлөгөөгөө гаргаад ирлээ. Дундад дорнын гайхамшигт улсад очсон хэрнээ барууны хоол хүнс идмээргүй байна. Зочид маань Узбекистанд очоод Солонгос хоол, Казахстанд очоод Турк хоол иднэ гэдэг бол соёлын аялалд байж боломгүй зүйл.

Өнөөдөр ч гэсэн Монголын Эзэнт гүрэн хэвээрээ байгаа гэж боддог

-Олон жилийн уйгагүй их эрэл хайгуул, судалгаа, аяллын үр дүнгээс үзэхэд Монголын Эзэнт гүрэн хойч үедээ ямар ямар өвийг үлдээсэн гэж дүгнэх вэ?

-Бид хамгийн сүүлд “Эзэнт гүрний соёрхолт өв” болсон гурамсан боть бүтээсэн. Энэ гурамсан ботийн тэргүүн боть нь “Монголын Эзэнт гүрний уран барилга, хот байгуулалт”. Ийм өв үлдээсэн байна. Хоёр дахь боть нь “Монголын Эзэнт гүрний шинжлэх ухааны төв, одон орны оргилууд”. Миний хувьд монгол хаадын санаачилсан, ивээл дор байсан одон орны найман туурь дээр очсон. Ийм өв үлдээсэн байна. Гурав дахь боть нь “Монголын Эзэнт гүрний урлаг, соёл”.

Дундад дорнын улсуудад Монголчууд анх тэнгэрийн номин өнгийг дүрслэх урлагт оруулсан. Ташуу захтай Монгол дээлийг мөн дүрсэлсэн. Монголчуудаас өмнө хүн дүрслэх нь Дундад Азийн дүрслэх урлагт хориотой байсан. Хүлэгү хаанаас эхлээд “урлаг бол чөлөөт сэтгэлгээ учир хүн дүрслэл болон алтаар хээн чимэглэл дүрсэлж болно” гэж үзсэнээр энэ бүгд сэргэн мандалтад хүргэсэн гэж үздэг. Ийм өв үлдээсэн байна. Энэхүү “Эзэнт гүрний соёрхолт өв” гурамсан ботийг Монгол, кирилл бичиг, англи хэл дээр хэвлэж гаргасан. Эдгээр соёл, шинжлэх ухаан, уран барилгын, одон орны дурсгалуудаас манай аялалд явж байгаа хүмүүс нүдээр үзэх болно.

Бид Чингис хаан болон түүний залгамжлагчдын хүрсэн, эрхшээсэн, сэргээн босгосон, шинээр байгуулсан 1,000 гаруй газар очсон. Энэ бидний өв. Өнөөдөр ч гэсэн Монголын Эзэнт гүрэн хэвээрээ байгаа гэж би боддог. Яагаад гэвэл 1206, 1227 онд Их Монголын эзэн хаан, түүний хөвгүүдийн очсон үндэс угсаа тухайн газар нутагт үргэлжилсэн байдаг. Монголын Эзэнт гүрний их хаадын зарлиг айлдвараар бүтээн байгуулсан соёлын дурсгалууд ч бий. Энэ болгон бидний өв. Эзэнт гүрний голомт улсдаа амьдарч байгаа бидний хувьд Монголын Эзэнт гүрний өв соёлоо анхаарах хамгийн өндөр үүрэгтэй ард түмэн гэдгээ маш сайн бодох ёстой.

-Дараагийн аяллаа хэрхэн төлөвлөж байна вэ?

-Зургаадугаар сард аяллаа зарлах үеэс хүмүүс бүртгүүлж эхэлсэн. Зарим нь хүүхдээ өгөөд явуулъя, настай хүмүүсээ явуулъя гэж холбогдсон.

Бидэнтэй аялах хүн бүрийн бодол, төсөөлөлд Монголын Эзэнт гүрний соёлын дурсгалууд, байлдан дагуулал, бахархалт өвийг үлдээх гэж байгаа учраас энэ тоог олон болговол аялал чанаргүй болно. Олон нийтийн хандлагаас дүгнэвэл ирэх жилийн гурав, дөрөвдүгээр сард залуучууд, хүүхдүүд аялалд хамрагдах хүсэлтэй байна. Иймд бид шинэ төлөвлөгөө боловсруулж эхэлж байгаа. Дараа жилийн аялал 4-6 сард болно. Тусгай аялал гэдэг маань өөрчлөгдөж, хүний тоогоо нэмэх байх.

зураг
 
Хувийн архиваас

-"Tархан суурьшсан монголчууд" байгууллагын есөн жилийн ажил, TASAM Publishing-ийн шинэ хэвлэл тун удахгүй эх дизайнд шилжих гэж буй талаар та бичсэн байсан. Энэ нь ямар бүтээл вэ?

-Манай байгууллага 2013 онд XIII-XIV дүгээр зууны үед бичигдсэн судар бичгээс орчуулах зөвшөөрөл авч орчуулж эхэлсэн. Энэ нь тийм олон зуун хуудастай ном биш. Гэхдээ 13-14 дүгээр зуунд бичигдсэн судар бичиг учраас үг хэллэг, нэр томьёо, гүн гүнзгий утга учрыг нь хянан тохиолдуулах нь маш их хариуцлагатай ажил байсан. Есөн жилийн хугацаанд орчуулсан материалаа дахин дахин үзэж шалгасаар байгаад энэ жил хэвлэлд шилжүүлэх ажилдаа орж байна.

Тухайн үеийн үзэл онол, гүн ухаан, зарлиг сургаал ч гэсэн XXI дүгээр зуунд Монгол хүний хувьд юуг анхаарах, хаадын зарлиг сургаалд юу байсан учир бид дэлхийн талыг байлдан дагуулсан, аав нь хүүгээ хэрхэн сургамжлах, цэргийн захирагч хүн биеэ хэрхэн авч явах, удирдагч хүн ард түмнээ хэрхэн ухаалаг жолоодох, энгийн ард иргэд ч, эгэл жирийн малчин хүн ч ямар үүрэг, бахархалтай байх вэ гэдгээс цааш Монголын Эзэнт гүрний өв хүртэлх материалыг орчуулаад байна.

Бид 18 жилийн хугацаанд судалсан үнэт, ховор соёлын дурсгал, сурвалжийг ирээдүй хойчдоо хүргэхийн тулд агуулгын хувьд төдийгүй хэвлэлийн дизайн технологийн хувь хамгийн дэвшилтэт хувилбараар хэвлэх ёстой гэсэн үзэл баримтлалтай. Урлаг, соёл судлаач хүний зүгээс номынхоо өнцөг, булан бүрийг, хээ чимэг, сүүдэр, өнгө, баланс болгоныг нь хянан тохиолдуулдаг.

Та бүхэн аяллын талаар асууж тодруулах зүйл байвал 75753307 утсаар холбогдох боломжтой. 

-Ярилцсанд баярлалаа. Та бүхний цаашдын ажил, уран бүтээлд амжилт хүсье.