Индэр    
2022 оны 5 сарын 18
Зураг
Эдийн засагч, шинжээч

ХЯМРАЛ ХАЯАНД УУ?

Зураг

Оны эхний улиралд эдийн засаг 3.8 хувиар уналаа. Нүүрс гараагүй, экспорт хийгдээгүй учир уул уурхайн салбар тус уналтын гол шалтгаан боллоо. Цаашид тэгвэл яах вэ?

Хоёрдугаар улиралд эдийн засаг дахин уналттай гарах магадлал өндөр. 4, 5, 6-дугаар сард нөхцөл байдал бахь байдгаараа... Хятад тэг ковид бодлоготой хилээ бараг хаасан, ОХУ дайн дажинтай хилийн асуудалтай. Манайх худалдаа, үйлчилгээ, санхүүгийн хувьд гадаад зах зээлээс тасран одов. Хойд Солонгостой адил. Яг салбар бүрээр яах вэ?

Уул уурхайн салбар нар үзэхгүй бололтой

Жил бүр 30 гаруй сая тонн нүүрс гаргадаг. Эхний 4 сард 5 сая тонн гэхээр энэ жил 15 сая тонн гаргавал их юм. Хэвийнхээс 2 дахин бага. Дээр нь олон улсын нүүрсний үнийн өсөлтийг бид хүртээд байгаа юм байхгүй. Хятадын ТЭГ ковид бодлого, үл хөдлөхийн хямрал, Ши-гийн улс төрийн байр сууриа хадгалах гэсэн оролдлого зэргээс харахад экспорт дээр он дуустал нар үзэхгүй нь ээ. Бид хил дээрээ мянга орилоод нэмэр үгүй. Энэ бол гадаад хүчин зүйлс.

Дотоод талдаа уул уурхайн компаниудад шинэ хөдөлмөрийн хуультай холбоотой хүний нөөцийн тогтворгүй байдал, хилийн гацаатай холбоотой тоног төхөөрөмжийн хомстол, шатахууны өсөлттэй холбоотой өртөг нэмэгдэл зэрэг олон асуудлууд тулгарч байна. Тиймээс энэ онд Оюутолгойн зэсийн баяжмал, алтны экспорт хоёртоо л найдах үлдлээ. Олигтой өсөлт байхгүй.

Худалдаа, тээвэр нь уул уурхайгаас л хамаардаг

Тээвэр бол ойлгомжтой. Нүүрсний машинууд юм. Тэгэхээр энэ жил тээврийн салбарын өсөлт уул уурхайгаас л хамаарна. Түүнчлэн худалдааны салбарын 50 хувь нь уул уурхайгаас шууд хамаардаг. Худалдааны салбарт бол түргэн эдэлгээтэй хүнс л явна гэхээс биш удаан эдэлгээтэй бараа нэг их явахгүй. Учир нь хүмүүс хорионд ороод гэртээ 2 жил үдсэн. Тэр үедээ ширээ сандлаас эхлээд телевизор, угаалгын машинаа хүртэл сольж амжсан. Мөн худалдааны салбарт ложистикийн асуудалд хүндээр тусаж байна. Хойд хөршөөр дамждаг байсан суваг хаагдаж, өөр сувгууд компаниуд эрэлхийлж байна. Гэвч өртөг өндөр байх нь ойлгомжтой. Эцэст нь үнэ өснө. Улмаар эцсийн хэрэглэгч л бүгдийг төлнө.

Боловсруулах салбар түүхий эдийн дутагдалтай

Энэ салбарын 50 хувь нь хүнс. Хямралын үед хүнсний салбар л торойдог доо. Гэхдээ энэ салбарт түүхий эдийн татан авалт удааширч хүндрэлд орсон. Ямар ч үйлдвэрийн нэг жижиг түүхий эд нь импортынх болчхоод байдаг. Мөн л ложистик хүчтэй нөлөөлж байна. Тэгээд 3 хувийн зээлтэй, зээлээ энэ 6-р сараас төлнө гэхээр борлуулалт нь байхгүй нөхцөлд чанаргүйдэх эрсдэлтэй. Эцсийн шийдвэр нь өртгөө өсгөж, үнээ өсгөнө. Улмаар эцсийн хэрэглэгч л бүгдийг төлнө. ОХУ, Украин асуудал мөдгүй. Энэ салбарт хүнснээс бусад дэд салбарт өсөлт харахад хүнд байна.

ХАА-н салбар гурил, махны нийлүүлэлтийн асуудалтай

Мах, гурил хоёр байхад Монголчууд амьдардаг гэж ерөнхийлөгч айлдаж байв. Гэвч энэ жил мах гурил нь ч асуудал дагуулж мэдэхээр байна. Дэлхийн хамгийн том нийлүүлэгч Энэтхэг улсад гантай жил болж байна. Тиймээс улаан буудайн экспортдоо хориг тавьсан. ОХУ, Украин нь Европын үр тарианы 3-ны 1-ийг нийлүүлдэг. Бүх үржил шимтэй газраар нь танк дайраад юун ургац хураах мантай. Тиймээс гаднаас үрээ авдаг манай улсад гурилын асуудал хурцаар тавигдана. Мах бол жилийн жилд л үнийн өсөлттэй. Саяхан гол нийлүүлэгч Архангай, Сэлэнгэ зэрэг аймгуудад шүлхий гарсан. Энэ жил харин өвөл, хавар нь зуд зурхангүй өнгөрлөө. Үнэ тогтворжуулах хөтөлбөрийг энэ 2 бүтээгдэхүүн дээр хэрэгжүүлсэн. Насгүй хөтөлбөр гэвч нөлөөтэй. Хөгжлийн банкны идэш уушны асуудал дуусаагүй байхад арай энэ дээр луйвардахгүй байлгүй дээ.

Барилгын салбарын хөөсрөл дуусгавар болно

Барилгын үнэ дээшээ гэдэг үг бий. Байнга дээшээ, бүүр дээшээ... Манайд энэ барилгын үнэ үнэхээр утгагүй тогтдог. Нэг их эрэлт, нийлүүлэлт гэж ярьдаг ч зүгээр УБ хот нь дэд бүтэцгүй болчихсон. Тэлэх мөнгө байхгүй. Тэгээд бүх байрнууд нь тэр чигээрээ түрээс. Хэдхэн эзэнтэй. Түрээсийн орлогодоо ч татвар төлдөггүй, нэмж авсан үл хөдлөх дээрээ ч татвар төлдөггүй. Нохойд яс хаяж байгаа мэт 6, 8 хувьтай зээлийн хөтөлбөр хэрэгжүүлээд бүр эрэлтийг нь өсгөчихсөн. Хямд хүүгээр, үнэтэй байр уралдан авдаг гэдгээ бид мэддэг л байгаа даа. За цаашид энэ салбарт эрэлт буурах нь гарцаагүй. Хүмүүс ашиг, орлого нь өсөхгүй болж эхлэхэд юугаараа байр сонирхох билээ. Салбарын борлуулалт буурч эхэлнэ. Улмаар хуучин байрнуудаас эхэлж үнэ буурч эхлэх болов уу. Оны төгсгөл хавиар энэ процесс явагдана. Харин шинэ байрнууд ирэх жилээс л үнэ нь хэлбийх болов уу. Хэлбийлээ гээд овойж, оцойтол бол унахгүй. Учир нь нийлүүлэлт бага хийгдэж байна.

Үйлчилгээний салбар мөрөөрөө л өснө. Гэхдээ өндөр өсөлт биш

Үйлчилгээ бол маржин багатай, стресс ихтэй бизнес. Хөл хорио байхгүй. Иргэд 2 жил ковид дунд өнгөрүүлсэн. Энэ зун найр, наадам их хийнэ. Тиймээс дотоодын аялал жуулчлалаас эхлээд идэвхжил их байх болов уу. Гагцхүү бидний тогооны сав бага. Үйлчилгээний салбар луу орж ирдэг гол мөнгө нь уул уурхай, тээвэр, худалдааны салбарт ажилладаг цалингийн түвшин өндөр хүмүүс илүү нөлөөтэй. Тиймээс нэг талдаа ковидоос залхсан хүмүүсийн тэсрэлт байх ч нөгөө талдаа санхүүжилт нь хязгаартай.

Дээрх бодит секторуудын үйл хөдлөлөөс хамаарч үнэ, хүү, ханш, өсөлт тогтдог. Тэгэхээр нөхцөл байдал амаргүй байна. Үнийн өсөлт бол энэ онд 14 хувиас төдийлөн буухгүй. 2 оронтой тоонд л байна. Учир нь импортын бараа нь хоёр талдаа хилийн асуудалтай. Дотоодын бараа нь түүхий эдээ импортоор авдаг. Эцэст нь бүгд импорт дээр тогтож байна. Импорт бол хил гаалиас л хамаарна. Хил гаалийн асуудал энэ жилдээ шийдэгдэнэ гэдэг худал болохоор байна.

Харин валютын ханш 9, 10, 11 сарын валютын гарах урсгалыг хэр хааж чадахаас шалтгаална. Гэснээс тэр Хөгжлийн Банкны зээл барагдуулж, бондын төлбөр төлнө л гээд байгаа. Тэгэхээр ихэнх нь төгрөгийн орлоготой ААН-үүд. Бондоо төлөхдөө ам.доллароор төлөх ёстой. Хэрвээ дотоодоосоо ам.доллар хамах юм бол ханш бол явж өгнө. Зэс, алт хоёр дээр л экспортын орлого нэмэгдэх найдвар байна. Одоо Засгаараа наадаад явчихгүй шиг амралтын энэ үеүдэд ажлаа сайн хийх хэрэгтэй.

Эдийн засгийн өсөлт бол зах зээлийн суурь өсөлт. Цаана нь ашиг, ажилчдын цалингийн өсөлт яригддаг. Энэ жил олон улсын байгууллагууд ч тэр 1-2 хувийн өсөлтийг л хэлж буй. Таамаглал нь 8 дугаар сараас хойш бүх зүйл арай дээрдэнэ гэж үзэж байгаа нь эрсдэлтэй.