Индэр    
2022 оны 5 сарын 2
Зураг
iKon.mn сэтгүүлч

Л.Ганбат: Өмнөх онуудын төгсөгчид ЭЕШ өгөх нь ихэссэн нэг шалтгаан нь мэргэжил сонголттой холбоотой

Зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Элсэлтийн Ерөнхий Шалгалт/ЭЕШ/-ын бүртгэл дөрөвдүгээр сарын 25-нд хаагдсан. Хоёр сар үргэлжилсэн бүртгэлийн явц, хэзээ ЭЕШ-ыг зохион байгуулах талаар болон сурлагын амжилтын олон улсын үнэлгээ зэрэг Боловсролын Үнэлгээний Төв/БҮТ/-өөс хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаар тус төвийн захирал Л.Ганбаттай ярилцлаа. 

- ЭЕШ-д хэдэн хүн бүртгүүлсэн бэ. Ихэнх шалгуулагч ямар хичээлүүд сонгов?

- Их, дээд сургуульд элсэгчдээс авдаг ЭЕШ-ын бүртгэл хоёрдугаар сарын 14-нөөс дөрөвдүгээр сарын 25-ныг дуустал Боловсролын Үнэлгээний төвийн цахим хуудсаар явагдлаа. Нийтдээ 36,425 шалгуулагч бүртгүүлсэн.

Задалбал, энэ жил 12 дугаар ангиа төгсөж буй 29,000 гаруй төгсөгч, өмнөх онуудын 7,000 гаруй шалгуулагч байна.

Хичээл сонголтоос нь харвал 80 орчим хувь нь Математик, Англи хэл, Нийгэм судлал зэрэг хичээлийг сонгосон. Ихэнх шалгуулагч 3-4 хичээл сонгон бүртгүүлсэн.

- Шалгалтыг хэзээ авахаар төлөвлөж байгаа вэ?

- Зургаадугаар сарын сүүлийн 10 хоногт зохион байгуулахаар төлөвлөж байна. Нарийвчилсан хуваарийг удахгүй зарлана. Мөн БҮТ-өөс ЭЕШ-тай холбоотой бүхий л зөвлөмж мэдээлэл өгөхөөс гадна сэтгэл зүйч ч зөвлөгөө өгөх юм.

- Энэ жил өмнөх онуудын төгсөгчдөөс 7,000 гаруй хүн бүртгүүлснийг та сая хэллээ. Өнгөрсөн жил ч мөн олон хүн хамрагдаж байсан. Үүний шалтгаан юу вэ. Цар тахлын үед хичээл сургалт завсардсантай холбоотой болов уу?

- Өмнөх онуудын төгсөгчдөөс дунджаар 3-4 мянган хүн ЭЕШ өгдөг. 2021 онд өмнөх онуудын 8,000 гаруй төгсөгч шалгалт өгч байсан. Үүнд судалгаа хийхэд КОВИД-19-ийн нөхцөл байдлаас гадна мэргэжил сонголтын асуудал байв. Хүүхдүүд мэргэжлээ оновчтой сонгоогүйгээс үүдэн сургууль, мэргэжлээ солих шаардлага үүсдэг тул дахин ЭЕШ өгөх нь нэмэгдэж байна.

- Тэгэхээр мэргэжил сонголтын талаар зөвлөгөө мэдээллийг илүү өгөх шаардлагатай болж байна уу?

- Тийм. Иймд БҮТ-өөс ажил мэргэжлийн чиг баримжаа олгох зорилгоор myfuture.mn сайтыг ажиллуулж байна. Сайтын үйл ажиллагааг тогтмолжуулж, ерөнхий боловсролын сургуулийн наймдугаар ангиас мэргэжлийн чиг баримжаа олгох сургалт, мэдээллийг үе шаттайгаар хийх нь зүйтэй гэж үзэн ажлаа эхлүүлсэн.

- Энэ онд ерөнхий боловсролын сургуулиа төгсөж буй хүүхдүүдээс хэд нь ЭЕШ-д бүртгүүлээгүй вэ?

- 3,000 гаруй хүүхэд бүртгүүлээгүй. Энэ жилдээ өнжих, гадаадад суралцах, ажлын байран дээр шууд гарах зэрэг шалтгаанаар бүртгүүлээгүй болов уу.

- ЭЕШ-д Монгол хэлний мэдлэгийг шалгадаг. Тийм байтал Монгол хэл бичгийн шалгалт авч байгааг зарим хүн шүүмжилдэг. Энэ талаар та юу хэлэх вэ?

- Бүх нийтээр өгдөг Монгол хэл бичгийн шалгалтыг Засгийн газрын тогтоолын дагуу авдаг. Гол зорилго нь монголчуудын эх хэлний дархлааны түвшинг тогтоох юм. Эх хэл дээрээ сайн уншиж, ойлгож, бичдэг байснаар бусад мэдлэгээ олж авна.

Харин ЭЕШ-аар Монгол хэлний мэдлэг сорих нь Монгол хэлний багш, Сэтгүүлч зэрэг тухайлсан мэргэжил эзэмших хүмүүсээс авдаг тусдаа шалгалт юм.

- Монгол хэл бичгийн давтан шалгалтад хэдэн хүн бүртгүүлэв?

- Давтан шалгалт тавдугаар сарын 7-нд болно. Үүнд 10,400 орчим шалгуулагч оролцохоор бүртгэлээ баталгаажуулсан. Дөрөвдүгээр сарын 2-ны шалгалтад хамрагдаад босго оноо буюу 400 оноогоо авч чадаагүй 5,000 орчим суралцагч байгаа. Эдгээр хүүхэд дахин орно. Мөн өмнөх шалгалтад хүндэтгэн үзэх шалтгаанаар хамрагдаж чадаагүй сурагчид тавдугаар сарын 7-нд оролцоно. 

- Давтан шалгалтад босго оноондоо хүрээгүй бол ЭЕШ өгөх боломжгүй юу?

- Босго оноондоо хүрээгүй байсан ч бүртгүүлсэн хичээлээрээ ЭЕШ өгнө. Харин их, дээд сургуульд орж чадахгүй гэсэн үг. Монгол хэл бичгийн шалгалтад заавал тэнцэж байж их, дээд сургуульд орох эрх нээгдэнэ. ЭЕШ-ын оноо нь 2.5 жилийн хугацаанд хүчинтэй тул арваннэгдүгээр сард болох Монгол хэл бичгийн шалгалтад хамрагдаж тэнцвэл 2022 оны ЭЕШ-ын оноогоороо их, дээд сургуульд элсэх боломжтой.

- Өнгөрсөн оноос хийж эхэлсэн нэг том ажил олон улсын шалгалтын оноог ЭЕШ-ын оноотой дүйцүүлэн тооцох. Одоогоор хэдэн хүүхэд оноогоо дүйцүүлэх хүсэлт өгсөн бэ?

- Боловсрол, шинжлэх ухааны сайдын тушаалаар олон улсын шалгалтын дүн оноог ЭЕШ-ын оноотой дүйцүүлэх журам гарсан.

Хэрэгжилтийг нь хангах үүднээс оноог хэрхэн дүйцүүлэх аргачлалыг БҮТ-өөс боловсруулан, шалгуулагчдаас цахимаар хүсэлтийг нь авч эхлээд байна. Цахим систем ажиллаад 10 гаруй хонож байгаа энэ хугацаанд 10 гаруй хүн хүсэлтээ гарган баталгаажуулсан.

IELTS, TOEFL зэрэг олон улсын шалгалтын оноотой бол үүнийгээ дүйцүүлэх эрх бүгдэд нээлттэй.

- 15 настай монгол сурагчид дөрөвдүгээр сарын 11-нээс PISA-д хамрагдаж эхэлсэн. Үнэлгээний явц ямар байна вэ?

- Олон Улсын Эдийн Засгийн Хамтын Ажиллагааны Байгууллага болох OECD-ээс PISA буюу сурлагын амжилтын олон улсын үнэлгээг 2000 оноос эхлэн зохион байгуулж ирсэн.

Үүнд Монгол Улс анх удаагаа 2022 онд хамрагдаж байна. Нийтдээ 195 сургуулийн 7,300 орчим 15 настай сурагчид оролцож байгаа. Шалгалтын зорилго нь суурь боловсрол эзэмшсэн суралцагчдын танхимаар олж авсан мэдлэгийг амьдрал дээр хэрхэн ашиглаж байна вэ гэдгийг илрүүлэх. Монгол Улсын хувьд дөрөвдүгээр сарын 11-нээс тавдугаар сарын 16-н хүртэл үнэлгээнд хамрагдана. Өнөөдрийн байдлаар 70 орчим сургууль хамрагдаад байна. Түүврээр сонгогдсон сурагчид үнэлгээний даалгавруудыг компьютер дээр гүйцэтгэж байна.

- Манай улсад хэдэн удаа хамрагдахаар төлөвлөсөн бэ?

- Олон улсын үнэлгээнд тогтмол хамрагдаж, суурь боловсролын чанар хүртээмжийг тодорхойлохыг зорьж байна. Дэлхийн өндөр хөгжилтэй болоод боловсролын салбартаа анхаарч, амжилттай хөгжүүлсэн улс орнууд үүнд тогтмол хамрагддаг. Үнэлгээний үр дүнд тулгуурлан боловсролын тогтолцоогоо дүгнэх, шинэчлэн чиглүүлэх боломжтой.

- PISA-ийн хариу нь нарийвчилсан дүн шинжилгээтэй ирдэг. Мөн тодорхой өртөгтэй байх. Шалгалтад хэр хэмжээний зардал гарч байгаа бол?

- Энэ бол Дэлхийн банк OECD, БШУЯ гэсэн гурван байгууллагын хамтарсан гэрээний хүрээнд Дэлхийн банкны санхүүжилтээр хийгдэж байгаа.

- БҮТ-ийг өөрийн гэсэн байртай, хүрээлэн болгон хөгжүүлэх зорилгоор хоёр ч удаа байрны асуудлыг хөндсөн ч зогссон. Энэ төлөвлөгөө ямар шатандаа байна вэ?

- БҮТ-ийн бүтэц, чиг үүрэг өргөжсөөр байна. Бидэнд тулгамдсан асуудал бол өөрсдийн байртай болох. Өнөөг хүртэл түрээсийн байранд ажилладаг. Одоогоор шийдэгдсэн зүйл байхгүй.

- Одоогоор та бүхэн ямар үнэлгээ, шалгалтад төвлөрч ажиллаж байгаа вэ?

- Энэ оноос эхлэн ЭЕШ-ыг жилд хоёр удаа авдаг болж байгаа. Монгол хэл бичгийн шалгалтыг гурван удаа зохион байгуулна.

Багш нарын цалин хөлсний шинэчлэлтийн хүрээнд хийгдэж буй үр дүнд суурилсан урамшууллын хувь хэмжээг тодорхойлох зорилготой гүйцэтгэлийн үнэлгээг жилд хоёр удаа өргөн хүрээнд хийж эхэлсэн.

Мөн нэгдүгээр ангид элссэн зургаан настай хүүхдүүдээс сургуульд бэлтгэгдсэн бэлэн байдлын үнэлгээг 2022 оноос тогтмол зохион байгуулахаар төлөвлөөд байна. 

Үүний зэрэгцээ боловсролын чанарын үнэлгээг хийх юм. Тодруулбал, PISA-ийн аргачлалын дагуу Монгол Улсад боловсролын чанар ямар байгааг үнэлэхийг зорьж байна. Энэ мэтчилэн БҮТ-ийн үйл ажиллагаа өргөжсөн. Үндсэндээ долоо, наймдугаар сараас бусад сард ямар нэг үнэлгээ хийнэ. Гэхдээ энэ нь сургуулиуд дээр байнга очоод хүндрэл учруулна гэсэн үг биш. Түүврийн аргаар хийгдэх юм.

- Олон төрлийн судалгаа, үнэлгээн дээр ажиллах нь. Одоогоор хийгдэж, үр дүнгээ нэгтгэсэн судалгаанаас онцолбол?

- Өнгөрсөн жил хоёр том судалгаа хийсэн. Нэг нь цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор хоцрогдлын хэмжээг тодорхойлох оношилгоо. Энэ нь тааруу түвшинд гарсан. Тухайлбал, 1-12 дугаар ангийн бүх хичээлд сургалтын хөтөлбөрт байгаа суралцахуйн зорилт буюу суралцагчдын эзэмшсэн байх ёстой мэдлэг чадварын тоо 3,600 орчим байгаа.

Гэтэл түүврээр үнэлгээ хийхэд суралцахуйн 550 зорилтод бодитой хоцрогдол бий болсон нь тогтоогдсон. Энэ дагуу Боловсролын Ерөнхий Газар, аймаг нийслэлийн Боловсрол, Шинжлэх Ухааны Газрууд хөтөлбөрөө боловсруулж, ажиллаж байна. Үнэлгээний хоёр шатыг тавдугаар сард зохион байгуулж, есдүгээр сарын байдалтай харьцуулан дүгнэлтээ гаргана.