Засгийн газраас өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг УИХ-аар хэлэлцэхээр товлоод буй. Энэхүү өөрчлөлтөөр Зөрчлийн тухай хуульд байсан “доромжлох” хэмээх зүйл заалтыг Эрүүгийн хуульд оруулж ирсэн нь багагүй шүүмжлэл дагуулаад байгаа юм. Мөн "худал мэдээлэл тараах" гэдэг заалтаас "илт" хэмээн үгийг хасахаар хуулийн төсөлд тусгасан байна. Тэгвэл эдгээр өөрчлөлтийг Эрүүгийн хуульд оруулснаар ямар үр дагавар үүсэх талаар “Глоб интернэшнл” ТББ-ын хуульч Б.Пүрэвсүрэнтэй ярилцлаа.
-Эрүүгийн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд доромжлох хэмээх заалтыг оруулсан. Зөрчлийн хуульд байсан заалтыг Эрүүгийн хуульд оруулах үндэслэл, шаардлага нь юу байв?
-Нэгдүгээрт, доромжлох заалтыг гэмт хэрэгт тооцох үндэслэл буюу шаардлага үүсээгүй гэж харж байна. Учир нь хууль тогтоомжийн тухай хуулиар тухайн гэмт хэргийг зүй ёсоор оруулах хэрэгцээ, шаардлагыг тандан судлах ёстой. Энэ судалгааг танилцуулаагүй байгаа юм. Тиймээс судлаачийн хувьд шаардлага үүсээгүй гэж харж байгаа.
Хоёрдугаарт, Эрүүгийн хууль тогтвортой үйлчилж байх ёстой. Тогтвортой гэдэг нь Засгийн газар солигдох бүрд Эрүүгийн хуулиас хасаад, эсвэл буцаагаад нэмдэг үзэгдэл байж болохгүй. 1926 оны Шүүх цаазын бичиг гэж байдаг. Үүнээс хойш 1929, 1934, 1942, 1951, 1961, 1987, 1993, 2002 оны Эрүүгийн хуулиуд байна. Эдгээр найман Эрүүгийн хууль буюу 91 жилийн хугацаанд доромжлох заалтыг гэмт хэрэгт тооцож зохицуулж байсан. 2002 оны Эрүүгийн хуулийн 111 дүгээр зүйлд байсан заалтыг 2015 оны Эрүүгийн хуулиар хассан. 2015 оны Эрүүгийн хуулиар хассан гэж байгаа ч энэ хууль нь 2017 оны долдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Тэгэхээр таван жил болоод энэ заалтыг буцааж Эрүүгийн хуульд оруулах асуудал яригдаж байна.
Яагаад оруулах гэж байна вэ гэхээр “Хүний нэр төрийг хамгаалах зорилгоор” гэж л тайлбарлаад байгаа.
-Хуулийн төсөл дэх танилцуулга, үзэл баримтлалд энэ шаардлагыг тодорхой дурдах ёстой байх. Гэвч доромжлох гэдэг заалтыг яагаад Эрүүгийн хуульд буцаан оруулж байгаа талаар тодорхой мэдээлэл хуулийн төслийн танилцуулгад байгаагүй. Тэгвэл нэлээд хугацаанд манай Эрүүгийн хуульд байсан доромжлох заалтыг халах болсон үндэслэл нь юу байв?
-Энэ заалтыг гэмт хэрэгт тооцож байгаад сүүлд халсан. Халсантай холбоотой хоёр үндэслэл хэлье.
2015 онд НҮБ-ын Хүний эрхийн зөвлөл 4.5 жил тутамд гаргадаг зөвлөмжөө Монгол Улсын Засгийн газарт хүргүүлсэн. Энэ зөвлөмжид Эрүүгийн хуулийн гүтгэх, доромжлохтой холбоотой заалтыг халах, энэ төрлийн гэмт хэрэгт хорих ял, шийтгэл хэрхэвч оногдуулж болохгүй гэдэг зөвлөмж өгч байсан. Энэ зөвлөмж нь мөн 2020 онд Монгол Улсын Засгийн газарт хүргүүлсэн зөвлөмжид бас багтсан. Манайх энэ зөвлөмжийг биелүүлэхээ амлаад 2016 оны дөрөвдүгээр сард Засгийн газар тогтоол батлаад халсан. Халсан боловч энэ заалтыг Зөрчлийн хуулиар зохицуулсан. Ингээд Зөрчлийн хуулиар гүтгэх гэдэг заалтын дагуу зохицуулахад үр дүнгүй юм байна гэж үзсэн. Тэгээд 2020 оны нэгдүгээр сарын 10-ын Эрүүгийн хуульд “худал мэдээлэл тараах” гэдэг томьёоллоор оруулсан.
Өнөөгийн Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйл буюу “худал мэдээлэл тараах” гэдэг гэмт хэрэг нь үндсэндээ гутаах, гүтгэх, доромжлохтой холбоотой гэмт хэрэгт иргэнд шийтгэл оногдуулж байгаа.
2020 онд “илт худал мэдээлэл тараах” гэдэг гэмт хэргийн улмаас Монгол Улсын хэмжээнд 17 шүүхийн шийдвэр гарсан. 2021 онд 15 шүүхийн шийдвэр гарсан. Үндсэндээ хоёр жилийн хугацаанд 32 хэрэг шүүхээр шийдвэрлэгдсэн байна. Судалгаа хийгээд үзэхээр худал мэдээлэл тараах гэдэг ойлголттой холбогдуулаад Налайх дүүргийн нэг иргэнийг сайтад гарсан мэдээний дор сэтгэгдэл бичихдээ доромжилсон гэж үзээд торгох шийтгэл оноосон. Тэр иргэн тухайн сайтад гарсан мэдээллийг бэлтгээгүй, тараагаагүй. Зөвхөн үзэл бодлоо илэрхийлсэн.
Тэгэхээр илт худал мэдээлэл тараах гэдэг ойлголт нь маш өргөн хүрээнд хуульчлагдсан, гүтгэх, доромжлохыг агуулсан байгаа юм. Тэгэхээр давхар зохицуулалт байна гэж судлаачийн хувьд харж байна.
Хоёрдугаарт, манай улс НҮБ-ын Хүний эрхийн хорооны зөвлөмжийг биелүүлэх үүрэгтэй.
-Доромжлох гэмт хэргийг Эрүүгийн хуулиар шийтгэдэг улс орнууд хэр олон байдаг вэ?
-Маш цөөхөн орны Эрүүгийн хуульд тусгагдсан байдаг. Гүтгэхийг гэмт хэрэгт тооцож байгаа орнуудын харьцаа 50:50 байна. Харин доромжлохыг Эрүүгийн хуулиар зохицуулж байгаа улсуудын тоо 90:10 харьцаатай байгаа юм. Бараг 20 хүрэхгүй орон байна гэсэн үг. Эдгээр орнууд доромжлохыг яагаад гэмт хэрэгт тооцож байна вэ гэхээр засаглалын асуудал байгаа. Засаглалын дэглэмийн хувьд хаант засаглалтай эсвэл шашны асуудалтай холбоотой байдаг. Ялангуяа шашны номлол хүчтэй үйлчилдэг оронд шог зураг, зурагт хуудас байрлуулах юм бол маш хүнд ял шийтгэх оноох хууль ч бий.
Үүнээс гадна зарим нэг ардчилсан улсууд доромжлохын гэмт хэрэг гэж үзэх нь бий. Тухайлбал, Австри, Бельги, ХБНГУ, Финланд, Япон зэрэг. Эдгээр улсуудад доромжлохтой холбоотой заалт Эрүүгийн хуульд нь байдаг боловч хэрэгждэггүй. Хэрэгждэггүй гэдэг нь энэ гэмт хэргийн улмаас сүүлийн 30-40 жил хариуцлага хүлээлгээгүй байх жишээтэй.
Үүнээс гадна Канад болон АНУ-ын зарим мужид доромжлохыг гэмт хэрэгт тооцдог. Гэхдээ шүүхээс нь сэтгүүлч ялангуяа хэвлэл мэдээллийн байгууллагад хариуцлага хүлээлгэсэн тохиолдол сүүлийн 40-50 жилд гаргаагүй.
Тэгэхээр манай улс ардчилсан улсуудын эрх зүйн соёлыг зайлшгүй харгалзах ёстой. Гэхдээ тэр болгон хуулбарлаж дуурайж болохгүй асуудал байгаа юм.
Нөгөө талаас олон улсад тогтсон нэг ойлголт бол олон нийтийн зүтгэлтнүүдийн гомдол гаргах эрхийг хязгаарладаг.
Манай “Глоб интернэшнл” төвийн хийсэн судалгаагаар 1999-2021 оны хооронд Монгол Улсын эрүү, иргэний хэргийн шүүхээр шийдэгдсэн хэргийг аваад үзэхээр нэр төр гутаах, гүтгэлэг, доромжлох, худал мэдээлэл тараахтай холбоотой 1,146 хэрэг шийдвэрлэгдсэн байна. Эдгээр хэргийг аваад үзэхээр гүтгүүлж, доромжлуулж, худал мэдээлэл тараалгуулсан гэж үзээд гомдол гаргасан хүмүүсийн ихэнх нь төрийн албан хаагч, төрийн байгууллага эсвэл улстөрч байна. Тэгэхээр манай энэ хуулийг урвуугаар ашиглах эрсдэлтэй. Яагаад гэвэл дээрх 1,146 хэргийн бараг тал нь хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сэтгүүлчид хариуцлага тооцуулсан байдаг. Үүнээс гадна шүүхээс шийдвэрлэхээс өмнө гомдол гаргаж байгаа тохиолдол маш олон. Жишээ нь, 2021 оны хувьд Эрүүгийн хуулийн 13.14 буюу илт худал мэдээлэл тараах гэдэг үндэслэлээр гомдол гаргасан 700 гаруй тохиолдол байна. Үүнээс 15 нь л шүүхээр шийдвэрлэгдсэн.
Гомдол мэдээлэл гаргасан тохиолдолд цагдаагийн байгууллага хэрэг бүртгэлтийн хэрэг нээгээд улмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулах юм бол иргэдийг цагдан хорих бололцоотой болсон. Одоогийн худал мэдээлэл тараах гэдэг заалтын хүрээнд ярихад. Тухайлбал, 2020 оны байдлаар худал мэдээлэл тараасантай холбоотойгоор хоёр иргэнийн 53 хоногийн хугацаатай цагдан хорьсон. Тухайн гэмт хэрэгт буруутай гэж үзэхээс өмнө.
Өнгөрсөн жилийн тухайд 2-11 хоногийн хугацаатай баривчлагдсан хоёр иргэн байна. Тэгэхээр доромжлох заалтыг Эрүүгийн хуульд оруулах юм бол тухайн хэргийг шалгаж байх явцад иргэдээр шүүмжлэл өрнүүлэхгүй, дуу хоолойг нь хаах үүднээс цагдан хорих боломжийг нээж өгнө.
Хоёрдугаарт, сонгуулийн жилүүдэд нэр төр гутаах, доромжлохтой холбоотой гомдол, нэхэмжлэлийн тоо огцом нэмэгддэг. Жишээ нь, 2020 онд иргэний журмаар нэр төр, алдар хүндээ сэргээлгэхээр шийдвэрлэгдсэн хэргийн тоо 106 байна. Энэ нь өмнөх жилүүдтэй харьцуулбал бараг хоёр дахин өндөр тоо.
Тэгэхээр ирэх 2024 оны сонгуулийн үеэр улстөрчид өөрийг нь шүүмжлэх юм бол цагдаад гомдол гаргаж тэдгээр иргэдийг дуугүй болгох зорилготой байгаад байгаа юм.
-Доромжлох гэдгийг Улсын дээд шүүхээс тайлбарласан байдаг. Тэрхүү тайлбар нь өнөөгийн нийгэмтэй уялдаж чадах уу?
-Улсын дээд шүүхийн 2007 оны 40 дүгээр тайлбар бий. Хууль хэрэглэхтэй холбоотойгоор дэлхийн чиг хандлага, үндэсний соёл сэтгэлгээг харж Улсын дээд шүүх бүрэн эрхийнхээ хүрээнд казуал тайлбар гаргасан. Энэ тайлбарыг шүүхэд, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд баримтлах ёстой.
Энэхүү тайлбарт доромжлохыг илүүтэй хувь хүн хоорондын, ёс суртахуунаас урган гарсан, уламжлалт зан заншил, үндэсний сэтгэхүйтэй холбоотой тайлбарласан байдаг. Уг тайлбарт “доромжлох гэдэгт нийгэмд тогтсон хүмүүсийн хоорондын харилцааны болон ёс суртахууны шаардлагын хэм хэмжээ, үндэсний зан заншил, уламжлалд харшилсан, тухайн хүний нэр төр, алдар хүндийг санаатай гутаасан үйлдлийг хэлнэ” гэсэн байгаа юм.
Тэгэхээр ёс суртахуун, ёс зүй, зан заншилтай холбоотой асуудалд Эрүүгийн хууль үйлчилнэ гэдэг нь өөрөө асуудалтай зүйл. Ёс суртахуун болгоныг хуулиар зохицуулж болох уу.
Нөгөө талаас манай уламжлалд доромжлолын өнгө аяс нэвт шингэсэн байдаг. Жишээ нь, үлгэр тууль, уран сайхны кино, хошин шог зураг. Сүүлийн үеийн чиг хандлага болох комеди урсгал. Эдгээр нь үзэл бодлоо илэрхийлэх, эрүүл үзэгдэл юм.
-УИХ-ын гишүүн Б.Энхбаяр улс төрд нөлөө бүхий этгээд ажил үүрэгтэй нь холбоотой шүүмжлэлд гомдол гаргах эрхгүй гэдэг агуулгатай хуулийн төсөл санаачлан өргөн барьж байсан?
-Нэр бүхий гурван гишүүн 2021 оны хавар өргөн барьсан юм билээ. Энэ бол 13.14 дүгээр зүйлтэй холбоотой тайлбарыг Эрүүгийн хуульд оруулъя гэдэг хуулийн төсөл байсан. Харамсалтай нь одоо болтол батлагдаагүй.
Тухайн тайлбарын ач холбогдол маш их. Төрийн байгууллага, төрийн албан хаагч, улстөрчдийн гомдол гаргах эрхийг нь хязгаарлаж байгаа юм. Хоёрдугаарт, хэрэг шалгаж, шийдвэрлэж байгаа цагдаа, шүүхийн ачааллыг эрс багасгана.
Улстөрч, төрийн албан хаагчид шүүмжлэлд хүлцэнгүй хандах ёстой. Тэд өөрөө хүсэж тэр албан тушаалд очсон учраас. Тэр албан тушаалыг хашиж байгаатай нь холбоотой ажил үүргийнх нь хүрээнд шүүмжлэх юм бол тухайн албан тушаалыг хашиж байх хугацаандаа гомдол гаргахгүй. Харин ажлаа өгсний дараа иргэний журмаар ч юм шүүхэд хандах эрх нь нээлттэй. Энэ бол маш зөв, жишиг зохицуулалт.
Мөн анхдагч мэдээллийн эх сурвалжаас өөр буюу шэйр хийсэн тохиолдлын тухай тайлбарлая.
Манайд линкийг цааш түгээсний төлөө хариуцлага хүлээж байгаа тохиолдол байна. Иргэний хэргийн 2021 онд шийдвэрлэгдсэн 54 хэрэг дотор хэвлэлийн бага хурлыг өөрийн фэйсбүүк аккаунтаараа шууд дамжуулсны төлөө буруутай гэж үзээд уучлал гуйж, тухайн тараасан арга хэрэгслээрээ няцаалт хийхийг даалгасан шийдвэр гарч байсан. Гэтэл тэр иргэн өөрийн үзэл бодлыг тусгаагүй, тухайн мэдээллийг бэлтгээгүй.
Үүнээс өмнө нь ч гэсэн яг ийм тохиолдолд хэвлэл мэдээллийн байгууллагыг буруутай гэж үзэж байсан удаа бий.
-Тэгвэл доромжлох гэдэг заалтыг Эрүүгийн хуульд оруулсан тохиолдолд хэвлэлийн бага хурлын шууд дамжуулалтыг өөрийн аккаунтаараа цацвал тун амархан хэрэгтэн болох нь ээ?
-Одоогийн хэрэг хянан шийдвэрлэж буй практикаар хэрэгтэн болох бүрэн боломжтой.
-Эрүүгийн хуульд доромжлох гэдэг заалтыг оруулахаас гадна “илт худал мэдээлэл тараах” гэдэг заалтаас “илт” гэдэг үгийг хасахаар хуулийн төсөлд тусгаж. Үүний үр дагаврыг юу гэж харж байна вэ?
-Илт гэдэг үг нь хууль зүйн талаасаа тухайн шалгагдаж байгаа иргэн ашигтайгаар шийдвэрлүүлэх бололцоог олгодог. Ганцхан үг хэр нь. Гэвч хоёр хүн ярилцаж байгаад хэн нэгэндээ худал хэлж болохгүй, гэр бүлийн хүрээнд хүмүүс маргалдаад бие биеэ доромжилж болохгүй болж байна. Хэрэв тэгвэл энэ дээр төр оролцоод эхлэх нь.
Гүтгэх, доромжлох үйлдлийг эрүүгийн бус иргэний журмаар шийдвэрлэх нь тухайн гэмт хэргийн улмаас хохирсон иргэн гэм хороо арилгуулж, нэр төрөө сэргээлгэх боломжтой. Тэгэхээр хүн хоорондын харилцаан дээр төр хүчтэй механизмаар далайлгаж орж ирэх нь зохимжгүй юм. Ашиг нь хэнд очих уу. Торгуулийн шийтгэл оногдууллаа гэхэд төрийн дансанд л төвлөрнө. Гэтэл иргэний журмаар айдасгүйгээр, цагдан хоригдолгүйгээр, хохирлоо төлүүлэх бололцоотой юм.
Үүнээс гадна худал мэдээлэл тараах, түгээх гэдэг тайлбаргүй. Тараах, түгээх гэж юуг хэлэх вэ гэдэг тодорхойгүй байдаг.
Мөн доромжлох гэдэг асуудал Эрүүгийн хуулийн нэлээд хэдэн заалтад тусгагдсан. Тухайлбал, хууль сахиулагчийн албан үүргээ гүйцэтгэхтэй нь холбоотойгоор хэл амаар доромжилсон бол гэмт хэрэгт тооцно. Хүнийг хүчиндэхдээ тохуурхан даажигнасан бол хүндрүүлнэ. Доромжлох гэдэг бол холбогдох зүйл заалтууд дээр тусгагдаж, хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй байгаа. Тиймээс тусдаа гэмт хэргийн төрөлд оруулах шаардлагагүй.
-“Комедианы элэглэл, сэтгүүлчийн шүүмжлэл бол доромжлол биш” гэж Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар хэлсэн. Хэрэв доромжлох гэдэг ойлголтыг Эрүүгийн хуульд оруулбал, комедиан, сэтгүүлчдэд энэ заалт үйлчлэхгүй байх боломжтой юу?
-Хууль зүй, дотоод хэргийн яамыг төлөөлж байгаа албан тушаалтан, улстөрч олонд таалагдах үүднээс буруу тайлбар хийгээд байна. Энэ бол доромжлох үйлдлийг Эрүүгийн хуульд оруулах шаардлагагүй гэдгийг батлах нэг үндэслэл.
Энэ гэмт хэргийн улмаас хэвлэл мэдээллийг байгууллага, сэтгүүлч, комедианууд хариуцлага хүлээгүй гэж хэлээд байгаа. Энэ нь байж боломгүй зүйл. Хуулийн төсөлд тийм заалт огт байхгүй. Зөвхөн олон нийтэд таалагдахын тулд тийм тайлбар хэлж байна.
Нөгөө талаар өнөөгийн манай Эрүүгийн хуулиар тусгайлсан субъект нь комедиан болон сэтгүүлчид биш. Тэд доромжлохыг өөртөө хамаатуулсан, ажил хэргийн хувиар хариуцах этгээд биш. Тэгэхээр энэ бол Үндсэн хуулийн зөрчил.
Хоёрдугаарт, комедиан, сэтгүүлч гээд ялгачих юм бол бусад уран бүтээлчдийг яах вэ. Уран сайхны кино, шог зураачдыг яах вэ. Тиймээс энэ бол ямар ч боломжгүй тайлбар.
Мөн энэ заалтыг оруулах болсон шалтгаанаа хүүхдийн эрхтэй холбон тайлбарласан. Цахим орчинд үзэн ядах үг хэллэг байгаа. Үзэн ядах үг хэллэг нь хор уршигтай.
Гэтэл Монгол Улсад өнөөдрийн байдлаар 816 хууль байна. Энэ дунд хүүхдийн эрхийг тусгайлан хамгаалсан хоёр хууль бий. Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгаалах тухай хуулиуд байна. Эдгээр хуулиас гадна Эрүүгийн хуулиар хүүхдийн эрхийг тусгайлан хамгаалсан.
Хоёрдугаарт, тухайн гэмт хэргийг үйлдсэн субъектэд хариуцлага хүлээлгэх асуудал. Доромжлох заалтыг хүүхдийн эрхийг хамгаалахтай холбож тайлбарлаад байна. Хүүхэд рүү хэн дайрах уу. Хүүхэд рүү хүүхэд л цахимаар дайрч байгаа шүү дээ.
Нийтлэх субъект бол 16 нас. Албан тушаалын субъектүүд 18 наснаас дээш байдаг. Онцгойлсон субъект буюу хамгийн багадаа 14 насыг заадаг. Гэхдээ маш цөөхөн тохиолдол 14 настай хүүхдэд хариуцлага хүлээлгэдэг.
Худал мэдээлэл тараасан гэмт хэрэг нийтлэг субъектээр буюу 16-18 насаар зохицуулагдана. Гэтэл 16-18 насны хүүхдийн тоог нийт хүн амтай харьцуулахад маш бага. Эдгээр хүүхдийн эрхийг доромжлох гэдэг заалтыг Эрүүгийн хуульд оруулснаар хамгаалахгүй.
Үүнээс гадна доромжлох заалтыг Эрүүгийн хуульд оруулах хэрэгцээ шаардлагыг тайлбарлахдаа хэн нэгний зураг дээр шээж доромжилж байна гэдэг жишээ татсан. Тэгвэл яг тэр үйлдлийг та өөрөө харсан уу гэж сайдаас асуумаар байгаа юм. Гэртээ, гудамжинд хэн нэгний зураг руу шээж л байг л дээ. Тэглээ гээд хэнд, ямар хохирол учраад байгаа юм бэ. Тэр зургийн эзэн мэдээгүй байхад сайд яаж мэдээд байгаа юм. Иймэрхүү л тайлбар хэлээд байгаа юм.
Ер нь энэ үйлдлийг Эрүүгийн хуульд буцаан оруулах гэж байгаа нь улс төрийн зорилготой гэхээс өөр тайлбар байхгүй. Яагаад гэвэл улстөрчид гомдол гаргах эрхээ хадгалсаар байгаа. Тэд дараагийн сонгуульд энэ эрхээ ашиглах, ажил үүргээ гүйцэтгэж байхдаа шүүмжлэлд өртөхгүй байх, шүүмжлэлээс зугтаах, ардчилсан нийгмийн байр сууринаас ухрах санаархал л байгаа юм.
Харин өнөөдөр шүүмжлэл бол нийгмийн эрүүл үзэгдэл юм.
-Ярилцсанд баярлалаа.