Индэр    
2022 оны 4 сарын 25
Зураг
iKon.mn сэтгүүлч

БАЙР СУУРЬ: Аялал жуулчлалын салбар дахь 2022 оны зуны ӨӨДРӨГ ХҮЛЭЭЛТ

Зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Улаанбаатар Аялал жуулчлалын холбооноос хийсэн судалгаагаар 2021 онд манай улсын аялал жуулчлалын салбар 6.6-9.2 их наяд төгрөгийн ШУУД БУС АЛДАГДАЛ хүлээсэн гэсэн тооцооллыг хийсэн.

Аялал жуулчлал нь 20 гаруй төрлийн үйл ажиллагаанаас бүрдэж, 40 гаруй салбартай холбогддог, эдийн засагт голлох нөлөө үзүүлэгчдийн нэг.

Аялал жуулчлалын салбарынхан цар тахлын улмаас алдсан хоёр жилээ 2022 оны зун нөхөн боломж бүрдүүлэхийн тулд бүхий л нөөц бололцоогоо ашиглан хэрхэн тэмүүлж буйг ойрын өдрүүдэд болж байгаа салбарынхны хэлэлцүүлэг, уулзалтууд харуулж байна.

Тиймээс энэ зун тус салбар ямар хүлээлттэй байгааг тольдохоор салбарын төлөөллүүдээс БАЙР СУУРИЙГ нь сонслоо. 

"Энэ жил 150,000 жуулчин авах төлөвлөгөөтэй байна"
зураг
 

Монголын аялал жуулчлалын холбооны дэд ерөнхийлөгч С.Амгаланбат:

- Холбооны зүгээс энэ зун аялал жуулчлалаас ямар хүлээлттэй байгаа вэ?

- Энэ жил 150,000 жуулчин авах төлөвлөгөөтэй байгаа.

БНХАУ-ын хил хаалттай байдлыг нөгөө талдаа манай улсад боломж хэмээн харж болно. Өөрөөр хэлбэл, зуны улиралд Япон, Солонгосоос жуулчид ихэвчлэн Хятад руу аялдаг. Энэ урсгалыг Монгол руу татаж чадвал харьцангуй олон жуулчин ирэх боломжтой. Солонгосын жуулчдыг визгүй болгох талаар Засгийн газрын хуралдааны тэмдэглэл гарч, холбогдох ажил хийгдэж буй бөгөөд уг асуудал шийдэгдвэл мөн л боломжууд нээгдэнэ. Нэмээд Korean air, МИАТ-ийн нислэгүүдийн давтамжийг нэмэх зэрэг ажлыг хийж чадвал 300 мянган жуулчин авах өөдрөг төсөөлөл байна. Одоогийн байдлаар гэхдээ ирсэн захиалгын байдал энэ хэмжээнд хүрэхүйц биш байгаа. Япон, Солонгос буюу Зүүн Өмнөд Азиас хүлээлт өндөр байна. Нөгөө талдаа Турк, Араб, Энэтхэг зэрэг аялал жуулчлалын шинэ зах зээлийг судалж, ажиллаж байна.

- Танай салбарт ойрын хугацаанд шаардлагатай бодит дэмжлэг юу байна вэ?

- Аялал жуулчлалын салбарт санхүүгийн дэмжлэг хэрэгтэй гээд бид сүүлийн 2-3 жил ярилаа. Татвар, нийгмийн даатгалын хуримтлагдсан төлбөр дарамт болж байгаа тул хойшлуулах хүсэлт өгсөн. Үүний үр дүнд Засгийн газраас хуримтлагдаад байгаа гурван тэрбум орчим төгрөгийг хойшлуулж болох юм гэсэн хуралдааны тэмдэглэл гараад, Сангийн яамд эх үүсвэрийг шийдэгдэхээр орсон байгаа. 

Мөн 10 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг аялал жуулчлалын салбарынханд олгох хүсэлт тавьсан. Энэ дагуу Засгийн газрын хуралдаанаас Сангийн сайдад үүрэг өгөгдсөн. Эдгээр нь тодорхой хэмжээнд дэмжлэг болно. Засгийн газраас гарч байгаа шийдвэрүүд бүгд л аялал жуулчлалын холбоо салбар яамаараа дамжуулан гаргаж байгаа санал санаачилга юм. Бас боловсон хүчний асуудал тулгамдаж байна. Том дүнгээрээ манай салбарт 85 мянган хүн ажилладаг ба үүнээс 50 орчим хувийн боловсон хүчнээ алдсан. Аялал жуулчлалын холбоо сар бүр танхимын болон онлайн сургалт хийж хүмүүсээ сурган ажилдаа бэлдэж байна.

- Дэлхийн Банкнаас Монгол Улсын аялал жуулчлалын салбарын талаарх шинэ судалгаанд тус салбар цаашид одоогийнхоос хөгжих боломж ихтэй ч агаарын тээвэр, салбарын уялдаа холбоо зохицуулалтад гол бэрхшээл тулгарч байна гэж дүгнэсэн байсан. Та бүхний харж байгаагаар цар тахлаас гадна монголд аялал жуулчлалын салбарын ерөнхий хөгжилд саад болж буй ямар бэрхшээл байна вэ?

- Жуулчид манай улсад ирье гэвэл агаарын тээврээр эсхүл хуурай замаар ирнэ. Хуурай замаар ирэхээр цаг хугацаа алдах тул хамгийн боломжтой нь агаарын тээврийн асуудал. Сүүлийн жилүүдэд агаарын тээврийг либералчилна гэдэг утгаараа харьцангуй нээлттэй болж байгаа. Авиа компаниуд олон улсад нислэг үйлдэхээс эхлээд. Тодорхой хэмжээнд хямдарч байгаа. Гэхдээ хурд их удаан байгаа. Олон авиа компани орж ирж байж үнэ хямдарч Монголд ирэх жуулчдын тоо нэмэгдэнэ. Өрсөлдөөнийг нэмэгдүүлж байж үнэ бууна. Аялал жуулчлалын сарууд болох зуны гурван сар ихэнх жуулчид ирдэг болохоор онгоцны суудлаа нэмэгдүүлэх хэрэгтэй байх.

- Гадагшаа гарах урсгал хэр байна вэ?

- Холбооноос нэгдсэн судалгаа гараагүй байна. Өнгөрсөн жилийн зургаадугаар сараас хойш Туркийн чартер нислэг эхлээд Турк, Тайланд, Вьетнам улс руу манайхны явах идэвхжил нэмэгдсэн. Сүүлийн үед энэ идэвхжил намжаад хэвийн байдалд орж байна.

"Хятадын хил хаалттай байгаа учир өмнө нь Япон, Солонгос руу аялдаг байсан жуулчны урсгалыг манайх руу татах оролдлогыг хийх тал дээр ажиллаж байна"
зураг
 
Зургийг хувийн архиваас авав

A Star Mongolia LLC, захирал доктор Х.Ариунчимэг

- Энэ зун аялал жуулчлалын салбарынхан гадаадын аялал жуулчлалаас ямар хүлээлттэй байгаа вэ. Мөн ямар дүр зураг биднийг хүлээж байна вэ?

- Мэдээж хүсэл бол аль болох олон жуулчин ирээсэй л хэмээн бодох. Амьдрал хүслээр явдаггүйгээс хойш бодит байдлыг харзнаж, байгаа нөхцөл байдлаасаа бүхий л боломжийг шүүрч авах санаатай л байна.

- Тэгвэл бодит байдал ямар харагдаж байна вэ?

Нэгдүгээрт, КОВИД-19-ийн улмаас өөрийн эх нутгаас алс холын аялал хийх явдал энэ зун гэхэд цар тахлын өмнөх үеийнх шиг болж чадахгүй нь ойлгомжтой. Европоос ирэх жуулчдын хувьд Монгол Улс алс холын аялалд тооцогдоно.

Хоёрт, Орос, Украины асуудал. Монгол Улс руу агаарын тээврээр Европоос ирдэг жуулчдын хувьд Аэрофлот нисэхээ байсан. Мөн Москвагаар дайран өнгөрдөг нислэгүүд тойрч нисэх болсноос тийз ховор, үнэ нэмэгдэж байгаатай холбоотойгоор цуцлагдаж байгаа аяллууд ч байна. Ирэх гэж байдгаараа хичээж байгаа жуулчид ч бас байна.

Гуравт, Хятадын хил хаалттай байгаа учир өмнө нь Япон, Солонгос руу аялдаг байсан жуулчны урсгалыг манайх руу татах оролдлогыг хийх тал дээр ажиллаж байна. Энэ ирэх урсгал, нөгөө тал дээр хүлээн авах бид бэлэн үү гэсэн асуулт гарч ирнэ. 2.5 жил энэ салбарын бүх ажилчид ямар ч орлогогүй суусан, цар тахалд хамгийн хүнд нэрвэгдсэн салбар. Энэ хугацаанд хүний нөөцөө алдсан, мөн өргөн хэрэглээний барааны үнэ, тос шатахууны үнийн өсөлт, жуулчны үйлчилгээний үнийг нэмэгдүүлж байна. Эцэстээ Монгол маш үнэтэй улс болж байна. Та хэрвээ гадаад хүн бол маш өндөр үнэ төлж Монгол Улс руу аялах уу? Ингээд бодоод үзэхээр олон хүчин зүйлсээс шалтгаалахаар байна. 

- Ойрын хугацаанд аялал жуулчлалын салбарынханд ямар дэмжлэг хэрэгтэй байна вэ?

- Хөнгөлөлттэй зээл олгооч гэж манай салбарынхан хүсэж байгаа. Мөн жуулчны баазуудын хувьд өнгөрсөн хоёр жил ямар ч орлогогүй байснаас үүдэлтэй хуримтлагдсан НДШ, газрын төлбөр, тог цахилгааны төлбөр зэргийг түр хойшлуулж өгөөч гэж хүсэж байгаа. Төлөхгүй гэж хэлээгүй, хойшлуулж өгөөч гэж гуйж байгаа юм. Мөн энэ зун улсаараа, бүх ард түмнээрээ манай улсыг зорин ирж буй жуулчин болгонд найрсаг хандаж, аялал жуулчлалын салбарт ажиллаж байгаа бүх хүнийг элдэв чирэгдэлгүй, зүгээр л ажиллуулж орхих хэрэгтэй байна. 

- Манай улс руу ирэх сонирхол улс орноор нь харвал хэрхэн ажиглагдаж байгаа вэ?

- Монгол Улсын аялал жуулчлалын салбарт ажилладаг, гаднаас жуулчин авдаг компаниуд бүгд л өөрсдийн ажилладаг зах зээлтэй, дор бүрнээ л хичээж, хандсан жуулчин болгоноо авах гээд зүтгэж байна. Дээр өгүүлсэнчлэн Европ, АНУ, Австралийн хувьд Монгол Улс алс холын аялах улс болох тул үнэхээр Монголыг зорин ирье гэсэн жуулчид л энэ зун ирнэ байх. Харин дунд зайны, онгоцны 3-5 цагийн нислэгтэй орнууд гэвэл Япон, Солонгосоос ирэх жуулчдын урсгал дээр маш авхаалжтай ажиллаж чадвал боломж харагдаж байна.

"Жуулчин гэхээр заавал хил давж орж ирсэн, гадаадаар ярьдаг хүнийг хэлэхгүй. Монголд гурван сая жуулчин байна" 
зураг
 

Дотоодын жуулчдад зориулагдсан Joinme.mn аяллын платформын компанийн гүйцэтгэх захирал Б.Батбаатар:

- Энэ зун дотоодын аялал жуулчлалын хүлээлт ямар байна вэ?

- Ковидоос өмнө манай улсын аялал жуулчлалын салбарын мэргэжлийн байгууллагуудын ихэнх нь гадаадаас жуулчин авч ирэхэд ихээхэн төвлөрсөн байлаа. Монголчууд бол нүүдэлчин ард түмэн бөгөөд жоохон дулаараад ирэхээр хаваржаа руугаа, зуны дэлгэр цагт зуслан руугаа нүүдэг онцлогтой тул аяллыг хэн нэгний тусламжтай хийнэ гэдэг ойлголт сэтгэлгээнд нь багтдаггүй байсан. Харин одоо бол цаг өөр. Ялангуяа ковидоос хойш хүмүүсийн хандлага ихээхэн өөрчлөгдөж байна. Монголчууд сэтгэлийн хөдлөлөөр гэнэт машиндаа хамаг юмаа чихээд, эхнэр хүүхэд, найз нөхдөө авч яваад эрсдэлд унагадаг байдал нь багасаж байна.

Бидний хувьд сүүлийн хоёр жил тууштай дотоодын зах зээл дээр өөрөө хэлбэл монгол хүнийг эх орноор нь аялуулахад төвлөрч ажилласан. Монголчууд аялах гэдгийг салхинд гарах гэж нэрлэдэг. Нөгөө талаасаа аяллын компаниуд нь монгол жуулчид гэж ярьдаггүй монгол аялагчид гэж ярьдаг. Ийм хоёр том ойлголтын зөрүү байсан учраас хоорондоо уялдаж ажиллах нөхцөл бүрдээгүй. Уялдах боломжийг харин цар тахал бүрдүүлсэн гэж хэлж болно. Мэргэжлийн байгууллагаар үйлчлүүлбэл миний цаг, мөнгийг хэмнэдэг, эрүүл мэнд, эд хөрөнгийг хамгаалдаг юм байна гэдгийг харуулж чадсан. Бид салбарынхандаа жуулчин гэхээр заавал гадаадаас хил давж орж ирсэн, гадаадаар ярьдаг хүмүүсийг хэлэхгүй. Монголд гурван сая жуулчин байна. Энэ хүмүүстээ зориулсан контент бүтээж сурцгаая гэдгийг бид салбарынхандаа уриалж байгаа.

- Ковидын үед дотоодын аялал жуулчлалд ямар эерэг өөрчлөлт гарсан бэ?

- Олон шинэ байгууллага, шинэ тоглогч нар аялал жуулчлалын салбар руу орж ирсэн. Тэд нарын хувьд хайрцаглагдахгүйгээр бүтээлч санаанууд гаргаж, олон эвентийг зохион байгуулж байсан. Бидний тооцооллоор 2021 онд дотоодын аялал жуулчлалд тансаг зэрэглэлийн буюу илүү тав тухтай бүтээгдэхүүн үйлчилгээ худалдан авч байгаа хэрэглэгчдийн хувьд 10 тэрбум төгрөг эргэлдсэн. Хямдхан биш хамгийн тав тухтай, үйлчилгээ сайтай, стандарт хангасан баазууд эхэлж дүүрдэг дүр зураг сүүлийн жилүүдэд ихээхэн ажиглагддаг. Өөрөөр хэлбэл бид дотоодын жуулчидтайгаа танилцах үйл явц өрнөж байгаа гэж ойлгож болно. Монголчууд зүгээр л салхинд гараад, хөдөөгүүр явж байгаад ирдэг хүмүүс гэж боддог байсан хэвшмэл ойлголт өөрчлөгдөж байна.

Joinme.mn платформын хувьд 2021 оны өнгөрсөн зун Монголчуудад зориулагдсан томоохон эвент арга хэмжээнүүдийг газруудтай хамтран зохион байгуулсан. Хөвсгөл аймаг UB комедигийн хамт олонтой зохион байгуулсан эвентийг жишээ авахад ойролцоогоор тэр үед тэрбум төгрөг эргэлдсэн. Энэ бол манай улсын дотоод аялал жуулчлалын салбарт боломжууд бий гэдгийг харуулж байна.

- Энэ жил ямар хүлээлттэй байгаа вэ?

- Энэ жил дотоодын аялал жуулчлал тэргүүлсэн, өрнүүн жил болно гэж харж байна. Дайн самууны уршиг их байгаа. “Аялал цуцалсан” гэх хариу авч байгаа болохоор манай мэргэжлийн компаниуд мэйлээ шалгахаас айж байна гэсэн. Ялангуяа Европ болон Америкийн орнуудын аялал 80-90  хувьтай цуцлагдчихлаа. Харин Ази тэр дундаа Солонгос жуулчид түлхүү ирэх хандлага ажиглагдаж байгаа. Тэр утгаараа манай платформын хувьд ажил ихтэй сайхан зун болно байх.

- Дотоодод зохион байгуулагдах, жуулчид ирэх боломжтой томоохон арга хэмжээнээс дурдаж болох уу?

- Хамгийн том хөгжмийн наадам болох "Playtime"-н 20 жилийн ой энэ жил тохиож байгаа онцлогтой. Олон хүн хамрагдах боломжтой байхаар кэмп байгуулж байгаа юм билээ. "Playtime 2022" наадмын тасалбар борлуулах болон байршуулах хэрэгслийн үйлчилгээг Жойнми платформ бүрэн хариуцаж, хамтран ажиллаж байгаа. Энэ нь аялал жуулчлалын салбар шат ахиж буй илтгэх шинэ жишиг. 

- Монголчууд дотооддоо хаашаа чиглэх аялал их байдаг вэ?

- Манайхан аялал жуулчлал хийхдээ ихэнх нь уул, ус гээд Хангай зүг рүү явдаг. Говийн зүгийнхэн хэцүүхэн суудаг. Манай салбарынхны нийт үйлчилгээний байгууллагыг 100 хувь гэж үзвэл 50 хувь нь Говьд орлогогүй хоёр гурван жил болчихлоо. Гэтэл хамгийн сайн үйлчилгээтэй шилдэг гэсэн баазууд говьд байдаг юм шүү дээ. Хангайн бүсийн зарим баазууд гадаадын жуулчдад үйлчилдэг байснаасаа их орлогыг сая ковидын хугацаанд олсон.

- Яг одоо дотоодын аялал жуулчлалд юу хэрэгтэй байна вэ?

- Хэлсэн нэг зүйлийг чинь биелүүлье гэж хэлбэл, монгол жуулчдад говь ямар сайхан нутаг болохыг, үзэж харах зүйл ямар их байдаг, цаг уур нь ямар тайтай вэ гэдгийг мэдрүүлсэн нэгдсэн маркетингийн компанит ажил явуулмаар байна. Говийг монгол аялагчдад сурталчилмаар байна.

"Гаднынханд өвөг дээдэс нь, нүүдэлчин ард түмэн яаж амьдардгийг харах хүсэл сонирхол төртөл нь маркетинг хийж чадвал жуулчдыг татах боломж их бий"
зураг
 

Аялал жуулчлалын салбарт катеринг, трейвэл, кемп чиглэлийн үйлчилгээ явуулж буй "АМАР ЗОЧЛОЛ" ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Паахүү: 

- Танайхыг цар тахлын үед үйл ажиллагаагаа эхлүүлсэн гэж сонссон. Ямар шинэ үйлчилгээг иргэдэд хүргэхийг зорьсон бэ? - Аялал жуулчлалын салбарт ажиллаж байсан таван залуу нийлээд, КОВИД-19 цар тахлын үед аяллын спорт төрлийн кэмп байгуулах санаа гаргасан нь өнөөдөр биеллээ олчихсон явж байна. 2021 оны тавдугаар сард анх гараад есдүгээр сарын сүүл хүртэл амжилттай ажилласан. 

Нэгдүгээрт нүүдэллэдэг, хоёрдугаарт спортын 10 гаруй төрөлтэй гэдгээрээ бусад кэмпүүдээс давуу талтай. Энэ зун нэмээд завь тавихаар төлөвлөж байгаа. Кэмп дээрээс морин болон дугуйтай аяллууд гардаг. Хэрэглэгчдийн ихэнх хувь нь Улаанбаатарынх.

- Шинээр гаргаж ирж буй үйлчилгээг иргэд хэрхэн хүлээж авч байна?

- Бидний зүгээс үйлчилгээнүүдээ залуучуудад түлхүү зориулж гаргахыг зорьсон. Залуучууд амарч бах хугацаандаа спортоор хичээллэх нь гол зорилго.

- Энэ жилийн хүлээлт хэр байна вэ?

- Амар кэмпийн хувьд энэ сарын сүүлээр болон тавдугаар сарын эхэн үеийн захиалгуудаа авчихсан. Амар төсөл нь жил ч хүрээгүй мөртлөө залуучуудаар дамжуулаад хэрэгтэй хүмүүстээ хүрч байна гэж харж байна. Энэ жил залуучууд ч ихээр хандаж байгаа. 

- Тулгамдсан асуудал нь юу байна вэ, энэ салбарт хөл тавьж байгаагийн хувьд?

- Биднээс шалтгаалсан тулгамдсан асуудал ч байна, засгаас шалтгаалсан тулгамдсан асуудал байна. Одоо манай кэмп гарч байгаа газар нь байгалийн тусгай хамгаалалттай газар байрладаг. Нийгмийн хариуцлагын хүрээнд кэмп буусан газрынхаа ойр орчмын хогийг цэвэрлэж ачуулдаг. Залуучууд ч тарьсан хогоо өөрсдөө цэвэрлээд, их анхаардаг болсон байна лээ. Яам болон тусгай хамгаалалттай газарт үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгоод өгвөл их дэмтэй байх болов уу.

- Суурин биш болохоор хог хаягдал гарахаас эхлээд асуудал гарах байх, эдгээр асуудлыг хэрхэн шийдэж байна вэ? 

- Бид ойр орчмынхоо газрыг хамгаалаад цэвэрлэнэ гэж боддог. Мөн 00-н асуудал дээр л гэхэд бохирыг нь ялзмаг болгоод зөөвөрлөж шийддэг.

- Үнэ тарифын хувьд та бүхэн ямар боломжийг иргэдэд олгодог вэ?

- Монголчууддаа хямд үнээр олон зүйл үзүүлэх зорилготойгоор бид одоо Туркийн төсөл дээр ажиллаж байна. Аяллаар явж байх үед харж, мэдэрч байгаа зүйл хамгийн чухал байдаг. Магадгүй тансаг буудал, сайхан хоолтой байж болох ч хамгийн үнэтэй зүйл нь тухайн очсон газрынхаа соёлтой танилцах нь чухал байдаг болов уу.

- Монголын аялал жуулчлалын салбар хөгжихөд, гаднын жуулчдыг татахын тулд ямар орон зайг ашиглаж,  юу хийвэл зохистой гэж харж байна?

- Нүүдэлчин соёл, онгон байгалиа л барихаас өөр аргагүй. Бид барилга байгууламж, хөшөөгөөр бусад газруудтай өрсөлдөөд ч дийлэхгүй. Хөгжил нь дээд цэгтээ тулж байгаа улсын иргэд өвөг дээдэс нь яаж амьдарч байсныг үзье, сонирхъё гэж бодно. Тэгэхээр ийм хүмүүст нүүдэлчин ард түмэн яаж амьдардгийг харах хүсэл сонирхол төртөл нь маркетинг хийж чадвал гаднын жуулчдыг татах боломж их бий. Тэгэхгүйгээр нэг бурхны хөшөө барьчхаад ирж үзээрэй гэвэл онигоо болох байх.