Өнөөдөр Дэлхийн усны өдөр тохиож байна. Энэ жил “Газар доорх ус” уриатай тэмдэглэн өнгөрүүлж буй юм.
Усны өдрийн гол зорилго нь усны нөөцийн тогтвортой менежментийн асуудалд олон нийтийн анхаарлыг хандуулах, сурталчлан таниулах ач холбогдолтой юм.
Монгол орны ундны усны нөөц болон газар доорх усны хэрэглээтэй холбоотойгоор Усны газрын Усны нөөцийн хэлтсийн дарга Д.Өнөржаргалтай ярилцлаа.
-Энэ жилийн хувьд дэлхийн усны өдрийг “Газар доорх ус” уриатай тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна. Тэгвэл манай улсын газар доорх усны нөөц ямар байна вэ?
-Аливаа улс орны тогтвортой байх хөгжлийн гол тулгуур нь усны нөөц юм. Эрдэмтэн судлаачдын тогтоосноор манай улс 564.8 шоо километр усны нөөцтэй гэх тооцоо бий. Үндсэндээ газрын доорх усны нөөцөд нуур тойром, гол мөрөн, мөстөл багтдаг. Үүнээс
Монгол орны газрын доорх ус нь хур борооны усаар тэжээгддэг. Ялангуяа, Улаанбаатар хотын газрын доорх ус нь хамгийн цэвэр цэнгэг ус юм. Ерөнхийдөө хэдэн зуун сая жил байгальд хуримтлагдсан усыг бид өдөр тутамдаа хэрэглэдэг гэсэн үг. Газрын доорх ус нь гадаргын ус шиг бидэнд харагдахгүй шүү дээ. Тиймээс нүдэнд харагдахгүй үнэ цэнийг сурталчлан таниулах нь энэ жилийн усны өдрийн зорилго юм.
-Монголчууд цэвэр усныхаа 70 гаруй хувийг зөвхөн усанд орох, суултуурын ус татахад зарцуулдаг гэх мэдээлэл бий. Хүн амын ихэнх хувь нь суурьшиж буй нийслэлд усны хэрэглээ хэр үрэлгэн байна вэ?
-2000 оноос өмнө нийслэлийн иргэдийн усны хэрэглээ маш үрэлгэн байсан. Гэхдээ зах зээлийн эдийн засагт шилжсэнээс хойш “ус ашиглагч нь төлөгч байх ёстой” гэх зарчим үйлчилж эхэлсэн байдаг. Үүнээс хойш усны хэрэглээ хоногт дунджаар 30-40 мянгаар буурсан байгаа юм. Өөрөөр хэлбэл, иргэд усны зардалдаа анхаарч эхэлснээр хэрэглээндээ хэмнэлттэй хандах болсон. Тоо баримтыг дурдвал, 2000 оны үед нийслэлийн хэмжээнд жилд хамгийн ихдээ 170 мянга, хамгийн багадаа 159 мянган шоо метр ус ашигладаг байжээ. Тэгвэл 2018 оноос 155 мянган шоо метр ус ашигладаг болсон байгаа юм.
-Тэгэхээр бид газрын гүнийхээ цэнгэг усаар машинаа угааж, суултуур руугаа урсгаж цамаан ханддаг гэсэн үг үү. Энэ хэрэглээг хэрхэн зохицуулах шаардлагатай байна вэ?
-Иргэд маань Туулын хөндийд байгаа хамгийн цэвэр усыг зүй зохистой ашиглаж чаддаггүй. Тиймээс ч машин угаалгын газрууд цэвэр усаар машинаа угаасан хэвээр байх уу, эсвэл цэвэрлэх байгууламжид дахин боловсруулсан усаар угаах уу гэх асуудал хамгийн түрүүнд хөнддөг.
Энэ цаг үед дэлхий нийтэд инновац хөгжсөн байна шүү дээ. Жишээлбэл, усыг хэмнэлттэй урсгах шүршүүрийн толгой хүртэл байна. Хэмнэлттэй технологи бүхий шүршүүрийн толгой хийхэд л усыг 20-30 хувь хэмнэж байгаа юм. Энэ мэтчилэн хэрэглээг нийслэлийн иргэд маань сайн судлаад тэр хэмжээгээр 20 хувийн хэмнэлтийг хийвэл усныхаа мөнгийг төлөхөд хүртэл хэмнэлттэй болно шүү дээ.
- Хэрэглэсэн усаа дахин боловсруулж ашиглах дэвшлийг дэлхийн хөгжилтэй улс орнууд аль хэдийн нэвтрүүлсэн. Манайх хэзээ ийм хэрэглээнд бүрэн шилжих боломжтой вэ?
- Байгаль орчин, аялал жуулчлалын яам 2019 онд ашигласан усыг дахин цэвэрлэх стандартыг боловсруулсан байдаг. Усыг цэвэрлээд дахин ашиглаж буй тохиолдолд цэвэрлэх байгууламжуудыг гаалиас чөлөөлөх агуулгыг ч дэвшүүлж байна. Дээрээс нь ус бохирдуулсны төлбөрөөс тодорхой хувийг чөлөөлөх боломжтой. Улаанбаатар хотын газрын доорх ус хамгийн цэнгэг байдаг учраас энд хамгаалалтын бүсийн асуудал яригдана. Усны орд газрууд буюу ус хангамжийн эх үүсвэрийн хамгаалалтын бүсийг 2015 онд тогтоосон байдаг.
-Газрын гүний усны нөөцтэй газар дээр байшин барилга баривал ямар сөрөг үр дагавартай байдаг вэ?
--Энэ асуудлаас үүдэн хуримтлагдсан нөөц нь шахагдалд орж багасна гэсэн үг. Түүнчлэн барилгын суурийг цутгахад метр гаруй хэмжээнээс нь хөрсний ус ороод ирдэг. Тиймээс хөрсний усыг шавхан зайлуулах үед нөөц хомстдог. Тийм учраас аль болохоор усны хамгаалалтын бүсэд барилга байгууламж бариулахгүй байх хэрэгтэй.
-“Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө 2040”-д тусгаснаар өдөрт 25 мянган шоо метр ус хэрэглэдэг нийслэл 2040 онд 110 мянгыг хэрэглэнэ гэсэн зорилго дэвшүүлсэн байдаг юм билээ. Бид энэ хэмжээндээ ашиглаж чаддаг уу. Усны нөөц, байгаль орчны хүлцэх хэмжээ гэж манайд байдаг болов уу?
-Мэдээж дотоодынхоо усны нөөцийг батлуулж, тухайн нөөцдөө тулгуурласан ашиглалтыг хийх ёстой. Аж ахуйн нэгж, томоохон стратегийн ордууд, уул уурхайн компани, баяжуулах үйлдвэрүүдэд Усны тухай хуулийн хүрээнд ус ашиглах боломжит нөөцийн дүгнэлт гаргаж өгдөг. Хамгийн гол нь усны нөөцийг авч ашиглахдаа зөвшөөрөгдөх түвшний бууралтыг анхаарах ёстой. Өөрөөр хэлбэл, олборлолтыг тогтоосон хэмжээнээс их хийвэл усны нөөцийг хомстуулж байна гэж үзнэ. Тиймээс усны нөөцөд учруулсан хохирлыг тооцож, тэднээс нөхөн төлбөр гаргуулах хуулийн зүйл заалт үйлчилдэг.
Ус бохирдуулсны төлбөр 2021 онд 579.4 сая төгрөг байсан бол энэ оны нэгдүгээр улиралд 162.2 сая төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлсэн байна
-Одоогоор манай орны хэмжээнд хэчнээн гол горхи, нуур тойром ширгэсэн байна вэ. Ингэж ширгэсэн ус дахин сэргэх боломжтой юу?
-Өнгөрсөн оны байдлаар ширгэсэн гадаргын ус 469 байгаа бол сэргэсэн гадаргын ус нь 655 байна. Тодруулбал, 107 гол мөрөн, 69 нуур тойром, 291 булаг шанд, хоёр рашаан ширгэсэн байна. Харин эсрэгээрээ 99 гол мөрөн, 185 нуур тойром, 364 булаг шанд, зургаан рашаан, нэг усан сан сэргэсэн гэх тоон мэдээлэл бий.
Нэмж хэлэхэд, 2030 он гэхэд Улаанбаатар усгүй болно гэж мэдээлж байгаад шүүмжлэлтэй хандаж байгаа. Энэ бол шинжлэх ухааны судалгаа тооцоотой зүйл шүү дээ. 2015 онд усны нөөцийг 268 мянган шоо метрээр батлахад 25 жилийн хугацаанд хүрнэ гэсэн тооцоололтой байгаа. Аливаа зүйлийг цээжээр дэлдэхээс өмнө шинжлэх ухааны үндэслэлтэй тооцоо судалгаанд тулгуурлах ёстой. Мэдээж хүн ам болон орон сууцны тоо нэмэгдэж байгаа нь үнэн. Мянганы сорилтын корпорацын нэмэгдэл эх үүсвэрийн нэмэгдэл гурван нөөц батлагдсан байгаа. Тиймээс өнөө маргаашдаа Улаанбаатар хотын усны нөөц дээр харангын дохио дэлдэх болоогүй гэдэг ойлголттой байх ёстой. Гэхдээ одоогийн үрэлгэн хэрэглээг үргэлжлүүлбэл мэдээж эрсдэл өндөр. 2025-2030 онд усны хэрэглээг судлаад үзэхэд чухам юу юугүй хомстолд ороод байх зүйл ажиглагдахгүй байгаа.
-Манай улс цэвэр усны нөөцөөр дэлхийн 145 орноос 22 дугаар эрэмбэлэгддэг боловч усыг хуримтлуулж, нөөцлөн ашигладаггүйгээс усны нөөц багатай 20 орны тоонд ордог гэх судалгаа байна. Гадаргын усыг бид хэзээ зөв зохистой ашигладаг болох вэ?
-Монгол орны хэмжээнд нийт 25,443 гадаргын ус өнгөрсөн онд тоологдсон. Тухайлбал, гол мөрөн нь 6,761, нуур тойром бол 4,344, булан шанд 13,472, рашаан 628 байна. Харин усан сан буюу усны хөв цөөрмүүд 238 байдаг.
Мэдээж усны нөөцийг ашиглахдаа уул уурхай эсвэл баяжуулах үйлдвэрт усыг хэмнэлттэй байлгах зориулалтаар 20 хувийг газар доорх худгаас, 70-80 хувь дээрээ усан сан байгуулаад эргүүлж ашигла гэдэг гол концепцыг бидний зүгээс тавьдаг.