Зураг
Зураг
Индэр    
2022 оны 5 сарын 24
Зураг
Нөхөн үржихүйн дотоод шүүрэл, үргүйдлийн эмч, Шинжлэх ухааны магистр

Тамхи таны нөхөн үржихүйд нөлөөлөх нь....

Зураг

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас тавдугаар сарын 31-ний өдрийг ТАМХИГҮЙ ӨДӨР хэмээн зарласан байдаг ба тамхины хор уршгийн талаар нийтэд таниулж өнгөрөөдөг.

Тус өдрийг угтан “Тамхи хүний нөхөн үржихүйд хэрхэн нөлөөлдөг” талаарх мэдээллийг хүргэж байна.

“Тамхи бэлгийн сулрал үүсгэнэ”, “Тамхи ургийн гажиг үүсгэнэ” гэсэн тэмдэглэгээтэй тамхи худалдаалагдаж байхыг бид өдөр тутамдаа хардаг. Түүнчлэн тамхи хүний нөхөн үржихүйд аажим аажмаар эргэн сэргэхгүй хор хөнөөл учруулдаг.

Тамхи бэлгийн эсэд нөлөөлөх нь

Тамхи татдаг эмэгтэйчүүд тамхи татдаггүй эмэгтэйчүүдээс 1-4 жилийн өмнө цэвэршдэг. Учир нь тамхинд агуулагддаг химийн бодисууд нь өндгөвчинд байгаа өндгөн эсийн нөөцийг бууруулж, эргэн сэргэх боломжгүй болгодог. Харин эрэгтэйчүүдийн үрийн шингэн дэх эр бэлгийн эсийн тоо цөөрч, хөдөлгөөнтэй болон хэвийн бүтэцтэй үр тогтоох чадвартай эсүүдийн тоо багасдаг байна.

Тамхи үр тогтоох чадварт нөлөөлөх нь

Тамхи татдаг эрэгтэй, эмэгтэйчүүдийн дунд үргүйдэлтэй байх магадлал тамхи татдаггүй хүмүүстэй харьцуулахад 2 дахин өндөр байдаг. Өдөрт татах тамхины тоо их байх тусам үргүйдлийн эрсдэл тэр хэмжээгээр нэмэгддэг.

Тамхи татдаг хосууд үр шилжүүлэн суулгах эмчилгээнд хамрагдсан ч эмчилгээний үр дүн бусад хүмүүстэй харьцуулахад бага байдаг. Түүнчлэн тамхи бэлгийн эсийн удам зүйн материалыг гэмтээдэг тул зулбах, ургийн гажиг үүсэх хүчин зүйл болдог.

Төрөх хүүхдэд нөлөөлөх нь

Жирэмсний хугацаанд тамхи татах нь ургийн өсөлт сааталтад хүргэдэг, эдгээр хүүхдүүд нь ирээдүйд чихрийн шижин, таргалалт, астма, зүрх судасны өвчнөөр өвдөх эрсдэлтэй байдаг. Мөн өдөрт тал хайрцаг тамхи татдаг байсан ээжээс төрсөн хүү ирээдүйд үргүйдэлтэй болох магадлалтай.

Тамхи татахаа зогсоовол яах вэ?

Тамхинаас гарах нь таны нөхөн үржихүйн эрүүл мэнд, цаашдын гэр бүл төлөвлөлт, ирээдүйд төрөх хүүхдийн эрүүл мэндэд ашиг тустай. Эрт татгалзах тусам алсад үзүүлэх хор хөнөөл бага, эргэн сэргэх боломж өндөр.