Хүн мэдэхгүй зүйлээсээ л айдаг гэдэг юутай үнэн.
Уран хэмээх химийн элементтэй учирвал л үхлийн өвчтэй болчих мэт айдас яагаад ч юм монголчуудын дунд нийтлэг ажээ. Ялангуяа, Дорноговь аймгийн Улаанбадрах суманд уран олборлолт эхлүүлснээс болж амьд биет тогтох аргагүй цацрагийн хөнөөл нүүрлэсэн мэтээр хэт үндсэрхэг үзэлт төрийн бус байгууллагууд олон нийтийг шуугиулж ирсэнтэй холбоотой ч байж болох юм.
Энэ удаа Улаанбадрах сумын нутагт үйл ажиллагаа явуулж байгаа “Бадрах Энержи” компанийн Зөөвч-Овоо ордын үйлдвэрлэлийн туршилтын олборлолтын явцтай танилцлаа. Тус төслийг хэрэгжүүлэгч “Бадрах Энержи” компанийн 66 хувийг Францын төрийн өмчит "Орано Майнинг" компани эзэмшиж байгаа бол Монголын Засгийн газрын 34 хувийг “Эрдэнэс Монгол” компанийн охин компани болох “Мон Атом” эзэмшиж байна.
Монгол Улс 1948 оноос ураны судалгааг эхлүүлсэн түүхтэй. 1970-1990 онд хийсэн судалгааны үр дүнд таван ордыг илрүүлж байжээ.
Харин 1992 оноос хойш тогтоогдсон найман ордын нэг нь Зөөвч-Овоо.
Нийт 93,291 тонн ураны нөөцтэй энэ орд сүүлийн 10 жилд дэлхийд олдсон хамгийн том ордод тооцогдож байна. Тус ордын нөөцийг 2013 онд бүртгүүлснээс хойш 10 орчим жил бэлтгэл ажлыг хангасны үр дүнд өнгөрсөн оны долдугаар сард үйлдвэрлэлийн туршилтыг эхлүүлжээ. 2010-2011 онд тус төслийн нэг хэсэг болох Өмнөтийн талбайд бага хэмжээний технологийн туршилт хийж байж. Уг ордын нөөц нь 6,260 тонн. Өнөөдөр үйлдвэрлэлийн туршилтын талбайд Франц, Казахстаны хоёр мэргэжилтэн, 50 гаруй монголчууд ажиллаж байгаагийн 50% нь Сайншанд, Улаанбадрах сумын залуус ажээ.
Үйлдвэрийн хяналтын бүсэд нэвтрэхийн өмнө Хөдөлмөрийн аюулгүй байдал, цацрагийн хамгаалалт хариуцсан ахлах ажилтан Б.Батманлай цацрагийн хамгаалалт, аюулгүй ажиллагааны танилцуулгыг хийсний дараа ирсэн зочдод зориулсан цацрагийн тун хэмжигч багажийг хүзүүнд зүүж өгсөн юм.
Энэ нь үйлдвэртэй танилцах зочид хэрэглэдэг электрон дозиметр аж. Үйлдвэртэй танилцах хугацаанд хэдий хэмжээний цацрагийн тун авсныг энэ багаж хэмжээд, харуулаад өгнө. Тэгвэл цацраг идэвхт бодистой шууд харьцаж ажилладаг компанийн ажилтнуудын авч байгаа цацрагийн тунг хянахад хувийн тунгийн термолюминесценц дозиметр зүүдэг юм байна.
Уг дозиметр нь нийтлэг хэрэглэгддэг хэмжигч бөгөөд яг иймийг нь рентгений эмч нар зүүдэг гэвэл илүү ойр төсөөлөгдөх байх. Монгол Улсын Цөмийн энергийн тухай хуулийн дагуу энэ дозиметрийг заавал зүүж ашиглах ёстой ба Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын лабораторид сар тутам хэмжилтэд өгч хянуулдаг юм байна.
Компанийн ажилтнууд хайгуулын шатанд ч цацрагийн тунгаа хянуулж иржээ. Геологи хайгуул дээр ажиллаж байгаад одоо Зөөвч-Овоо үйлдвэрлэлийн туршилт дээр ажиллах болсон залуусын төлөөлөлтэй уулзлаа.
Ийнхүү цацраг хэмжигч багажаар тоноглож аваад үйлдвэрийн хяналтын бүс рүү нэвтэрлээ.
Үйлдвэрлэлийн туршилтын явцад хоёр торлолоос олборлолт явуулах юм байна. Ураныг газар доор уусган олборлох технологи манай улсад цоо шинэ учраас үйлдвэрлэлийн процессыг уншигчдад ойлгомжтой хүргэх үүднээс энэ хэсэгт нурших хэрэгтэй болох нь.
Туршилтын хугацаанд ашиглах торлол нь 15, 25 метрийн радиустай, зургаан талт хоёр тойргоос бүрдэнэ. Энэхүү тойрог тус бүрийн зургаан өнцөг болон төвд өрөмдлөг хийж, 170- 200 метрийн гүнд байгаа уран агуулсан уст үе рүү цооногууд гаргажээ. Уст гэдэг нь ундны ус биш. Уран болон бусад эрдэсжилт агуулсан, үйлдвэрлэлийн буюу С зэрэглэлийн ус бөгөөд 10-20 метрийн гүндэх, унданд ашигладаг өнгөн хөрсний устай ямар нэгэн байдлаар холбогдоогүй, дээр болон доороо үл нэвчих шавран үеэр хязгаарлагдан оршдог байна. Ийм учраас газар доор уусган олборлох технологийг ашиглах боломжтой болжээ.
Туршилтын хугацаанд нийт 20 орчим тонн уран олборлохоор төлөвлөсөн
Дээр дурдсан долоон цооногтой зэрэгцүүлэн гүний усны хяналтын цооногуудыг мөн гаргасан байна. Олборлолтын хоёр торлолын ойр орчимд нийт 32 хяналтын цооног байгуулжээ.
Үйлдвэрлэл төсөөллөөс маш цомхон бөгөөд ил харагдах хүдрийн овоолго үүсгэхгүйгээр эцсийн бүтээгдэхүүн бэлэн болох хүртэл битүү циклээр бүх процесс явагддаг юм байна.
“Бүх үйл ажиллагаа автоматжсан бөгөөд хяналттай явагддаг. Байгальд хаях үлдэгдэл байхгүй” гэдгийг Үйл ажиллагаа хариуцсан менежерийн туслах Н.Энхбаатар нэмж тайлбарлалаа. 2010-2011 онд хийсэн Өмнөтийн технологийн туршилтын хяналт одоо ч хийгдэж байна. Хяналтын үр дүнгээр усан дахь хүчлийн хэмжээ багасан, байгалийн аясаар унаган төрхөндөө эргэж орж байгаа нь харагдаж байгаа ажээ. Энэ нь байгалийн аясаар нөхөн сэргэх явц энэ орд дээр үр дүнтэй байгааг баталж буй юм.
Үйлдвэрлэлийн цикл ердөө л энэ аж.
Эцсийн бүтээгдэхүүн хүртэл ил харагдах ямар нэгэн хүдэр, химийн нэгдэл байхгүй. Агуулахын хувьд хүхрийн хүчил нягтаршил өндөртэй тул газрын гадаргаас доош байрлуулахыг шаарддаг байна. Уг байгууламжийн доод хэсэгт нэг том цистерн шингэн багтах дайны буюу 20 шоо метрийн эзлэхүүнтэй аюулгүйн тунгаагуур нэмж байгуулсныг дэд ахлах оператор Р.Мягмарсүрэн үзүүлэв. Өөрөөр хэлбэл, үйлдвэрийн бүхий л түвшинд эрсдэлийг тооцож, давхар хамгаалалтууд хийснээр байгальд нөлөөлөх боломжгүй болгон зохион байгуулсан байна. Гадаах илүүдэл усны санг л гэхэд хоёр давхар геомембран, зүйдэлгүй эсгийгээр доторлосон бөгөөд ямар нэгэн байдлаар цооролт үүсвэл түүнийг хянах цооногийг мөн гаргаж, газрын гадаргад асгарах боломжгүй байдлаар хийжээ.
“Шар нунтаг өөрөө цацраг идэвхт бодис.
Гэхдээ уран чийгтэй, үйлдвэр тоосжилт зайлуулах төхөөрөмжөөр тоноглогдсон учраас бургиж, тоосонцор үүсэх эрсдэл байхгүй. Бидний хамгийн их анхаарах ёстой зүйл нь байгалийн уран буюу шар нунтаг биш, үйлдвэрийн агаар болон газрын гүнээс гарч ирж байгаа материалтай хамт гарч ирдэг радон буюу цацраг идэвхт хий. Радон хийгээс хамгийн их сэргийлж байх ёстой. Тийм учраас бид гадаад шарлагыг хэмждэг дозиметрээс гадна агаарт байгаа радоныг хэмждэг дотоод шарлагын дозиметр ашиглан хянаж байна” хэмээн Н.Энхбаатар тайлбарлалаа. Хуулийн зохицуулалтаар үүрэг хүлээгээгүй ч ажилтнуудынхаа агаараар дамжин авч болзошгүй шарлагыг хэмжих багажийг ашиглаж байгаа нь энэ ажээ.
Монгол Улсын Цөмийн энергийн тухай хуулиар цацрагтай орчинд ажиллаж байгаа хүний нэг жилд авах нийт шарлагын хэмжээг 20 мЗв-ээр хязгаарладаг бол Зөөвч-Овоогийн үйлдвэрлэлийн туршилт дээр ажиллаж байгаа залуусаас өнгөрсөн жилийн хугацаанд хамгийн өндөр тун авсан нь 2.25 мЗв буюу зөвшөөрөгдөх хэмжээнээс 6 дахин бага байсныг Б.Батманлай танилцуулсан юм.
2010-2011 онд Өмнөтийн талбайд хийсэн технологийн туршилт ураныг давирхайд шингээх хүртэл л үргэлжилжээ. Уран бүхий уг давирхайг мэргэжлийн хяналтын байгууллагын хяналт дор өнгөрсөн 10 жил хадгалж байгаад Зөөвч-Овоогийн үйлдвэрлэлийн туршилт 2021 онд эхлэхэд хамгийн түрүүнд боловсруулж, 2.7 орчим тонн бүтээгдэхүүн гарган авсыг дэд ахлах оператор Р.Мягмарсүрэн мөн хэлэв.
Үүнийг оруулаад, дахин нэг жил үргэлжлэх үйлдвэрлэлийн туршилтын хугацаанд нийт 20 орчим тонн уран олборлохоор төлөвлөсөн байна.
Хяналтын бүсэд орших лаборатори үйлдвэрийн үйл явц бүрээс дээж авч, өдөрт 30-40 дээжид 15 төрлийн химийн шинжилгээ хийдэг байна. Шинжилгээний хариунаас шалтгаалж үйл ажиллагааны параметрийг шинэчилдэг. Тус лабораторийг хөндлөнгийн байгууллага буюу олон улсын SGS лаборатори хариуцан ажилладаг ажээ. Одоогоор гадагшаа нэг ч дээж явуулаагүй, экспорт хийгээгүй байгааг лабораторийн ахлах химич Ж.Нацагмаа хэллээ. Учир нь шар нунтгийг хадгалах, тээвэрлэхэд олон улсын тусгай зөвшөөрөл авсны дараа боломжтой болох аж. Энэ үйл ажиллагаа Олон улсын Атомын энергийн агентлагийн маш өндөр хяналт дор явагддаг. Тэрийг Монголд хэрэгжүүлэгч нь Цөмийн энергийн комисс, МХЕГ-ын Цөмийн болон цацрагийн хяналтын алба юм.
Дорноговь аймгийн Улаанбадрах суманд орших Зөөвч-Овоо үйлдвэрлэлийн туршилтаас гарч байгаа шар нунтаг шууд борлуулах боломжгүй бүтээгдэхүүн юм. Дэлхийн зах зээлд зарах боломжтой болохын өмнө шатаах процессоор дамжих ёстой. Энэ шар нунтгийг ойролцоогоор нэг жилийн дараа “Орано Майнинг” компанийн аль нэг салбар руу илгээж, дараагийн шатны боловсруулалтыг хийх юм байна.
Хэрэв үйлдвэрлэлийн туршилт амжилттай болж, хөрөнгө оруулах шийдвэр гараад, хөрөнгө оруулалтын гэрээ байгуулбал жинхэнэ үйлдвэрлэл эхэлнэ. Энэ үед тус төслөөр 1,000 орчим ажлын байр бий болж, тус бүр нь 18 торлолтой олон олборлолтын блокоос уран олборлоно. Казахстан дахь ураны үйлдвэрийн загвар бүхий үйлдвэр босож, дэлхийн зах зээлд борлуулах түүхий эд хүртэл нь боловсруулж, хамгийн өндөр ураны агууламжтай хар нунтгийг гаргах зорилготой талаар компанийн ажилчид ийн ярьж байна.
Ийнхүү хоёр цаг орчим үргэлжилсэн үйлдвэртэй танилцах аялал маань өндөрлөв.
Хяналтын бүсээс гармагцаа хамгийн түрүүнд цацраг хэмжигч багажаа хүлээлгэн өгч, гарын үсэг зурсан юм.
Уран олборлож байгаа газар нутагт цацрагийн талаарх ойлголтыг иргэдэд маш сайн өгөх хэрэгтэй нь эндээс харагдаж байгаа юм. Энэ бүх үйл явцтай нүдээр танилцаж, багажаар хэмжүүлсний эцэст байгаль орчинд, ялангуяа 20 км ба түүнээс зайтай нутаглаж байгаа малчдад нөлөөлөх боломж огт харагдсангүй. Бүх үйл явц битүү эргэлтээр үргэлжилж, ил гарч байгаа нь боловсруулах процессоос үлдэх зөвхөн илүүдэл ус. Ийм учраас байж болох хамгийн байгальд ээлтэй технологи хэмээн компани нь тодотгоод байгаа аж.
Илүүдэл уснаас H2O буюу зөвхөн ус уурших тул байгаль орчинд мөн нөлөөлөхгүй гэж үзэж байна. Харин үйлдвэрлэл дуусахад уг усыг шинжлээд, газрын гүнд, эрдэсжилттэй байсан чигээр нь буцааж шахах юм.
Гуравдугаар сард Монголд ирэхдээ манай сайтад ярилцлага өгсөн, Францын "Орано Майнинг" компанийн Гүйцэтгэх захирал Никола Мас “Монгол Улсын газрын хэвлий дэх ураны агуулга нь Казахстан улсынхтай ойролцоо ч Канадынхаас хавьгүй бага. Үүний зэрэгцээ уурхайд ажиллах ажилтнуудын цацрагийн хяналтыг хүн нэг бүр дээр хийдэг. Уурхайн ажилтнуудын жилд авах цацрагийн тунгийн дээд хэмжээ нь боржин чулуу ихтэй бүс нутагт амьдардаг энгийн иргэдийн авах шарлагын тунгаас ч бага байдаг” гэсэн юм.
МУИС-ийн Цөмийн физикийн судалгааны төвийн салбарын эрхлэгч, профессор Н.Норов “Цацрагийн хэмжээ Чернобылийн цөмийн станцын ослын дайтай буюу асар их хэмжээний цацраг л ургийн гажиг бий болох хэмжээнд нөлөөлөх боломжтой. Энэ нь зөвшөөрөгдөх хэмжээнээс 3 сая дахин өндөр болж байж яригдана. Түүнээс биш байгалийнхаа түвшинд буюу Монголын нутагт хэдэн сая жилийн турш байсан тогтцоороо байгаа газрын цацраг генийн нөлөөлөлд оруулах хэмжээний биш” хэмээн тайлбарлаж байв.
Харин манайд цөмийн цахилгаан станц байхгүй тул цэвэр уран ашиглаагүй, зөвхөн шар нунтаг буюу байгалийн түүхий эдийг олборлон, экспортлох ажлыг эхлүүлэхээр туршилт явуулж байгааг хаа хаанаа ойлгож, энэ талаар мэдлэгээ сайжруулах цаг болжээ.
Монгол Улсын эдийн засагт гаднын хөрөнгө оруулалт, тэр тусмаа гуравдагч хөршийн хөрөнгө оруулалт өнөөгийн хүнд нөхцөлд ус, агаар мэт хэрэгтэй байгаа билээ.