Индэр    
2022 оны 4 сарын 11
Зураг
Эдийн засагч, шинжээч

ТОП 100 буюу ТОМОО нар

Зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Том мөрөөдөж, том сэтгэж, том харж хэмээн том үйл хэрэг биеллээ олдог.

Өнөөдөр бид улсаараа ТОМ бодож байна уу? Эргэлзээтэй. Том бодоход биш тогтсон системд тохируулан амьд үлдэх, түүнээс яаж ашиг хийх тухай л бодож байна.
Тиймдээ ТОМ төсөл манайд явдаггүй, ТОМ ярьсан хүн амьдарч чаддаггүй, ТОМ мөрөөдсөн хүний урам нь хугардаг. ТОМ зүйлс тохиох эгшин бүрд бид ЖИЖИГ-рүү гээ тэмүүлдэг. ТОМ компаниудаа үзэн яддаг, ТОМ татвар төлөгчдөө шулаач мэт боддог. ТОМ банкуудаа хүүлэгч гэдэг.

ТОМОО БА ЭДИЙН ЗАСАГ

Гэтэл манайд ТОМОО нараа муулаад л, нүдээд л, чичлээд л тун завгүй.

Маш энгийнээр тайлбарлая.

Улсын эдийн засаг бол компаниудын санхүүгийн тайлангийн нийлбэр. Манай эдийн засгийн 80 хувийг, төлсөн татварын 65 хувийг ТОМОО нар бүрдүүлдэг. Эдийн засаг ТОМОО нар дээр л тогтдог.

ТОМОО БА ХЭРЭГЛЭГЧ

ТОМОО нар инновац хийж, судалгааг хөгжүүлж, ноу хау бий болгож, стандарт бий болгодог.

Өнөөдөр хэрэглэгчийн нүдээр чанартай, стандарт хангасан, найдвартай бүтээгдэхүүн гэдэг бол хамгийн чухал. Хордоод үхчихгүй, салаад уначихгүй тийм бүтээгдэхүүнийг хэн үйлдвэрлэж байна, ТОМОО нар л хийж байна.

ТОМОО БА БОЛОВСОН ХҮЧИН

ТОМОО нар мэргэжилтэн бэлтгэж байна.

Өнөөдөр 1.2 сая ажилчинтай манай улсад чадварлаг, дэлхийд өрсөлдөх боловсон хүчин хаана бэлтгэгдэж байна вэ? ТОМОО нар дээр л бэлтгэгдэж байна.

ТОМОО нар алсын харааг зааж, соёл түгээж, ажилтныг төлөвшүүлж, тэднийг бизнест бэлтгэж байна. Том компанид ажилласан ажилтны хариуцлага хүлээх чадвар, харилцаа, мэргэжлийн ур чадвар харьцангуй өндөр байдаг.

ТОМОО БА ЖИЖГЭЭ

ТОМОО нарт бэлтгэн нийлүүлэгч хэрэгтэй. Бэлтгэн нийлүүлэгч нар нь ТОМОО гэхээсээ илүүтэй ЖИЖГЭЭ нар байдаг. Жишээ нь, "Оюу толгой"-д өнөөдөр 1,000 орчим ханган нийлүүлэгчдийг ажиллуулж байна. Тэдгээр нь 20 орчим мянган ажлын байр бий болгож байна. Энэ мэтээр Монголын бүх топ компани өөр өөрсдийн гэсэн бэлтгэн нийлүүлэгчтэй. Тэдгээр нь бүгд жижиг, дунд бизнес л байдаг. Тиймээс мөрөөрөө өөрийгөө болгоод явдаг жижиг, дунд бизнесүүд нь зах зээлийн орчинд тэсэж үлдэхэд амаргүй байдаг.

Хэлэх гээд байгаа санаа нь ийм юм.

ТОМОО нар улс төртэй холбогддог уу? Тийм. Асуудал үүсгэдэг үү? Тийм. Гэхдээ асуудал руу шахаад байгаа тийм улс төр, эдийн засгийн орчин манайд байна аа л гэсэн үг. Тэрийг шахаж, шантаажилж байж баяжих сонирхолтой бүлгүүд байна аа л гэсэн үг. Бид үзэн ядаад хол явахгүй. Тиймээс эдгээр компани тийм зүйлд орооцолдохгүйн тулд нээлттэй болох ёстой. Нээлттэй компани болж хэмээн иргэд тус компанийг эзэмшиж, ашиг орлогоо тэгш хуваарилах ёстой.

ТОМОО НАР нээлттэй болоход улстөрчид шантаажилж чадахгүй. ТОМОО НАР нээлттэй болоход баялаг тэгш хуваарилагдаж компани ч томрох болно.