Зураг
Зураг
Индэр    
2022 оны 5 сарын 2
Зураг
iKon.mn сэтгүүлч

Э.Золзаяа: Улаанбаатар хот маань олон улсын хөгжлийн нэгдсэн хэлээр хэлд орж, нүд тайлж, эрхэлж зөрүүдлэхээ болимоор байна

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Нийслэлийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх зарим арга замын талаар урбанист Э.Золзаяатай ярилцлаа.

-Энэ оноос эхлэн түгжрэлийг бууруулах, Улаанбаатар хотын асуудлуудыг шийдвэрлэхэд зориулж улсын төсвөөс жил бүр 420 тэрбум төгрөгийг нийслэлд шилжүүлж байхаар болж байна. Энэ бол урьд өмнө байгаагүй их хөрөнгө оруулалт. Гэвч хотын асуудлыг шийдэхээр дэвшүүлж байгаа санал санаачилгууд иргэдийн шүүмжлэл дагуулаад байгаа. Та нийслэлээс гаргаж байгаа бодлогууд дээр ямар байр суурьтай байна вэ?

-Хотын хөгжлийн асуудалд олон улсад технологи, датанд суурилж маш их бүтээлчээр хандаж шийдвэр гаргалтдаа ашиглаж байна.

Улаанбаатар хотын хувьд яагаад гаргасан шийдвэр болгон нь иргэдийн эсэргүүцэлтэй тулгараад байгаа вэ гэхээр хөгжлийн бодлогоо олон нийтийн бодит оролцоотойгоор төлөвлөж чадахгүй, хот хөгжлийн олон улсын тренд онолыг судалж, цаг гаргадаггүйтэй холбоотой. Инновацлаг шийдэл ерөөсөө гаргаж чадахгүй, хэн нэгний сургаар олж сонссон асуудлыг шууд олон нийтэд ярьдаг. Энэ байдал сүүлийн жилүүдэд улам нэмэгдэж байна.

Иргэдийн хотдоо сайхан амьдрах мөрөөдлийг үгүй хийсээр...

Ингэснээр иргэдийн хотдоо сайхан амьдрах мөрөөдлийг үгүй хийсээр, залуус итгэл найдвар алдаж эхлээд байгаа.

Хотын хувьд нэн түрүүнд бодлогын урьдач салбаруудаа тодорхойлох шаардлагатай. Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хотууд хүчтэй тэмцэж эхлээд байна. Дэлхийн нийт хүн амын тал орчим хувь нь хот суурин газраа амьдарч байгаа. 2050 хүн гэхэд дэлхийн хүн амын 70 орчим хувь нь хотдоо амьдрах төлөвтэй байна. Орон сууцны хүртээмж, хотын амьдрахад таатай байдлыг дээшлүүлэх нь чухал. Олон улсын шинжлэх ухаанч суурьтай мэдээллийг бодлогодоо тусгаж чадахгүй байгаа юм.

Тухайлбал, одоогийн хотын удирдлагууд иргэдийн амьдрахад таатай хотыг бүрдүүлэхийн төлөө юу хийх вэ гэсэн чиг баримжаатай ажиллах нь зүйтэй санагддаг. Энэ ажлыг хийхийн тулд Улаанбаатар хотыг дэлхийн хотуудын амьдрахад ээлтэй байдлын индексийн үзүүлэлттэй харьцуулж үзэх хэрэгтэй. Global livability index ашиглан дэлхийн хотууд өөрсдийгөө үнэлж хаана байгаагаа хардаг.

Үүнд боловсрол, эрүүл мэнд, дэд бүтцийн хүртээмж, байгаль орчны аюулгүй байдал, хотын соёл, эдийн засгийн тогтвортой байдал зэрэг үзүүлэлтүүд багтдаг. Улмаар аль үзүүлэлт дээрээ сул байгаа вэ гэдгээ харж, түүн дээрээ бодлого боловсруулж ажиллах ёстой. Түүнээс биш иргэдээсээ шууд сонгогдоогүй Засаг дарга намын томилгоогоор томилогдоод сонссон бүхнээ олон нийтэд зарлаж, баримжаагүй хөгжвөл нөхцөл байдал сайжрах итгэл огтоос төрөхгүй байна.

Хотын удирдлагуудын гаргаж байгаа шийдвэр хоцрогдмол, жилийн жилд иргэдийг бухимдуулдаг байдал хэвээрээ байгаа тул одоо олон улсын бэнчмаркаа дагаад эхэлье л дээ ядаж.

-Залуучууд хотын удирдлагуудтай уулзъя гэж хүсэлт тавьсан уу? Уулзах хүсэлтийг хэрхэн хүлээн авч, хандлага ямар байсан бэ?

- Хотын чиглэлээр ажилладаг хот төлөвлөлтийн мэргэжилтэй олон залуу бий. Байгаль орчин болон уур амьсгалын бодлогын чиглэлээр ажилладаг олон залуус байдаг. Өмнөх жилүүдэд төрийн бус болон олон улсын байгууллагуудын зүгээс хот ингэх ёстой, тээврийн асуудал дээр ингэж ажиллавал зохистой гэх мэтээр удаа дараа хандсаар ирсэн. Хот өөрсдийн бодсон санаагаа иргэдэд нүсэр пиар, эргэлзээтэй хийгдсэн судалгааны ажлуудаар гүжирдэн тулгасаар ирлээ. Гэтэл хотын өдөр тутмын үйл явцад дата маш их бий. Түүнийгээ ашиглан шийдэл боловсруулах боломж өчнөөн бий.

Жишээ нь: Umoney картын платформ дээр хэн хаашаа хэдэн буудал яваад бууж байгаа вэ гэдэг өдөр тутмын дата логууд бий. Иргэдийн төвлөрөл зорчих эрэлт нь хаана хамгийн их байгаа вэ гэдгийг энэ дата харуулж чадна. Энэ мэт дата ашиглан автобусны чиглэлийг тодорхойлох, иргэдийн зорчих хөдөлгөөнийг таамаглах гэх мэтээр Азийн хөгжлийн банк хотын удирдлагуудтай хамтарч ажиллахаар хэд хэдэн удаа оролдсон. Энэ мэтээр арай өөр арга барилаар ажиллах гэхээр хотын удирдлагуудтай ойлголцож, хамтарч ажиллах нь туйлын төвөгтэй байдаг тул залуучууд ерөнхийдөө бууж өгч байна.

Ядаж Улаанбаатар хотын хөгжлийн түвшингөө олон улсын аргачлалаар тооцоолъё, иргэдэд таатай машинд биш хүндээ зориулсан төлөвлөлтийг онолын түвшинд нэвтрүүлэх арга барилаасаа хуваалцъя гэж мэт хотын захирагчтай уулзах хүсэлт гаргаад нэг сарын хугацаа өнгөрч байна. Гэхдээ энэ нь миний анхны тохиолдол биш. Удаа дараа хотын удирдлагуудын бүх шатны түвшинд бичгээр болон бусад хэлбэрээр уулзах хүсэлтээ тавихад дундаасаа замхардаг. Хотын иргэдэд нь тав тухтай ээлтэй болгох, хотоо хайрладаг болгох, мэдрэмжтэй байж хотын үйлчилгээг сайжруулах нь маш өндөр ёс суртахуун, эмпати, онолын мэдлэг, тасралтгүй судалгаа шаардана.

Нүсэр их зээл тавьж гаднынхны алдсаныг дахин алдаж үзэх гэж эрхлээд байна

-Дэлхийн хотууд нийтийн тээврийн асуудлаа хэрхэн шийдвэрлэж байна вэ?

-Дэлхийн хотуудын туршлагаас харахад тээврийн салбарт автомашинд зориулсан байдлаар буюу авто замыг өргөтгөх, хурдны зам барих гэх мэтээс татгалзаад 10 орчим жил болж байна. Ухаалаг хотууд стратегиа өөрчлөөд биднээс эсрэг зүг буцаж байгаа. Манай улсад үүнийг зориглон дагах, бусдын алдааг давтахгүй гээд олон улсын чиг хандлагаа судлах манлайлагч алга. Нэг ёсондоо дэлхийн хотуудын ухралт хийсэн зүйл дээр бид гөжүүдлэн дайрсаар байна. Иргэд алхах боломжтой, машинд биш хүндтэй ээлтэй орон зайг бүтээх дээр бүгд уралдан ажиллаж байхад бид эсрэгээр нь нүсэр их зээл тавьж тэдний алдсаныг дахин алдаж үзэх гэж эрхлээд байна.

Жишээлбэл, хэсэг залуус Бүтээлч 100 хөдөлгөөнийг өрнүүлээд явж байна. Автомашин явган хүний замыг тагласан, алхахад ээлгүй орон зайг тодорхойлоод түүн дээр дизайны шийдэл боловсруулах зорилготой юм. Гэхдээ энэ хөдөлгөөнийг ямар нэгэн байдлаар хоттой уялдуулах шаардлагатай. Жишээлбэл, хотын А бүсэд байгаа үнэгүй зогсоолуудыг багасгаж хүн алхах орон зай, дугуйн зогсоолыг бий болгох боломжтой. Энэ ажлыг залуучууд санаачлаад ажиллая гэхээр алхам тутамдаа хотын процесс залхаан цээрлүүлдэг. Сүүлдээ шантраад хөдөлгөөн нь түр идэвхгүй байдалд шилжсэн.

-Түгжрэлийг бууруулах гол шийдэл юу байж болох вэ?

- Дэлхийн хотуудын жишгээр замаа өргөсгөөд машинд зориулсан төлөвлөлтийг хийгээд байвал түгжрэл хэзээ ч буурахгүй. Түгжрэл бидний амьдралын чанарыг маш олон талаар доройтуулж байгаа. Гэхдээ эсрэгээрээ асуудал бүрд ухаалаг шийдлүүд олноороо гарч ирж байна. Технологийн тусламжтай иргэдийн урсгалыг хэмждэг аргачлалыг олон улсад түгээмэл ашиглаж байна. Хотын гудамжны хэд хэдэн хэсгүүдэд энэ хэмжилтийг хийсний дараа гудамжийг хэр өргөсгөх, тухайн орчныг хэрхэн автомашины зайнаас тусгаарлах, явган хүний урсгалыг хэрхэн тооцох зэрэг сайжруулалтыг хийх боломжтой.

Gehl institute гэх мэт олон улсын алдартай агентлагууд иргэдийн урсгалыг хэмжиж байж нотолгоонд суурилсан төлөвлөлт хийдэг. Жижиг оврын  богино зайд рейс хийдэг тээврийн шийдэл, эсвэл ачаалалтай дүүргүүдэд хувийн хэвшил оролцож тээврийн ачааллыг нь бууруулах resource sharing model, өглөө оройны бизнес тээвэр, хөршийн тээврийн сүлжээ гэх мэт судалбал өч төчнөөн шийдэл байгаа. Гол нь бүгд туршигдсан. Тиймээс энэ талаар сурсан, судалдаг залуучуудаа сонсож, онолд суурилсан шийдвэр гаргахад хотын дарга нар амбицаа жоохон дарах хэрэгтэй. 

-Хотын тулгамдсан асуудлуудын тухайд бодит үр дүн гарах боломжтой ямар санаачилга байгаа вэ?

-Засаг даргад уламжлахыг хүсэж буй зүйл бол амьдрахад таатай хотуудын индексийг Улаанбаатар хотынхтой харьцуулах суурь ажил эхлүүлэх юм. Энэ үзүүлэлтийг Австралийн хотууд сүүлийн жилүүдэд тэргүүлж байгаад Шинэ Зеландын Аукланд, Австрын Венн хотууд амьдрахад таатай дэлхийн шилдэг хот болж орж ирж байна. 

Бид тэргүүлэгч алхмаа ингэж олон улсын хотуудтай харьцуулж тодорхойлоод авах арга хэмжээний урьдач төслүүдээ эрэмбэлэх хэрэгцээтэй. Дотооддоо бүх асуудлыг барьж авах нэг дор шийдэх гээд бужигнаад л байвал мөддөө цэгцрэх найдвар харагдахгүй байна.

-Хотын дарга солигдох болгонд төрийн бодлогын залгамж халаа алдагддаг талаар шүүмжлэл их бий. Энэ тал дээр таны байр суурийг сонсмоор байна?

- Хотууд байгаль орчин, тогтвортой хөгжил, уур амьсгалын бодлоготой байдаг. Улаанбаатар хот иргэдийнхээ амьдрахад таатай байдлын төлөө тусгайлан бодлого гаргаагүй, зогсонги байдалд ороод байна. Өөрөөр хэлбэл, одоо хүртэл мэдлэг онолд суурилсан бодлогогүй ажиллаж байгаа юм. Нийслэлийн 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөлтөд инновацлаг шинэ санал санаачилга харьцангуй дутмаг.  

Засаг даргын мөрийн хөтөлбөрөөс илүү урт хугацааны бодлогоо тодорхойлоод системтэйгээр ажиллах нь чухал байна. Гэхдээ тэр бодлогууд нь олон улсын бодлогуудтай агаар нэг, олон улсын хотуудын хөгжлийн чиглэлийг тусгасан, хэмжигдэхүйц, бас нэмээд суурь түвшин, хүрэх зорилтоо тусгасан байх хэрэгцээтэй.

-Эрүүл аюулгүй амьдрахад бодлогын түвшинд ямар шийдэл хэрэгтэй байна вэ? Бусад том хотууд энэ асуудлаа яаж шийддэг бол?

- Дэлхийн ихэнх хотуудад технологийн компаниуд нь хотын захиргаатайгаа уялдаж, иргэдийн амьдрахад таатай байдлыг сайжруулж байгаа. Гэмт хэргийн гаралт ихтэй гудамжнуудын төлөвлөлтийг сайжруулах чиглэлээр Скандинавын хотууд, технологийн шийдэл ашиглан осол аваар гарсан хэсгүүдийг мэппинг хийх талаар Энэтхэгийн хотууд манлайлдаг гэх мэт.

Шилдэг кэйсүүдийг тууштайгаар нэвтрүүлэн үр дүн гартал нь сайжруулан ажиллаж чадвал манай хотын асуудал тийм ч бүтэшгүй зүйл бас биш.

Сөүл хот хотоо амьдрахад таатай болгох туршлагаа хуваалцахад бэлэн байгаа

-Олон улсын судалгааны байгууллагуудтай хамтарч ажиллахад ямар шийдэл санал болгодог вэ? Хотын удирдлагуудтай  хамтраад төсөл хэрэгжүүлэх боломж байдаг уу?

-Ирээдүйн зорилтоо тодорхойлоод олон улсаас санхүүжилт татах боломжтой. Хүлэмжийн хийн ялгарал, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг Монгол Улсын хүлээсэн үүрэг амлалт гэж бий. Түүнээс бараг тал орчим хувийг нь Улаанбаатар хотын нутаг дэвсгэрийн хэмжээнд бууруулах боломжтой. Тээврийн салбарт ийм төсөл хэрэгжүүлэхэд тэд орчим тонн хүлэмжийн хийг бууруулж, тийм хэмжээний ам.доллар хэрэгтэй гэсэн суурь судалгаа гаргаад хүсэлтээ өгөхөд олон улсын сангууд төсөв гаргаж өгөхөд бэлэн байгаа. Гагцхүү суурь хүлэмжийн хийн ялгарлаа тооцоолоод авчих хэрэгтэй. Ийм бодит судалгаатай ярьж чадахгүй байгаа.

Хотуудад өргөн боломж үүсээд байгаа энэ үед манайхан өөрсдийн асуудлыг олон улсын хэлээр, олон улсын тавцанд гарч дуугарч чадахгүй байна. Нэг ёсондоо хотын удирдлагууд хэлд орох хэрэгтэй байна. Нэг хэлээр ойлголцоод эхэлсний дараа олон улс туршлагаа хуваалцахад бэлэн байгаа. Токио хот эрчим хүчний салбар, Бээжин хот агаарын бохирдлыг бууруулах чиглэлд ажиллахад бэлэн гэдгээ илэрхийлж байна. Мөн Сөүл хот хотоо амьдрахад таатай, алхахад таатай болгох туршлагаа хуваалцахад бэлэн байгаагаа илэрхийлсэн.

Олон улсын төсөл хөтөлбөр хэрэгжүүлдэг хэд хэдэн байгууллага 2017 оноос хойш тасралтгүй ажиллаж байж, угсармал орон сууцнуудын барилгын дулаалгын ажлыг хийж байсан. Улмаар ногоон санд төсөл бичээд 18 сая еврогийн буцалтгүй тусламжийг хотын захиргаа авч байгаа. Энэ бол ногоон санхүүжилт татаж чадсан Улаанбаатар хотын сайн жишээ. 2022 оноос эхлэн санхүүжилт нь орж энэ ажил эхэлнэ. Хүлэмжийн хийн ялгарлын бодлого арга хэмжээгээ аль салбарт хэрхэн бууруулах тухайд дахин тодорхойлох хэрэгтэй. 

-Хотын захиргаатай хамтарч ажиллахад олон улсын байгууллагуудад ямар бэрхшээл тулгардаг вэ?

-Онол дээр суурилсан ийм арга хэмжээг хэрэгжүүлье гээд дайрах удирдлага хотод алга. Манлайлал байхгүй учраас хотын асуудлууд шийдэгдэхгүй байна. Үр дүнтэй ажиллагаа үүсэхгүй байгаа юм.  Гэхдээ зөвхөн хотын захиргаа, олон улсын байгууллагуудаас гадна иргэдийн оролцоог бодит утгаар нь сонсох хэрэгтэй. 

Амьдрахад таатай байдлын индексийн үзүүлэлт нь ямар вэ гэдгийг олон улсын байгууллагууд ойлгоё гэж байгаа. Гэтэл бид өөдөөс нь Засаг даргын мөрийн хөтөлбөр ч юм уу, хэтэрхий орон нутгийн шинж чанартай зүйл ярьдаг. Энэ нь олон улсад нэг хүний амбиц шиг сонсогдоно. 

-LRT буюу хөнгөн галт тэрэгний төслийг хэрэгжүүлэхээр яригдаж байна. Энэ нь хэр үр өгөөжтэй вэ?

-Энэ төслийг яагаад одоо хэрэгжүүлэх гэж байгаа юм гэж гайхаж байна. Одоо яригдаад байгаа маршрут нь бол Азийн Хөгжлийн Банкны санхүүжилттэй хийх гэж байсан BRT төсөлтэй төстэй байна. Энэ төсөл уг нь хэдийн жилийн өмнө батлагдаад санхүүжилт нь ороод хэрэгжихийн өмнөхөн зогссон. Тухайн үеийн удирдлагуудын ашиг сонирхлын зөрчлөөс болоод BRT гэх маш сайн туршигдсан, нүсэр биш, үр ашигтай төсөл зогсоочхоод одоо LRT гээд яриад эхлэхэд итгэл үнэмшил төрөхгүй байна.

BRT нь БНХАУ-ын олон хот, Сөүл хотод амжилттай хэрэгжсэн тусгай замын автобус төсөл шүү дээ. Өнөөдрийн яригдаж буйгаас хамаагүй илүү үр ашигтай. Гэтэл заавал ийм өндөр төсөвтэй, хэтэрхий нүсэр, үр ашиггүй төслийг хэрэгжүүлэх хэрэггүй. Логикийн хувьд ойлгомжгүй санагдаж байна.

Иргэдийн бодит урсгалыг маршруттай нь уялдуулж тооцоолсон уу? Жишээ нь Яармагаас ихэнх хүн хотын төв рүү явах магадлалтай гэж тооцох байтал Дүнжингарав, Сансар гээд тойроод явчихвал яах билээ? Дундаас нь буугаад өвлийн цагт алхах уу? Дараагийн шугамууд хүртэл яах билээ гэх мэт асуух зүйл маш их байна.

-Бид хөгжлийн бодлогоороо хамгийн адагт, хүн амьдрахад хамгийн таагүй дайнтай хотуудын жишигтэй ойролцоо нөхцөлд амьдарч байгаа талаар та нийтлэлдээ дурдсан. Ойрын хугацаанд энэ байдлаа сайжруулах ямар бодит боломж байна вэ?

-Бидний амьдралын чанарыг сайжруулахын тулд яг хэрхэн ажиллах гэж байгаагаа эхлээд нэг өгүүлбэрт багтаад хэлчихмээр байна. Одоо бид юунд ч итгэхээ байлаа. Яг л нэг өгүүлбэрт бидэнд 2025 он гэхэд ямар үзүүлэлтээр хэдэн хувь амьдрах орчин маань сайжрах вэ гэдгээ тоотой, баримттай амлалтаа өгөөч.

Жишээ нь Улаанбаатар хотын амьдрахад таатай байдлын индексийг 2025 он гэхэд хэдэн нэгж, 2030 он гэхэд хэдэн нэгжээр ахиулах вэ гэдгээ л хэлж чаддаг болох. Дээр өгүүлсэн индексүүдийн аль хэсэгт тааруу сул байгаагаа эхлээд үнэлэхгүйгээр, асуудлаа шийдэж чадахгүй. Тиймээс дотооддоо хэтэрхий удаан бужигнасан бол дэлхийн хотуудын мөрөөр суурь үнэлгээгээ эхлээд хийгээд үзэх хэрэгтэй байна.

Асуудал ихтэй хотод шийдэл бүр ч их бий. Гэхдээ олон улсад алдаа болсон шийдлүүдээ иргэдэд битгий тулгаач л гэж хэлмээр байна.