Зураг
Зураг
Индэр    
2022 оны 3 сарын 14
Зураг
iKon.mn сэтгүүлч

1990 оноос хойш төрсөн залууст төрийн одон, медаль олгохоо больё

Зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан эмэгтэйчүүдийг төрийн одон, медалиар шагнаж урамшуулав.

Угаас ардчилсан нийгэмд шилжсэнээс хойш баяр ёслол, тэмдэглэлт ойг тохиолдуулан салбар бүрийн төлөөллийг төрийн одон, медалиар шагнадаг уламжлал тогтоод буй.

Баяр болгоны өмнө төрийн тэргүүний зарлигаар иргэдэд Шударга журам медалиас Хөдөлмөрийн баатар хүртэлх төрийн дээд шагнал, цагдаа, цэргийн байгууллагын алба хаагчдад цэргийн хүндэт медалиас Цэргийн гавьяаны улаан тугийн одон хүртэлх одон, медаль олгодог.

Гэвч шагнал нүдээ олсон эсэх, ямар шалгуураар олгодог зэрэг нь үргэлж маргаан дагуулсаар ирсэн. Үүний зэрэгцээ сүүлийн жилүүдэд баяр ёслолыг тохиолдуулан 1-2 өдөр дараалж шагнал олгох явдал ч гарч байв. Энэ бүхнээс үүдэн шагнал, цол, одон, тэмдгийн үнэ цэнэ буурсаар нийтэд хавтгайруулан олгодог явдлыг болиулъя гэх санал ч нийгмийн зүгээс гарах болсон. 

Тэгвэл үе үеийн Ерөнхийлөгч нар ямар хууль, журмыг үндэслэн, хэдэн хүнийг шагнаж урамшуулсныг тодруулъя.

Юуны өмнө Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар хэзээ, хэдэн хүнд, ямар шагнал олгосноо нууцалдаг болохыг онцолъё. Одоогийн байдлаар 2010 оноос өмнөх хугацаанд олгосон шагналын зарлиг эх хувиараа Архивын ерөнхий газарт хадгалагдаж байгаа бол түүнээс хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд олгосон шагналын зарлиг Ерөнхийлөгчийн Тамгын газарт буй. Албан бичгийн тухай журамд заасны дагуу 10 жилийн давтамжтайгаар Ерөнхийлөгчийн зарлигийг Архивын ерөнхий газарт шилжүүлдэг.

Өөрөөр хэлбэл, сүүлийн 10 жил буюу Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн төрийн тэргүүнээр ажилласан дийлэнх хугацаа, Ерөнхийлөгч асан Х.Баттулгын бүрэн эрхийн хугацаа, одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн тангараг өргөснөөсөө хойших хугацаанд олгосон шагналын мэдээлэл олон нийтэд хаалттай байна.

Мөн нэг удаагийн зарлигаар хэдэн хүнд ямар ямар шагнал олгодог нь тодорхойгүй байдаг учир энэхүү нийтлэлээрээ уг мэдээллийг ил болгохыг зорьсон билээ.

Төрийн тэргүүн хуульгүйгээр, өөрийн үзэмжээр шагнал олгодог

“Хүн биш хууль засагладаг улс болно” хэмээх үг манай улстөрчдийн амны уншлага болсон. Гэвч хуулиар зохицуулж, хянах аргагүй болсон олон зүйлийн нэг нь төрийн одон, медаль олгох асуудал болчхоод байгаа.

Төрийн дээд одон, медаль олгохыг хуульчлаагүй тул сүүлийн 30 орчим жилийн хугацаанд төрийн тэргүүнүүд зөвхөн өөрийн үзэмжээр гавьяа, шагнал олгосоор иржээ

Энэ асуудлыг зохицуулсан хууль, журам байдаг эсэх талаар хуульч П.Ундрах-Эрдэнээс тодруулахад “Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар төрийн улсын цол, одон, медаль, цэргийн дээд цол шинээр бий болгох эрх нь УИХ-д байдаг.

Харин улсын цол, одон, медалиар шагнах, хүртээсэн цол, шагнасан одон, медалийг хасах эрх нь Ерөнхийлөгчид бий.

Ерөнхийдөө УИХ-аас тогтоол гарч шинэ цол, одон, медаль бий болгох бөгөөд ийнхүү шинээр бий болгохдоо тухайн цол, одон, медаль олгох журмыг нь мөн адил хамтад нь батлах жишиг байдаг. Тухайлбал, 2002 онд Чингис хааны одонг УИХ-аас бий болгож, одон олгох дүрмийг хамтад нь баталж байсан.

2021 онд Ардын хувьсгалын 100 жилийн ойн медалийг УИХ-аас бий болгож, медаль олгох журмыг хамтад нь баталж байсан.

Дээрхээс гадна Монгол Улсын Ерөнхийлөгчийн 1999 оны 71 дүгээр зарлигийн хавсралтаар батлагдсан Монгол Улсын цол хүртээх, одон, медалиар шагнах журам бий. Гэвч тус журамд одон, медаль олгох шалгуурыг нарийвчлан зааж өгөөгүй байдаг. Ер нь бол Төрийн одон медаль, шагнал олгох асуудлыг тусгайлан нарийвчилж зохицуулсан хууль одоогоор байхгүй, УИХ-ын тогтоол болон дээр дурдсан журмаар зохицуулж байна гэж хэлэхэд болно” гэсэн юм.

Ерөнхийлөгч нэг удаагийн зарлигаар болон бүрэн эрхийнхээ хугацаанд хэдэн хүнийг шагнадаг вэ?

Дээр дурдсанчлан 2011 оноос өмнөх Ерөнхийлөгчийн бүх зарлиг эх хувиараа Архивын ерөнхий газарт бий. Тэгвэл аль нэг баярыг тохиолдуулан гаргасан зарлигаар хэдэн хүнийг шагнасныг мэдэхийн тулд тус газарт албан бичгээр хандсаны үндсэн дээр тухайн зарлигт заасан шагналын тоон мэдээллийг авах боломжтой. Мөн уг мэдээллийг авахын тулд зарлигийн огноо, дугаарыг мэдэж байхыг архивын байгууллагаас шаарддаг. Яг энэ дагуу Архивын ерөнхий газарт хандан, олж авсан тоо баримтыг танилцуулж байна.

2010 оны долдугаар сарын 7, 9, 10-ны өдрүүдэд Ардын хувьсгалын ойн баярыг тохиолдуулан гаргасан 156, 157, 158, 167, 168 дугаартай зарлигуудаар дараах шагналуудыг гардуулж байжээ.

Үүнээс харахад гавьяат цол, Алтангадас одон, Хөдөлмөрийн хүндэт медалиар хамгийн олон хүн шагнагддаг аж.

Энэ бол Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн үед зөвхөн нэг баярын үеэр олгосон шагналын тоо.

Харин Ерөнхийлөгч асан Х.Баттулга бүрэн эрхийн хугацаандаа хэдэн хүнд, ямар шагнал олгосныг тоймлох гээд үзье. Тоймлох гэсний учир нь зөвхөн хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан шагналтай холбоотой мэдээллээс шүүж цуглуулсан тоо гэсэн үг. Ташрамд дурдахад, Ерөнхийлөгч Хөдөлмөрийн баатар, Ардын, Гавьяат цолыг Төрийн ордонд гардуулдаг бөгөөд Алтангадас одон хүртсэн хүмүүсээс олны танил ч юм уу, цөөн хэдийг нь төлөөлөл болгон сонгож, Төрийн ордонд одонг нь зүүж өгдөг уламжлалтай. Магадгүй Ерөнхийлөгчийн зарлигаар олгож буй шагналуудаас  хамгийн олон нь Алтангадас, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгууд байдаг ч төрийн тэргүүнээр энгэртээ зүүлгэж байгаа нь маш цөөхөн байдаг гэсэн үг.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга бүрэн эрхийнхээ хугацаанд /2017-2021 он/ Төрийн ордонд дараах байдлаар шагнал гардуулжээ. 

Нэг зүйлийг онцлоход Ерөнхийлөгч асан Х.Баттулгын үед байгууллага, дүүрэг, гадаадын иргэдийг цөөнгүй удаа төрийн дээд олон медалиар шагнаж байсан. Тухайлбал,

  • Нийслэлийн Баянгол дүүргийг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор,
  • МҮОНРТ-ийг Сүхбаатарын одонгоор,
  • Найрамдал цогцолборыг Алтангадас одонгоор,
  • Монгол цэргийн музейг Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор,
  • Уралын холбооны их сургуулийг Сүхбаатарын одонгоор,
  • Мөн ОХУ, Япон, ХБНГУ, АНУ-ын иргэдийг Алтангадас одонгоор шагнаж байжээ.

Харин одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2021 оны зургадугаар сарын 25-ны өдөр төрийн тэргүүний тангараг өргөсөн. Түүнээс хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд хүртээсэн шагналын тухайд,

Гэхдээ дээрх тоо зөвхөн Төрийн ордонд өөрийн биеэр гардуулж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлсэн тоо гэдгийг дахин сануулъя.

Үүнээс гадна салбарын, байгууллагын, аймаг, сумын тэмдэглэлт ойг тохиолдуулан олгосон Алтангадас, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонг УИХ, Засгийн газрын гишүүд, орон нутгийн удирдлагууд, байгууллагын дарга нар гардуулдаг. Тэдгээр шагналын тоог тодорхойлох боломжгүй юм.

Сонирхолтой баримтууд

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн 2021 оны есдүгээр сард гаргасан зарлигаар 99,23* дугаартай үнэмлэх бүхий Алтангадас одон олгож байсан бол түүнээс хойш 2022 оны нэгдүгээр сард гаргасан зарлигаар 105,61* дугаартай Алтангадас одон олгосон байна. 

Өөрөөр хэлбэл, дөрөвхөн сарын хугацаанд 6,000 гаруй иргэнийг Алтангадас одонгоор шагнажээ.

Төрийн дээд одон, медалийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын захиалгаар “Зоос гоёл” ХХК-ийн охин компани болох “Хаан зоос” компанид үйлдвэрлэдэг.

Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж анх удаа Төрийн шагналын тухай хуулийн төслийг санаачлан боловсруулж байв. Тус хуулийн төсөлд: Ардын жүжигчин, Гавьяат, Сүхбаатарын одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон зэрэг шагналыг цаашид олгохгүй, эдгээрийн оронд

Цол

  • Монгол Улсын баатар,
  • Улсын Эрдэнэ,
  • Монгол Улсын гавьяат зүтгэлтэн

Одон

  • Чингис хаан,
  • Эрдэнийн очир,
  • Алтан гадас,
  • Цэргийн гавьяа,
  • Эхийн алдар

Медаль

  • Хөдөлмөрийн хүндэт,
  • Цэргийн хүндэт,
  • Шударга журам,
  • Найрамдал,
  • Энхийн төлөө,
  • Төрийн соёрхол зэргийг олгохоор тусгасан байв.

Мөн шагнал олгох шалгуур, шагнал хоорондын хугацаа зэргийг нарийвчлан заасан нь энэ асуудлыг цэгцлэхэд дөхөм болох байв.

Тодорхой насанд хүрсэн бүх иргэнд төрийн одон, медаль олгоё, Ерөнхийлөгч өө!

Төрийн ордны дөрөвдүгээр давхарт Ерөнхийлөгчийн Тамгын газрын Шагналын тасаг хэмээх ганц өрөө бий. Тэр өрөөнд шагналд тодорхойлогдсон хүмүүсийн материал ирийтэл өрөөстэй байдаг. Ширээ, сандал, шүүгээн дээр тэвхийтэл хураасан шагналын материалын цаанаас тэрхүү өрөөнд ажилладаг хүн ч харагддаггүй. Хэдэн зуу, магадгүй хэдэн мянган шагналын материал хэзээ “сугалагдахаа” хүлээн дараастай байсаар. Танилтай, хөөцөлдлөгөө сайтай хүмүүсийн тодорхойлолт тэрхүү олон бичиг цаасан дунд дарагдалгүй шууд л төрийн тэргүүний гарын үсэг зурагддаг. Харин эсрэгээрээ танил тал, ар өврийн хаалгагүй нэгнийх тоосонд дарагдсаар, он удаан жил болох нь ч бий.

Үүнийг цэгцлэх арга нь хууль байж болох эсэхийг хуульч П.Ундрах-Эрдэнээс тодрууллаа. Тэрбээр “Одон, медаль олгохтой холбоотой асуудлыг хуульчлахын тулд үзэл санааны хувьд эхлээд тодорхой зөвшилцөлд хүрэх ёстой байх. Жишээ нь, хувийн байгууллагад ажилладаг, өөрийнхөө компанийг удирдаад явж байгаа бизнес эрхлэгч нарыг төрөөс шагнах шаардлага байна уу.

Хувийн салбарын иргэдээ тухайн мэргэжлийн холбоод нь шагнаад, төрд ажиллаж байгаа зарим төрийн тусгай албан хаагчдыг төрөөс шагнадаг байдлаар явж болох байх” гэсэн хариулт өгсөн.

Шинэ Зеланд улсын Засгийн газар залуу үеэ тамхины хор хөнөөлөөс хамгаалах зорилгоор нэгэн хуулийн төсөл боловсруулснаа өнгөрсөн оны сүүлчээр зарлаж байв. Хэрэв тэрхүү хууль батлагдвал 2008 оноос хойш төрсөн тус улсын бүх иргэнд тамхи зарахыг хориглох юм.

Яг үүн шиг хэнийг ч гомдолтой үлдээлгүйгээр тодорхой нас зааж, бүх иргэнээ шагная гэдэг санааг энэхүү нийтлэлээрээ дэвшүүлж байна.

Магадгүй зах зээлийн нийгэм шилжсэнээс хойш буюу 1990 оноос хойш төрсөн залууст одоогийн хүртээж буй шагналуудаас алийг нь ч олгохгүй гэдэг хууль санаачилж болохгүй гэж үү Ерөнхийлөгч өө?