Индэр    
2022 оны 3 сарын 17
Зураг
iKon.mn сэтгүүлч

Ж.Гантулга: Миний архины хэрэглээ хэрээс хэтэрлээ, тусламж хэрэгтэй байна гээд ирсэн хүний эмчилгээний үр дүн сайн байдаг

Зураг

Согтуурах, мансуурах донтой хүнийг албадан эмчлэх эмчилгээ, тулгамдаж буй асуудлын талаар СЭМҮТ-ийн их эмч Ж.Гантулгатай ярилцлаа.

- Ямар хүнийг архинд донтох эмгэгтэй гэж үзэх талаар яриагаа эхэлье. Манай улсад энэ төрлийн эмгэгтэй хэчнээн хүн байна вэ?

- Архинд донтох эмгэг нь хүнд эмгэгт ордог бөгөөд насан туршдаа эдгэдэггүй. Хэдэн ч удаа дахих магадлалтай.

Олон улсын жишгээр 10 хүн эмчлээд 3-4 хүнд эмчилгээний үр дүн гарч байвал боломжийн үзүүлэлт гэж үздэг.

Тэгэхээр албадан эмчлүүлж буй хүмүүсийн 60-70 хувь нь дахих эрсдэл бий.

СЭМҮТ-д эмчилгээ хийлгээд гарсны дараа өөртөө туслах бүлэг буюу өдрийн эмчилгээнд хамрагдахыг санал болгодог. Уг эмчилгээнд хамрагдаж буй 10 хүний 6-7 нь засрал, сайжрал авч байгаа нь сайн үзүүлэлт. Өөртөө туслах бүлгийн сургалтад 7-10 хоног сууж төгсөнө. Үүний дараа долоо хоногт нэг удаа өөртөө туслах бүлгийнхээ уулзалтад оролцоод байвал эргэж архи уух эрсдэл нь бага болно. 

Манай улсад архинд донтох эмгэгтэй хүний тоо 2020 онд 1,973, 2021 онд 3,004 болж нэмэгдсэн.

Архинд донтох эмгэгийн улмаас 2021 онд 1,258 хүн хэвтэн эмчлүүлсэн

-СЭМҮТ-ийн Донтох эмгэг судлалын клиникт одоогоор хэчнээн хүн хэвтэн эмчлүүлж байгаа талаар мэдээлэл өгөхгүй юу?

- Уг тасаг нь 30 ортой бөгөөд өнөөдрийн байдлаар ор дүүрэн байна. Энд хэвтэн эмчлүүлж буй хүний 95-98 хувь нь архины асуудалтай байдаг бол цөөхөн хэсэг нь мансууруулах бодистой холбоотойгоор хэвтэн эмчлүүлдэг.

Донтох эмгэг судлалын клиникт сайн дурын эмчилгээ хийдэг. Гэхдээ архи уусны улмаас хий юм харах, хий юм сонсох эсвэл өөрийг нь хэн нэгэн дагаж мөрдөөд байна гэх итгэл үнэмшил төрөх зэрэг архины шалтгаант солиорол илэрсэн хүнийг албадан хэвтүүлэх заалттай. 

Архинд донтох эмгэгийн улмаас өмнөх онд 1,258 хүн хэвтэн эмчлүүлээд байна. 

зураг
 

СЭМҮТ-д архины асуудалтай 1,500-1,800 хүн жилд хэвтэн эмчлүүлдэг. Архины солиорлын оноштой өвчтөн 2020 онд 449 байсан бол 2021 онд 345 гэсэн үзүүлэлттэй байсан. Донтох эмгэгийн өдрийн эмчилгээнд хамрагдаж буй хүний тоо сүүлийн зургаан жилийн байдлаас харахад тогтвортой байгаа дүр зураг харагдаж байна. 

Архины солиорлоос болоод өөрийн болон бусдын эрүүл мэндэд аюул учруулах эрсдэлтэй

- Албадан эмчилгээг ямар үед эхлүүлдэг вэ? Хүндрэлтэй зүйлүүд бий юу?

- Тухайн хүн архины солиорлоос болоод өөрийнхөө болоод бусдын эрүүл мэндэд аюул учруулах эрсдэлтэй. Жишээлбэл, "надад ямар нэгэн хор хөнөөл учруулах гээд манай хөрш намайг дагаад байна" гэсэн бодолдоо хөтлөгдөн гэмгүй байгаа хүний эрүүл мэнд, амь насанд эрсдэл учруулах магадлалтай. 

Эсвэл өөрийн амь насаа бүрэлгэх тохиолдол бий. "Би бол байж болшгүй хэрэг үйлдсэн хүн. Намайг нийгэм даяараа буруутгаж байна, өөрийнхөө амийг бүрэлгэхээс өөр сонголт байхгүй" гэж бодон өөрийнхөө эсрэг аюултай үйлдэл хийж болзошгүй. Энэ тохиолдолд тухайн хүний хүсэл сонирхлыг нь сонсохгүйгээр албадан хэвтүүлдэг. 

Ар гэрийнхний хүсэлтээр архи уугаад байгаа хүнийг авч ирээд хэвтүүлэх тохиолдол бий. 

 Зарим үед гэр бүлийнхнийхээ үгэнд орохгүй, эмчийн шаардлагыг биелүүлэхгүй байвал яалт ч үгүй цагдаагийн нэмэлт хүч авах шаардлага үүсдэг. 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх эмнэлэг Мааньтад бий. Хорооны цагдаа, нийгмийн ажилтан тодорхойлолт бичсэний дагуу уг эмчилгээг явуулдаг. 

Зарим үед тухайн хүн албадан биш сайн дураараа эмчлүүлье гэвэл хүсэлтийг нь харгалзан үздэг. Таныг яагаад архины хамааралтай гэж үзэж байгааг өөрт нь ойлгуулж, тайлбарлана. Архинаас гарах шийдвэрийг гаргахгүй бол бие махбод, сэтгэл санаанд тань өөрчлөлт орсон байна. Цаашид таныг ийм зүйл хүлээж байна гэж хэлдэг. 

Ерөнхийдөө албадан эмчилгээг хамгийн доод тал нь 1-3 сарын хугацаанд хийдэг. Давтан тохиолдлыг зургаан сарын хугацаатай эмчилдэг. 

- Албадан эмчилгээ хийлгэх хүсэлтийг иргэн хаана хандаж гаргах талаар мэдээлэл өгөөч?

- Согтуурч, мансуурсны улмаас өөртөө болон бусдад аюул учруулах эрсдэлтэй байдалд орсон хүнийг албадан эмчлүүлэх тухай хүсэлтийг дараах этгээд нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагад бичгээр гаргах эрхтэй. 

  • Өрхийн болон сумын эмч, эсвэл сэтгэц, наркологийн эмч
  • Сум, хорооны нийгмийн ажилтан
  • Аж ахуйн нэгж, байгууллагын удирдлага
  • Гэр бүлийн гишүүн, төрөл, садны хүн тухайн хүнийг албадан эмчлүүлэх саналыг цагдаагийн байгууллагын алба хаагчид гаргаж болно гэдгийг хуульд заасан байдаг. 

Өнгөрсөн онд 196 эмэгтэй архины улмаас эмчлүүлжээ

- Эмэгтэйчүүд архинаас гарах нь эрэгтэйчүүдтэй харьцуулбал хэцүү гэх яриа олон нийтийн дунд байдаг. Энэ нь онолын үүднээс хэр үндэслэлтэй вэ?

- 2021 онд хэвтэн эмчүүлсэн хүмүүсийн 196 нь эмэгтэй байгаа юм. Архинд донтсон эмэгтэйчүүдийн тоо өсөж байгаа хэдий ч эрчүүдтэй харьцуулбал цөөн гэж ойлгож болно. 

зураг
 

Хэдийгээр эмчилгээнд хамрагдсан ч гэсэн хүний уураг тархинд донтох эмгэгийн голомт нь байгаа л гэсэн үг. Засралын байдал, эдгэрлийн үе гэж бий бөгөөд бүрэн эмчлэгдэнэ гэж байдаггүйг ойлгох хэрэгтэй.  Тэгэхээр тархинд нь донтох эмгэгийн голомт үүссэн хүн архи уухаа зогсоож, насан туршдаа гам барьж явах шаардлагатай гэсэн үг.

Архинаас хамааралтай юу, үгүй юу гэдгийг мэдэх энгийн шалгуур байдаг

- Архийг хэтрүүлэн хэрэглэж байгаа буюу архины хамааралтай гэдгийг тогтоох ямар арга байдаг вэ?

- Хамгийн эхний ээлжид архи уудаг хүн гэр бүлийн хүрээнд дараа нь ажил дээрээ асуудал гаргадаг. Ингээд яваандаа согтуугаар автомашин жолоодох зэрэг ёс зүйн зөрчил гаргаж эхэлнэ. 

Архинаас хамааралтай юу, үгүй юу гэдгийг мэдэх энгийн шалгуур байдаг. Дараах асуултуудыг ойр дотны хүнээсээ асуугаад үзээрэй гэж хэлмээр байна. 

  1. Хэзээ нэгэн цагт та өөрийн уух явдлаа багасгах хэрэгтэй гэж бодож байсан уу?
  2. Хэн нэг нь таныг их ууж байна гэж шүүмжлэн дургүйг тань хүргэж байсан уу?
  3. Та өөрийн архи уудаг явдлаа буруутай гэж бодон сэтгэл дундуур байж үзсэн үү?
  4. Өглөө босоод та чичирч салгалахаа зогсоох гэж эсвэл эвгүйрхсэн дотроо засахын тулд дахин архи ууж үзсэн үү? гэсэн дөрвөн асуултыг асууж болно. 

Хэрвээ нэг удаа тийм гэж хариулбал асуудалтай хэрэглэгч байж болзошгүй. Хоёр болон гурван удаа тийм гэж хариулбал асуудалтай хэрэглэгч мөн. Бүгдэд нь тийм гэж хариулбал архины хамааралтай хүн гэж үзнэ.

Хордлогод орсныгоо шарталт гэж нэрлэдэг нь буруу

- Хүмүүс согтууруулах ундааны зүйл хэрэглэсний дараа шартлаа гэж ярьдаг. Энэ нь юунаас үүдэлтэй вэ?

- Хүмүүс архи уугаад хордлогод орсныгоо шарталт гэж нэрлэдэг нь буруу. Архи уусны маргааш шартах зовуурь илрэхэд архиар тайлах, 2-3 хоног дараалж ууж байгаа бол архины хамааралтай гэж үзнэ. Ер нь бол архи согтууруулах ундааг согттол уух зүйл биш бөгөөд энэ нь эрсдэлтэй хэрэглээ гэдгийг хэлмээр байна. 

- Донтох эмгэг судлалын клиникт эмчлүүлэх хүсэлтийг хэрхэн гаргах вэ?

- Таван төрлийн шинжилгээ бүрдүүлж хэвтдэг. Эрүүл мэндийн болон нийгмийн даатгал төлдөг байх хэрэгтэй. Өдрийн 20-30 мянган төгрөгийн төлбөр төлж 7-8 хоног хэвтэн эмчлүүлнэ. Хордлогоо тайлуулаад гарсан хүнд сэтгэл зүй, оюун санааны эмчилгээ чухал. Иймд өөртөө туслах бүлгийг санал болгодог. Гэр бүл нь болон тухайн хүнтэй ярилцаж байгаад шаардлагатай гэж үзвэл архи уух дурыг дарах, архи зохихгүй болгох эмийн эмчилгээ хийлгэх боломжтой.

-СЭМҮТ-ийн зөвлөгөө мэдээлэл өгөх утас 24 цагаар ажилладаг. Хэр зэрэг ачаалалтай байдаг вэ?

-1800-2000 утсанд архитай холбоотой дуудлага 2020 онд 786, харин 2021 онд 1,063 болж өссөн. 

Харин мансуурахтай холбоотой дуудлага дээрх онуудад 15-88 болж өсөн дүнтэй байна. Ачааллын хувьд өдөр бүр ялгаатай ажилладаг. 

Надад асуудал байхгүй гэж ярьж буй хүнийг эмчлэхэд хүндрэлтэй байдаг

- Архинаас гарахад эмчилгээнээс гадна сэтгэл санаа хэр нөлөөлөх вэ?

- Архинд донтох эмчилгээний үр дүн архинаас гарах хүсэл сонирхол хэр их байна вэ гэдгээс ихээхэн хамаардаг. "Миний архины хэрэглээ хэрээс хэтэрлээ, надад тусламж хэрэгтэй байна" гээд ирж байгаа хүнд эмчилгээний эдгэрлийн үр дүн сайтай байдаг. Зарим тохиолдолд манай гэрийнхэн л намайг энд авчирсан, би бусадтай л адил архи уудаг хүн, надад асуудал байхгүй гэж ярьж буй хүнийг эмчлэхэд хүндрэлтэй. 

Эмчлэгдэнэ гэдэг нь архиа уухаа болиод, гам бариад, эмчилгээнд хамрагдаад явахыг л хэлж байгаа юм. Иймд тухайн хүнд хөндий хандахгүйгээр аль болох туслахыг хичээгээрэй.