Индэр    
2022 оны 6 сарын 17
Зураг
iKon.mn сэтгүүлч

Ц.Сүнжидмаа: Байшингаа дулаалуулснаар түлш, цахилгааны хэрэглээ хоёр дахин буурна

Зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Барилгын дулаан алдагдлыг хэрхэн багасгах болон дулаалах тооцооллын талаар “Дулаан шийдэл” төслийг удирдан хэрэгжүүлэгч Жэрэс Олон улсын ТББ-ын Монгол дахь төлөөлөгчийн газрын зэх зээлийн үйл ажиллагаа хариуцсан мэргэжилтэн Ц.Сүнжидмаатай ярилцлаа.

-Сайн байна уу. Төслийг хэзээнээс хэрэгжүүлж эхэлсэн талаар ярилцлагаа эхлэх үү?

-Европын холбооны Свич-Эшиа хөтөлбөрийн санхүүжүүлж буй "Дулаан шийдэл" төсөл нь 2018 оноос Монгол Улсад хэрэгжиж байгаа. Эрчим хүчний хэмнэлттэй шийдлийг бий болгох замаар агаарын бохирдлыг бууруулахад хувь нэмрээ оруулах зорилготой төслийн нэгдүгээр үе шат дөрвөн жилийн хугацаанд хэрэгжсэн.

Энэ хугацаанд эрчим хүчний хэмнэлттэй шийдэл гэдэг утгаараа дулаалгыг санал болгож байгаа юм. Өөрөөр хэлбэл, хувийн байшингуудад зориулсан дулаалгын шийдэл бүхий цогц системийг бий болгож ажилласан. Улмаар энэ оны тавдугаар сарын 1-нээс төслийн хоёрдугаар үеийг дахин 4 жилийн  хугацаатайгаар эхлүүлээд байна.

-Барилгын дулаан алдагдал юунаас болж үүсэж буй талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Төсөл хэрэгжиж эхэлсэн эхний жилүүдэд бид гэр хорооллын байшингийн баригдсан нөхцөл, төрөл, дулаан алдагдаж байна уу, ямар хэрэгцээ шаардлага байгаа талаар суурь судалгаа маш их хийсэн. Иргэд амнаас ам дамжсан мэдээлэл дээр тулгуурлаад байшингаа өөрсдөө дулаалах хандлага их байдаг. Ингэснээр цаг хугацаа болон хөрөнгө мөнгөө дэмий үрэх, буруу технологи, материалаар байшингаа дулаалах эрсдэлтэй. Үүнээс үүдээд байшинд дулаан алдагдал бий болдог.

-Дулаалах зардлын тооцооллын тухайд ямар дүнтэй байдаг бол?

-Харилцагч захиалга өгсний үндсэн дээр эрчим хүчний зөвлөхүүд тухайн байшинд үнэлгээ хийж, ямар материалаар баригдсан, хаагуураа дулаан алдаж байгаа, ямар дулаалга хийвэл дулаан алдагдал буурах вэ гэдгийг судалдаг. Дулаалах үнийн хувьд ямар дулаалга хийхээс шалтгаалаад харилцан адилгүй. Ойролцоогоор 2-15 сая төгрөгийн хооронд байдаг. 

-Дулаалга болон дулаан алдагдлын хэмжилтийг хэзээ хийх ёстой байдаг вэ?

-Дулаан алдагдлыг хэмжих энгийн болон камертай хэмжилт гэж байдаг. Энгийн хэмжилтийг улирал харгалзахгүй хийнэ. Харин камертай хэмжилтийг өвлийн улиралд хийдэг. Ханын дулаалгын хувьд хөөсөнцөр дулаалгыг 4-10, эрдэс хөвөн дулаалгыг 2-11 саруудад хийдэг. Харин дээврийн дулаалгыг улирал харгалзахгүй хийдэг.

-Байшингаа дулаан алдаж буйг хэрхэн мэдэх вэ? 

  • Галласан ч 2-3 цагийн дотор хөрвөл,
  • Цахилгаан халаагуурын хэрэглээнээс үүдэлтэй төлбөр хэт өндөр гарвал,
  • Цонх, хаалга хөлөрч цантаж байвал
  • Хананд хөгц мөөгөнцөр үүсэн
  • Дээврээс мөсөн унжлага тогтсон
  • Өвөлдөө ханиад томууны өвчлөл их байх
  • Байшин дотор хүйтэн агаар сийгэх, жиндүү байх
  • Хаалга цонхны резин жийргэвч хатаж муудсан байх

Эрчим хүчний хэмнэлттэй байшин гэдгийг нотлох гэрчилгээтэй болдог

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

-Тэгвэл байшин худалдаж авахдаа дулаан алдаж буй эсэхийг шалгах боломжтой юу?

-Шууд хараад иргэд ийм дүгнэлт хийх боломжгүй. Дулаан алдагдлыг нь шалгуулъя гэвэл манай дуудлагын төвд холбогдон дулаан алдагдлын хэмжилтийн захиалга өгч шалгуулж болно. Манай төслөөр дулаалга хийлгэсэн айлуудад өмнө нь ямар байсан, одоо хэдэн хувийн эрчим хүчний хэмнэлттэй болсон талаарх гэрчилгээг гаргаж өгдөг. Эрчим хүчний хэмнэлттэй байшин гэдгээ нотлох гэрчилгээтэй болдог гэсэн үг. Тухайн айл байшингаа зарах бол уг гэрчилгээгээ үзүүлэх боломжтой. Тэтгэврийн насны иргэд Хаан банкаар ногоон зээл хүсэж, байшингаа дулаалуулж болно. 

-Жилийн гурван хувийн хүүтэй хөнгөлөлттэй зээлээр байшингаа дулаалуулах боломжтой талаар мэдээлэл байсан. Энэ талаар мэдээлэл өгөөч?

-Дулаалга хийлгэх иргэд Хаан болон Хасбанкны ногоон зээлд хамрагдах болно. Баяртай мэдээ гэвэл банкны жилийн найман хувийн хүүтэй байсан зээл гурван хүүтэй болсон юм. Маш бага хүүтэй болж, буурсан. 50 хүртэлх сая төгрөгийг зээлээр авч, байшингаа дулаалуулах боломжтой. 

-Байшингаа дулаалах нь ямар давуу талтай вэ?

  • Түлш, цахилгааны хэрэглээ буурч, эдийн засгийн хэмнэлт бий болно
  • Сууцны өнгө үзэмж сайжирч, насжилт уртасна
  • Үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ нэмэгдэнэ
  • Дотор агаарын чанар сайжирч, эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөө буурна
  • Эрчим хүчний хэмнэлт бий болно
  • Агаарын бохирдлыг бууруулахад хувь нэмрээ оруулна
  • Тав тух нэмэгдэнэ
  • Галлагааны тоо буурч, цэвэр цэмцгэр болно

Дулаан алдагдал гэхээр ихэвчлэн цонх, хаалгатай холбож ойлгодог. Харьцангуй бага талбай эзэлдэг ч  хамгийн их дулаан алдагддаг хэсэг бол дээвэр юм. Яагаад гэвэл халуун агаар хөнгөн шинж чанартай учраас дээшээ хөөрөх хэв маягтай. Тэгэхээр дээвэр дулаан алдагдалтай байвал байшин дулаанаа их алдана. 

Байшингийн дулаан алдагдлын хувийн талаар мэдээлэл өгье. Дээврийн адрын хөндий-25 хувь, хана-35 хувь, цонх болон хаалга 15 хувь, шал болон суурь-15 хувь тус тус дулаан алддаг. 

Дээврийг дулаалахдаа агааржуулалтыг маш сайн хийх ёстой

-Хана, дээврийг хэрхэн зөв дулаалах талаар зөвлөгөө өгөхгүй юу?

-Суурь судалгаа хийсний үндсэн дээр ханыг дөрөв ангилсан. Модон, дранктай шавардлагатай, тоосгон,  блокон байшин гэж хуваагаад байна. Тоосгон болон блокон ханан дээр ихэвчлэн 15 см-ийн зузаантай EPS хөөсөнцрөөр дулаалдаг. Дулаалга хийсний дараа агаар сэлгэлтийн системийг заавал хийж өгдөг. Дүнзэн болон палкан байшингууд илүү амьсгалдаг учраас уур чийгийг нэвтрүүлэх, гадагшлуулах хатаах боломжтой эрдэс хөвөн дулаалгыг санал болгодог. 

Төслийн хүрээнд 5, 10, 15, 20 см гэсэн зузаантай дөрвөн төрлийн дээврийн дулаалга хийгдэж байгаа. Дээврийн дулаалгын үндсэн материал болох эрдэст хөвөн гал дэмждэггүй, хорхой шавж үүрлэдэггүй, мөөгөнцөр бактерид тэсвэртэй, угсралтын төвөгшил багатай материал юм.

Ихэвчлэн хүмүүс дээвэр дээрээ үртэс, үнс шаарга, керамзит асгах нь түгээмэл. Эдгээр нь дулаалга болж чадахгүйгээс гадна, хорхой шавж үүрлэх, галд шатах, дээврийн бүтээцийг хурдан муутгах зэрэг олон асуудлуудыг дагуулдаг. Тиймээс  зориулалтын материалаар зөв технологиор дулаалах нь чухал байдаг.

Дээврээ дулаалаад битүү орхиж болохгүй, агаар сэлгэлтийг хангаж өгөх зайлшгүй хэрэгтэй. Өөрөөр хэлбэл дээврийн дулаалгын материалын үндсэн шинж  чанарыг хадгалж байхын тулд заавал агааржуулалт хийх шаардлагатай. 

Манай төслөөр бүтэн дулаалга хийлгэснээр нүүрс, цахилгааны хэрэглээ хоёр дахин буурсан үр дүн гарсан.

-Та бүхэнтэй хэрхэн холбогдох вэ? 

-Дулаан шийдэл төсөл пэйж хуудас, dulaalga.mn веб сайт болон 75052000 дугаараар холбогдож бүх төрлийн дулаалгын үйлчилгээний талаарх мэдээллийг мэргэжлийн хүнээс авах боломжтой.